| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн ........................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ....................... байсан, ..................... регистрийн дугаартай, Г. овогт Д.Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ....................................... багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Приус-30” маркийн ...................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн ....................................... нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ “prius-30” маркийн ................... ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн үйл баримт нь:
Гэрч Б.Т...... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 11-ний шилжих шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд замын цагдаагийн алба хаагчид нэгдсэн хяналт шалгалтаар гарч байсан юм. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сарын 10-ны 23 цаг 52 минутад ............................... нутаг дэвсгэрт байрлах ............... арын засмал замд зохицуулагч ................................ хамт үүрэг гүйцэтгэж байхад зүүнээс баруун чиглэлд нэг саарал өнгийн Приус 30 машин ирсэн. Тэгэхлээр би дохиур модоороо дохиод тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Д.Б нь ................. улсын дугаартай саарал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийн жолоочид нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд таны машиныг зогсоосон юм гэж тайлбарлахад тухайн жолооч тээврийн хэрэгслийг гэрчилгээ болон жолооны үнэмлэх байхгүй гэхээр нь та регистрийн дугаараа хэлээд шалгуулж болно гэхэд ........................ дугаартай регистрийг дугаарыг хэлсэн. Тухайн хүний регистрийг шалгахад 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Тэгээд би тухайн машины жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тандагч багажаар үлээлгэхэд архи уусан дохиолол дуугарч байсан тул цагдаагийн хэлтэс дээр авчран драгер багаж үлээлгүүлэхэд 0.69%-ийн согтолттой байсан болохоор тухайн хүний жолоодож явсан гэх ....................... улсын дугаартай саарал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг тус цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд түр саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 17-21/,
Гэрч А.Т.............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр Д.Бын хамт өөрийн эзэмшлийн саарал өнгийн Приус-30 маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон .................. суманд байх гэрээсээ гараад Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах найз Б...... гэрт 2025.01.10-ны 18 цагийн үед ирсэн юм. Тэгээд тэднийд очиход гэрт нь Б, эхнэрийн хамт байсан. Тэднийд хоол унд идчихээд 2, 2 пиво уугаад сууж байсны дараагаар Б............ болон манай нөхөр Д.Б нар гарсан. Гарахдаа манай нөхөр Б...... нь машины түлхүүр аваад ойрхон гарчхаад ирье гэж хэлээд гарсан юм. Тэднийд ирэхэд тог ирэхгүй байсан болохоор сүүлдээ гэр рүүгээ явдаг юм бил үү гэж бодоод байж байсан. Тэр үед би Б............ гэрээсээ гараад хашааны үүдэн дээр гараад зогсож байтал Б..... манай нөхөр хоёр явган ирж байсан. Тэгэхлээр би тэр хоёроос юу болсон талаар лавлаж асуухад манай нөхөр Б... нь цагдаа зогсоогоод үлээлгээд, машиныг маань журмын хашаанд хийлгэсэн гэж надад хэлсэн. Яг юунаас болоод машиныг маань журмын хашаанд хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд тэднийд байж байгаад тэндээ амарсан...Харин манай нөхөр Д.Б болон хүргэн А.Б.....р нар нь 2, 2 ширхэг лаазтай уугаад гарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 22-26/,
Гэрч А.Б............... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэр буюу ..................................................... байрлах гэрт 2025.01.10-ны 18 цаг өнгөрч байхад манайд Б.ах, эхнэр Т....... хамт айлчилж ирсэн юм. Тэгээд манайд хоол унд идчихээд би болон Б ахынхаа хамт 2, 2 ширхэг лаазтай пиво уусан юм. Тухайн үед манай эхнэр А, эгч Т нар пиво уугаагүй юм. Тэгээд Б........ ах эхнэрээсээ машиныхаа түлхүүрийг аваад гэрээс хальт гарчхаад ирье гэж хэлээд бид хоёр гарсан. Тэгээд хашаа нь дотор байсан гэх Төгсбаяр эгчийн нэр дээр байдаг саарал өнгийн Приус-30 маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б ах жолоодон хашаанаас гараад тэндээсээ шууд Соёлын төвийн ард байрладаг Баян-Уул гэх нэртэй дэлгүүр орсон. Дэлгүүрээс 2 лаазтай пиво, ундаа, нэг хайрцаг тамхи авсан. Дэлгүүрээс тухайн юмнуудыг худалдан аваад Б ах машиндаа суугаад цааш тухайн машиныг жолоодон хөдөлсөн. Тэгээд удаа ч үгүй Соёл төвийн ард талын засмал замаар өгсөөд явж байхад цагдаа дохиур модоо дохиод зогсоосон. Тэгээд цагдаа нь тандагч багаж үлээлгээд цагдаагийн хэлтэс дээр машиныг авчирсан юм. Тэгээд дахин драгер багажаар Б ахыг үлээлгэхэд 0.69%-ийн согтолттой гэж гарсан юм. Тэгээд л унаж явсан гэх машиныг журмын хашаанд хийсэн. Бид хоёр цагдаагаас гэр хүртлээ алхсан юм. Хашааныхаа үүдэн Төгсбаяр эгчтэй таарсан. Яагаад та хоёр явган ирж байгаа юм бэ асуухад Б ах юм хэлэлгүй манайх руу ороод амарсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-31/,
Гэрч Э.А................. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай гэрт хүргэн ах Б, эхнэр болох Төгсбаяр эгчийн хамт 2025.01.10-ны 18 цаг өнгөрч байхад машинтайгаа ирсэн. Ирээд цай хоол идсэн юм аа. Тэгээд манай нөхөр Б, хүргэн ах Б нар 2, 2 лаазтай пиво уусан. Тэр хооронд хүргэн ахын эхнэртэй би юм ярьж суусан. Тэгэхдээ бид хоёр пиво уугаагүй юм. Тэгтэл хүргэн ах гарчхаад ирье гэж хэлээд эхнэрээсээ машиныхаа түлхүүрийг авч байсан. Тэгээд гэрээс хүргэн ах Б, манай нөхөр гарсан. Нэлээн удсаны дараагаар манай нөхөр хүргэн ах Б нар гэрт орж ирсэн. Яасан юу болсон юм бэ гэж нөхрөөсөө асуухад хүргэн ах Быг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өмнө эрхээ хасуулчихсан байхдаа машин барьсан гээд цагдаа зогсоогоод хүргэн ахын эхнэрийнхэн машиныг цагдаа журамласан гэсэн гэж надад хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би хүргэн ахын эхнэрийнхэн машиныг саарал өнгийн Приус-30 гэдгээр мэднэ. Тэрнээс биш би эгчийн машины улсын дугаарыг нь мэдэхгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 32-35/,
2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай мөрдөгчийн “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх магадлагаа, /хх 36-40/,
“...Д.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 0,69 хувийн согтолттой байсан...” гэсэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-07/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 08/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ................ дугаартай “...зөрчилд холбогдогч Д.Б Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосугай...” гэсэн шийтгэврийн хуулбараар /хх 13-16/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Д.Б “...Би ................................ хэсгийн.......... байрлах гэрээс манай эхнэр болох Т. нь өөрийн эзэмшлийн ................... улсын дугаартай саарал өнгийн Приус-30 маркийн машиныг жолоодон Тосонцэнгэл суманд байрлах хүргэн Бын гэрт ирсэн. Тэгээд тэднийд ирээд хоол унд цай уусан. Тэгтэл Б бид хоёр гал тогооныхон өрөөнд 2, 2 ширхэг лаазтай пиво уусан. Түүнийгээ уучхаад эхнэрээс машины түлхүүрийг аваад Быг машины урд талын суудал дээр суулгаад тэднийхээс гараад Баян-Уул гэх нэртэй хуй дэлгүүрийн үүдэнд зогссон. Дэлгүүрээс хоёр 2 ширхэг лаазтай пиво, ундаа аваад гарсан. Тэгээд дэлгүүрийн гаднаас би эхнэрийнхээ машиныг жолоодон цааш явж байтал замын цагдаагийн алба хаагч дохих үед зогсоод цагдаад регистрийн дугаараа хэлж шалгуулаад тандагч багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахад улаан гэрэл анивчаад байсан. Тэгээд цагдаа унаж явсан машиныг маань жолоодон цагдаагийн хэлтэс дээр ирээд машиныг журамласан. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү орж ирээд замын цагдаа нарын өрөө рүү ороод дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багаж руу үлээхэд 0.69 хувийн согтолттой байна гэж цагдаа хэлсэн. Тухайн үед миний хажууд хүргэн Б байсан. Тэгээд бид хоёр цагдаагаас гэр рүүгээ алхаад явсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Шүүгдэгч Д.Бын үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ