| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
2025 01 21 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Пт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.П:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г:
...ЖХК-д 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажилд орсон. Ажиллаад 2 сарын хугацаа өнгөрсний дараа энэ хэрэг болсон. Манай тооцооны нягтлан н.Нгэдэг хүн залгаад нярав бэлэн мөнгө аваад алдсан гэж байна гэж хэлсэн. Тухайн үедээ өөрөө мөнгөө алга болгосон гэж хэлсэн юм шиг байсан. Тэр даруйд нь өөр лүү нь залгаад ирж уулз гэсэн. Тухайн хэрэг болсноос 2-3 хоногийн дараа нэлээн хэд залгуулж байж ирж уулзсан. Ирээд уулзахдаа болсон бүх зүйлийг ярьсан. Мөн бичгээр бичиж өгсөн. Хэргийн материалд хавсаргаад цагдаад өгсөн. Түүнээс хойш би энэ хүнд олон удаа сануулж хэлж байсан. Их, бага хэмжээ хамаагүй. 50.000 төгрөг 100.000 төгрөг ч хамаагүй заавал бүгдийг нь төл гэж шаардахгүй. Компани бол боломж олгоно. Харин төлөх хүсэл сонирхолтой байгаагаа баталж харуулах хэрэгтэй гэж би хэд хэдэн удаа сануулж хэлж байсан. Сүүлд надад энэ миний асуудал, таны асуудал биш гэж хэлсэн. Түүнээс хойш би дахиж өөртэй нь холбогдохоо больсон ... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Пын Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" ХК-ийн нярваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Чингис Хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлогыг 2024 оны 02 дугаар сарын 16-аас 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хувьд завшиж нийт 46,650,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г...Би ХК-ийн хүний нөөцийн менежер ажлыг 2 сарын хугацаанд хийж байна. Манай компани нь Төв аймгийн эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагаа явуулдаг. Манай компанид 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.П гэх залуу нярвын ажилд орсон. Б.Пын үндсэн ажлын чиг үүргийн хүрээнд Төв аймгийн эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны өдөр тутмын орлогыг долоо хоног бүр цуглуулж байгууллагын дансанд тушаах үйл ажиллагаа хамаардаг. Б.Пын тухайн үед бэлэн мөнгө тушаасан эсэхийг шалгах эрх бүхий албан тушаалтан нь тооцооны нягтлан бодогч Б.Нбайгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ннь амралт авах гэж байсан учир Б.Пт тооцооны мөнгөө хурдан тушаа гэтэл Б.П нь "Би тухайн алга болгосон" гэж хэлсэн. Түүний дагуу би ерөнхий нягтлан бодогч Алтанхүү, гүйцэтгэх захирал Б.Намуун нарт мэдэгдэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Б.Птой уулзахад "Би тухайн мөнгийг цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан, би 2 удаа 20.000.000, 20.000.000 төгрөгөөр тоглоод алдсан талаар надад хэлсэн. Ийм учир би цагдаагийн байгууллагад хандсан. Б. Б.П нь манай байгууллагад орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Орлогын мөнгийг касс буюу тасалбараас орсон орлого, кофе шопын орлого, алтан ташуур рестораны орлого зэргийг бэлнээр авч Налайх дүүрэгт ирж АТМ-ээс тушаадаг байсан. Б.П нь ажил дээрээ байрлаж ажилладаг байсан. Миний харснаар бол хамт ажилладаг хүмүүс байгаа юм. Надад 2024 оны 02 сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 25-ыг хүртэлх бэлэн болон картаар үйлчилсэн иргэдийн баримт байгаа. Би тухайн баримтуудыг гаргаж өгнө. Би гомдолтой байна, Хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 7-8 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Тухайн байгууллагад орж буй өдөр болгоны орлогыг цогцолбор хариуцсан менежер, касс, нярав гэсэн албан тушаалтан нар нь хамтдаа тоолж баримттай тулган цаасан нотлох баримт үйлдэж гарын үсэг зуран баталгаажуулдаг ба орлогыг тогтсон өдөр байхгүйгээр 7 хоног тутам тооцооны нягтлан бодогч очоод менежер эсвэл няравтай хамтдаа орлогыг хүлээн авч Налайх дүүргийн банкнаас байгууллагын данс руу шилжүүлдэг. Тухайн байгууллагын орлогыг тооцооны нягтлан, цогцолбор хариуцсан менежер, нярав нар нь тушааж болно. Харин байгууллагаас бэлэн мөнгийг авах үед заавал дээрх албан тушаалтангууд нь заавал хоёр ба түүнээс дээш байх хугацаанд бэлэн мөнгийг хүлээлцэж байгууллагын дансанд хийх ёстой байдаг. Надад нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 95-96 хуудас/,
түүний дахин өгсөн ...Дээрх цаг хугацаанд менежер албан тушаалд С.Эгэх хүн ажиллаж байсан гэрээний дагуу ажлын бүтэн бус буюу амралтын өдрөөр ажилладаг. Байгууллагын нярвын ажлын байрны тодорхойлолтод бэлэн мөнгө тушаах үүрэг байхгүй санхүүгийн албанд ахлах нягтлан, тооцооны нягтлан, нярав, касс гэсэн албан тушаалтнууд ажилладаг ба байгууллагын орлогыг санхүүгийн албан тушаалтнууд хоорондоо ярилцан цаг тохирч кассаас бэлэн мөнгөө хүлээн авч банканд тушаадаг байсан. Дээрх кассаас бэлэн мөнгийг банканд тушаах явцыг ахлах нягтлан бодогч удирдан зохион байгуулдаг байсан. Тухайн Б.Ннь Б.Птой дансаар хоорондоо холбогдоогүй гэдгийг мэдсэн учир цаашид шалгуулахгүй шаардлагагүй болно. Надад нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 199-200 дугаар хуудас/,
гэрч О.С...Би Б.П гэх хүнийг танина. 2024 оны 01 дүгээр сард манай ажилд нярваар орсон. Би ЖХК-д 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр кассын албан тушаалд ажилд орсон. Одоо мөн адил кассын ажлаа хийж байгаа. Би тухайн албан тушаалд Чингисийн хөшөө цогцолборт ирсэн жуулчдын билетний мөнгийг би хурааж авдаг. Би өөр ажил хариуцаж хийдэггүй. Надад ажлын байрны тодорхойлолт байгаа. Би анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан. За үйлчлүүлэгчдийн өгсөн билетний мөнгө нь карт уншуулсан тохиолдолд шууд байгууллагын дансанд, үйлчлүүлэгчид бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн тохиолдолд би кассын өрөөнд байдаг сефинд хийдэг. Би ажлын ачааллаас хамаараад 7-14 хоногоор няравт тушааж хүлээлгэн өгдөг. Би өөрийн вайбераар зургийг нь дараад тооцооны нягтлан болон ерөнхий нягтланд мэдээ илгээдэг. Би 2024 оны 04 дүгээр сарын үед оффисын ажилтнуудаас мэдсэн. Тухайн үед Б.П танаас орлоо авсан уу гэж асуухад мэдсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 11-12 дугаар хуудас/,
гэрч Б.Н...Би Б.Птой анх ажилд ороход нь л танилцаж байсан. Хамт ажилладаг л хүмүүс байгаа юм. Ямар нэгэн өөр харилцаа холбоо байхгүй. Би ЖХК-д 2023 оны 05 дугаарын эхэнд тооцооны нягтлангаар ажилд орж байсан. Одоог хүртэл тухайн албан тушаалд ажиллаж байна. ЖХК-нь 13 дугаар зуун цогцолбор болон Чингисийн морьт хөшөө цогцолбор нарын үйл ажиллагаа явуулдаг. Өвлийн улиралд 13 дугаар зуун цогцолбор нь үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Чингисийн морьт хөшөө цогцолбор нь 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг. Би байгууллагын өдөр тутмын орлого, ваучер /байгууллагуудын дараа тооцоо/, хангамж зэргийг хариуцдаг. Чингисийн морьт хөшөө цогцолбор нь дотроо ресторан, кофе шоп, тэгээд үзвэр гэсэн 3 орлого тушаагддаг. Тухайн өдөр бүрийн орлого нь надад компьютер программ дээр бүгд харагддаг. Би тухайн орлогыг кассын программаас үндсэн программ руу холбодог. Дансаар орсон орлого нь байгууллагын дансанд шууд ордог. Харин бэлэн орлогыг байгууллагын нярав Б.П АТМ ашиглан байгууллагын дансанд тушаадаг. Нярав тухайн үеийн ачааллаас болж зуны улиралд 7 хоногоор, өвөлдөө ачаалал бага учир сардаа 1 удаа тушаадаг. Манай байгууллага ашигладаг үндсэн программ interactive /diamond/, туслах программ нь /store management /кассын программ/ ашигладаг. Байгууллагын нярав Б.П нь хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын орлогоо тушаасан. Түүнээс хойш орлогыг байгууллага дээр аж ахуйн ажил ихтэй байна, касс дээр сууж байна гэх шалтгаанаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл огт тушаахгүй байсан. Тухайн үед би Б.Пт орлогоо тушаа гэж хэлэхэд аж ахуйн ажилтай байна, гэх шалтгаанаар амжихгүй байна гэж байсан. Түүнээс хойш ямар нэгэн шалтгаан хэлсээр байгаад 2024 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл тушаагаагүй. Би Б.Птой ажлын утсаар холбоо барьж хэлдэг байсан. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Пын ...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс ЖХК-ийн Чингисийн хүрээ цогцолборт нярвын ажилд анх орсон. Би нярвын ажилд ороод байгууллагын агуулах бараа материал хариуцдаг байсан. Тухайн үед манай байгууллага нь менежергүй байсан учир би байгууллагын орлогыг авч ганцаараа байгууллагын дансанд тушаадаг байсан. Би 2024 оны 01 дүгээр сараас хойш 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд орлогыг компанийн дансанд тушаахгүйгээр өөрт завшин онлайн Бет сайтанд тоглоом тоглож зарцуулдаг байсан. Би тухайн цаг хугацаанд яг нарийн сайн мэдэхгүй байна 40 гаран сая төгрөгийг байгууллагын дансанд тушаагаагүй болно. Би тухайн үед компанийн эрх бүхий албан тушаалтанд хэлэлгүйгээр байгууллагын мөнгийг хувьдаа завшин дээрх мөнгийг онлайнаар тоглож алдсан болно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй. Цаашид хохирлыг бүрэн барагдуулах болно. Надад нэмж ярих зүйл байхгүй... /3хх-ийн 95-96 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №35 дугаартай хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 24-25 дугаар хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/74 дугаартай хувьцаат компанийн захирлын тушаал /1хх-ийн 26-70 дугаар хуудас/,
Б.Пын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн амлалт /1хх-ийн 71 дүгээр хуудас/,
Кассын бэлэн мөнгөний баримт /1хх-ийн 72-79 дүгээр хуудас/,
Т.Гхүсэлт /1хх-ийн 80 дугаар хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14/ХХ/03-752 дугаартай Голомт банкны албан тоот /1хх-ийн 155-160 дугаар хуудас/,
2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5721/24/763 дугаартай Хаан банкны албан тоот, дансны хуулга /1хх-ийн 162-183 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 184 дүгээр хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 186 дугаар хуудас/,
Б.Пын эд хөрөнгийн лавлагаа /1хх-ийн 206 дугаар хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 84-86 дугаар хуудас/
247200154 дугаартай хэргийн шинжээчийн ...Хариулт 1. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжтой байна. Хариулт 2. Нярваар ажиллаж байсан Б.П нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлого 46,650,500 төгрөгийн байгууллагын дансанд тушаагаагүй байна... талаарх дүгнэлт /1хх-ийн 103-108 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
..Шүүгдэгч Б.П нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХК-ийн нярваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Чингис Хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлогыг 2024 оны 02 дугаар сарын 16-аас 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хувьдаа завшиж 46.650.500 төгрөгийн олон удаагийн үйлдлээр хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар байгууллагын хөрөнгийг хувьдаа завшсан нь нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Шүүгдэгч нь 46.650.500 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г:
...Гэм буруутай гэж үзэж байна. Бид нар хохирол төлбөртэй холбоотой бэлэн мөнгө нэхэмжилж байгаа. Бензин шатахууны төлбөрийг нэхэмжлээгүй. 46.650.500 төгрөг манай компанид байсан бол өнөөдөр эргэлтэд ороод ямар хэмжээтэй орлого болох байсан талаар бид нар тооцож нэхэмжлээгүй. Хүү нэхэмжлээгүй. Нэхэмжлэхгүй. Гэхдээ Б.Пүрэвдоржийг гэм буруутай гэж үзэж байна. Ойрын хугацаанд яаралтай төлүүлэх хүсэлтэй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү:
...Албан тушаалын байдлаа ашигласан үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл, ажлын байрны тодорхойлолтоор нярав өөрийнх нь эзэмшиж байсан эд хөрөнгийг зарж борлуулсан зүйл байхгүй. Мөнгө тушаадаг зохицуулалт бол хэрэгт авагдсан баримтаар байхгүй байна. Тухайн байгууллагын санхүүгийн ийм замбараагүй, хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж харагдаж байна. Аудитын шалгалтад орсон баримт бичгийг аваачиж өгөөгүй. Энд цугларсан шинжээчийн дүгнэлт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.1-т зааснаар шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, сургалтад хамрагдсан хүмүүс сертификат авдаг. Хувийн тамгатай байна. Гэтэл аудитын дүгнэлт гаргасан хүнээс урьдчилан Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.2-т зааснаар тусгай мэдлэгийг тодруулна гэсэн заалтуудыг зөрчсөн. Ингэж аудитын дүгнэлт гарсан. Тухайн компани яагаад өнөөдөр компанид учруулсан хохирлын баримтыг өгч шалгуулахгүй байгаа юм бэ. Гэтэл Б.Пүрэвдоржийн 46.650.500 төгрөг компаний дансанд ороогүй гэж байна. Албан тушаалын байдлаа ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.П:
... Тухайн байгууллагын мөнгийг хувьдаа авч ашигласан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Албан тушаалын байдал гэдэг нь анх ажлын байрны тодорхойлолтод тусгаж өгөөгүй. Аман байдлаар хоёр хүний итгэлцэл байдлаар н.Нгэх намайг хариуцаж байгаа нягтлан, н.Энхбат гэх тушаах ёстой хүмүүс нь үйл ажиллагаа хариуцсан менежер. Тэр хүн ах нь өнөөдөр тушааж амжихгүй. Чи аваачаад тушаачих гэсэн. Аман байдлаар дамжуулсан. Түүнээс ажил үүргийн тодорхойлолтод тусгаагүй. Санхүүгийн программ дээр 2 сарын хугацаанд энэ мөнгийг хэдэн төгрөг байсныг шалгах боломжгүй гэдэг нь ямар ч санхүүгийн программ дээр тооцоо нягтлан бодогч ч байсан ороод орлого зарлагаа авчихдаг нээлттэй эрх бүхий албан тушаалтан... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.П болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар байгууллагын мөнгийг хувьдаа авч ашигласан үйлдлээ, учруулсан хохирол, хор уршгийг тус тус хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин хэргийн зүйлчлэлийг буюу албан тушаалын байдлаа ашиглаж гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Улсын яллагч шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г...Б.Пын үндсэн ажлын чиг үүргийн хүрээнд Төв аймгийн эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны өдөр тутмын орлогыг долоо хоног бүр цуглуулж байгууллагын дансанд тушаах үйл ажиллагаа хамаардаг..., ...Тухайн байгууллагад орж буй өдөр болгоны орлогыг цогцолбор хариуцсан менежер, касс, нярав гэсэн албан тушаалтан нар нь хамтдаа тоолж баримттай тулган цаасан нотлох баримт үйлдэж гарын үсэг зуран баталгаажуулдаг ба орлогыг тогтсон өдөр байхгүйгээр 7 хоног тутам тооцооны нягтлан бодогч очоод менежер эсвэл няравтай хамтдаа орлогыг хүлээн авч Налайх дүүргийн банкнаас байгууллагын данс руу шилжүүлдэг. Тухайн байгууллагын орлогыг тооцооны нягтлан, цогцолбор хариуцсан менежер, нярав нар нь тушааж болно...,
гэрч О.С...Би ажлын ачааллаас хамаараад 7-14 хоногоор няравт тушааж хүлээлгэн өгдөг...,
гэрч Б.Н....Дансаар орсон орлого нь байгууллагын дансанд шууд ордог. Харин бэлэн орлогыг байгууллагын нярав Б.П АТМ ашиглан байгууллагын дансанд тушаадаг... гэсэн мэдүүлгүүд болон 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №35 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/74 дугаартай хувьцаат компанийн захирлын тушаал, Б.Пын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн амлалт, Кассын бэлэн мөнгөний баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гхүсэлт, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14/ХХ/03-752 дугаартай Голомт банкны албан тоот, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5721/24/763 дугаартай Хаан банкны албан тоот, дансны хуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
247200154 дугаартай хэргийн шинжээчийн ...Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлого 46,650,500 төгрөгийн байгууллагын дансанд тушаагаагүй... талаарх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн хувьд хүндрүүлэн зүйлчилсэн үндэслэлгүй гэж тус тус маргадаг.
Шүүх эрүүгийн дугаартай хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, мэдүүлэг, дүгнэлтүүдийг тал бүрээс нь харьцуулан судлаад шүүгдэгч Б.Пт Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэх шинжийг нотлоод байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г, гэрч О.Сарангэрэл, Б.Ннарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, агуулгын хувьд эргэлзээтэй байна.
Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г ...Б.Пын үндсэн ажлын чиг үүргийн хүрээнд Төв аймгийн эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны өдөр тутмын орлогыг долоо хоног бүр цуглуулж байгууллагын дансанд тушаах үйл ажиллагаа хамаардаг... ...Б.П нь манай байгууллагад орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Орлогын мөнгийг касс буюу тасалбараас орсон орлого, кофе шопын орлого, алтан ташуур рестораны орлого зэргийг бэлнээр авч Налайх дүүрэгт ирж АТМ-ээс тушаадаг байсан... ...Тухайн байгууллагад орж буй өдөр болгоны орлогыг цогцолбор хариуцсан менежер, касс, нярав гэсэн албан тушаалтан нар нь хамтдаа тоолж баримттай тулган цаасан нотлох баримт үйлдэж гарын үсэг зуран баталгаажуулдаг ба орлогыг тогтсон өдөр байхгүйгээр 7 хоног тутам тооцооны нягтлан бодогч очоод менежер эсвэл няравтай хамтдаа орлогыг хүлээн авч Налайх дүүргийн банкнаас байгууллагын данс руу шилжүүлдэг. Тухайн байгууллагын орлогыг тооцооны нягтлан, цогцолбор хариуцсан менежер, нярав нар нь тушааж болно... ...Байгууллагын нярвын ажлын байрны тодорхойлолтод бэлэн мөнгө тушаах үүрэг байхгүй... ...Дээрх кассаас бэлэн мөнгийг банканд тушаах явцыг ахлах нягтлан бодогч удирдан зохион байгуулдаг байсан... гэж,
гэрч О.С...Би тухайн албан тушаалд Чингисийн хөшөө цогцолборт ирсэн жуулчдын билетний мөнгийг би хурааж авдаг... ...үйлчлүүлэгчдийн өгсөн билетний мөнгө нь карт уншуулсан тохиолдолд шууд байгууллагын дансанд, үйлчлүүлэгчид бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн тохиолдолд би кассын өрөөнд байдаг сефинд хийдэг. Би ажлын ачааллаас хамаараад 7-14 хоногоор няравт тушааж хүлээлгэн өгдөг... гэж,
гэрч Б.Н...Би байгууллагын өдөр тутмын орлого, ваучер /байгууллагуудын дараа тооцоо/, хангамж зэргийг хариуцдаг. Чингисийн морьт хөшөө цогцолбор нь дотроо ресторан, кофе шоп, тэгээд үзвэр гэсэн 3 орлого тушаагддаг. Тухайн өдөр бүрийн орлого нь надад компьютер программ дээр бүгд харагддаг. Би тухайн орлогыг кассын программаас үндсэн программ руу холбодог. Дансаар орсон орлого нь байгууллагын дансанд шууд ордог. Харин бэлэн орлогыг байгууллагын нярав Б.П АТМ ашиглан байгууллагын дансанд тушаадаг... гэж тус тус мэдүүлдэг.
Тэгэхээр гэрч О.Сарангэрэл, Б.Ннарын хувьд хэний заавраар, тухайн компаний ямар албан бичиг, тушаал зэргийг үндэслэн нярав Б.Пт орлогыг тушааж, хүлээлгэн өгдөг байсан нь тодорхойгүй, зөвхөн нярав Б.Пт орлогыг тушааж хүлээлгэн өгдөг, нярав уг орлогыг компаний дансанд шилжүүлдэг гэсэн ойлголтынхоо хүрээнд л компаний үйл ажиллагааны орлогын мөнгийг няравт тушааж, хүлээлгэн өгдөг гэх нөхцөл байдал,
түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гхувьд ...Б.Пын үндсэн ажлын чиг үүргийн хүрээнд Төв аймгийн эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны өдөр тутмын орлогыг долоо хоног бүр цуглуулж байгууллагын дансанд тушаах үйл ажиллагаа хамаардаг... ...Тухайн байгууллагын орлогыг тооцооны нягтлан, цогцолбор хариуцсан менежер, нярав нар нь тушааж болно... ...Байгууллагын нярвын ажлын байрны тодорхойлолтод бэлэн мөнгө тушаах үүрэг байхгүй... ...Дээрх кассаас бэлэн мөнгийг банканд тушаах явцыг ахлах нягтлан бодогч удирдан зохион байгуулдаг байсан... гэх мэдүүлгээс нярав Б.П компаний өдөр тутмын орлогыг долоо хоног бүр цуглуулж байгууллагын дансанд тушаах үйл ажиллагаа түүний ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн ажлын чиг үүрэг, эсхүл ажлын байрны тодорхойлолтод заагаагүй үндсэн ажлын үүрэгт хамаарахгүй ажлыг дээд албан тушаалтнуудын заавраар хийж гүйцэтгэж байсан гэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Үүнээс үзвэл гэмт хэргийн субьектийн нийтлэг болон тусгай шинжийг эргэлзээгүй тодорхойлох нь зүйлчлэлийг тогтооход чухал ач холбогдолтой бөгөөд улмаар компанийг тэргүүлэх, төлөөлөх, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах болон тэдгээрийн ажлыг удирдан зохион байгуулах зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэг, хөрөнгө захиран зарцуулахад шийдвэр гарган оролцдог, санхүүгийн баримтад 1, 2 дугаар гарын үсэг зурдаг ажилтнуудыг компаний удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хамааруулан үзнэ.
Тэрнээс биш эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах няравыг бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан ажилтанд хамааруулан үзэх боломжтой тул нярав Б.Пыг албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Тодруулбал шүүгдэгч Б.Пын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл, эс үйлдэхүйгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Пын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Завших гэмт хэрэг нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд, эсхүл иргэн хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд тус тус итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэснийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцах хугацаандаа өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.П нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" ХК-ийн нярваар ажиллаж байхдаа Чингис Хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлогыг 2024 оны 02 дугаар сарын 16-аас 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хувьд завшиж нийт 46,650,500 төгрөгийн хохирол учруулсан тул энэ хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн, материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.
Тэрээр шүүгдэгч Б.П нь хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хөрөнгө завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Пын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас "" ХК-д нийт 46,650,500 /дөчин зургаан сая зургаан зуун тавин мянга таван зуу/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 46,650,500 /дөчин зургаан сая зургаан зуун тавин мянга таван зуу/ төгрөгийн хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч компанид учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилнэ гэсэн болно.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Поос 46,650,500 /дөчин зургаан сая зургаан зуун тавин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч “” ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
..Шүүгдэгч Б.Пт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 04 сараас хойш өнөөдрийг хүртэл 01 дүгээр сар хүртэл хохирол төлбөр төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч гэсэн үйлдлээрээ хүлээн зөвшөөрснөө илэрхийлээгүй. Хохирол төлбөрийг төлөөгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй ... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г:
...Албан тушаалын байдлаа ашигласан тул 2-8 жилийн хорих ялтай. Манай байгууллагын зүгээс 1 жилийн хугацаагаар хорих ялыг бага гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү:
Миний үйлчлүүлэгч энэ хэргийг өөрөө илчилсэн. Хоёрдугаарт, гэм буруугаа хүлээсэн. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд байгууллагын санхүүгийн хяналт, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдэл бид нарт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Ийм учраас нийтэд тустай ажил хийлгэх, торгох эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлтэй, бага насны хүүхэдтэй. Мөн өөрөө түрээсийн байранд байдаг талаар бид нарт ярьсан. Залуу хүүхэд нэг удаа алдсан. Хорихоос өөр төрлийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Ажил хийж, хохирлыг барагдуулах талаар өөрөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ялын нэг зорилго нь хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирол барагдуулах ялын зорилт байдаг. Хэрвээ хорих ялаар шийтгүүлбэл байгууллагын хохирлыг төлөхөд хүндрэлтэй. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.П:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Компанид учруулсан хохирлоо нөхөн төлнө... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.Пт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзсэн ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж өмгөөлөгчийн “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Поос 46.650.500 /дөчин зургаан сая зургаан зуун тавин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч “” ХК-д олгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Пт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН