Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/01315

 

 

 

 

 

2020оны 05сарын18өдөр

 

181/ШШ2020/01315

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Х /РД:/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ө /РД:/,

 

Хариуцагч: Ц.Н /РД:/ нарт холбогдох

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Ө, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х би газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2012 оны 01 сарын 13-ны өдөр №0000 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг газрын албатай байгуулсан. Ц.Н нь миний газар дээр зөвшөөрөлгүйгээр гэрээ барьж буун бүр байшингийн хундаам цутгасан байгаа бөгөөд газар чөлөөлж өгөхгүй олон жил болсон. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, 2017 онд газрыг миний нэр дээр үлдээсэн шүүхийн шийдвэр гарсан. Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Д.Ө, Ц.Н нараас газрыг миний чөлөөлж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Батбаатар овогтой Халиуны тус дүүргийн шүүхэд гаргасан газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Бидний зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадат зусланд байх газартаа 2007 оноос эхлэн амьдарч эхэлсэн бөгөөд амьдарч эхэлсэн цагаасаа хойш тухайн газраа холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшихээр удаа дараа дүүргийн засаг, холбогдох газрын албадуудад хүсэлт гаргаж байсан боловч зуслангийн газрыг иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх талаар шийдвэр гараагүй байна гэх шалтгаанаар гаргасан хүсэлтийг маань хүлээн авахаас татгалздаг байсан. Гэсэн атлаа 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №0000 тоот газар эзэмших гэрчилгээ гарган иргэн Б.Хд хууль бусаар эзэмшүүлсэн байдаг. Ийнхүү бидний газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас хууль бусаар татгалздаг байсан атлаа Б.Хд газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор, үндэслэлгүйгээр зөрчсөн үйлдэл юм. Улмаар бид тухайн асуудлыг мэдсэн даруйдаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд 2016 онд хандсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс №184 тоот шийдвэр гарч иргэн Б.Хд хууль бусаар газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №316 тоот захирамжийг бидэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Бидний зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин нотлох баримт бүрдүүлэн холбогдох шүүх, хяналтын байгууллагаар дахин хянан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Д.Ө, Ц.Н нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь заалтад ... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хариуцагч нарын гаргасан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012 оны 01 сарын 13-ны өдрийн огноотой 0000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-3 тал/, мөн өдрийн огноо бүхий Сүхбаатар дүүргийн газрын алба, Б.Х нарын хооронд байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-4,5 тал/, газрын байршлын кадастрын зураг /хх-7 тал/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.Х нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Зуслан, Бэлх хаягт байрлах нэгж талбарын 33333 дугаартай, 629 м.кв талбай бүхий газрыг 2012 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.

Ц.Нгийн гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаартай захирамжийн Б.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, тус шүүхийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 21 дугаартай шийдвэр /хх-8-20 тал/-ээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан газрыг гуравдагч этгээд Б.Хд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасныг үндэслэн Ц.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 221/МА2017/0200 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 202 дугаартай тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Х нь 2012 оны 01 сарын 13-ны өдрийн огноотой 0000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн огноо бүхий Сүхбаатар дүүргийн газрын алба, Б.Х нарын хооронд байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний дагуу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Зуслан, Бэлх хаягт байрлах нэгж талбарын 33333 дугаартай, 629 м.кв талбай бүхий газрыг 2012 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, Б.Хд уг газрыг эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаартай захирамжийн Б.Хд холбогдох хэсгийг хууль зөрчөөгүй гэж үзсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул нэхэмжлэгч Б.Х нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь заалтад Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтад Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй , мөн зүйлийн 106.4 дахь заалтад Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасны дагуу өөрийн эзэмшиж буй газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр гэр барин амьдарч байгаа болон тухайн газрыг эзэмших эрхгүй гэдэгтээ маргахгүй байх боловч Б.Хд газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж, уг захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх өөрсдийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нарыг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дахь заалтад зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг нь буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч Д.Ө, Ц.Н нар нь газрыг хууль ёсны эзэмшигч болох Б.Хд чөлөөлж өгөх үүрэгтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Зуслан, Бэлх хаягт байрлах нэгж талбарын 33333 дугаартай, 629 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.Ө, Ц.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Хы нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Зуслан, Бэлх хаягт байрлах нэгж талбарын 33333 дугаартай, 629 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.Ө, Ц.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө, Ц.Н нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР