Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч Э.Давааням, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэжээ овогт Энхцэцэгийн Даваанямд холбогдох 201725030510 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14 гудамж, 284 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийн хорих ялын 2 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Гэжээ овогт Энхцэцэгийн Давааням (РД:МЗ92041313),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадаа бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн О.Алтанхуягийг “зарж байсан эд зүйлс авсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан, О.Алтанхуягийн эзэмшлийн 88-70 УНД улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашины баруун хойд хаалгыг өшиглөж санаатайгаар гэмтээж 132.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Э.Даваанямаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 11 өнгөрч байхад гэрээсээ гарсан. Би Хархорин худалдааны төвөөс хямдхан 15 ширхэг цамцыг нийлүүлээд 15.000 төгрөгөөр худалдаж аваад тэрийгээ Бөмбөгөр худалдааны төв орчмоор үнэ нэмж зардаг ажил хийдэг юм. Тэр өдөр бас гэрээсээ гараад Хархорин худалдааны төв орж цамц авчихаад Бөмбөгөр худалдааны төв орсон юм. Тэгээд худалдаж авсан цамцнуудаа 5 ширхэгийг 10.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд Бөмбөгөр дээр надтай адилхан хямд цамц аваад гадуур явж зардаг зүс таних Маригаа гэх хүнтэй таараад 1 шил архи аваад Бөмбөгөрийн урд талын цэцэрлэгийн сааданд уусан юм. Тэгж архи уухдаа зараагүй үлдсэн байсан цамцнуудаа Бөмбөгөр орчимоор наймаа хийдэг таньдаг хүндээ өгөөд явуулчихсан байсан юм. Хариун тэр цамц өгч явуулсан хүнийхээ зарж байсан хайрцагтай гинжнээс нь нэгийг нь “би энийг чинь зараад өгье” гээд авсан байсан юм. Тэгэхээр нь тэр хүнээс авсан байсан гинжээ зарчих санаатай хүмүүсээс “хямдхан авах уу” гэж асууж яваад нэг ахтай таараад гинжээ үзүүлээд “хямдхан авчихаач ахаа” гэсэн чинь намайг “наад хулхи юмаа аваад цаашаа яв” гэсэн. Тэгэхээр нь би “та одоо юу гээд байгаа юм бэ, хулхи биш” гэсэн чинь “юу гэсэн ч яадаг юм бэ” гээд намайг түлхсэн. Тэгээд бид хоёр тэрнээсээ болж үл ойлголцоод нэгнийгээ заамдаад авсан. Тэгснээ тэр ах миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би уурандаа тэр хүний баруун шанаа орчим нь гараараа 1-2 удаа цохьсон чинь тэр ах намайг зөрүүлээд хэд хэдэн удаа миний дух хавьцаа цохьчихоод намайг түлхэхээр нь би газар унасан. Намайг тэгээд газар унасан чинь тэр ах машиндаа суугаад явах гэхээр нь би араас нь очоод машиных нь хойд хаалганы хэсэгт нь 1 удаа өшиглөчихөөд зугтаачихсан юм. Тэгээд зугтаж яваад цагдаад баригдсан гэжээ.

Хохирогч О.Алтанхуягаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би 13-14 цагийн орчим хүнсний зүйлс аваад Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талын зогсоол дээр тавьсан байсан өөрийн эзэмшлийн 88-70 УНД улсын дугаартай Тоёота Естима маркийн машиндаа суух гэтэл хажуугаас 2 залуу ирээд нэг нь надаас энийг авах уу ахаа гээд хүрэн өнгийн хайрцагтай зүйл үзүүлсэн. Би тэр үзүүлэх гээд байгаа зүйлийг нь харахгүй мөнгө байхгүй ээ авахгүй гэж хэлсэн чинь тэр залуу чи үзчих л дээ, авчих гээд намайг хоргоогоод байсан. Би машиндаа суугаад явах гэтэл хаалга хаалгахгүй энийг авчих л даа, хямдхан өгчихнө гээд явуулахгүй байхаар нь би машинаасаа буугаад тэр залууд яах гээд байгаа юм бэ, гэсэн чинь хүрэмээ тайлаад, шууд миний зүүн талын шанаа руу, бас баруун талын чих орчмоор гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгснээ миний хүрэмийг урагш нь татаад толгой дээгүүр нөмрүүлээд доош нь дарчихсан бас л хэд хэдэн удаа толгой орчмоор цохиод байсан. Тэр хавиар байсан хүмүүс салгаад би машиндаа суугаад хөдлөөд явахдаа толиндоо харсан чинь араас зогсож бай гээд ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тоохгүй явах гэтэл миний машины арын крыло хэсэг рүү өшиглөсөн. Тэгснээ дараа нь баруун талын дунд хаалганы гол хавьд бас 1 удаа өшиглөсөн. Тэгж өшиглөхөд нь их хүчтэй сонсогдохоор нь буугаад харсан чинь машины хаалга хонхойчихсон байсан. Би тэгж өшиглөсөн залууг нааш ир гээд дуудсан чинь машины араар тойроод ертөнцийн зүгээр урд зүг рүү зугтаасан. Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, би эмчилгээнд гарсан зардал, машиныхаа хаалгыг засах засварын мөнгө, урагдсан хувцсаа оёулсан мөнгө зэргийг гаргуулж авмаар байна гэжээ.

Гэрч Б.Батзаяагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би тэр өдөр хамгаалагчаар гарч байсан. Тэр өдөр гадаа зогсож байсан нэг эгч урд хаалган дээр 2 хүн зодолдоод байна, нэгнийгээ аллаа гээд байхаар нь очиход 50-60 орчим настай нэг ахтай 30 орчим насны залуу маргалдсан байсан. 30 орчим насны зураг дээрх залуу ямар нэг зүйл зарах гэж байсан юм шиг байсан. Тэрнээсээ болоод хоорондоо маргалдсан байдалтай байсан. Би очиж салгаад юу болсон талаар асуухад 50-60 орчим насны ах надад бараа зарах гэхээр нь би аваагүй, түүнээс болж хэрүүл маргаан үүссэн гэж хэлж байсан. Намайг гарч ирснээс хойш цохьж зодсон зүйл байхгүй. Намайг яг ирэх үед тэр 2 хоорондоо барьцалдаад зууралдсан байсан. Намайг ирэхээс өмнө цохьж зодсон эсэхийг мэдэхгүй гэжээ.

   Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.02.13-ны ¹2730 тоот актын дүгнэлтэд:

   1.О.Алтанхуягийн биед зүүн нүдний салст, дух, баруун чихний зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Э.Давааням нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талд иргэн О.Алтанхуягийг “зарж байсан эд зүйлс авсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, улмаар О.Алтанхуягийн жолоодож явсан түүний эзэмшлийн 88-70 УНД улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашины баруун хойд хаалгыг өшиглөж гэмтээснээс 132.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Алтанхуягийн “…машиндаа суух гэтэл хажуугаас 2 залуу ирээд нэг нь надаас энийг авах уу ахаа гээд хүрэн өнгийн хайрцагтай зүйл үзүүлсэн. Би тэр үзүүлэх гээд байгаа зүйлийг нь харахгүй мөнгө байхгүй ээ авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу чи үзчих л дээ, авчих гээд намайг хоргоогоод байсан. Би машиндаа суугаад явах гэтэл хаалга хаалгахгүй энийг авчих л даа, хямдхан өгчихнө гээд явуулахгүй байсан. Шууд миний зүүн талын шанаа руу, бас баруун талын чих орчмоор гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгснээ миний хүрэмийг урагш нь татаад толгой дээгүүр нөмрүүлээд доош нь дарчихсан бас л хэд хэдэн удаа толгой орчмоор цохиод байсан. ... миний машины арын крыло хэсэг рүү өшиглөсөн. Тэгснээ дараа нь баруун талын дунд хаалганы гол хавьд бас 1 удаа өшиглөсөн. Тэгж өшиглөхөд нь их хүчтэй сонсогдохоор нь буугаад харсан чинь машины хаалга хонхойчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, авто машин техникийн үнэлгээний 2017.02.13-ны ¹11375 тоот тайлан, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.02.13-ны ¹2730 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

   Иймд шүүгдэгч Гэжээ овогт Энхцэцэгийн Даваанямыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Э.Давааням нь 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгогдсон тул түүнийг 2017 оны 02 дугаар сард анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно. 

Хохирогчоос эмчилгээний болон бусад зардалд нийт 567.600 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс хохиролд нийт 570.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Э.Даваанямын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Гэжээ овогт Энхцэцэгийн Даваанямыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Э.Даваанямыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Э.Даваанямд энэ тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Даваанямд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Даваанямд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Даваанямд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ