Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/03003

 


 

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/03003

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүч Э.Энэбиш даргалаж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.У

Хариуцагч: Ө ХХК-д холбогдох

Нөхөн төлбөр 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи Баянгол Дүүрэг 6 дугаар хороо ..... тоот 3 өрөө орон сууцыг 2013 онд ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд Ө ХХК нь бидний автомашины гараашийг газрын хамт худалдан авсан ба үүн дээр үйлчилгээ бүхий 16 давхар орон сууцны барилга барьснаас хөрш зэргэлдээ 49 дүгээр байрны оршин суугчдын эрүүл орчинд тав тухтай амьдрах, нөхцөл алдагдах болж, манай 4 тоот байрны урагш харсан цонх байнгын нар үзэх нөхцөлгүй болсон төдийгүй үнэлгээ, үнэ унаж, зүүн талруу харсан 2 цонх хонгилын цонх адил үзэгдэх орчин хязгаарлагдан, байнгын хөшиг татаатай байхад хүрж, хүүхэд хөгшид айдастай байх болж, байнгын харанхуй нөхцөлд амьдрах боллоо. Мэргэжлийн хяналт болон холбогдох газруудад хандсан боловч тухайн байгууллага газар зөрчин барьсан автомашины гарц, үйлчилгээний гарцыг цаашид өөрчлөх, зохицуулах боломжгүй тул бид хөршийн хувьд энэ нөхцөл байдалд зохицон Иргэний хуулийн заалтын дагуу хөршийн эрх зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрч харин Иргэний хуулийн 138-р зүйлийн 138.2-д заасны дагуу нэг удаагийн нөхөн төлбөрийг 30,000,000 төгрөгөөр үнэлж хөршийн эрхийг зөрчсөн Ө ХХК-иас гаргуулан өгөхийг шүүхээ хүсч байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Э гэдэг хүн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны гэрээгээр улсаас уг газрыг авсан байдаг. Газрыг нийт 110,000,000 төгрөгөөр авсан. 2009 оны үед ийм үнэтэй газар авсан нь барилга барих зорилготой байсан. 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр барилгын зөвшөөрлийг авсан. Барилга барьж эхлэхэд газрын хэмжээ дутсан. Нэмж газар авахын тулд 28 гараашийг иргэдээс 520,000,000 төгрөгөөр авч байсан. Энэ 28 гараашинд иргэн Л-ийн гарааш байсан. Харин иргэн Л нь гараашаа Ц гэх хүнээс бэлэглэлийн гэрээгээр 2005 оны 6 дугаар сард 3,000,000 төгрөгөөр авсан байсан. Манай байгууллага 3,000,000 төгрөгийн үнэтэй гараашийг 20,000,000 төгрөгөөр авч байсан. 20,000,000 төгрөгийг авахдаа иргэн Л барилгын ажлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нар хаасан, байрны үнэ буурсан гэж маргаж байгаа. Гэтэл 2014 онд манай барилгыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэрээ хийсэн бас бид иргэн Л-д дулаан гарааш өгсөн. Иймд бид гараашны оронд гарааш өгчихсөн байгаа учир 20,000,000 төгрөг бол нөхөн төлбөрт тооцогдоно. Машин засварын 10,000,000 төгрөг бол машины хохирлыг тооцоогүй. Нэхэмжилсэн мөнгийг нь өгсөн. Мөн хажуу айлуудын хэн нь иймд асуудал гаргаагүй. Уг барилга баригдсанаар айлуудын эрх ашиг зөрчигдсөн талаар шинжээч томилж байсан. Барилгын техникч хяналтын улсын ахлах байцаагч Уранчимэгийн дүгнэлт гарсан.  2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр өглөө 09 цагаас 10 цаг, 12 цагаас 13 цаг, 15 цагаас 16 цаг, 17 цагаас 18 цаг хүртэл нарны гэрэл тусах нормыг  зөрчихгүй байна гэж гарсан. Мэргэжлийн дүгнэлт гарсан байхад нэхэмжлэгч тал нарын гэрэл хаасан, байрны үнэ буурсан гэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн байр барьсан “Г” хэлбэрийн байрны урд байрладаг. Байрны үнэ унасан талаар нэхэмжлэгч тал үнэлүүлж болон. Гэхдээ одоо байрны үнэ улсын хэмжээнд байрны унаж байгаа. Байрны үнэ буурсан нь манай барилгаас болоогүй. Мөн барилгыг улсын комисс хүлээж авсан. Хэн нэгний эрх ашиг зөрчсөн бол Улсын комиссын 21 хүн гарын үсэг зурахгүй байсан. Баригдсан барилга нь стандарт нормоо зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.У, хариуцагч Ө ХХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан хөршийн эрхийг зөрчсөн гэж үзэж 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ орон сууцны нар үзэх байдлыг хязгаарласан, утаа, тоос шороо байнга үүсдэг нь орон суцны зах зээлийн үнийг бууруулсан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдсан гэж тодорхойлжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн .... дугаартай шийдвэрээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 48а, 48б, 49 дүгээр байрнуудын байгалын нар үзэх боломжийг бүрэн хаасан, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулсан эсэх маргааныг хянан шийдвэрлэж, Нийслэлийн засаг даргын 2012 оны А/224 дүгээр захирамж, 2014 оны А/338 дугаар захирамжийн М.Эт холбогдох хэсэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны БГД/670 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 32/2014 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч орон сууцны зүүн талын хоёр цонхтой ижил түвшинд автомашины зам тавьж харагдах орчинг хязгаарласан, аюултай байдлыг бий болгосон тухай тайлбарыг гаргасан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрэл зургаас үзэхэд хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэгчийн цонхтой ижил түвшинд явган хүний болон автомашины зам тавьсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02-07-107/1346 тоот шаардлага, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/1407 тоот шалгалтын тухай, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02-01/1784 тоот М.Э-ийн барилгын зөрчлийг арилгуулах тухай баримтуудаар дээрх зөрчлийг арилгуулсан болох нь тогтоогдсон, зөрчил арилгасны дараах үеийн гэрэл зургийг хариуцагч мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

Хариуцагчийн барьсан орон сууцны барилга, түүний орчны тохижит заслаас шалтгаалан дээр дурдсанаар нэхэмжлэгчийн байгалийн нар үзэх байдлыг хязгаарласан, утаа, тоос шороо байнга үүсдэг, орон сууцны зах зээлийн үнийг бууруулсан талаар тайлбар гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбараа баримтаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага нотлох зорилгоор нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 138 дугаар зүйлийн 138.2-т заасныг үндэслэл болгож нэхэмжлэгч, хариуцагчаас нэг удаагийн нөхөн төлбөрт 30,000,000 төгрөг шаардсан хууль зүйн үндэслэл нь зохигчийн хоорондын маргаанд хамаарахгүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэгч И.У-ын хөршийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар хариуцагч гаргасан зөрчлөө арилгасан, уг зөрчлийн улмаас нэхэмжлэгчид 30,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх байдал хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 138 дугаар зүйлийн 138.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө ХХК-иас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,073,000 төгрөгөөс илүү төлсөн 765,050 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлстийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч И.У-д олгож, 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ