Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

   2020           12              24                                          2020/ДШМ/0016                             

 

 

     М.Чт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч М.Чийн өмгөөлөгч Н.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/756 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ч болон түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Чт холбогдох эрүүгийн 2011000000670 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Жантекей овгийн Мувдсаны Ч, 1982 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 1076 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:СФ82032319/,

 

          Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан,

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 18/3677 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.

 

          М.Ч нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 107б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Бадамхандын зүүн чих орчим цохих, гэдэс хөл хэсэгт өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жантекей овгийн Мувдсаны Ч /РД:СФ82032319/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Чт сануулж, шүүгдэгч М.Ч нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Ч болон түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нар давж заалдах гомдолдоо: “... М.Чийн дээрх гэмт хэргийг үйлдэх болсон нөхцөл байдал нь хохирогчийн удаа дараагийн зохисгүй үйлдэл нөлөөлсөн байдаг. Тухайлбал хохирогч Т.Бадамханд нь хамт амьдрах хугацаандаа удаа дараа архи ууж агсам согтуу тавьж, хамтран амьдрагч Ч удаа дараа дуудлага өгч байсныг өөрөө ч мэдүүлж, холбогдох хэсгийн цагдаа болон албаны хүмүүс нотолдог. Энэ хоёр хүн дундаасаа хоёр хүүхэдтэй. Эх хүн хүүхдэдээ анхаарал тавьж, гэр бүлдээ амгалан тайван орчин бүрдүүлж, архи дарс аливаа зүйлээс сэрэмжлэх ёстой байтал эсрэгээрээ архи ууж, зохисгүй ааш авир гаргасны улмаас хамтран амьдрагч Ч удаа дараа архи ууж, агсам тавьсан тухай дуудлага өгч, хүчирхийллийн зөвлөгөө тусламж авч байсныг өөрийн мэдүүлсэн баримтаар нотлогддог. Эр хүний хувьд зөвлөгөө тусламж авна гэдэг маань арга нь барагдсаныг, үр хүүхдээ тайван орчинд өсгөх гэсэн арга мухардсан алхам шүү дээ. Түүнээс хэн нэгнийг өгөөшинд унагах гэсэн нарийн төлөвлөгөөтэй алхам гэж өмгөөлөгчийн хувьд лав төсөөлөгдөхгүй байна. Ч нь гэм буруугаа зөвшөөрч байгаа хохирол төлбөргүй, “Төгс хилэн” ХХК-нд хүнд машин, механизмийн операторчинаар ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг тухайн зүйл хэсгийн хүрээнд торгох ялаар өөрчлөн шийтгэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Чийн дээрх гэмт хэргийг үйлдэх болсон нөхцөл байдал нь хохирогчийн удаа дараагийн зохисгүй үйлдэл нөлөөлсөн байдаг. Тухайлбал хохирогч Т.Бадамханд нь хамт амьдрах хугацаандаа удаа дараа архи ууж агсам согтуу тавьж, хамтран амьдрагч Ч удаа дараа дуудлага өгч байсныг өөрөө ч мэдүүлж, холбогдох хэсгийн цагдаа болон албаны хүмүүс нотолдог. Энэ хоёр хүн дундаасаа хоёр хүүхэдтэй. Эх хүн хүүхдэдээ анхаарал тавьж, гэр бүлдээ амгалан тайван орчин бүрдүүлж, архи дарс аливаа зүйлээс сэрэмжлэх ёстой байтал эсрэгээрээ архи ууж, зохисгүй ааш авир гаргасны улмаас хамтран амьдрагч Ч удаа дараа архи ууж, агсам тавьсан тухай дуудлага өгч, хүчирхийллийн зөвлөгөө тусламж авч байсныг өөрийн мэдүүлсэн баримтаар нотлогддог. Эр хүний хувьд зөвлөгөө тусламж авна гэдэг маань арга нь барагдсаныг, үр хүүхдээ тайван орчинд өсгөх гэсэн арга мухардсан алхам шүү дээ. Түүнээс хэн нэгнийг өгөөшинд унагах гэсэн нарийн төлөвлөгөөтэй алхам гэж өмгөөлөгчийн хувьд лав төсөөлөгдөхгүй байна. Ч нь гэм буруугаа зөвшөөрч байгаа хохирол төлбөргүй, “Төгс хилэн” ХХК-нд хүнд машин, механизмийн операторчинаар ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг тухайн зүйл хэсгийн хүрээнд торгох ялаар өөрчлөн шийтгэж өгнө үү.” гэв.

 

            Прокурор М.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... М.Чт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой. М.Ч нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан боловч дахин гэмт хэрэгт холбогдсон байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

          Хэргийн бүх ажиллагааг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

          М.Ч нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 107б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Бадамхандын зүүн чих орчим цохих, гэдэс хөл хэсэгт өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Бадамхандын “... Би 2020 оны 5 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим гэрээсээ гараад дэлгүүр ортол нэг найзтайгаа таараад 2 лааз пиво уучихаад 22 цаг өнгөрч байхад хажуу хашааны айлаасаа 2 хүүхдээ аваад гэртээ байж байтал манай нөхөр орж ирээд “хаачаад ирж байгаа юм” гэхээр нь дэлгүүр орчихоод ирлээ гэсэн. Тэгсэн нөхөр “чи битгийн худлаа яриад бай, зөндөө удсан гэж байна” гэхээр нь “би удаагүй, хажуугийн айлд хүүхдээ захичихсан байсан” гэхэд бага хүүхдээ тэвэрч аваад миний өөдөөс дайраад зайл энэ тэр гэж хашгичиж байснаа над руу нулимчихсан. Тэгэхээр нь “яаж байгаа юм бэ” гэж хэлээд гар луу нь түлхтэл бага хүүхдийг ширээн дээр тавиад эргэж харснаа миний зүүн чихний ар хэсэгт нэг удаа цохиод буйдан дээр унагаад, унасан хойно уг цохисон газраа нэмээд 4-5 удаа цохисон. Мөн гэдэс болон хөл рүү өшиглөсөн. Энэ үед манай хүүхэд ширээн дээрээс уначихсан бөгөөд “хүүхэд уначихлаа” гэхэд Ч очиж хүүхдээ авахдаа “чи хүүхэд зодчихлоо” гээд ширээн дээр тавьж зургийг нь аваад цагдаа дуудсан өөр болсон зүйлгүй ...” /хх 10-12/,

 

гэрч Э.Амарзаяагийн “... Чийн гэр бүлийн талаар сайн мэднэ. Би хэзээ болсон талаар сайн мэдэхгүй байна. “Ч намайг зодоод хамрыг минь хугалчихлаа” гээд намайг гэрт нь очиход хэлсэн. Яг тухайн үедээ надад юу ч хэлээгүй. Хөмсөгийг нь сэт цохиж байсан, тэгээд 4-5 оёдол тавиулж байсан. ...Хааяа нэг баяр ёслол найз нарынхаа төрсөн өдрөөр гараад ганц нэг пиво уухаар нь архи уулаа гэж зоддог. Ч бол дарангуйлагч маягтай харьцаж, хүүхдээ бас зодож цохидог. Хадам ээжийгээ хүртэл хөөж гаргаж байсан. Ер нь бол их хурц ширүүн зантай. Ч хэлэхдээ танай дүү архи уудаг архичин, үр хүүхдээ байнга орхиж явдаг гэж хэлдэг. Уг нь бол сургалтын төлбөрөө төлөх гээд л ажил хийгээд байсан. Чээс сургалтын төлбөр өгөөч гэхэд надад мөнгө байхгүй, өгч чадахгүй гэж миний дэргэд хэлж байсан ...” /хх 21-22/,

 

гэрч Т.Бямбасүрэнгийн “... гар хүрэхдээ 2015 онд хамрыг нь хугалж, хөмсөгийг нь сэт цохиж байсан. Одоо ч хөмсөгөн дээр нь сорив байгаа. Ер нь манай найзыг баяр ёслолоор ажлын хамт олон, найз нөхөдтэйгөө уулзаж, баярлахад уурладаг, гэрт нь очиход архичин гэж дарамталдаг, хорооны цагдаад дуудлага өгч сүрдүүлдэг байсан юм байна лээ.2020 оны 3 дугаар сард найзындаа очиход манай найз хоёр хүүхдээ аваад явсан. Ч шөнө очиж авсан, тэр үед нүүр лүү цохисон. Тэр үйл явдлыг манай найз Ундрахтуяа харсан. 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2 пиво уугаад гэртээ ороход Ч уг нь ажилтай гээд гадуур явж байсан юм байна лээ. Манай найзыг гэртээ ороод удаагүй байхад нь Ч ирж архичин гэж дайрч, доромжилж нулимсан. Түүгээр ч зогсохгүй бага охиноо ширээн дээр тавьж байгаад манай найзыг цохиж унагасан. Тэр хооронд охин нь ширээн дээрээс унасан байсан бөгөөд хороон цагдааг дуудаж худал мэдүүлэг өгсөн.” /хх 23-25/,

 

гэрч Б.Удаанжаргалын “... 2017 онд хөмсөгийг нь сэтэлж, нүүр амыг нь хөхөрч хавдтал нь зодсон байсан. Ажил дээрээ ажлын 5 хоног орчим байсан. Тархи нь хөдөлсөн гээд 7 хоног шахуу барианд явж байсан. ...Сая 5 сард найзтайгаа уулзаад ороход нь нөхөр нь зодсон гэж ярьж байсан. Тэгээд хоёр хүүхдээ аваад найзынхруугаа явсан гэж ярьж байсан. Ер нь Ч ширүүн ааш зантай хүн шиг санагддаг ...” /хх 26-27/,

 

гэрч Б.Батболдын “... Мувдсан овогтой Ч гэх залуугийн гэр бүл манай хорооны ХГ-ийн 11-107б тоотод оршин суудаг бөгөөд ер нь Чээс “эхнэр архи уугаад байна, ямар арга хэмжээ авах бэ, хаана яаж хандах вэ” гэж хувийн утсаар зөвлөгөө авч асууж байсан бө Чийн ярьснаар өөрөө Өмнөговьд ажилладаг, амралтаараа хот ордог гэж хэлээд уулзаж чадахгүй зөрөлдөөд байсан. Тэгээд 2020 оны эхээр эхнэр архи уугаад байна гэх утгатай дуудлага өгсөн байсан бөгөөд түүнийг нь шалгахад зөрчлийн хэргийн шинжгүй байсныг нь татгалзаж шийдвэрлэсэн юм. Үүнээс хойш Ч болон түүний эхнэр Бадамханд нартай биечлэн уулзаж, яагаад гэр бүлийн маргаан үүсдэг талаар ярилцаж зөвлөгөө өгч ажилласан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ч нь манай эхнэр архи уугаад, хүүхдээ орхиод явсан байна гэж дуудлага өгсөн байсныг эхнэр Бадамхандад холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. ... Ч ярихдаа “манай эхнэр үргэлж архи уудаг” гэж хэлдэг, түүнээс өдөр бүр архи уугаад үр хүүхдээ хаяж орхиод явдаг зүйл байхгүй. Энэ хоёр хүн хоёулаа ажил хийдэг, айхтар архины хамааралтай хүмүүс биш. Эхнэр нь цэцэрлэгт ажилладаг. Миний ойлголтоор хэрүүл маргааны хувьд нэг нэгнийгээ харддаг, гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал байхгүй, ар гэртээ анхаарал тавьдаггүй гэх шалтгаанаар маргалддаг юм шиг байна лээ ...” /хх 28-29/,

 

гэрч М.Жэймсийн “... манай төрсөн дүү Ч нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Харин Бадамханд нь архи, согтууруулах ундаа болон тамхи хэрэглэдэг. Ер нь бол тэр хоёр байнга хэрэлдэж, зодолддог. Манай дүү болох Ч нь архи ерөөсөө уудаггүй, хурц ширүүн ааштай хүн байгаа юм. Бадамханд уухаараа агсам тавиад байдаг болохоор Ч нь гар хүрчихээд байдаг юм. Бадамхандыг архи уулаа гэж л цагдаагийн байгууллагад өгөөд байдаг. Бадамханд нь архи уухаараа өөрөө хэцүү ааштай болчихдог хүн юм. Орилж, хашгичаад хамаг юмаа авч шидээд байдаг. 2019 оны өвөл намайг байхад хүртэл дуудлага өгч байсан. Байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд явчихаад Ч очиж аваад гаднаас хэрэлдэж орж ирээд Ч өөрөө цагдаад дуудлага өгсөн ...” /хх 41-42/,

 

М.Чийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 23 цаг 30 минутын үед гэртээ харихаар явж байхад манай урд айлын залуу утсаар залгаад “том охин чинь дүүгээ тэврээд ороод ирлээ, манайхаас орж ирж 2 хүүхдээ аваарай ээж нь 21 цагийн орчимд дэлгүүр орлоо гэж гараад ирээгүй байгаа юм байна” гэсэн, тэгээд удалгүй яваад очтол дөнгөж сая аваад гэр лүүгээ орлоо гэхээр нь араас нь ороод эхнэртээ хандан “чи орой, үдэш хүүхдээ орхичихоод архи уугаад орж ирлээ” гэж зандрангуй хэлтэл эхнэр “би цүнхтэй хувцсаа аваад явлаа, цагдаагаа дууд, хоёр хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл үлдээснээ харуулъя” гэсэн зүйл хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдааг ирэх хооронд бага хүүхдээ тэвэрчихээд зогсож байхад эхнэр надад хандан чамд хараал хийлгэсэн, буриад хүний хийсэн хараал хэдэн үедээ арилахгүй, танай аав чинь архичин, эгч чинь архичин гээд хүн тэсэхийн аргагүй хэл амаар доромжлоод байхаар нь өөдөөс нь нулимчихсан юм. Тэгсэн над руу дайрч намайг болон бага хүүхдээ цохиж аваад байхаар нь цааш нь түлхчихсэн чинь буйдан дээрээс унасан, тэгэхээр нь тэвэрч байсан хүүхдээ ширээн дээр тавиад хамраас нь гарсан цусыг арчаад зургийг нь аваад зогсож байхад эхнэр буцаж босч ирээд миний араас татах үед би хүүхдээ барьчихсан байсан болохоор хүүхдээ татаад ширээн дээрээс унагачихсан, тэгэхээр нь дахин эхнэрийг цааш түлхэж буйдан дээр суулгасан. ... Бид хоёр 2011 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд 2013 оны үед байхад над руу хутга, шөвөг барьж дайраад булаацалдахдаа гараа зүссэн асуудал байгаа мөн 2016-2017 онд гэмтлийн урд талын зам дээр маргалдаж байгаад нүүр лүү цохичихсон чинь хамар нь чихэгдсэн асуудал болж байсан. 2018 онд харилцан хэрүүл маргаан болж бие биедээ гэмтэл учруулсан гээд шүүхээр орж торгуулж байсан. Энэ асуудлаас хойш гар хүрсэн асуудал гаргаагүй.” /хх 55-57/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6018 дугаартай шинжээчийн “... Т.Бадамхандын биед тархины доргилт, зүүн чамархайн ар хөхлөг сэртэнгийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, зүүн чамархайн ар, хөхлөг сэртэнгийн хэсгийн зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөрний цус хуралт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” дүгнэлт /хх 46-47/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 67-70/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өгсөн дуудлага мэдээллийн лавлагаа /хх 85-93/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.            

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Т.Бадамхандад хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Т.Бадамхандын зүүн чих орчим цохих, гэдэс, хөл хэсэгт өшиглөх зэргээр цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн чамархайн ар, хөхлөг сэртэнгийн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Чийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байх тул шүүгдэгч М.Чийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан “... 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Чийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/756 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Чийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ