Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч М.Мөнхтайван,

Иргэний нэхэмжлэгч А.Б, Б.Г,

Хохирогч З.Т,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Эт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт А0301 дугаартай авто зам дээр 2024 оны 7 дугаар сарын 10-ны өлөр Киа бонго маркийн 61-63 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчиж А.Бийн жолоодож явсан Ниссан ванетта маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч З.Тэрүүл мэндэд “баруун 6,7,8-р хавирганы хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Э нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

  Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт А0301 дугаартай авто зам дээр 2024 оны 7 дугаар сарын 10-ны өлөр Киа бонго маркийн 61-63 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчиж А.Бийн жолоодож явсан Ниссан ванетта маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч З.Тэрүүл мэндэд “баруун 6,7,8-р хавирганы хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараахь:

 

-Хохирогч З.Т“...Би нөхөр Батхуяг, болон нөхрийн дүү Ганхуягийн охин Эрхсаран нарын хамт нөхрийн ажилладаг Би эс би ХХК-ний улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Архангай аймаг орохоор 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд манай нөхөр жолоо бариад, би хажууд нь суугаад арын суудалд Эрхсаран суугаад хөдлөөд 14 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын замд хөдөлгөөний эрчим ихтэй байсан бөгөөд цуваанд орчихсон зогсож байхад араас нэг машин мөргөөд манай машин урд байсан машина мөргөөд зогстол ахиад манай машины араас мөргөсөн. Тэгээд уг доргилтоос болж би хэсэг хугацаанд шоконд орсон байж байхад ахиад араас мөргөсөн. Тэгээд эмнэлэгийн машин ирээд Эрхсаран бид хоёр суугаад Баянхангай сумын эмнэлэг рүү хүргэгдсэн. Тэгээд ахиад эмнэлэгийн машинаар Улаанбаатар хот руу замаараа нөхөр Батхуягийг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

-Иргэний нэхэмжлэгч А.Бийн “...Би эхнэр Т болон дүү Ганхуягийн охин Эрхсаран нарын өөрийн ажилладаг Би эс би ХХК-ний улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хотоос Архангай аймаг орохоор 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд хажуу талын суудалд эхнэр Т суугаад, арын суудалд Эрхсаран суугаад хөдлөөд 14 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын замд хөдөлгөөний эрчим ихтэй байсан бөгөөд цуваанд орчихсон явж байгаад миний урд талын машин зогсоод би араас нь зогстол миний араас портер маркийн машин мөргөөд би тормосоо гишгээд урд талын машинаа мөргөчихвийдээ гээд толиндоо хартал ахиж араас ирээд мөргөөд би урд талын машинаа мөргөсөн, тэгтэл ахиад гурав дахь удаагаа араас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.А“...Би 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу өөрийн улсын дугаартай тоёота форраннер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод, хажуу талд эхнэр Э суугаад арын суудалд манай гурван хүүхэд А.Сондор, А.Ган-Эрдэнэ, А.Гансүлд нар суугаад явж байсан. Өдөр Төв аймгийн Баянхангай сумын нутагт хөдөлгөөний эрчим ихтэй удаашралтай явж байсан бөгөөд миний урд явж байсан машинууд зогсоод би араас нь зогсоод толиндоо хойшоо харахад миний яг ард талын машин бас зогстол түүний араас портер маркийн машин орж ирээд мөргөөд миний ард байсан машин миний машины араас мөргөж зам тээврийн осол болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.М“...Би барилгын ажил хийдэг бөгөөд надад ажилладаг Батхуяг гэх хүн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэр бүлээрэй хөдөө явах зорилгоор миний улсын дугаартай ниссан ваннетта маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан юм. Гэтэл 07 дугаар сарын 10-ны өдөр хөдөө явж байгаад Төв аймгийн Баянхангай сумын нутагт араас нь машин мөргөөд зам тээврийн осолд орсон гэж дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

-Шүүгдэгч Г.Эын гэрчээр өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхнэрийн хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Идэр сум руу өөрийн эзэмшлийн Киа бонго маркийн 61-63 ӨВО улсын дугаартай машиныг жолоодоод явж байсан юм. 14 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын замд явж байхад хөдөлгөөний эрчим их байсан бөгөөд миний урд явж байсан машин тормоз гишгээд хурдаа хасхаар нь би дагаад хурдаа хасаад тормоз гишгэсэн боловч зогсож чадалгүй хойноос нь мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

-Гэрч Э.Э“...Би нөхөр А, гурван хүүхдийн хамт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу улсын дугаартай тоёота форраннер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Манай нөхөр жолоо бариад би хажуу талын суудалд суугаад хойд талын суудалд гурван хүүхэд суусан байсан. Тэгээд Төв аймгийн Баянхангай сумын нутагт хөдөлгөөний эрчим ихтэй түгжрээд зогсож байтал араас машин мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Н.Э“...Би аавын ах Батхуяг болон түүний эхнэр хоёры хамт Улаанбаатар хотоос Архангай аймаг руу явж байсан юм. Батхуяг ах машин бариад хажуу талд нь Т эгч суугаад би арын суудал дээр суугаад би чихэвчээр дуу сонсоод явж байтал Т эгч орилоод араас машин мөргөөд Батхуяг ах буугаад би бас машинаас буугаад Т эгч рүү очиж байтал нөгөө машины тормос нь болохгүй ахиад манай машины араас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

-Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №460 дугаартай “...Н.Эбиед баруун гуя, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 66-67 тал/,

-Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №459 дугаартай “...З.Тбиед баруун 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,

-Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №461 дугаартай “...А.Бийн биед баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 74-75 тал/,

-2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №35108/ ДД№30646665 дугаартай -“Мастер үнэлгээ” ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-84, 94-98 тал/,

-Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №48/23/24/292 дугаартай “...Хэргийн материалтай танилцахад Kia Bongo3 маркийн 61-63 ӨВО улсын дугаартай автомашины жолооч Г.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Nissan Vanette маркийн улсын дугаартай автомашины жолооч А.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota 4Runnег маркийн улсын дугаартай автомашины жолооч Ц.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Kia Bongo3 маркийн 61-63 ӨВО улсын дугаартай автомашины жолооч Г.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Нэмж тусгах саналгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 103-104 тал/,

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 111 тал/,

-Шүүгдэгч Г.Эын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр эхнэрийн хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Идэр сум руу өөрийн эзэмшлийн Киа бонго маркийн 61-63 ӨВО улсын дугаартай машиныг жолоодоод явж байсан юм. 14 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын замд явж байхад хөдөлгөөний эрчим их байсан бөгөөд миний урд явж байсан машин тормоз гишгээд хурдаа хасахаар нь би дагаад хурдаа хасаад тормоз гишгэсэн боловч зогсож чадалгүй хойноос нь мөргөсөн юм. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 тал/ зэрэг болон шүүгдэгч Г.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт А0301 дугаартай авто зам дээр 2024 оны 7 дугаар сарын 10-ны өлөр Киа бонго маркийн 61-63 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчиж А.Бийн жолоодож явсан Ниссан ванетта маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч З.Тэрүүл мэндэд “баруун 6,7,8-р хавирганы хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Э нь “61-63 ӨВО” улсын дугаартай “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Ниссан ванетта” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Тэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан  байна.

Шүүгдэгч Г.Эын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Мөнхтайван нь: “Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байна харж байна. Түүний хохирол нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 000 000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хэрэгт хураан авсан жолооны үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалуулах саналтай байна.” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь: “Шүүгдэгч Г.Э нь анх удаа тохиолдлын шинжтэй, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу дээрээ маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 700 000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.Эт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял оногдуулахаар хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Эт ял шийтгэл шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж ,

      

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан байна.

Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шүүгдэгч Г.Эоос дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Үүнд,

Эрүүл мэндийн даатгалын санд:

Хохирогч З.Т 1.360.297 төгрөгийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх тул шүүгдэгч Г.Эоос нийт 1.360.297 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд,  

 

Сэтгэцэд учирсан хохирол:

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу,                                                                                        

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Хохирогч З.ТСэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  “Гуравдугаар” зэрэглэлд тогтоосон /хх-ийн 111 тал/ыг  шүүгдэгч Г.Э нь төлөхөө илэрхийлсэн байх тул сэтгэцэд учирсан хохиролыг хөдөлмөрийн хөлсний хөлсний доод хэмжээ болох /660.000х13/=8.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Тд олгох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол.

Хохирогч З.Т нь 15.843.750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Г.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч З.Тэмчилгээний зардалд 1.023.000 төгрөг, ачилт, гор газын хашаанд тавьсан хөлс 1.000.000 төгрөг,  нийт 2.023.000 төгрөгийг төлсөн төгрөг байх тул үлдэх 7.820.750 төгрөгийг гаргуулж хохирогч З.Тд олгож,

 

 Хохирогч З.Т нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээлээ.

Учир нь: Хохирогч З.Т нь тухайн осол болох үед буюу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зам тээврийн осолд орж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт болох “Е” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №Б/19 дугаар “Цалингүй чөлөө олгох тухай” албан бичиг,

2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №090/24 дугаар “Тодорхойлолт гаргах тухай” албан бичгүүд /хх-ийн 138-139 тал/-үүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн лист болон анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч А.Б нь эмчилгээний зардалд 631.000 төгрөгийг Н.Эрхсаран нь 729.614 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгосон.

Учир нь: Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №461 дугаартай “...Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” талаарх дүгнэлт,

Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №460 дугаартай “...Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” талаарх дүгнэлт/хх-ийн 66-67, 74-75 тал/-с үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” зааснаар А.Б, Н.Эрхсаран нарын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, А.Бийн хувьд насанд хүрсэн учраас эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг, Н.Эхувьд насанд хүрээгүй учраас Төрөөс эрүүл мэндийн үйлчилгээг авдаг болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Харин “Ниссан ванетта” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ болох 8.960.000 төгрөгөөс шүүгдэгч Г.Э нь 4.480.000 төгрөгийг төлсөн байх тул /шүүгдэгч Г.Э нь иргэний нэхэмжлэгч А.Бт шилжүүлсэн талаар хэн аль нь маргаагүй учраас/ үлдэгдэл 4.480.000 төгрөгийг гаргуулж Ж.Мд, 

“Тоёота 4 Раннер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.558.150 төгрөгөөс шүүгдэгч Г.Э нь 1.279.075 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1.279.075 төгрөгийг гаргуулж Ц.Ат тус тус олгож шийдвэрлэснийг шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Г.Э нь хохирогч З.Тд 7.820.750 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Б нь “Ниссан ванетта” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явснаас учирсан хохирол болох 8.960.000 төгрөг гарсан. Машиныг ашиглах боломжгүй шинэ машин авах” талаарх хүсэлт гаргасныг дүгнэхэд дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ж.Молор-Эрдэнийх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Миргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх тул “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №815 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнэ болох 8.960.000 төгрөгийг шүүгдэгч Г.Эоос гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Мд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №М дугаартай жолоочийн үнэмлэхийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4.Шүүгдэгч Г.Эт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Эоос 1.360.297 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд,

“Ниссан ванетта” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 4.480.000 төгрөгийг гаргуулж Ж.Мд,

 “Тоёота 4 Раннер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 1.279.075 төгрөгийг гаргуулж Ц.А нарт тус тус олгож,

 Хохирогч З.Тнь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Г.Э нь төлсөн болохыг,

Хохирогч З.Т нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.   

 

7. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №М дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА