Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий,

-улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II дугаар хэлтсийн хяналтын прокурор  Б.Ариунтөр,

-шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баяржаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн 2402007880001 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8 цаг 15 минутад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” агаарын боомтоор өөрийн төрсөн дүү Б.Г// дугаартай гадаад паспортыг ашиглаж буюу нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр гарахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8 цаг 15 минутад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” агаарын боомтоор өөрийн төрсөн дүү Б.Г// дугаартай гадаад паспортыг ашиглаж буюу нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр гарахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн эрх, үүргийг танилцуулсан хуудас /хх-ийн 6 тал/,

-Холбогдогчийн биед болон авч яваа зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/,

-Гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/,

-Гэрч И.С“...Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Ирэх" чиглэлд баримт бичиг шалгах манаанд томилогдсон ажиллаж байсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 09 цагт томилогдсон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өглөөний 09 цаг хүртэл ажилласан. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нэг зөрчил илэрсэн. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өглөөний 08 цагт Турк улсаас зорчигчид нисэж ирсэн. Тэгээд зорчигч нарыг бараг бүгдийг нь шалгаж нэвтрүүлж дуусаад өөр эгнээний оочерт зогсож байсан хүмүүсээс дуудахад нэг хүн ирсэн. Тэрээр паспортоо ширээн дээр тавьж би түүний паспортыг шалгахад өөр хүний царайтай паспорт аваад ирсэн. Паспорт дээрх зурагнаас мөн хамаагүй настайвтар харагдаад байсан. Тэгэхээр нь би түүнийг шалгах зорилгоор ганц хоёр асуулт асуусан. Та хамгийн сүүлд аль боомтоор, хэзээ гарсан юм бэ гэж асуухад тэрээр сандраад хариулж чадаагүй. Аль боомтоор гарснаа мэдэхгүй байсан. Ингээд түүний бичиг баримтыг шалгатал н.Г гэдэг хүний паспорт байсан. Харин өөрөө болохоор Б.Б гэдэг хүн байсан. н.Г гэдэг нь хэн юм бэ гэхэд Б.Б миний өөрийн паспорт гэж хариулсан. Тэр хүний байгаа байдал нь сандралтай байсан учир ямар нэгэн зөрчилтэй гэдэг нь ойлгомжтой байсан. Ингээд би манааны ахлах, ахлах дэслэгч Хүрэлтулгад Б.Бын бичиг баримт болон өөрийг нь хүлээлгэж өгсөн. Ингээд нарийвчилсан шалгалт хийхээр манааны ахлах авч явсан. Нарийвчилсан шалгалт хийхэд Г нь төрсөн дүү нь болох нь тогтоогдсон. Өөрөө 1989 онд төрсөн хүн байсан. Г нь 1991 онд төрсөн хүн байсан. Ингээд л би ажлаа үргэлжлүүлэн хийгээд буух цаг болоод ажлаасаа тараад гэртээ харьсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

-Гэрч Б.Г“...Б.Б нь Швед Улсад ажиллаж амьдардаг байсан. Яг хэдэн онд Швед руу явсныг нь сайн мэдэхгүй байна. 2024 оны 10-11 сарын үед Б.Б нь манай дүү Б.Ундармаатай холбогдоод бие нь муу байгаа талаар хэлсэн. Тэгээд өөрийнхөө гадаад паспортаар Швед Улсаас гарч чадахгүй байна. Учир нь өөрийнхөө паспортоор тухайн улсаас гарах гэхээр хар даруулчих гээд байна гэж хэлсэн байсан. Ингээд надаас өөрийнхөө гадаад паспортыг илгээгээч ээ гэж гуйсан. Тийм учраас би зөвшөөрсөн. Учир нь бид хоёр төрсөн ах дүү. Нэг нэгэндээ туслах зүйл байлгүй л яахав гэж бодсон. Ахыгаа би тухайн паспортыг Швед Улсаас гарахдаа л ашиглана гэж бодсон. Монгол Улс руу нэвтрэхдээ миний паспортыг ашиглана гэж бодоогүй. Ингээд би өөрийнхөө паспортыг 2024 оны 10 сарын үед түүнд өгсөн. Би яг хэзээ, хэрхэн Б.Бд гадаад паспортаа өгснийг санахгүй байна. Шуудангаар илгээсэн гэж бодож байна. 2-3 сарын өмнө болсон үйл явдал учраас сайн санахгүй байна. Миний ахын биеийн байдал нилээд тааруу байгаа. Энд бол хоол, унд идэж чадахгүй байгаа. Хоол, унд таарахгүй байгаа юм шиг байна. Сэтгэл санаагаар унагаахгүй гээд их дэмжиж байгаа. Тэрээр ходоодны хорт хавдартай. Ийм учраас ходоодоо авхуулчихсан. Ажил хийх ямар ч боломжгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

-Гэрч Б.У“...Миний ах Б.Б нь Швед Улсад амьдарч байсан. Швед Улсад амьдарч байхдаа ходоодны хорт хавдартай болсон. Ходоодны хорт хавдрын бараг сүүлийн шат руу орсон байсан. Эрүүл мэндийн байдал нь одоо хэвийн биш байгаа. Өчигдөр гэхэд л ухаан алдаж түргэн дуудсан. Б.Б нь ходоодоо бүгдийг нь авхуулсан. Тэрээр хоол идэхдээ бүхлээр нь биш дандаа машиндаж хоол иддэг. Ходоод нь өвдсөнөөс хойш зан ааш, биеийн байдал нь нилээд тогтворгүй болсон. Түүний ходоодыг тайраад шууд бүдүүн гэдэс рүү нь холбосон гэж сонссон. Цаашид биеийн байдал нь тогтворгүй, хэвийн бус байгаад байвал дахин Швед Улс руу буцаж очих шаардлагатай. Учир нь тэнд эмчийн хяналтад байгаа. Б.Б нь одоогоор ажил хийх ямар ч боломжгүй байгаа. Гэртээ л байгаа. Эхнэр болон ах, дүү нар нь хоол унд, бусад зардлын мөнгийг нь өгч байгаа. Б.Б нь одоо өөрийн эхнэр Ш.Мөнхцэцэгтэй хамт Улаанхуаранд амьдардаг. Б.Б нь 1 хүүхэдтэй. Хүүхэд нь Хэнтий аймгийн төвд эмээ, өвөөтэйгөө хамт амьдардаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

-Шүүгдэгч Б.Бын сэжигтнээр өгсөн: “Энэ цаг хугацаанаас хойш миний бие ажил хөдөлмөр эрхлэх боломгүй болсон. Ийм учраас Швед Улсад амьдрах зардал маш өндөр болсон. Тэнд байх боломжгүй болсон. Миний хувьд Швед Улсад бичиг баримтгүй хараар амьдарч байсан. Би тэгээд Монголд юмны үнэ арай хямд учраас Монгол руу ирэхээр шийдсэн. Тэгээд өөрийнхөө гадаад паспортаар Швед Улсаас гарах гэтэл буцаж тухайн эмнэлэгт үзүүлэх ёстой байсан учраас өөрийнхөө паспортыг хар даруулж Швед Улсын гадаадын иргэн харьяатын байгууллагад бүртгэлтэй болохыг хүсээгүй. Учир нь бүртгэлтэй болчих юм бол дахин Швед Улс руу очиж, эмчилгээ хийлгэж чадахгүй. Ийм учраас өөрийн төрсөн дүү болох Б.Ггадаад паспортыг ашиглаж Монгол Улсад ирсэн. Надад үүнээс өөр арга байгаагүй. Надад Швед Улс руу буцаж очиж эмнэлэгт үзүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа. Ийм учраас дээрх үйлдлийг хийчихлээ. Уг нь бол миний тээшинд миний өөрийн гадаад паспорт байсан. Гэхдээ миний тээш БНТурк Улсад дамжин нислэгийн үед үлдчихсэн. Би өөрөө түрүүлээд Монголд ирчихсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн төрсөн дүү Б.Гпаспортаар Монгол Улс руу нэвтэрсэн. Тэгээд Чингис хаан олон улсын боомтын хилийн шалган нэвтрүүлэх ажилтнуудад баригдаад ийм асуудал үүссэн. Миний дүү Б.Г нь энэ хэрэгт огт хамаагүй. Учир нь би дүүдээ Шведээс гарахдаа л түүний паспортыг ашиглана гэж хэлсэн. Монгол Улс руу орохдоо өөрийн паспортоор орох гэж байсан. Харин өөрийнхөө паспортыг мартаад тээшинд хийчихсэн байсан учраас Монгол Улс руу орж ирэхдээ яах ч аргагүй түүний паспортыг үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Намайг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8 цаг 15 минутад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” агаарын боомтоор өөрийн төрсөн дүү Б.Г// дугаартай гадаад паспортыг ашиглаж буюу нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр гарахыг завдсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

 Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон гэрч И.Сапагүль, Б.Г, Б.Ундармаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хилийн цэргийн 0218 дугаар анги Чингис хаан боомтын хилийн төлөөлөгчийн туслах, хошууч Р.Батсайханы хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг  Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

 

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгоор иргэн Б.Ггадаад паспортыг ашиглаж нэвтэрсэн үйлдэл хийх үед нийгмийн  хор аюул бий болсон, хуурамч бичиг баримтаа ашиглан хилээр хууль бусаар орох үйлдэл хийснээр тухайн гэмт хэргийг төгссөнд тооцох юм.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу завдах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх дээрх байдлаар шүүгдэгчийг төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын хэмжээ, хязгаараас хэтрэхгүй, түүний эрх зүйн байдал дордохгүй байх тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Ариунтөр: “Шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна. Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж 1350 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гадаад паспортуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх ялын дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал: “Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа учраас улсын яллагчийн зүгээс оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

              Шүүгдэгч Б.Быг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Б.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350/нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000/нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.350/нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000/нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

            Гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Баас гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Б.Гэзэмшлийн дугаартай гадаад паспорт 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр болон Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүдэгч Б.Быг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350/нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000/нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.350/нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000/нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

5.Шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн 2402007880001 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Б.Гэзэмшлийн дугаартай гадаад паспорт 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр болон Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт тус тус даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА