| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2017/00327/И |
| Дугаар | 135/ШШ2017/00602 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2017/00602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00327/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын .... байрлах Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Д...... тоотод оршин суух, регистрийн дугаар .., Х. овогт Г.У.-холбогдох
4.286.892 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- Ц.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г-ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г-ХХК нь шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Оросын холбооны улсын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан ..... байрыг 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь Өмчийн газрын үйлдвэртэй байгуулсан 524 дүгээр түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшдэг болно.
Уг байрны ... орон сууцыг хариуцагч болох Г.У- сарын 110.000 төгрөгийн хөлстэй, нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 48/15 дугаар Орон сууц хөлслөх гэрээг байгуулсан байдаг.
Хариуцагч нь тус орон сууцыг талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа боловч гэрээний дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, байрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна.
Ийнхүү хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцны үндсэн төлбөр, алдангид дурдсан төлбөрийг гаргуулж
хариуцагчийг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г-ХХК нь хариуцагч Г.У- холбогдуулан орон сууцны хөлс 3.461.358 төгрөг, алданги 626.031 төгрөг, цахилгааны төлбөр 195.403 төгрөг, нийт 4.286.892 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г-ХХК нь хариуцагч Г.У- Дархан-Уул аймаг, Дархан сумын .... тоот 1 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай, сарын хөлсийг 110.000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохирсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 48/15 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 8 дугаар хуудас/,
Талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан, талууд гэрээг сунгаагүй байх боловч хариуцагч Г.У- нь тус орон сууцыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй, үргэлжлүүлэн эзэмшиж байсан болох нь хэрэгт авагдсан Г-ХХК-ийн Г.У- хүргүүлж байсан орон сууцыг албадан чөлөөлөх тухай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32/15 тоот мэдэгдэл, цахилгаан, эрчим хүчээр хангахгүй болсон тухай 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 41/14 тоот мэдэгдэл, халуун усаар хангахгүй болсон тухай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06-15 тоот мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсанд тооцно” гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. /хх-ийн 26-28 хуудас/,
Хариуцагч Г.У-ийн эзэмшиж байсан орон сууцны түрээсийн төлбөрийг 2014 оны 06 дугаар сард 191.900 төгрөг, 09 дүгээр сард 43.800 төгрөг, 10 дугаар сард 177.700 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Ийнхүү гэрээ дуусгавар болоогүй байх тул гэрээний үүрэг болох орон сууцны хөлс, цахилгааны төлбөрийг нэхэмжлэгч Г-ХХК нь шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 48/15 тоот Орон сууц хөлслөх гэрээний 1.4-т “Дээрх төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно” гэж заасан байх бөгөөд Г-ХХК нь гэрээний үндсэн хугацааны буюу 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүрэг болох төлөгдөөгүй орон сууцны хөлс, цахилгааны төлбөрөөс 50 хувиар алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3-т заасан заалттай нийцэж байна.
Мөн нэхэмжлэгч Г-ХХК нь нотариатын зардал 4.100 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал...ыг хохиролд тооцно” гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0001313 дугаар мөнгөний тасалбарыг үндэслэн хариуцагч Г.У-ээс энэхүү зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм.
Хариуцагч Г.У- нэхэмжлэлийн хувийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарласан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг өөрийнх нь гэрийн хаягаар удаа дараа хүргүүлэхэд хаягт хүн байхгүй, гар утсанд захидал хүргүүлж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “...шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна”, 77.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна”, 77.8-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй” мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүнийг эзгүйд шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Г.У-ээс орон сууцны хөлс 3.461.358 төгрөг, алданги 626.031 төгрөг, цахилгааны төлбөр 195.403 төгрөг, нийт 4.286.892 төгрөг гаргуулж Г-ХХК-нд олгож, Дархан-Уул аймаг, Дархан сумын .... тоот 1 өрөө орон сууцыг хариуцагч Г.У-ийн эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч Г-ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.У-ээс нийт 4.286.892 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г-ХХК-нд олгож, Дархан-Уул аймаг, Дархан сумын .... тоот 1 өрөө орон сууцыг хариуцагч Г.У-ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Г-ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.540 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид 83.540 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА