Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2016/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эруугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч: Г.Ганхөлөг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа

Шүүгдэгч: Г.Г, нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Шивээт овогт Г.Г-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Г.Г нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой "Э.С бааранд" хамт явсан Б.А бүжиглэх хооронд сандал дээр тайлаад тавьсан байсан куртикны халааснаас 480.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Гын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг өнгөрч байх үед найз Б.А, бид зургаа Мөрөн сумын 8 дугаар багт байрлах ******бааранд орой орсон юм. Орохоосоо өмнө захын хажуу талын *****дэлгүүрт байхдаа Б.А надад 20.000 төгрөг гаргаж өгөөд архинд явуулаад тэр архи ууж байгаад бааранд орно гэхээр нь урд өмнө нь ч гэсэн би дагаад явдаг болохоор тэрэн шигээ л дагаад явсан юм. Тэнд ороод надаас бусад нь бүжиглэхээр миний сууж байсан газрын хажууд, сандал дээр тэд нар бүгд гадуур хувцасаа тайлаад бүжгийн талбайд гарсан, би ганцаараа ширээндээ суугаад үлдсэн. Ганцаараа сууж байхдаа би Б.Аийг мөнгө төгрөгөө хаячихаж магадгүй гэж бодоод мөнгө төгрөгийг нь хямгадахаар куртикны халаасыг ухаж үзэхэд баруун халаасанд тооны машин, хөзөр, зүүн талын халаасанд ганц ширхэг түлхүүр байхаар нь буцаагаад хийсэн, бусад хүмүүсийн хувцасанд гар хүрээгүй, тэр ширээн дээрээс би холдоогүй. манай ширээн дээр өөр хүн ирээгүй бөгөөд би тамхи татахаар гарах гэж яваад үүдэнд очоод тамхи байхгүйгээ мэдээд буцаад ширээн дээрээ ирсэн. Тэгээд тэд нар бүжиглэж байгаад буцаж ирээд Б.А куртикны халаасыг ухаж үзээд гадна талын энгэрийн халааснаас 500.000 төгрөг алга болсон байна гэсэн чинь намайг Б.Аийн халаасыг ухаж байхыг хажуу талын ширээн дээр сууж байсан хоёр хүүхэн харсан байсан бөгөөд Б.Аийн мөнгө алга болсныг тэр хоёр сонсоод намайг халаас ухсан гэдгийг хэлсэн. Би Б.Аийн халааснаас авсан түлхүүр, хөзөр, тооны машин зэргийг гаргаж өгөхөд Б.А намайг мөнгөө авчихлаа гэж сэжиглээд цагдаа дуудаж өгсөн юм. Тэр өдөр Б.А мөнгөтэй байсан, би хүний мөнгийг тоолж үзээгүй болохоор яг хэдэн төгрөгтэй байсныг мэдэхгүй, харахад овоо хэдэн төгрөгтэй л харагдсан. Харин мөнгөө хаана хийсэн байсныг мэдэхгүй. Тэр өдөр нь би зах дээр очоод Б.Ааас 150.000 төгрөг гуйсан, миний бодлоор ******бааранд дотор эсхүл бааранд ирэхээсээ өмнө мөнгөө хаясан, өөрөөр алга болох боломж байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 47-р хуудас/,

Хохирогч Б.Аийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2015 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цаг 30 минутын үед Э.С бааранд би өөрөөсөө гадна Г.Р, Болд, ****нарын хамт орсон юм. Тэгээд би ********баар-ны дижи - ийг зүс таньдаг болохоор түүн дээр очиж шинэ жилийн мэндчилгээ бичүүлээд гурван бүжгийн ая захиалаад буцаж ширээн дээр очиж суухад манайхны зарим нь баарнаас юм захиалсан байсан. Намайг ширээн дээрээ ирж суугаад удаагүй байхад хүмүүсийн нэрийг дуудаад, миний мэндчилгээг явуулаад бүжгийн ая тавьсан чинь манайхан хөөрөөд бүгдээрээ босоод бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн би ч гэсэн хамт гарсан. Харин бид нар дотроос  Г.Р гуай ширээнээс босоогүй суугаад үлдсэн бөгөөд би талбай дээр бүжиглэж байгаад халууцаад байхаар нь ширээн дээрээ очиж Г.Р ганцаараа сууж байхаар нь би куртикээ тайлаад Г.Рын өөдөөс харсан сандал буюу ширээний нөгөө талын сандалын ар түшлэг дээр тохож тавьчихаад буцаад нөгөө хэд дээрээ очиж бүжиглэсэн. Манайхан бүжиглэж байгаад сууцгаая гээд бүгдээрээ ширээндээ суугаад, би куртикээ авч өмсөөд юм захиалах гээд мөнгөө авахаар халаасаа ухахад миний халаасанд байсан мөнгө төгрөг бүгд байгаагүй. Би Г.Раас энд байсан мөнгө хаачив гэхэд Г.Р чиний халаасанд ийм л юм байсан гээд хоёр ширхэг түлхүүр, тооны машин, хайрцагтай хөзөр зэргийг өөрийнхөө халааснаас гаргаж ирсэн. Тэгэхээр нь би наад юмнуудтай чинь хамт байсан мөнгө хаана байна гэхэд Г.Р мөнгө байгаагүй гэхээр нь би цуг байсан мөнгө нь яахаараа алга болчихдог юм гээд тэнд асуудал үүсэхэд эсрэг талын ширээнд сууж байсан хоёр хүүхний нэг нь таныг куртикээ тайлаад бүжиглэж байхад наад ах халаасыг чинь ухаад юм халаасандаа хийгээд байсан гэж Г.Рыг заасан. Тэгээд мөнгө төгрөг аваагүй гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар цаг гарны дараа ирээд баарны камерийн бичлэгийг шүүхэд Г.Р бид нарыг бүжиглэж байхад бүжиглэж байгаа хүмүүсийн дундуур гараад гадагшаа гарч яваа бичлэг байсан. Цагдаа нар ирэхээс өмнө бол Г.Р бид нарт хэлэхдээ баарнаас ерөөсөө гараагүй гэж байсан. Дараа нь би бичлэг үзээд Г.Рт баарнаас гарсан байсныг хэлэхэд өө нээрэн би нэг гарсан юм байна гэж хэлсэн. Бидний сууж байсан ширээ мухарын ширээ болохоор манай ширээ камерын бичлэгт ороогүй байсан. Би ширээн дээрээ ирж куртикээ тайлаад буцаад бүжиглэж байгээд ширээн дээрээ ирж суух хүртэл ойролцоогоор 10 минут болсон. Хажуу талын ширээнд сууж байсан хуүхний яриагаар бол намайг куртикээ тайлаад явангуут миний халаасыг Г.Р ухсан гэсэн.2015 оны 12 сарын 17-ны өглөө би гэрээсээ гарахдаа 130.000 төгрөгтэй гарсан. өдөр зах дээр Мөнхөө гэдэг хүнээс махны 520.000 төгрөг авсан ... Миний мөнгийг Г.Р авсан нь тодорхой, түүнээс 480.000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна. Хэрэв Г.Раас өөр хүн миний халаасыг ухаад зогсож байсан бол Г.Р эрүүл ухаантай хүн түүнийг харах байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15- 16, 109-110-р хуудас хуудас/,

Гэрч Д.Н-хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2015 оны 12 дугаар сард, ягхэдний өдөр байсныг мэдэхгүй. Мөнгөө алдсан гэх Б.А, мөнгийг нь авсан гэх Г.Р бид нар тэр орой *******с бааранд орсон. Бааранд ороод удаагүй Б.А дуу захиалаад эргэж ирээд ширээндээ суухад захиалсан ая нь явсан. Тэр үед бид нар хойморын урт ширээн дээр сууж байгаад босч бүжиглэсэн. Бааранд ороод удаагүй л бүгдээрээ босч бүжиглэсэн, Г.Р гуай ганцаараа ширээндээ сууж үлдсэн. Би Б.Атай зах дээр хамтарч ажилладаг, тэр өдөр Аптанхуяг хүнээс махны мөнгө авсан, мөн өөрт байсан махаа зарсан, өөрт нь ч гэсэн хэдэн төгрөг байсан. Би түүний халаасанд байгаа мөнгийг харсан, барагцаагаар 500.000 гаран мянган төгрөг байсныг ч мэднэ. ... Буцаж ширээндээ суугаад Б.А мөнгө төгрөг алга болчихлоо гэхэд хажуу талын ширээнд сууж байсан хоёр хүүхэн Г.Р гуайг заагаад энэ хүн нэг куртикны халаас ухаад байсан гэж хэлсэн. Б.Аийг куртикээ тайлаад босонгуут халаасыг нь ухсан гэж хэлдэг. Г.Р тэр үед өөрийнхөө халааснаас Б.Аийн халаасанд байсан тооны машин, хөзөр, түлхүүрүүдийг гаргаж ирээд намайг халаасыг ухахад энэ хэд л байсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь та яагаад ухаж байгаа юм бэ гэхээр би алга болчих байх гэж бодоод авсан юм гэж хэлдэг гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Ж.Т хэрэг бүртгэлтэд өгсөн: ... Б.А бид нарт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхээр нь бид нар хөөрөөд бүгдээрээ босч бүжиглэсэн. Тэгэхэд ширээнд ганцаараа Г.Р үлдсэн юм. Тэгээд бүжиглэж дуусаад ширээн дээрээ ирээд юм захиалах гээд мөнгөө үзэхэд мөнгө нь байгаагүй. Бид нар бүжиглэхдээ гадуур хувцасаа суудал дээрээ тайлж үлдээсэн юм. Б.Аийг би хэдэн төгрөгтэй явсныг мэдэхгүй, ямар ч байсан манай өрөөнд байхдаа мөнгө гаргаж ирээд Г.Рыг архинд явуулж байсан. Би тэр үед хоол хийж байсан болохоор хаанаасаа хэдэн төгрөг гаргаж ирснийг хараагүй. Б.Аийг би мөнгөгүй явж байгаад худлаа мөнгө алга болчихлоо гэж хэлэх хүн биш гэж бодож байна. Миний бодлоор энэ мөнгийг Г.Р авсан байх, тэр бааранд сууж байсан ягаан цамцтай хүүхэн энэ том малгайтай ахын халаасыг энэ ах уудалсан шүү гэж Г.Рыг зааж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Д.Э хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2015 оны 12 дугаар сарын 17-ны орой би найз С.Н хамт ******** бааранд орж хэсэг суусан юм. Бид хоёр энэ бааранд 20 цагаас 21 цагийн хооронд орсон санагдаж байна. Би бие засахаар яваад эргээд ирэхэд С.Э нэг ах бүжиглэж байгаад куртикээ тайлаад тавьсан чинь энэ хажуу талд нь сууж байгаа ах халаасыг нь ухаад юм аваад гарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг сууж байхад том малгайтай дээгүүрээ цамцтай ах нөгөө ширээн дээр ирээд мөнгө алга болчихлоо гэж ярихад нь манай найз С.Э би үзсэн харсанаа хэлчих үү гэж надаас асуухаар нь би өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд С.Э юмаа алдсан хүнд тэнд байсан согтуу хүн халаасыг нь ухсан гэдгийг хэлсэн. тэд нарыг бүжиглэж байхад ширээн дээр сууж байсан өндөр ахаас өөр хүн тэр ширээнд сууж байгаагүй. Куртикны халаас ухсан ах өндөр, туранхай бор ах байсан, мөнгө алдсан ахтай хамт явж байсан хүн байсан гэх мэдүүлэг / хх-ийн 28 хуудас/,

Гэрч Л.М хэрэг бүртгэлтэд өгсөн:                                   Би яг хэдний  өдөр байсан гэдгийг нь

тодорхой санахгүй байна 2015 оны 12 дугаар сард надаас 520.000 төгрөг авсан нь үнэн байх. Б.А авсан махаа надад зөндөө өгч бид хоёр байнга л мөнгө төгрөг өгч авалцаж байдаг, энэ хүн зах дээр мах, сүү гээд янз бүрийн зүйл авч шахдаг болохоор байнга л мөнгөтэй явдаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 37, 113 дугаар хуудас/,

Гэрч О.С хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 17-18- ны үед би найз Эрдэнэтуяагийн хамт нэг орой Э.С Бааранд орсон. Тэгээд удалгүй нэг ах ширээн дээр ирээд хар өнгийн байсан байх күртикээ тайлаад сандал дээр тохож тавиад бүжиглээд талбай руу орсон. Тэр ахыг күртикээ тайлж тавьсны дараа хажуу талын ширээнд үлдсэн өндөр бор ах ширээний ардаас босч тонгойгоод ширээний нөгөө талын сандал дээр тохож орхисон күртикийг авсан. Тэр үед би күртик авсан ахыг хараад байсан чинь тэр хүн манай дүүгийнх юм байгаа юм гэж хэлсэн. Үүнээс өөр юм хэлээгүй. Тэр ах энэ күртикийг цээжиндээ тэвэрч суугаад халаасыг нь ухаад байсан. Ямар ч байсан миний харснаар хөзөр, тооны машин харагдсан өөр юу гаргаж ирснийг мэдэхгүй Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа күртикээ тайлж тавьсан ах ширээн дээр ирээд тавьсан газраасаа күртикээ авах гэхээр нь би таны күртикийг энэ ах авсан гэж хажуу талын ширээнд сууж үлдсэн өндөр бор ахыг заасан. Тэр ах ч май күртикээ ав гээд өгсөн. Тэгээд л тэр ах күртикээ авч халаасаа үзсэнээ мөнгө төгрөг алга болчихлоо гэхээр нь энэ хүн таны халаасыг ухаж байсан гэж тэр

өндөр бор ахыг хэлсэн. Би тэр үед ердөө өөрийн харсан зүйлээ л хэлсэн гэх мэдүүлэг /хх- ийн 111 дүгээр хуудас/,

Гэрч *****нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг,/хх-ийн 22-26, 30, 32, 33, 39 -р хуудас/, камерийн бичлэг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх тодорхойлолтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Гыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны орой Э.С бааранд байхдаа Б.Аийн куртикны халааснаас 480.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайлбал Б.А нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны орой Э.С бааранд куртик болох гадуур хувцасаа тайлж тавин бүжгийн талбайд бүжиглэсэн байх бөгөөд уг куртикны халааснаас 480.000 төгрөг алга болсон үйл явдал тогтоогдож байна.

Энэ талаар хохирогч Б.А, гэрч ******нар хэрэг бүртгэлтэд мэдүүлжээ.

Мөн хохирогч Б.Аийн "би куртикээ авч өмсөөд юм захиалах гээд мөнгөө авахаар халаасаа ухахад миний халаасанд байсан мөнгө төгрөг бүгд байгаагүй. Би Г.Раас энд байсан мөнгө хаачив гэхэд Г.Р чиний халаасанд ийм л юм байсан гээд хоёр ширхэг түлхүүр, тооны машин, хайрцагтай хөзөр зэргийг өөрийнхөө халааснаас гаргаж ирсэн. Эсрэг талын ширээнд сууж байсан хоёр хүүхний нэг нь таныг куртикээ тайлаад бүжиглэж байхад наад ах халаасыг чинь ухаад юм халаасандаа хийгээд байсан гэж Г.Рыг заасан”,

Гэрч Д.Н‘‘Б.Аийг куртикээ тайлаад босонгуут халаасыг нь ухсан гэж хэлдэг. Г.Р тэр үед өөрийнхөө халааснаас Б.Аийн халаасанд байсан тооны машин, хөзөр, түлхүүрүүдийг гаргаж ирээд намайг халаасыг ухахад энэ хэд л байсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь та яагаад ухаж байгаа юм гэхээр би алга болчих байх гэж бодоод авсан юм гэж хэлдэг”,

Гэрч Ж.Т "тэр бааранд сууж байсан ягаан цамцтай хүүхэн -энэ том малгайтай ахын халаасыг энэ ах уудалсан шүү гэж Г.Рыг зааж байсан”,

Гэрч Д.Э “С.Э нэг ах бүжиглэж байгаад куртикээ тайлаад тавьсан чинь энэ хажуу талд нь сууж байгаа ах халаасыг нь ухаад юм аваад гарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг сууж байхад том малгайтай дээгүүрээ цамцтай ах нөгөө ширээн дээр ирээд мөнгө алга болчихлоо гэж ярихад нь манай найз С.Э би үзсэн харсанаа хэлчих үү гэж надаас асуухаар нь би өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд С.Э юмаа алдсан хүнд тэнд байсан согтуу хүн халаасыг нь ухсан гэдгийг хэлсэн”,

Гэрч О.С “Тэр ахыг күртикээ тайлж тавьсны дараа хажуу талын ширээнд үлдсэн өндөр бор ах ширээний ардаас босч тонгойгоод ширээний нөгөө талын сандал дээр тохож орхисон күртикийг авсан. Тэр үед би күртик авсан ахыг хараад байсан чинь тэр хүн манай дүүгийнх юм байгаа юм гэж хэлсэн. Үүнээс өөр юм хэлээгүй. Тэр ах энэ күртикийг цээжиндээ тэвэрч суугаад халаасыг нь ухаад байсан. Ямар ч байсан миний харснаар хөзөр, тооны машин харагдсан өөр юу гаргаж ирснийг мэдэхгүй. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа күртикээ тайлж тавьсан ах ширээн дээр ирээд тавьсан газраасаа күртикээ авах гэхээр нь би таны күртикийг энэ ах авсан гэж хажуу талын ширээнд сууж үлдсэн өндөр бор ахыг заасан”,

Гэрч Л.Г “халаасыг нь ухсан гэх ах тухайн үед би халаасыг чинь ухсан, юмыг чинь өөд нь татах гэж хөзөр. тооны машиныг чинь авсан гээд бариад сууж байсан" гэх мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарсан үйл баримт, цаг хугацааны талаар зөрүүгүй мэдүүлсэн ба энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ. Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд шүүгдэгч Г.Гаас 480.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ат олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ширхэг / СЭ / дүрс бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248,1.1,283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

Шүүгдэгч Г.Г-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Гаас 480.000 / дөрвөн зуун наян мянга / төгрөг гаргуулж хохирогч Б.А-т олгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг / СЭ / дүрс бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгасугай.

5. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгуй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

7.               Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР