| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2021/01592/И |
| Дугаар | 181/ШШ2021/01857 |
| Огноо | 2021-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2021/01857
| 2021 10 13 | 181/ШШ2021/01857 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
нэхэмжлэгч: З.Т
хариуцагч: б.б
зээлийн гэрээний үүрэгт 2,243,200 төгрөг тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 сарын 2-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянмөнхийн б.б нь Зуун түм ХЗХ-ноос 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №26 тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30-ны өдөр 1,600,000 төгрөгийн зээл авсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдсэн дүн 1,600,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 643,200 төгрөг нийт 2,243,200 төлүүлэхээр нэхэмжилсэн. Уг 2,243,200 төгрөгөөсөө 143,200 төгрөгийг татгалзаж, үлдсэн 2,100,000 төгрөг гаргуулахын дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.б.б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 5,000,000 төгрөгийн зээл авсныг төлж явсаар 2017 оны 12 дугаар сарын 30-нд Төрийн банк 383000001286 тоот дансанд 526,000 төгрөг, Голомт банк 1415101461 тоот дансанд 770,000 төгрөг, мөн 100,000 төгрөг тус тус төлж барагдуулан зээлийг хаасан гэж бодсон, банкны баримтыг шүүж үзэх хүсэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл баримтын шаардлага хангасан баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Зуун түм хадгаламж зээлийн хоршоо /РД:5906725/-г төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.б.б/РД:ИБ78021612/-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,243,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр 143,200 төгрөгөөс татгалзаж, 2,100,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж оролцов.
Хариуцагч Б.б.б банкны баримт шүүж үзнэ, зээл аваад төлж барагдуулан зээлийг хаасан гэж бодож байна гэсэн тайлбар гарган маргасан.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлуулж, түүний Төрийн банкны 103300268465 тоот харилцах дансны гүйлгээний баримт ирүүлэх хүсэлтийг хангаж түүнд мэтгэлцэх боломж дахин олгосон ба энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2021 оны 10 сарын 8-ны өдөр хариуцагчид өөрт нь мэдэгдсэн боловч хуралдаанд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирсэнгүй, нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч талаас эхээр нь гаргаж ирүүлсэн зээлийн гэрээнүүд, зээл хүссэн өргөдөл, зээлийн хүсэлтийг судалсан хуудас, зээл төлөлтийн банкны орлогын мэдүүлгүүд, тус хоршооны санхүүгийн зээл төлөлтийн тооцоо /хэргийн 16-21, 23-26, 28, 39-40, 43-49, 59-67 дахь тал/ баримтуудаар;
Б.б.б Зуун түм хоршоо нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 26 тоот 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн , мөн 2016 оны 5 сарын 12-ны өдөр 300,000, 2016 оны 7 сарын 1-ний өдөр 500,000 төгрөгийн шуурхай зээлүүдийг тус тус авсан ба 2017 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 24 тоот 1,600,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, энэ талаар талууд маргаагүй.
Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн хэлцэл хийгдэж, харилцаа үүссэн, мөнгөн төлбөрийн үүрэг бий болсон байна.
Харин маргаж буй 1,600,000 төгрөгийн зээлийн мөнгийг авсан эсэх асуудал нь, хариуцагчийн Төрийн банкны 103300268465 тоот харилцах дансанд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бичил бизнесийн зээл олгов У-89938977 Тэрбиш гэсэн гүйлгээний утга бичигдэн, 1,600,000 төгрөгийн орлого орж ирсэн, уг данснаас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр б.б ИБ78021612 ХАР/ЗАРЛАГА-У-89938977 гэсэн гүйлгээний утгатай 1,598,800 төгрөгийн зарлага гарсан Б.б.бын харилцах дансны хуулга, мөн өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг баримтад, тус хоршооны ажилтан Тэрбишээс Б.б.бт Бичил бизнесийн зээл олгов У-89938977гэсэн утгатай гүйлгээний утга бичигдсэн баримтаар тус тус нотлогдож, зээлийн мөнгийг хариуцагч хүлээн авсан, тэр өдөрт нь өөрөө зарлага гарган авч зарцуулсан болох нь тогтоогдож байна.
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот 1,600,000 төгрөгийн зээлийг үндсэн зээл болон үндсэн хүүг хэсэгчилсэн дүнгээр тохирч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгахаар болсон, гэрээний хугацааны үндсэн хүү 124,800 төгрөг, үндсэн зээлийн хамт төлөгдөөгүй байх ба энэ үүрэг нэхэмжлэл шүүхэд ирсэн 2021 оны 6 сарын 2-ны өдөр хүртэл 30 сарын хугацаа хэтэрсэн байна.
Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот 1,600,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан болохоо өмнөх шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, харин зээлийн мөнгийг хүлээн авсан эсэхийг санахгүй байх тул банкны харилцах дансны баримтаа шүүж үзэж ирүүлэхээр хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, зээлийн төлөлттэй холбогдох баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөххуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч талын шаардлагаа нотлосон баримтууд, нэхэмжлэлээ дэмжиж буй тайлбарын хүрээнд дүгнэн, хариуцагчийн хүсэлтээр шүүхэд гаргаж ирүүлсэн Б.б.бын харилцах дансны хуулга, мөн өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг баримтуудыг үндэслэн, хариуцагч Б.б.бт үндсэн зээл 1,600,000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны үндсэн хүү 124800 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи хэтэрсэн хугацаа болох нэхэмжлэл шүүхэд ирсэн 2021 оны 6 сарын 2-ны өдөр хүртэл 30 сарын хүүг хэсэгчилсэн дүнгээр төлөгдөж хасагдаагүй тул үндсэн хүү болох 19200 төгрөгөөр тооцож, 576,000 төгрөгийг хэтэрсэн хугацааны хүүд тооцон бүгд 2,300,800 төгрөг хариуцуулан төлөхөөс нэхэмжлэгчийн дэмжиж байгаа дүнгээр 2,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг ханган, нэхэмжлэлээс татгалзсан хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.,106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,550 төгрөг хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 100 дугаар зүйлийн 100.3., 106 дугаар зүйлийн 106.5., 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ 143,200 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Б.б.баас 2,100,000\хоёр сая нэг зуу\ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зуунтүмхадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.,106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,550 төгрөг хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хуралдаанд оролцоогүй зохигчид дээрх хугацаанд гардуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ