| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Алтансүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий,
-улсын яллагчаар О.Алтансүх,
-шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайж овгийн Доржбатын Д.Эт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан тэмээт” гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 21 цагийн үед хохирогч Ж.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан заамдан түлхэж түүний эрүүл мэндэд “нуруунд шарх, зүүн өгзгөнд, зүүн бугалганд нөсөөжилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Э нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан тэмээт” гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 21 цагийн үед хохирогч Ж.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан заамдан түлхэж түүний эрүүл мэндэд “нуруунд шарх, зүүн өгзгөнд, зүүн бугалганд нөсөөжилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Хохирогч Ж.Бгийн “...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багт түр оршин суугчаар амьдраад 7 жил болж байна. Манай зүүн хойно саахалт байдаг Д.Э гэгч залуу 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр оройн 21 цагийн үед халамцуу ганцаараа манайд орж ирээд миний унтаж байсан зүүн орон дээр ирээд би өөрөө чих жоохон хатуу болохоор дуулаагүй амандаа нэг юм хэлээд миний подволкноос татаад багалзуурдаад босгоод орны хөлд байсан төмөр ширээрүү түлхсэн тэгээд цагаач гээд сагацан байна гээд доромжлоод байх шиг байсан. Тэгээд гараад явцан болсон явдал байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Г“...Би иргэн Ж.Бы эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан нийт 124.762 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
-Шүүгдэгч Д.Эийн гэрчээр өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ амарч байхад Анхжаргал нь утсыг нь санахгүй байна утсаар залгаад манай нөхөр Б намайг алах гээд байна гээд дуудсан. Тэгээд гэрт нь 21 цагийн үед гэрт нь ороход нөхөр болох Б гэрийн зүүн талын орон дээр баруун талаараа хараад хэвтэж байснаа босоод ирсэн. Анхцэцэг та 2 унтаж байгаад надад баригдвал ална шүү хүүрэн дээр чинь манга татна гээр над руу салаавч өгөөд дээр нь хэлээ гаргаад над руу дайрсан. Чамд цохих газар байхгүй юм чинь надруу дайрахаар нь би түлхсэн чинь арагшаа бөгсөөрөө унасан. Тухайн үед Б дотуур өмдтэйгөө шалдан байсан тэгээд унаад босож чадахгүй байхаар нь би татсан чинь буцаад ор руугаа унаад өгсөн. Тэгээд над руу дахиад хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээс нь 20 минут гарч харж байгаад гараад явсан. Энэ хүн намайг эхнэртэйгээ байнга хардаад байдаг юмаа болсон явдал энэ байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
-Гэрч Д.А“...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг Цагаан-Тэмээт гэх газар гэртээ нехер Ж.Б хүү Пүрэвбат манай найз Нараа бид хэд манай гэрт байсан чинь манай саахалтын залуу Эрдэнэ-билэг манайд 21 цагийн үед орж ирээд манай нөхөр болох Бгийн унтаж байсан орлуу очоод заамдаж аваад манай анхаа эгчийг та дандаа зовоодог гээд байсан анхаа гэдэг нь намайг хэлж байна гэж би ойлгосон тэгээд манай нөхрийг заамдаад татаад байхаар нь би юу болж байна та 2-р болио гээд би араас нь татаад авсан тэгээд би дийлээгүй тэгээд орны хөлрүү Эрдээнбилэг Бг түлхээд унагасан манай нөхөр Б надруу намайг аваачээ гээд байсан тэгээд Д.Э манай гэрээс гараад явсан болсон явдал энэ байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
-Гэч Ш.Н“...Би Б эхнэртэйгээ хамт үхэрийн саравч барилцаад өгөөчээ гээд дуудхаар нь би налайхаас замын унаанд суугаад Бгын гэрт 19 цагийн үед очоод жоол жуул юм хийж байгаад орой болоод унтах болоод байж байсан чинь 21 цагийн үед нэг танихгүй залуу орж ирэхээр нь би зөрж гараад бие засаад эргээд ороод ирсэн чинь бөөн шуугаан болж байсан тэгэхээр нь би сандраад цүнхээ аваад гараад гүйгээд явцан болсон явдал эна байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
-Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №603 дугаартай “...Ж.Бы биед нуруунд шарх, зүүн өгзгөнд, зүүн бугалганд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь өөрийн ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,
-Шүүгдэгч Д.Эийн яллагдагчаар өгсөн “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан тэмээт” гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 21 цагийн үед хохирогч Ж.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан заамдан түлхэж түүний эрүүл мэндэд “нуруунд шарх, зүүн өгзгөнд, зүүн бугалганд нөсөөжилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Эийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Э нь хохирогч Ж.Бг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Э нь хохирогч Ж.Бг заамдаж түлхсэний улмаас “биед нуруунд шарх, зүүн өгзгөнд, зүүн бугалганд нөсөөжилт...” бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Д.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч О.Алтансүх: “Шүүхээс шүүгдэгч Тайж овгийн Доржбатын Д.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч Д.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг нэмж оруулах тооцуулах саналтай байна.” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан: “Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Шүүгдэгч Д.Эт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 3 сар 25 хоногийг нэмж нэгтгэн нийт 4 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тогтоож,
Шүүгдэгч Д.Эийг Төв аймаг Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Эийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Бг заамдаж түлхэж “...биед нуруунд шарх, зүүн өгзгөнд, зүүн бугалганд нөсөөжилт...” бүхий хөнгөн хохирол учирчээ.
Хохирогч Ж.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн тул хохирогч Ж.Бд төлөх төлбөргүй, харин хохирогч Ж.Б нь шүүгдэгч Д.Эт зодуулсны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх тул Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Д.Эээс 126.762 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч Тайж овгийн Доржбатын Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3/гурав/ сар 25/хорин тав/ хоногийг нэмж нэгтгэн нийт 4/дөрөв/ сар 25/хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овгийн Доржбатын Д.Эийг шүүхээс тогтоосон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай
6.Шүүгдэгч Д.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Эээс 126.762 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн дугаартай хэрэгт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА