Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

 

 

 

 

 

   2020           12              24                                        2020/ДШМ/0015                               

 

     Ж.Чод холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1718 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Чын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006028752130 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             С овгийн Ж-ийн Ч,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

          Ж.Ч нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Оыг нүүр рүү нь цохиж унаган улмаар толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сартуул овгийн Жигжидсүрэнгийн Чыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Чод 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Чод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Чоос нийт 3,414,710 төгрөгийг гаргуулан хохирогч М.От олгуулж, хохирогч М.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өөрийн гэм буруу дээр маргахгүй байгаа бөгөөд хохирогч гэх М.От хохирлын төлбөр болох 3,414,710 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд өөрийн хийсэн үйлдлийн хор уршигийг ухаарч ойлгон хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн, гомдол саналгүй болгосон мөн урьд өмнө нь хорих ял эдэлж байгаагүйг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ж.Чод холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан боломжит ялыг оногдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Ж.Ч нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Оыг нүүр рүү нь цохиж унаган улмаар толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Оын “... Ингээд Ч бид хоёр хэсэг байж байгаад буцаад гэр рүү нь орохоор алхаж байтал байшингийнхаа урд ирээд миний баруун шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэгтэл миний толгой манараад доошоо газар суутал Ч байшингийн цонхны доод талд байх жижиг палкан модыг аваад чамайг тэгвэл ингэх болно гэж хэлээд миний толгойны дээд хэсэгт нэг удаа цохиод үргэлжлүүлэн миний нуруу хэсэгт модоо тавиад дараад байсан” /хх 8-9/,

 

гэрч Ч.Энхжаргалын “... гарах болгонд нь О надад хандан наад Ч чинь хаалгаа түшүүлээд тавьдаг тохой хэрийн урттай палкан модоороо миний толгой руу цохичихсон шүү гэж хэлж байсан бөгөөд Чыг ороод ирэхээр нь тэрийгээ ярихаа больчихоод байсан ...” /хх 10-12/,

           

Ж.Чын яллагдагчаар өгсөн “... О бид хоёр олон хоног нийлж архи уусан бөгөөд манай гэрийн зүйлсийг О дэлгүүрт тавиад архи уучихдаг. Иймээс би алга болсон газрын бичгээ Оаас нэхэж хэрүүл хийж байгаад тухайн үйл явдал болсон. Бид хоёрын зодолдож байх үйл явцыг харсан хүн байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд санал хүсэлт байхгүй. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна ...” /хх 73-74/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаартай “... 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн КТГ-ын шинжилгээ болон ГССҮТ-ийн 20163 дугаартай өвчний түүхийг үндэслэн М.Оын биед үзлэг хийж зүүн чамархайн бяцарсан хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих болон цохигдох нэг удаагийн үйлчлэлийн үед үүсгэгдэж боломжтой, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн КТГ-д хоёр талын ухархайн дотор ханын хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ГССҮТ-ийн рентгенд хоёр талын олон хавирганы хуучин хугарал, 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн КТГ-д хамар ясны хуучин хугаралтай гэжээ. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, М.Оын биед учирсан зүүн чамархайн бяцарсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн 3.1.2-т зааснаар зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт тус тус хамаарах ба дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой.” гэх дүгнэлт /хх 52-53/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Чыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн Ж.Чын М.Оыг нүүр рүү нь цохиж газарт унаган улмаар толгойн тус газарт модоор цохиж түүний биед зүүн чамархайн бяцарсан хугарал, зүүн чамархайн хуйханд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ж.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Шүүгдэгч Ж.Ч “... өөрийн хийсэн үйлдлийн хор уршгийг ухаарч ойлгон хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй болгосон тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч түүний хувьд хохирогч М.Оын биед хүнд гэмтэл учруулсан хирнээ хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, хохирлыг төлсөн, хохирогчийн биеийн байдал сайжирсан талаар холбогдох баримт байхгүй байх тул шүүгдэгч Ж.Чын ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1718 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ