Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *** овогт Н.С-д холбогдох 2426002230308 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-нд Баянхонгор аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр цэцэрлэгт *** ажилтай, ам бүл ***, нөхөр *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** овогт Н.С /РД: ***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.С нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр ************ байдлын газрын баруун хойд уулзварт *** улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, гол замаар хөдөлгөөнд оролцож явсан улсын дугааргүй, “Супер даюун 150” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн жолооч Д.Б-ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 5 дугаар сарын 14-ний өглөө ачийгаа 5 дугаар сургуульд  хүргэж өгчихөөд Онцгой байдлын газрын тэнд 7 цаг 45 минутын үед явж байгаад машинтай мөргөлдсөн. Нэг машин хөндлөн давхиж ирээд намайг мөргөсөн. Намайг ойчсоны дараа түргэний эмч ирээд эм өгөөд эмнэлэгт хүргүүлэх үү? гэхэд шүүгдэгч Н.С би эмнэлэгт хүргээд өгье гээд хүргэж өгсөн гэв.

 

Хохирогч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мотоциклтойгоо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 45 минутаас гэрээсээ гараад Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар сургууль руу ач хүүгээ хүргэж өгчихөөд гэр лүүгээ явж байтал Онцгой байдлын хойд талын уулзвар луу орж явтал зүүн талын туслах замаас баруун чиглэлтэй саарал өнгийн жижиг тэрэг гэнэт гараад ирсэн. Би сигнал дараад хүүе гээд хашгирсан чинь юу юугүй ирээд намайг мөргөөд, би мотоциклтойгоо газар унасан. Тэгээд босч чадалгүй хэвтэж байсан чинь түргэний машин ирээд эмч үзээд, даралт үзэж өгөөд нэг өвчин намдаах эм өгсөн. Тэрийг уусны дараа намайг дайрсан машины жолооч эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би замдаа “яаж байгаа юм бэ чи, хүн хардаггүй юм уу би сигналдаад байхад чинь” гэж хэлсэн чинь “уучлаарай, би утсаар ярьж байгаад харсангүй дайрчихлаа” гэж хэлсэн, ...Би ганцаараа явж байсан, намайг дайрсан машины жолооч бас ганцаараа явж байсан. Миний хоёр хөлийн өвдөг, тойг бяцралттай, хугаралтай, одоо шөнө унтаж чадахгүй байнга эм ууж байгаа, би тухайн осол болсон өдөр хөлдөө гипс тавиулаад гэрээрээ эмчилгээ хийлгэсэн.  2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт хоёр өвдөгнөөсөө ус авахуулаад ирсэн. Надад мотоцикл жолоодох эрхийн А үнэмлэх байхгүй. Намайг Улаанбаатар явах үед холбогдогч миний *** данс руу 900,000 төгрөг шилжүүлсэн. Миний мотоциклийн мотор хагарсан, бусад эвдрэлийг мэдэхгүй. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, 

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Б нь Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд  нийт 8.114.811 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан байна, уг мөнгөн дүнг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, 

 

Гэрч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 08 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг Онцгой байдлын хойд уулзварт зам тээврийн осол гарсан байна гэх дуудлагаар очих үед тухайн газар ямар нэгэн осол гарсан хүн байхгүй байсан. Дуудлага өгсөн дугаар руу холбогдож залгахад утсаа авахгүй байсан. ...Би эмнэлэг дээр очих үед мотоциклийн жолооч эрэгтэй, машины жолооч гээд эмэгтэй хүн байсан. ..Тэгээд орой нь мотоциклийн жолооч Д.Б гэх хүн өргөдөл гарган цагдаагаар шалгуулмаар байна, хүүхдүүдтэйгээ уулзаад ийм шийдвэрт хүрлээ гээд ирсэн. ...Би тухайн үед мотоциклийн жолооч Д.Б, автомашины жолооч Н.С нарыг согтуурал хэмжигч багажаар үлээлгэж шалгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, 

 

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай,"' эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

 

Хэрэг гарсан газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай

“...1. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6-д Зам тээврийн осол гэж “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг.

2. Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд:

1.  МУ-ын ЗХД-ийн 3.7. а-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно:

Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй байна.

35-49 ӨВР улсын дугаартай Тоёота ист маркийн автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд:

                        1. МУ-ын ЗХД-ийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

                        2. МУ-ын ЗХД-ийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

                        3. МУ-ын ЗХД-ийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

            3.  Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна.

            4. *** улсын дугаартай Тоёота ист маркийн автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ын 15.9-д гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчиж гол замаас яваа мотоциклийн жолоочид зам тавьж өгөөгүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “...Д.Б-ы биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, цууралт, тархи доргилт, зүүн тохойд шарх, гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх 404 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.Нарантуяа, Т.Туул нарын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай “... 1. Үзүүлэгч Д.Б-ы сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Иргэн Н.С, Д.Б нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан лавлагаанууд /хх-ийн 17, 19 дүгээр хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07/20 дугаартай “... Супер Даюун 150 маркийн улсын дугааргүй мотоциклийн эвдрэлийн хэмжээг 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр тогтоов...” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч Н.С-ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 30 өдрийн 429 дугаартай тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/ Жолоочийн лавлагаа, мэдээлэл эсэх лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 103 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.С-аас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарган өгсөн хохирогч Д.Б-д хохирол төлсөн гэх 4 хуудас баримт /хх-ийн 98-102 дугаар хуудас/,

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Б-аас гаргаж өгсөн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд зэрэг болно.

 

1. Шүүгдэгч Н.С-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Н.С нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өглөө  8 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумын Онцгой байдлын баруун хойд уулзварт *** улсын дугаартай “Toyota ist” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд орж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж гол замаар хөдөлгөөнд оролцож явсан улсын дугааргүй “SUPER DAYUN150” маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн жолооч Д.Б-ы биед хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэж байна. Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хохирогч Д.Б-ы нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3.193.400 төгрөг нэхэмжилж байна. ...Мөн эм тариа авахад зарцуулсан 1.150.400  төгрөг эхнэр М-ын 1 сарын цалин 660.000 төгрөг, хохирогч Д.Б 3 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан цалин 1 сар нь 945.000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацааны цалин 2.845.000 төгрөг, нийт 7.938.400 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, дэх хэсэгт зааснаар эдгээр хохирлыг гаргуулж шийдэх хууль зүйн үндэслэлтэй байна. Осол болсны дараа 5 дугаар сарын 14-нд хохирогч надад хандсан. Хүү нь хотоос ирсэн Д цагдаа хэргийг шалгаж байсан, камерын бичлэг олдохгүй байсан учир хохирогчийг урсгал сөрсөн гэж буруутгаад Онцгой байдлын ард талын айлаас камерын бичлэг олж цагдаа нарт өгсөн. Дүрэм зөрчөөгүй гэдэг нь нотлогдож байсан. Охин нь машинтайгаа ирсэн, хүүхдүүдээ зөөгөөд, эхнэр нь асарч байсан Д.Б босож чадахгүй байсан учир гэрт нь очиж байсан. Өөрөө босож чадахгүй хэвтэрт байсан 7 дугаар сараас хажуу тийшээ эргэдэг болсон байсан. Нэхэмжилж байгаа хохирлыг хуульд заасан шаардлагын дагуу гаргуулах хүсэлтэй байнагэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн буруугийн талаар: “...Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм хорын хохирлын тооцоог нарийвчилж зөв гаргах ёстой, зарим ойлгомжгүй зүйл байна. Жишээ нь: Аливаа байгууллага хүнд олгоогүй цалинд нийгмийн даатгалын шимтгэл төлөх заалт байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хориглогдсон  учраас гар дээр нь өгсөн цалингаар нийгмийн даатгалын шимтгэлийг бодож байгаа. Цалин хөлсийг нь нийгмийн даатгалын байгууллагын хувьтай гаргаж ирсэн баримтаар цалин хөлсний зөрүү тооцоог гаргана уу!  Сэтгэцийн хувьд 1 дүгээр зэргийн хохиролтой үүнийг төлүүлнэ гэж хохирогчийн өмгөөлөгч хэлж байна. Энэ нь хуулийн зохицуулалттай учир нөхөн төлнө. ...Эмчилгээний зардалд Нийгмийн даатгалын байгууллага 8.114.811 төгрөг, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтэж байх үеийн бүх эмчилгээний зардлыг улс хариуцаж байгаа.  Хохирогч энэ зардлыг улсад нэг төлөөд, хохирогчид нэг төлөөд давхар төлбөр хийхгүй. Бүх эмчилгээний зардлыг улсад төлөх үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр  ямар эмчилгээний зардал улсад төлөгдөж байгаа, ямар эмчилгээний зардал нь хохирогчийн өөрийнх зардал гэдгийг ялгах хэрэгтэй. Дан эмчилгээний зардал биш мотоциклын эвдрэл гэмтэл засах шаардлагатай өвдөгний хамгаалалт гэх мэт шаардагдаж байгаа. Баримтуудад нийт 5.199.000 төгрөгийн төлбөр хийсэн. Нийгмийн даатгалд төлөх зардалтайгаа нийлээд 13.214.707 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй болж байна. Хохирогчид   5.199.000 төгрөг төлсөн. Нийгмийн даатгалд төлбөр төлөөгүй. Үүнийгээ төлөхөө илэрхийлж байгаа. Тэгэхээр  хохирлын баримтуудыг нэг бүрчлэн нарийн  авч үзэж ойлгомжтой байдлаар ялгаж салгамаар байна. Хохирлын тооцооны талаар давтан хэлэхэд цалин хөлсний асуудлыг холбогдох байгууллагаас гаргаж ирсэн хохирогчийн өөрийн баримтуудыг үндэслэж цалин хөлсний тооцоо хийх, эмнэлэгт хэвтэж байсан бүх зардлыг улс хариуцаж байгаа эмнэлгээс гадуур гарсан эмчилгээний зардлыг төлнө. Энэ бүх төлбөр тооцоог бодож нийт төлөх зардлаас шүүгдэгчийн төлсөн 5.199.896 төгрөгийг хасаж баримт нэг бүрээр нь жагсааж өгсөн хохирогчийн өмгөөлөгч нэг бүрчлэн үзэж танилцсан байх. Шинээр гаргаж өгсөн баримтуудтайгаа  тулгаж үзсэн байх сүүлийн баримтуудын жагсаалтыг үзсэн цаг хугацааны хувьд зөрж байна эдгээр баримтууд нь эмнэлэгт байх зардалтай давхцаагүй гэдгийг ялгах хэрэгтэйгэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.С-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Н.С нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын газрын баруун хойд уулзварт *** улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, гол замаар хөдөлгөөнд оролцож явсан улсын дугааргүй, “Супер даюун 150” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн жолооч Д.Б-ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Болийнхон овогт Н.С нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                          

 Хохирогч Д.Б-ы “...Би мотоциклтойгоо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 45 минутаас гэрээсээ гараад Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар сургууль руу ач хүүгээ хүргэж өгчихөөд гэр лүүгээ явж байтал Онцгой байдлын хойд талын уулзвар луу орж явтал зүүн талын туслах замаас баруун чиглэлтэй саарал өнгийн жижиг тэрэг гэнэт гараад ирсэн. Би сигнал дараад хүүе гээд хашгирсан чинь юу юугүй ирээд намайг мөргөөд, би мотоциклтойгоо газар унасан. Тэгээд босч чадалгүй хэвтэж байсан чинь түргэний машин ирээд эмч үзээд, даралт үзэж өгөөд нэг өвчин намдаах эм өгсөн. Тэрийг уусны дараа намайг дайрсан машины жолооч эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би замдаа “яаж байгаа юм бэ чи, хүн хардаггүй юм уу би сигналдаад байхад чинь” гэж хэлсэн чинь “уучлаарай, би утсаар ярьж байгаад харсангүй дайрчихлаа” гэж хэлсэн, ...би ганцаараа явж байсан, намайг дайрсан машины жолооч бас ганцаараа явж байсан. Миний хоёр хөлийн өвдөг, тойг бяцралттай, хугаралтай, одоо шөнө унтаж чадахгүй байнга эм ууж байгаа, би тухайн осол болсон өдөр хөлдөө гипс тавиулаад гэрээрээ эмчилгээ хийлгэсэн, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт хоёр өвдөгнөөсөө ус авахуулаад ирсэн, надад мотоцикл жолоодох эрхийн А үнэмлэх байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,  Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн “... Д.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 8.114.811 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан байна. Уг мөнгөн дүнг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,  гэрч М.Д-ын өгсөн: “...Д.Б нь ... Би тухайн үед мотоциклийн жолооч Д.Б, автомашины жолооч Н.С нарыг согтуурал хэмжигч багажаар үлээлгэж шалгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,  2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай,"' эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, Хэрэг гарсан газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай “...*** улсын дугаартай Тоёота ист маркийн автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: 1. МУ-ын ЗХД-ийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 2. МУ-ын ЗХД-ийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.МУ-ын ЗХД-ийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. 3. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна. 4. *** улсын дугаартай Тоёота ист маркийн автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ын 15.9-д гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчиж гол замаас яваа мотоциклийн жолоочид зам тавьж өгөөгүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “...Д.Б-ы биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, цууралт, тархи доргилт, зүүн тохойд шарх, гуянд цус хуралт бүхий гэмтлүүд учирсан, эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 404 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-45-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.Нарантуяа, Т.Туул нарын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай “... Үзүүлэгч Д.Б-ы “сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Шүүгдэгч Н.С, хохирогч  Д.Б нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан лавлагаанууд /хх-ийн 17, 19 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07/20 дугаартай “...”Супер даюун 150” маркийн улсын дугааргүй мотоциклийн эвдрэлийн хэмжээг 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр тогтоов...” гэсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 65-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.С *** улсын дугаартай “Тоёота Ист” маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.С-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр 4,940,000 төгрөг нэхэмжилсэн. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн. 

 

Шүүх хохирогч Д.Б-ы нэхэмжлэлийг хэлэлцээд дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

1. - Эм тариа авсан болон шатахууны зардал 1,150,600 төгрөгийн нэхэмжлэлээс E-баримттай 780,600 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэж нэхэмжлэлийг хангаж, Витамин авсан гэх 17 дугаартай 140,000 төгрөгийн баримт, 18 дугаартай 230,000,  төгрөгийн баримт нийт 370,000 төгрөгийн баримт нь тамга тэмдэггүй, гарын үсэггүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

- Хохирогч Д.Б-ы эхнэр О.М нь осолд орсны дараа ажлаасаа 1 сарын чөлөө авч нөхрөө асарсан тул энэ зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ. О.М нь *** ХХК-нд үйлчилгээний ажилтай байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 25-аас 06 дугаар сарын 25-ыг хүртэл 30 хоногийн чөлөө авсан болох нь  *** ХХК-ны Чөлөө олгох зөвшөөрөл, О.М-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Д.Б-ы нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа авсан зардал, шатахууны зардал 780,000 төгрөг, О.М-ын 1 сарын цалинг 660,000 төгрөг нийт 1,440,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

- Д.Б-ы нэхэмжлэлээс түүний ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин нэг сарын 945,000 төгрөгөөр тооцож 2,835,000 төгрөг нэхэмжилсэн  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь Д.Б нь хэдийгээр *** компанид ажиллаж байгаа гэх боловч энэ талаарх байгууллагын тодорхойлолт авагдаагүй. Тус компанид хэдэн төгрөгний цалинтай ажилладаг эсэх, мөн 2024 оны 6 дугаар сараас 9 сар хүртэл 660,000 төгрөгний цалин олгосон эсэх, эсвэл цалингүй нийгмийн даатгалын шимтгэлийг нь байгууллага нь төлсөн эсэх талаарх баримт байхгүй байна.

- Д.Б-ы нэхэмжлэлээс Витамин авсан гэх 370,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 2,835,000 төгрөг, нийт 3,205,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Б нь дээрх хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

2. Хохирогч Д.Б нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн. Учир нь:

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

            Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж хуульчлан заажээ.

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.Нарантуяа, Т.Туул нарын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай “... 1. Үзүүлэгч Д.Б-ы сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэжээ.

             

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 5 дугаар зүйлд нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэлх хэмжээтэй байхаар” тогтоожээ.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000  төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.

 

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хохирогч Д.Б-ы  сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-аас 3,293,400 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

 

3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.        

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь “Д.Б нь Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд  нийт 8.114.811 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан байна, уг мөнгөн дүнг нэхэмжилнэ гэсэн бөгөөд Д.Б нь  Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд  нийт 8.114.811 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн хуудас, рентгэн зураг зэрэг баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.С-аас хохирогч Д.Б-ы эрүүл мэндийн даатгалаас авсан эмчилгээ үйлчилгээний зардалд 8,114,811 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна. 

 

Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-аас гэм хорын хохиролд 1,440,600, хохирогч Д.Б-ы  сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 3,293,400 төгрөг, нийт 4,734,000 төгрөг гаргуулж хохирогч Б-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөх завсарлага авах санал гаргаж энэ хугацаанд хохирогчид 500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 500,000 төгрөг тус тус төлсөн болох нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Голомт банкны  гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

       

Шүүгдэгч Н.С нь хохирогч Д.Б-д нийт 5,699,896 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 500,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж байна. 

 

Иймд шүүгдэгч Н.С-ийн хохирогч Д.Б-д төлсөн 500,000 төгрөгийг Д.Б-ы эм тариа авсан зардал, шатахууны зардал 780,000 төгрөг, О.М-ын 1 сарын цалинг 660,000 төгрөг нийт 1,440,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдэх 940,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж  шийдвэрлэлээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн 500,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлээс хасаж тооцсон болно.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр  3,293,400 төгрөг, эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирол 940,600 төгрөг нийт  4,234,000 төгрөг  гаргуулж хохирогч Д.Б-д, Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т   тус тус зааснаар шүүгдэгч Н.С-аас  хохирогч Д.Б-ы эрүүл мэндийн даатгалаас авсан эмчилгээ үйлчилгээний зардалд 7,614,811 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа,  болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал. Түүний хохирол хор уршиг, хэдийгээр бүрэн төлж барагдуулаагүй ч гэсэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, заримыг нь төлж барагдуулсан байна. Түүний үйлдсэн гэмт хэргээ ухаарч ойлгож, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзаад, дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өөрийн оршин суугаа хаягийн дагуу, эдлүүлэх санал дүгнэлт гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчид, тодорхой хэсгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хэсэг болон хохирогчид учирсан хохирлын үлдэгдэл хэсгийг, шүүгдэгчээс гаргуулахаар, шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.С хувийн баталгаа  гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Эрүүгийн хариуцлагын нь тал дээр санал байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх гэж бодож байна. Хохирогч нөгөө өвдгөндөө  гэмтэл авсан. Иймээс цаашид гарах эмчилгээний зардлыг  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Миний үйлчлүүлэгч болгоомжгүйгээр зам тээврийн  осол гаргаж хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд хохирол учруулсан  гэм буруугаа  өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Д.Б гуайн эрүүл мэндэд учирсан хохирлоос хөнгөрүүлэх гэж мөрдөн байцаалтын шатаас эхлээд, өөрийнхөө амьдралынхаа боломжийг шавхаж тав, арван цаасыг цуглуулж, дэмжлэг үзүүлж байсан. Энэ байдал нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж,  гэм буруугаа бүрэн хүлээж байгаагийн шинж гэж бодож байна. Эрүүл мэндийн даатгалын санд болон бусад субъектэд төлбөрийг бүрэн дүүрэн төлж хараахан барагдуулж чадсангүй. Өөрөө цэцэрлэгт ажилладаг. Нөхөр нь хэдэн малтай, ямааны ноолуур гарч байж энэ асуудал яригдах байх гэсэн яриа хөөрөөтэй ийм байдалтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй эсвэл хорих ялын дээд хэмжээг 3 жил хэтрүүлэхгүй хугацаанд оногдуулах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах заалттай. Энэ заалтыг  улсын яллагч харгалзан үзэж байгаад,  шүүгдэгчийн өмнөөс нөхцөл байдлыг зөв, үнэлж байгаад талархаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн саналыг сонслоо үнэхээр ингээд шүүх хурал хийж байгаа хэдий ч хохирогч Д.Б гуайд ямар ч эмчилгээ хийх шаардлагагүй гэж үзэх үндэслэл байхгүй учраас,  цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг  хүндэтгэж байна. Миний үйлчлүүлэгч өөрөө цэцэрлэгт ажилладаг, төрийн  үйлчилгээний албан хаагч, эзэмшсэн ажил, мэргэжлийн чиглэлээр цаанаасаа, сургалтад явах шаардлага гардаг. Хохирол төлбөрийг мөнгөөр төлөх, албадан ажил хийх  боломжгүй учраас, зорчих эрхийг хязгаарлах  ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин хугацааны хувьд нэгэнт гэм буруугаа бүрэн хүлээж байгаа, хүндрүүлэх шалтгаан байхгүй учраас, 7 сараас хэтрүүлэхгүй байна уу гэсэн хүсэлт гаргаж байна. Мөн хохирогч Д.Б гуайд төлөх төлбөрүүд байгаа. Үүнээс  урьдчилан төлсөн  төлбөрийг харьцуулан тооцож, гаргаж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.С-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэнийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Н.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж,  долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г долоон сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.С-д  мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б-д  5,699,896 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 500,000 төгрөг тус тус төлсөн.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт Н.С-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Н.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж,  долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г долоон сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.С-д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б-д 5,699,896 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 500,000 төгрөг тус тус төлсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,293,400 төгрөг, эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирол 940,600 төгрөг нийт 4,234,000 төгрөг  гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.

 

9. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т   тус тус зааснаар шүүгдэгч Н.С-аас хохирогч Д.Б-ы эрүүл мэндийн даатгалаас авсан эмчилгээ үйлчилгээний зардалд  7,614,811 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

10. Хохирогч Д.Б-ы нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 2,835,000 төгрөг, эмчилгээний зардал болох гэм хорын хохиролд нэхэмжилсэн 370,000 төгрөг нийт 3,205,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР