| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/01420/И |
| Дугаар | 155/ШШ2020/00132 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2020/00132
| 2020 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2020/00132 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ............. тоотод оршин суух, ................... дугаар регистртэй, эмэгтэй, Гөрөөчин овогт Батжаргалын *******ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ...................... тоотод оршин суух, ........................ дугаар регисртэй, эрэгтэй, Байчууд овогт Батжанцангийн*******д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2019/01420/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Батнасантай 2002 онд танилцан үерхэж байгаад, 2003 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Тэмүүлэн 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, охин Дэжидмаа 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Хамт амьдрах хугацаанд архи ихээр ууж, мөрийтэй тоглох, олон хоногоор тэнэх явдал байнга гаргадаг байсан. Сүүлийн 3 жил архи уух нь улам ихсэж, агсам согтуу тавих, зодож дарамтлах, хэл амаар доромжлох үйлдлүүд хэвийн үзэгдэл болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учир цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. Миний бие ******* нь хүү Тэмүүлэн, охин Дэжидмаа нарын хамтаар Мөрөн сумын 4 дүгээр багийн 07-08 тоотод айлын хашаа байшинд 2019 оны 8 дугаар сараас хойш амьдарч байна.
Иймд 2004 оны №44 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Тэмүүлэн, охин Дэжидмаа нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батнасан шүүхэд гаргасан тайлбартаа: Би эхнэр Б.*******тэй 2002 онд танилцан үерхэж байгаад, 2003 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж, улмаар дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том хүү Тэмүүлэн 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 15 настай, удаах охин Б.Дэжидмаа 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, одоо 11 настай. Эхнэр бид 2 амьдарч байх хугацаандаа таарч тохирохгүй, үзэл бодол нийлэхгүйн улмаас байнгын хэрүүл маргаантай болж, бид тусдаа амьдраад нилээн олон сар болж байна. Би эхнэр Б.*******ийн гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
Миний зүгээс эхнэр Б.*******ээс гэр бүлээ цуцлуулах, 2 хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээх, надаар хүүхдийн тэтгэлэг төлүүлэхгүй гэснийг хүлээн зөвшөөрч байна. Би эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, 2 хүүхдээ харж хандаж байх болно гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Батнасанд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.*******, Б.Батнасан нар 2019 оны 8 дугаар сараас одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид 2003 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас олгосон ПА №44 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
хамтран амьдрах хугацаанд 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Тэмүүлэн, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Дэжидмаа нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: рю04230331, Байчууд овогт*******гийн Тэмүүлэн, эрэгтэй, 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгов гэх бичилттэй Г №105 дугаар, РД: рю08322405, Байчууд овогт*******гийн Дэжидмаа, эмэгтэй, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг 2009 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгов гэх бичилттэй №0220736-47 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдүүдийн санал, эхийн хайр халамж зэргийг харгалзан 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Тэмүүлэн, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Дэжидмаа нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хүү Б.Тэмүүлэн, охин Б.Дэжидмаа нар эх Б.*******ийн асрамжид үлдсэн нь эцэг Б.Батнасангийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Б.Тэмүүлэн, охин Б.Дэжидмаа нартай эцэг Б.Батнасан хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүү Б.Тэмүүлэн, охин Б.Дэжидмаа нарт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Иймд Б.*******, Б.Батнасан нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Тэмүүлэн, охин Б.Дэжидмаа нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Зохигч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Гөрөөчин овогт Батжаргалын *******, Байчууд овогт Батжанцангийн******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Тэмүүлэн, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Дэжидмаа нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Батнасанд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.******* нарт тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батнасангаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА