| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
2025 01 22 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н,
шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Цид холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутагт 16-84 ДАХ улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...", 12.3. "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осолдож зорчигч Ц.Бамь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Н.Ц:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н:
...2024 оны 09 дүгээр сард манай дүү нар Эрээн рүү явж байгаад зам тээврийн осолд орсон талаар мэдсэн. Газар дээр нь очсон. Ах дүү нартайгаа ярьж байгаад би цагдаа дээр ирээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгсөн. Надад болон манай хамаатан садан нарт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Цийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутагт 16-84 ДАХ улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...", 12.3. "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осолдож зорчигч Ц.Бамь нас хохирсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч , зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12, 13-17 дугаар хуудас/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20, 21-22 дугаар хуудас/,
хүний биеэс дээж авсан тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нийн ...Миний төрсөн дүү Ц.Б нь Замын-Үүд Дархан чиглэлд хувийн ажлаар гэр бүлийн хүнтэйгээ явж байгаад авто машины осолд орж нас барсан. Дүү маань гэр бүлээрээ хувиараа ажил хийдэг байсан. Өөрсдийн ажил амьдралаа сайжруулж үр хүүхдээ тэжээхийн тулд нойр, хоол амьдралаа хойшлуулж явж байгаад ийм харамсалтай хэрэг болсныг эгч дүү нар нь бүгд мэдэж байгаа. Бидний зүгээс санал гомдол төлбөрийн хүсэлт байхгүй. Ар гэрийн хөгжлийн бэрхшээлтэй охин эхнэр хүүхдүүд нь үлдэж байгаа. Иймд та бүхний бидний хүсэлтийг хүлээн авч энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидний хувьд гомдол саналгүй учир хялбаршуулсан журмаар хөнгөн ял шийтгэл өгнө үү... гэх хүсэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/,
шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5679 дугаартай ...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Ц” гэж хаягласан, 001661801 хуруу шилний дугаартай цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 112 дугаартай ...1. Ц.Бгарын дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэж буй уг гарын хээний дардас нь нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүд болон дардаснуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.
3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 40-41 дугаар хуудас/,
шинжээчийн 112 дугаартай дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаартай ... 1. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр зүрхний гол судасны уг хэсгийн цус хуралт, баруун 1-3, зүүн 1-р хавирга, өвчүү ясны хугарал, хоёр уушгины ар гадаргуугийн цус хуралт, баруун уушгины авчилт, элэгний язрал, дотор эрхтний холбоос дагасан цус хуралт, зүүн зулай, дух, баруун хөмсөгний шарх, духны цус хуралт, зулгаралт, хоёр нүдний гадна булан, дээд уруул, эрүү, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
2. Амь хохирогч нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас зүрх доргиж, амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.
3. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Амь хохирогч нь А/II/ бүлгийн цустай байжээ.
5. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 56-59 дугаар хуудас/,
гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-65 дугаар хуудас/ болон
хууль ёсны төлөөлөгч У.Нийн ...Ойлголоо. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө би Улаанбаатар хотод гэртээ байхад миний төрсөн дүү Бат-Отгон, Н.Ц, Б хоёр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт хоёулаа машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орчихсон байсан. Ц.Б амьсгалахгүй байна гэнээ түргэн дуудчихсан байна гэж хэлсэн. Тэгээд мэдээд ирлээ. Талийгаач дүү Ц.Б бэр Н.Ц хоёр Дархан-Уул аймагт хувьдаа хэрчсэн гурилын цех ажиллуулдаг юм. Тэрийгээ өргөтгөнө гээд ярьж байсан. Өөрсдөө яваад тоног төхөөрөмжөө авах юм бол ашигтай юм байна явж тоног төхөөрөмж авна гээд ярьж байсан. Тоног төхөөрөмжөө аваад унаанд тавьчхаад буцаж байх үедээ ийм аймар осолд өртсөн байна. Үнэхээр харамсалтай байна. Талийгаач дүү Ц.Б нь олон жилийн өмнө сүрьеэгээр өвдөж эмчлүүлж байсан. Ц.Б Н.Ц хоёр албан ёсны гэрлэлийн баталгаатай байх гэр бүл болоод 30 гарна жил болж байгаа. Дундаасаа 2 охинтой. Талийгаач дүү Ц.Б бэр Н.Ц хоёр хоёулаа жолооч аль алин машинаа бариад явж байдаг байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Хоёулаа л явж байгаад ийм асуудалд орсон юм чинь нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 25 дугаар хуудас/,
сэжигтэн Н.Цийн ...Би нөхөр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 8 хэсгийн 1-7 тоотод оршин суудаг. Дархан сумандаа нөхөр бид хоёр хувиараа хэрчсэн гурилын цех ажиллуулдаг юм. Бууз баншны цех болгох гээд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө Дархан-Уул аймгийн Дархан сумаас нөхөр Ц.Бхамт өөрийн эзэмшлийн 16-84 дах улсын дугаартай nissan advan маркийн тээврийн хэрэгсэлтэй Бүгд найрамдах хятад ард улсын Эрээн хотоос нийтийн хоолны тоног төхөөрөмж авахаар явсан юмаа. 2024 оны 09 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед замын үүдэд очиж хоноод маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эрээн хот руу хилээр гараад нийтийн хоолны тоног төхөөрөмжөө аваад ачуулчхаад 15 цагийн үед эрээн хотын хилээр гарч ирсэн. Нөхөр бид хоёр хоёулаа жолооч учраас машинаа ээлжлээд бариад явж байсан. Би Улаанбаатар хотын Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад би нөхрөөсөө машинаа аваад өөрөө бариад явсан талийгаач нөхөр минь миний хажууд урд суудал дээр унтаад явж байсан. Замын дэлгүүрээс кофе ус аваад буцаад суухдаа талийгаач суудлын бүсээ бүслээгүй юм байна би жолоо барьж явсан болохоор суудлын бүсээ зүүчихсэн байсан. Тэгээд машинаа бариад явж байсан чинь үүрээр 04 цагийн үед Баянчандманы нутаг дэвсгэрт явж байтал гэнэт машин замаас гараад шороон дээгүүр явсан замаас гарч байгаа юм байна гэж бодоод жолоогоо зүүн дарсан чинь арай их дарчих шиг болохоор нь буцаагаад баруун дарсан чинь л машин өнхрөөд явчихсан. Замын осол маш хурдан болж өнгөрсөн. Надад бол машин эргэлдээд байх шиг байсан. Машин дээшээ хараад зогсохоор нь бүсээ тайлаад машиныхаа цонхоор гараад нөхрөө хайгаад орилоод дуусан чинь олдохгүй байсан машин дотор нөхөр байхгүй байсан гадаа харанхуй байсан болохоор харагдахгүй байсан замаар явж байсан жолооч зогсоод асаагуурын гэрэл тусгаж байгаад нөхрөө олсон чинь машины цаад талд доошоо хараад хэвтчихсэн дугарахгүй байсан цээж нь дээр нь дараад зүрхийг нь чагнасан чинь зүрх нь сулхан цохилж байх шиг байсан. Тэгээд утсаа олж аваад цагдаа түргэн хүүхдүүддээ хэл хүргэсэн. Ослын улмаас машины эд анги бүгд эвдэрч гэмтсэн тос масло нь гоожчихсон байсан тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх миний нэр дээр байдаг болохоор би тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхгүй. Миний нэр дээр байдаг болохоор би тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхгүй. Нөхөр бид хоёр ажлын байр барьж байсан болохоор адилхан нойр муутай байсан. Зүүрмэглэчихсэн болов уу л гэж бодож байна. Нөхөр бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хоёулаа эрүүл байсан. 16-84 дах улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх миний нэр дээр байдаг юмаа. Би 16-84 дах улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 онд хувийн хэрэгцээндээ 7 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Нөхөр бид хоёр л явж байсан. Замд олон зам тээврийн осолтой таарсан болохоор хурдаа хэтрүүлэхгүй гээд 60-70км цагийн хурдтай л явж байсан байх яг осол болох үед хэдэн км цаг хурдтай явж байснаа мэдэхгүй байна. Замаар явж байсан жолооч цагдаа болон эмнэлэг дуудаж өгсөн. Миний автомашинд хяналтын камер байхгүй ээ. Би 16-84 дах улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2024 оны 01 дүгээр сард оношилгоонд оруулсан. 4 улирлын дугуйтай байсан. 8 сард 4 шинэ дугуй авсан шинэ дугуйтай байсан. Миний тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан. Хөдөлгөөн харьцангуй бага байсан. Би машиныхаа гэрлийг хол дээр нь тавиад явж байсан. Би 2021 онд жолооч болж байсан. Тасралтгүй 3 жил гарна машин жолоодож байна. Миний толгой өвдөөд амьсгаа авахаар цээж хөндүүртэй байна бусдаар бол биеийн байдал гайгүй байна сая тархины томографик хийлгэсэн гайгүй байна гэж хэлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ. Машин барьж явахдаа зүүрмэглэсэн юм болов уу л гэж бодож байна. Нөхөр бид хоёр шинэ ажлын байр барьж байгаа болохоор 4-5 цаг л унтдаг сүүлийн хэдэн хоног нойр дутуу явж байсан болохоор зүүрмэглэсэн байх л гэж бодож байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
яллагдагч Н.Цийн ...Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 80 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Цийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:
...Шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутагт 16-84 ДАХ улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...", 12.3. “... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осолдож зорчигч Ц.Бамь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ариунтуяагийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, мөн өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нийн мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цогцост үзлэг хийсэн 193 дугаартай дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн тухай ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдод гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсан байхаар мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцох өргөдөл, эс үйлдэхүйг тусгайлан заана гэж хуульчилсан. Шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журам буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэмт үйлдлээрээ гэмт хэрэг, ямар нэгэн гэмтэл бэртэл амь насанд хохирол учирч болохыг мэдсээр байж ядарсан үедээ буюу нойр дутуу байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож энэ гэмт үйлдлийн улмаас бусдын амь насанд хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг мөн байна. Иймд гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргаж байна. Дээрх гэмт хэргийн улмаас зорчигч Ц.Бамь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй талаар илэрхийлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Н.Ц нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н:
...Гомдол саналгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг:
...Н.Цийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Н.Ц гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлөө анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ, ар гэрийн өрхийн бизнесээ дэмжих, өрх гэрээ тэжээх зорилгоор бизнесээ бага ч гэсэн өргөжүүлэх зорилгоор Замын-Үүд рүү хэрчсэн гурилын цех нээх зорилготойгоор тоног төхөөрөмж авахаар амь хохирогчийн хамт буюу гэр бүлийн хамт хоёулаа явж, тоног төхөөрөмжөө тусгай карго ачилтын машинд ачуулаад буцаж хоёулаа харих замдаа нэлээн хол замд хоёулаа ээлжилж машин барьж явж байгаад ядарсан үедээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Согтууруулах, мансууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол маш хол замд ар гэрээ тэжээх, амьдралаа дээшлүүлэх зорилготой явсан нөхцөл байдал харагдаж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн амь нас эрсэдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Нийн зүгээс ар гэр нь ямар нөхцөл байдалтай үлдэж байгаа болон бусад хүүхдүүдийн хувийн байдал, өөрийнх нь өрх толгойлж үлдэж байгаа байдал болон нэгэнт эхлүүлсэн бизнесээ цааш авч явах шаардлагатай нөхцөл байдлуудыг харгалзаж түүнээс ямар нэгэн байдлаар хохирол, төлбөр, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй. Түүний хувийн байдал одоогоор Дархан-Уул аймагт 2 охины хамт /17 настай, 2 настай/ болон Ц.Д60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, 6 настай зээгийн хамт тэдгээрийн асран хамгаалж өрх толгойлж, өрхийн бизнесээ эрхэлж амьдардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Ц:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч Н.Цийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нар шүүх хуралдааны явцад маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.
Учир нь шүүгдэгч Н.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Ц дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус зааж өгсөн.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн Хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тухайн бүлэгт хамаарах гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 гэсэн хэсгүүдэд зүйлчлэгдэх ба энэ гэмт хэргийн үндсэн /ердийн/ шинж /бүрэлдэхүүн/ буюу 1 дэх хэсгийн дисдозицед “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор томьёолж өгсөн бөгөөд харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан бол 2 дахь хэсгийн диспосицед заасан хүндрүүлэх, энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бол, мөн согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол 3, 4 дэх хэсгийн диспосицед заасан онц хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.
Тодруулбал шүүгдэгч Н.Цийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутагт 16-84 ДАХ улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...", 12.3. "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осолдож зорчигч Ц.Бамь нас хохирсон нийгэмд аюултай гэм буруутай үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн диспосицийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй ба гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар тогтоогдож байх тул тэдгээрийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Н.Цийн энэхүү Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд үйлдэл, эс үйлдэхүй нь амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Цийг “Авто тээврийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Н.Цийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ч.Бамь нас хохирсон байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Н.Цид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь түүний өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Цийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:
...Шүүгдэгч Н.Цид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутагт 16-84 ДАХ улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...", 12.3. "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осолдож зорчигч Ц.Бамь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан эсхүл хохирол хор уршиг учрах боломжтой байсныг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өөрөө болгоомжгүй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Шүүгдэгч Н.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлын тухайд түүний асаргаанд 30 настай 60 хувийн хөдөлмөр алдалттай түүний төрсөн охин, 17 настай охин, түүний 30 настай хөдөлмөрийн 60 хувь алдалттай охины хүүхэд болох хүүхдүүдийг асран хамгаалдаг өрх толгойлсон эмэгтэй зэрэг хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг:
...Н.Цийн хувьд эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна. Өрхийн бизнесийг эхлүүлэх зорилгоор буюу гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон. Одоогоор Н.Ц өрх толгойлсон эмэгтэй. Өрхийн бизнесийг дэмжих зорилгоор банкнаас 60.000.000 төгрөгийг авсан. Одоогоор энэ зээлийг Н.Цаас өөр төлөх хүн байхгүй. Мөн өөрийнх нь асрамжинд 3 хүн үлдсэн. Гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол хор уршгийн тухайд сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Ц:
...Амьдрал ахуйгаа авч явахын тулд 60.000.000 төгрөгийн зээл авсан. Тэрийг надаас өөр төлөх хүн байхгүй. Би өөрөө айлын ганц. Төрсөн ах, эгч, дүү, хамаатан садан байхгүй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Н.Цид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Н.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Наранчимэгийн Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Наранчимэгийн Н.Цид шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Наранчимэгийн Н.Цид тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Наранчимэгийн Н.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Боржигон овгийн Наранчимэгийн Н.Цийн жолоочийн дугаар үнэмлэхийг зохих газарт шилжүүлэхийг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН