Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/02183

 

 

 

 

  

 

 

 

 

2021 11 15 181/ШШ2021/02183

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Х.Х

хариуцагч:о.к 

1,057,868.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Хнь о.к ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд 1900-1923 тусгай дугаарыг ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээг 2015 онд байгуулсан. Тухайн гэрээ нь 2015-2017 он хүртэл 2 жилийн хугацаатай байгуулагдсан. Нэг жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр нь 500,000 төгрөг, бүртгэлийн гэрчилгээний хураамж 80,000 төгрөг байдаг. Бүртгэлийн гэрчилгээний төлбөр 80,000 төгрөг дээр 2015-2017 оны тусгай дугаарын зөвшөөрлийн төлбөр 1,000,000 төгрөг, нийт 1,080,000 төгрөгийг төлөх байсан. 2016 онд 22,131.15 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,057,068.85 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойш хугацааны бүртгэлийн гэрчилгээ болон гэрээнд байгаа хаягаар удаа дараа нэхэмжлэх хүргүүлж байсан. 2020 оны 10 дугаар сард холбогдох мэдээллийг олж, эвлэрлийн гэрээ байгуулж, төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу төлөх ёстой байсан боловч тухайн компани эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандах нөхцөл байдал үүссэн. Иймд хариуцагч о.к ХХК-иас 1,057,068.85 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гэрээнд зааснаар тухайн компани оршин байрлах хаягаа сольсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүй учраас манайх жил бүр бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хаягаар нь нэхэмжлэх хүргүүлдэг байсан. Нэхэмжлэхийг хариуцагч хүлээн авдаг байсан ч төлбөрөө төлөөгүй. Харилцаа холбооны тухай хууль болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн дагаж мөрдөх журам, бусад хуулиар тухайн зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлт гаргаж байж тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Манайх төлбөрөө төлөхгүй байна гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал гардаггүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд тусгай зөвшөөрөл авснаас хойш тухайн жилдээ төлбөрөө төлөх ёстой, өөрөөр хэлбэл хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн жилийнхээ 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх ёстой. Хариуцагч энэ талаар манайд ямар нэгэн албан бичгээр хандаж байгаагүй. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг байгуулахаас өмнө талууд хоорондоо харьцсан зүйлгүй. Хариуцагч 22,131 төгрөгийн төлбөрийг 2016-2017 онд төлсөн. Одоо нэхэмжилж байгаа шалтгаан нь тусгай зөвшөөрөл авсан о.к ХХК-ийн гэрээнд гарын үсэг зурсан захирал нь Бат-Оргил гэж хүн байсан. Бат-Оргил захирлын дараа Ууганбаяр гэж хүн болсон. Ингээд 2020 оны 12 дугаар сард Бямбажаргал гэж хүн захирал болсон. Удаа дараа удирдлага нь өөрчлөгдсөн. Гэрээнд заасан хаягт өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Тухайн компани нь гэрээндээ Баянзүрх дүүрэг, 14-р хороо гэсэн хаяг бичсэн боловч одоо Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Дөлгөөн нуурын энд үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллагын зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Одоо нэхэмжлэл гаргаж байгаа шалтгаан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүнийг гэрээнд заасан төлбөр гэж үзээгүй. Манайх Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2., 25.1.10.-т заасан үндэслэлээр зохицуулалтын үйлчилгээний хөлс буюу О телевизийг шууд нэвтрүүлэг, лавлах үйлчилгээ эрхлэхэд энэ дугаарыг ашиглах эрхийг олгож байгаа. Эрх олгосны төлбөр буюу тусгай зөвшөөрлийн эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг хамтад нь зохицуулалтын үйлчилгээний хөлс гэдэг. Харилцаа холбооны тухай хуулийн 25.1.10-т зааснаар зохицуулалтын үйлчилгээний хөлсөө нэхэмжилж байгаа учраас энд ердийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж үзэж байгаа. Ердийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д зааснаар 10 жилийн хугацаа гэж үзэж байна. Манай зүгээс жил бүр мэдэгдэж, төлбөрийн нэхэмжлэх хүргүүлж байсан боловч энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Учир нь жил бүр шуудангаар явуулдаг байсан учраас бүртгэгдээгүй асуудал байгаа. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэж байгаа тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Хнь хариуцагч о.к ХХК-д холбогдуулан 1,057,868.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон.

Харин шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09,00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч о.к ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бямбажаргалын 88884500 дугаарын утсанд холбогдон мэдэгдэхэд ойлголоо гэх, мөн шүүх хуралдааны өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар холбогдон шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг тодруулахад ...шүүх хуралдааны товыг мартсан байна, байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэнэ үү... гэх хариуг тус тус өгсөн тул шүүх о.к ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бямбажаргалыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж;

Х.Хболон хариуцагч о.к ХХК нарын хооронд байгуулагдсан 440/R/INQ 340 дугаар Тусгай дугаар ашиглах гэрээ болон гэрээний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, төлбөрийн тооцооны баримт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 202120495 дугаар төлбөрийн нэхэмжлэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулах тухай тогтоол, тогтоолын 1, 2, 3, 4, 5 дугаар хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ти би консалтинг ХХК о.к ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09-10/2020 дугаар Эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн нь бичмэл нотлох баримтын хуулийн шаардлага хангасан байх тул үнэлэв.

Харин о.к ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0003/15/ дугаар Тусгай дугаарын шинээр эзэмших эрх хүсэх тухай албан бичиг нь хуулбар байх тул бичмэл баримтын хуулийн шаардлага хангахгүй гэж үзэн үнэлээгүй.

 

Хариуцагч о.к ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бямбажаргал 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ямар нэг тайлбарыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ зааснаар хариуцагч о.к ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирүүлсэн баримтаас үзэхэд;

Талууд Тусгай дугаар ашиглах гэрээ-г 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд 1900-1923 дугаар бүхий тусгай дугаарыг О телевизийн шууд нэвтрүүлэгт ашиглах зорилгоор байгуулсан ба гэрээнд тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний 1 жилийн хөлсийг жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан төлөхөөр заажээ.

Хариуцагч о.к ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 540,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 540,000 төгрөг нийт 1,057,868.85 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, мөн уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09-10/2020 дугаар эвлэрлийн гэрээ байгуулж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжсэн тайлбар, төлбөрийн тооцооны баримт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 202120495 дугаар төлбөрийн нэхэмжлэл, Ти би консалтинг ХХК о.к ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09-10/2020 дугаар Эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Иймд хариуцагч о.к ХХК-иас 1,057,868.85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороонд олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 29,939 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны хариуцагч о.к ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч о.к ХХК-иас 1,057,868.85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч Х.Хнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 29,939 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******т энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4.-т зааснаар, шүүх хуралдаанд оролцоогүй зохигч болох хариуцагч о.к ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бямбажаргалд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д зааснаар тус тус гардуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ