| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2017/0036/э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-06-12 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогч ***
Хохирогчийн өмгөөлөгч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ийн ***-т холбогдох эрүүгийн *** дугаарын хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, *** эрхэлдэг ажилтай, ам бүл ***, нөхөр гурван хүүхдийн хамт *** хот *** дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хороолол *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогтой ***-ийн *** гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь *** улсын дугаартай *** маркын автомашин жолоодон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед *** аймгийн *** сумын нутаг дэвсгэр *** эмнэлгийн дээд талын эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ засмал замаар уруудаж яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж урд талд нь мотоцикль жолоодож явсан иргэн ***-ийг мөргөж, уг ослын улмаас иргэн *** нь тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2017 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 01 цаг 51 минутад нас барсан, улмаар нэгдсэн эмнэлгийн дээд талын авто машины зогсоолд эгнүүлэн тавьсан ***-ын эзэмшлийн *** улсын дугаартай *** маркын авто машиныг мөргөж 255.000 төгрөгний хохирол учруулсан, ***-ын өмчлөлийн *** улсын дугаартай *** маркын авто машиныг мөргөж 1.866.000 төгрөгний хохирол учруулсан, ***-ын эзэмшлийн *** улсын дугаартай *** маркын авто машиныг мөргөж 452.000 төгрөгний хохирол учруулсан, ***-ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркын авто машиныг мөргөж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан, зогсоолын цаад талд байрлах ***-гийн эзэмшлийн ***-ийг мөргөж 955.000 төгрөгний хохирол учруулсан, талийгаач ***-ийн унаж явсан улсын дугааргүй мотоцикльд 163.000 төгрөгний хохирол тус тус учруулж зам тээврийн осол гаргасан гэмт хэргүүдэд холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ам бүл тавуулаа Улаанбаатар хотоос гарсан. 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед *** аймагт орж ирсэн. Айлд очоод хоол идчихээд орой 8 цагийн үед буудал хайгаад тавуулаа буцаад гараад явсан. Буудал хайж явахаасаа өмнө ачаагаа янзлаад хоёр ширхэг цэнхэр аяга байдаг. Энэ аягаа урд тавиад энэ шампунь хаалганд багтахгүй сандал дээр тавьсан санагдаж байна. Тэгээд буудал хайж явж байгаад тэр гэрлэн дохиогоор зүүн гар тийш эргээд миний урд нэг мотоцикльтой хүн явж байсан. Нилээн явж байгаад тоормоз гишгэсэн чинь хурд саарахгүй байхаар нь хоёр дарсан байнга энэ машиныг унадаггүй жижиг тэрэг унадаг болохоор буруу дараад байгаа юм болов уу гээд хаазан дээр гишгэсэн тэгээд уулзвар дээр хүрч ирээд мотоцикль руу дөхөөд ирэхээр нь жолоогоо хажуу тийш нь дараад хажуу талын урсгал руу ороод тэр машинууд руу очоод мөргөж зогссон. Би мотоцикльтой хүнийг өнгөрөөчихлөө гэж бодсон тэгсэн манай нөхөр, хүүхдүүд буугаад орилолдоод тэгээд эмнэлгээс эмч нар гарч ирж нөгөө хүнийг авч орсон. Эмнэлэг дээр байж байгаад цагдаа нар машин хураана гээд машин авч яваад би цагдаагийн газар руу нөхөртэйгээ хамт очоод цагдаа дээр байцаалт өгч байгаад цагдаагийн хажуу талын буудалруу хүүхдүүдтэйгээ хамт орсон. Цагдаагийн газар өглөө яваад очсон чинь нөгөө хүн чинь урд шөнө өнгөрчихлөө гэж ярьсан. Хохирогчид 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 1-ний аль нэгэнд нь ар гэрийхэн болон ах дүү нартай нь манай нөхөр, дүү нар уулзаад 3 дугаар сарын 2-ны өдөр гаргахаас нь өмнө мөнгө шилжүүлэх хэрэгтэй гээд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 21 хоног нь таарахад 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 5.000.000 төгрөг хийсэн. 6 дугаар сарын 8-ны өдөр 8.000.000 төгрөг, өнөөдөр 12.000.000 төгрөг бэлнээр өгч хохирогчид нийт 32.000.000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгч ***-т 500.000 төгрөг, ***-ын машин нь их эвдрэлтэй байна гээд машинд нь 1.800.000 төгрөгийн үнэлгээ гарсан тэр хүнийг машиныг нь авч 7.500.000 төгрөг, *** машин дотроо байж байгаад хоёр гурван машинд шахагдаад дэлгүүр рүү орсон байсан тэр хүний машины хохирол үнэлгээгээр 3.000.000 төгрөг гарсан 5.000.000 төгрөгөөр prius машин авч өгсөн. 7 хоног эмнэлэгт хэвтсэн 370.000 төгрөг, эмнэлгийн төлбөр 170.000 төгрөг өгсөн. Тэр хүн ravn аваад өгчих гэсэн 1.500.000 төгрөгний үнэтэй байсан хамгийн гол нь тэр хүнийг гэмтээсэн олон хоног эмнэлэгт хэвтсэн тэгээд гайгүй байхаар нь баярласандаа танд prius машин аваад өгье гэсэн чинь баярлаад таксинд явахад ravn машинтай явах хэцүү байдаг гэхээр prius машин авч өгсөн. *** гэдэг хүн хол байж байгаад мотоцикльд цохигдсон байсан хойд талын гэрэл нь хагарсан байсан 100.000 төгрөг өгсөн. *** гэдэг хүнд 1.600.000 төгрөг өгсөн. Нийт 57.750.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Нөхөр, өмгөөлөгчтэйгээ нийлээд *** гуайн санал болгосон мөнгийг төлье гэж хөөцөлдсөн. Эхний үед надад 90.000.000 төгрөг өг гэж нэхэмжилсэн би өөрөө 200.000.000 төгрөгний өртэй хүн 90.000.000 төгрөг аваад явж байна гэж байхгүй байх. Чадлынхаа хэмжээгээр явцын дунд зан үйлийн хугацаанд мөнгийг нь өгөх хэрэгтэй тэрийг нь даах хэрэгтэй гээд зан үйлийн зардлыг нь гаргаж байсан. Сүүлд нь өмгөөлөгчтэйгээ нийлээд шүүхэд ороход хохирлыг нь барагдуулаад энэ хүнээс нэхэмжлэх зүйл алга хөнгөн ял оноож өгнө үү гэсэн бичиг хийлгэж авч болдог гэхээр нь *** ах, *** ах нарыг дуудахад *** ах эмнэлэг дээр байна гэсэн тэгэхээр нь *** ахыг дуудаад бид гурав бичиг бичээд ийм загвартай бичиг байх юм байна. Гэхдээ та өөрөө гараараа бичнэ *** ахтай уулз бичгээ аваачаад үзүүлээд хасч, нэмэх зүйл юу байна гээд явуулсан. Тэгэхэд надад 20.000.000 төгрөг байсан. *** ахтай хувиараа нилээн олон удаа уулзсан. Тэгэхэд та нар хохирлоо барагдуулчих. Та нар хэдэн төгрөг өгөх юм гэсэн. Бид нар 20.000.000 төгрөг өгч чадахаар байна та өмгөөлөгч нь байна *** ахтай нааштай яриад эвлэрүүлээд өг гэж олон удаа *** ахтай уулзсан. Тэгээд надад 8.000.000 сая төгрөг байсан 20.000.000 төгрөг олъё гээд дүү нар руугаа ярьсан машин, ээмэг, бөгжөө бололцоогоороо тавиад тэр бичиг нь болдог юм бол та хийлгээд ав сүүлд нь нөхөн төлөх зүйл болох байх гэж хэлэлцээд 12.000.000 төгрөг гаргаад 20.000.000 төгрөг дансандаа хийчихээд *** ахыг дуудаад ийм бичиг хийлээ таньд болж байна уу *** ах эмнэлэг дээр байгаа гэж байна очоод үзээд нэмэхийг нь нэмээд хасахыг нь хасаад та гараараа бичээд гарын үсэг зураад өг бид нар 20.000.000 төгрөг нэмээд олгоё гээд 20.000.000 төгрөг ямар аргаар олсон талаар дуулгасан. Бид нар хүлээгээд байж байсан чинь өмгөөлөгч нь орж ирээд та нар яахаараа ийм бичиг хийдэг юм. Та нар хүн дарамталж бичүүлсэн гэхээр нь бид нар өөрөө бичнэ нэмэхийг нь нэмээд хасахыг нь хасаад бичнэ гэж хэлсэн гэхэд над руу гичий минь чи дуугай байж бай, чи мэддэг юм уу, чи санаатайгаар хүн алсан гэж над руу дайрсан. Би энэ олон сар энэ их мөнгийг гаргах гэж яаж үйлээ үзэж явж байна. Яваагүй аймаг сум байхгүй. Замын-Үүд, Дорноговь аймаг, Завхан аймаг явсан. Бүх газраар явж мөнгө төгрөг цуглуулж явж байна тэгэхэд та нар чөлөө аваад зүгээр яваад байдаг гэж байна. Би ийм зүйл хийчихээд зүгээр явах уу. Би байнга зүүдэлж байна. Үр хүүхдүүдээ та нар тэгэх ёсгүй гэж хэлэх ч зүрхгүй болсон, хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй байна. Тэгэхэд намайг нэг сайхан амьтан явж байгаа юм шиг чи санаатайгаар хүн алсан гэсэн. Би тэр үед нь тэр хүн рүү дайрсан. Ийм үгийг хуулийн хүнээс сонсчихоод дайрахаас өөр аргагүй байх гэж бодож байна. Таны үр хүүхэд, эх, эцэг чинь та өөрөө ийм зүйл хийж болно. Та хуулийн хүн ийм зүйл хэлж болохгүй гээд *** ах уурласан. *** ах бөөн хэрүүл мандаачихаад гараад явсан. Дараа нь *** ахтай уулзаад данс руу чинь мөнгө хийчихье гэсэн чинь та нар луйвардах гэж байна гэсэн. Бид нар юу гэж луйвардах юм бэ данс руу орсон мөнгө баримт нь байж байна. Энд гаргаж байгаа баримт шиг гаргаад өгнө. Хийхгүй бол та нар хийгээгүй гээд гаргаад ирнэ. Тэгвэл бид нар бэлнээр нь аваад ирье гээд банк руу яваад 20.000.000 төгрөг аваад ирсэн чинь өмгөөлөгч нь шүүх хуралтай гээд явсан байсан. Тэгээд бид нар нотариат ороод бичээд өгье гэхэд яахаараа та нар нотариат ордог юм. Та нар 20.000.000 төгрөг дээрээ нэмээд надад porter авч өг дараа нь миний охинд prius авч өг гэсэн. Би тэгтлээ баян хүн биш үр хүүхдүүдээ тэжээнэ. 3, 4 жилийн ялын өмнөөс үр хүүхдүүдээ тэр чигээр нь өрөнд унагаах хүн биш. Хэрэгтэй бол би тэр шоронд нь ороод сууна биз үр хүүхдүүд минь ялгүй байж байг гэж хэлээд би уурлаад гараад явсан. Үсрээд 4 жил болно биз би тэрэнд нь ороё гэж нөхөртөө уурласан. Нөхөр уйлаад буудал руу очоод юмаа янзлаад байж байсан чинь *** ах залгаад та нар одоо тэр мөнгөө өгөөд тэр бичгийг чинь бичээд өгье гэсэн бид нар тоглоомны хүн юм уу. Өчнөөн мөнгө төгрөгөөр хохирчихоод байж байна. Нөгөө талаас нь харвал бид нар ялгаагүй хохирогч хүмүүс. Бид нар бүгд жолоо барьдаг хүмүүс хэнд нь ч гэсэн ийм зүйл тохиолдоно. Ийм амьдралыг хэзээ ч үзээгүй сонсож байгаагүй өөрөө дотор нь орчихсон явж байна. Үр хүүхдүүддээ ийм зүйл харуулаад яахав, ийм эх байгаад яахав үхье гэж бодож үзсэн. Сүүлдээ би амьдрах ёстой, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх ёстой, залуу хүн нэгэнт ийм зүйл хийсэн үр төлөөсийг нь төлөх ёстой гэж ухамсарлаж байгаа. Замд явж байсан чинь дуудлага орж ирсэн та нар мөнгө төгрөгөө яасан гэхээр нь бид нар ах дүү нараасаа 12.000.000 төгрөг авсан буцаагаад өгсөн. Тэр мөнгийг өгчихөөд дээрээс нь porter, prius нэмж өгчихөөд бид нар энэ их өрнөөс гарч чадахгүй. Тэгээд та намайг санаатайгаар гэж хэлж байна. Та хуулийн хүн хууль яриад бид нарыг хооронд нь эвлэрүүлэх ёстой хүн гэж хэлээд утсаа тасалсан. Элсэн тасархай дээр байж байхад та нар мөнгө төгрөгөө шилжүүлээч гээд дахиад залгаад *** ах эхнэрээ аваад явах гэж байна та нар мөнгө төгрөгөө хийгээч гэсэн. Би танд хэлсэн 12.000.000 төгрөгөө буцаагаад өгсөн. Бид нарт 8.000.000 төгрөг байна тэрийгээ шилжүүлж болохоор байна гэсэн тэрийгээ шилжүүлчих гээд 6 дугаар сарын 8-ны өдөр 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Буцаж ирэхдээ 20.000.000 төгрөг өгсөнөөрөө оръё гэхэд манай нөхөр чи явчихвал яах юм бэ энэ их өрийг ийм хөл гартай би яаж энэ амьдралыг авч явах юм. Хоёулаа мөнгийг нь олж өгье гээд манай нөхөр барилгын машинаа барьцаанд тавьж байгаад 12.000.000 төгрөг аваад *** ахад өгсөн. Одоо нийт 32.000.000 төгрөг өгсөн байна. Надад үнэхээр хэцүү байна үхэхээс наагуур үр хүүхдүүдийнхээ царайг ч харах хэцүү байна. Эндээс дуудлага орж ирэхээр айгаад одоо яах бол гэж боддог. Дүү нар орой болгон ирж тайвшруулаад ийм ламаас асуусан гайгүй байх гээд бүгд чадлаараа явсан. Би ах дүү нартайгаа нийлж цагаан сараа сайхан хийчихээд ирье гээд хүүхдүүд, ээжийгээ дагуулж явж байсан. Ийм зүйл болно гэж бодсонгүй. Сүүлдээ харамсах сэтгэл маш их төрж байна гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагаан сар болох гээд битүүний урд өдөр хүү мотоцикльтой гараад явсан чинь ийм зүйл болсон. Ээж нь цочролоос болоод бие нь өвдөөд болохгүй байгаа. Хүүгийнхээ хойноос ээжийг нь алдалтай нь биш гээд эмчилгээ хийлгэх гээд хөөцөлдөөд явж байна. Энэ хүмүүс миний хүүгийн амь насыг хохироочихоод надтай ярьдаггүй. Тэнд энд ирж уулз гэж хэлдэг. Би хэргийн талаар сайн мэдэхгүй. Мотоцикльтой хүн хол зайнд явж байхад хажууд нь байгаа хүн жолоог нь хоёр тийш мушгиж гар карданыг нь татвал машин зогсдог тийм зүйл байхгүй. Хавтаст хэрэгт тэр талаар байгаа байх. Энэ хохирлыг барагдуулах гэж байна гээд яваад байдаг тийм зүйл байхгүй. Энхцэцэгээс 32.500.000 төгрөг авсан. Хохирол бүрэн төлөгдөөгүй. Нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч *** Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн хүсэлтдээ: *** аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух *** овогтой *** би өөрийн өмчлөлийн *** улсын дугаартай prius маркийн автомашиныг нэгдсэн эмнэлгийн зогсоол дээр тавьсан байхад *** улсын дугаартай land cruiser машинтай *** хотын *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг *** замын хөдөлгөөний дүрэм зөрчин ирж мөргөн эвдэлсний улмаас миний машины урд крылан, хаалга эвдэрсэн хохирол учирсан ба одоо хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул цаашид ***-ээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид хоорондоо харилцан тохиролцоонд хүрч 500.000 төгрөг авсан нь үнэн болно гэжээ.
Иргэний нэхэмжлэгч *** Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн хүсэлтдээ: *** овогтой *** би *** аймгийн *** сумын *** багт оршин суудаг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед ***улсын дугаартай “***” маркын машинаа нэгдсэн эмнэлгийн зогсоолд түр тавиад явсан хойгуур *** хотын *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг *** нь *** маркын *** улсын дугаартай машиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсоолд тавьсан машиныг минь мөргөж гэмтэл хохирол учруулсан. Уг машины хохирлыг үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гаргуулахад 1.800.000 төгрөгийн засвар, үнэлгээ гарсан боловч миний зүгээс засварт орсон машин ашиглах сонирхолгүй байгаа тул иргэн *** надад 7.500.000 төгрөгийг бэлэн өгч уг машиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч худалдаж авсан. Одоо миний хувьд ***-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй болно. Энэ асуудлаар цагдаа, хуулийн байгууллагад гомдол санал гаргахгүй гэдгээ энэхүү хүсэлтээр уламжилж байна гэжээ.
Иргэний нэхэмжлэгч *** Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн хүсэлтдээ: *** аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух *** овогтой *** би 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн гаднах зогсоол дээр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркын машин дотроо сууж байтал *** хотын *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг *** нь *** маркын *** улсын дугаартай машиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж манай машиныг мөргөн осол гаргаснаас миний машин эвдэрсэн. Ослын улмаас миний машин эвдэрч би өөрөө толгойдоо гэмтэл аван эмнэлэгт хэвтэн толгойдоо оёо тавиулж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал 432.000 төгрөгийг *** төлж барагдуулсан. Мөн миний эвдэрсэн машиныг надад бүр үлдээж дээрээс нь надад Улаанбаатар хотоос *** маркын автомашиныг 5.000.000 төгрөгөөр авч өгч нэр дээр минь шилжүүлж өгсөн. Нэгдсэн эмнэлэгт комьпютер оношилгоонд 2 удаа орсон боловч миний биед гэмтэл бэртэл байхгүй гэх дүгнэлт гарсан. Одоо миний зүгээс ***-т эд материал, сэтгэл санаа, эрүүл мэндийн ямарч гомдол санал байхгүй. Дахин цагдаа болон хуулийн байгууллагад гомдол санал гаргах шаардлага байхгүй. Гомдол саналгүй гэдгээ уламжилж байна гэжээ.
Иргэний нэхэмжлэгч *** Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн хүсэлтдээ: *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух *** овогтой *** би 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед нэгдсэн эмнэлгийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “***” маркын автомашинаа тавьсан байж байтал *** хотын *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг *** нь *** маркын *** улсын дугаартай машиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсоол дээр машинуудыг мөргөж зам тээврийн осол аваар хийсэн. Энэ ослын улмаас миний машинд буруу талын хойд гупер, хойд гэрэл, багаажны тагны доод хэсгүүдэд эвдрэл үүссэн боловч *** нь надад учирсан хохирлын үнэ 100.000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан нь үнэн. Одоо надад цагдаа болон хууль хяналтын байгууллаар гомдол санал гаргах шаардлагагүй. Хохирол төлөгдсөн гэж үзэн энэхүү хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Иргэний нэхэмжлэгч *** Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн хүсэлтдээ: *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух *** овогтой *** миний эзэмшлийн нэгдсэн эмнэлэгийн баруун талбайд байрлах “***” дэлгүүрийн Канад хаусын барилгыг *** маркын *** улсын дугаартай машиныг жолоодож явсан *** хотын *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг *** нь авто ослын улмаас мөргөж, тодорхой хэмжээгээр эвдэж гэмтээсэн юм. *** нь эвдсэн эд зүйлийн үнэ болох 1.600.000 төгрөгийг төлж бидний хохирлыг барагдуулсан тул одоо бид цагдаа хуулийн байгууллагаар явах шаардлагагүй гэж үзээд гомдол саналгүй, осол хэргийн улмаас бидний бие болон сэтгэл санаанд хохирол байхгүй гэдгийг уг хүсэлтээр уламжилж байна гэжээ.
Шүүх хуралдаанд Улсын яллагчийн хүсэлтээр: Нэгдүгээр хавтаст хэргээс нэмэлт шинжилгээний хариу, шинжээчийн дүгнэлт /хх-135х/, тухай өдрийн зам тээврийн осол ямар учиртай яаж гарсан 76 ширхэг гэрэл зургийн үзүүлт /хх-7-19х/, хоёрдугаар хавтаст хэргээс шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-17-18х/, яллагдагчийн хоёр дахь удаа дахин байцаасан мэдүүлэг /хх-24х/ зэрэг нотлох баримтыг, Хохирогчийн өмгөөлөгч ***-хийн хүсэлтээр: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-3х/, осол болсон газар дээр хийсэн хэмжилтийн схем /хх-6х/, яллагдагч ***-ийн мэдүүлэг /хх-62-63х/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-95х/, ***-ийн мэдүүлэг /хх-116х/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-118х/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-110х/, “***” компаний хохирол тооцохгүй тухай албан бичиг /хх-178х/, хоёрдугаар хавтаст хэргээс шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-17х/, яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл /хх-24х/, авто машинд хийсэн туршилт /хх-10х/, шинээр гаргаж өгсөн нотлох баримт нь хохирол нэхэмжилсэн зан үйлтэй холбоотой худалдаж авсан зүйлийн баримт байгаа. Нийт дүн 40.540.000 төгрөг болсон байгаа. Талийгаачийн ээжийнх нь эмнэлэгт хэвтэж үзүүлээд 540.000 төгрөг, хот руу эмчилгээнд яв гэсэн бичиг, талийгаач нь айлын ганц хүү байсан ээж нь дахиж үр тээх боломжгүй гэсэн бичиг, ***-ийн хохирол нэхэмжилсэн хүсэлт 32.500.000 төгрөг авсан. Одоо 19.540.000 төгрөг аваагүй үлдсэн нотлох баримт нь байгаа гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3х/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-52х/, 3 дугаар сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, ***-рын ямар нэгэн гомдол санал байхгүй хохирол бүрэн төлж барагдуулсан, 500.000 төгрөг авсан гэсэн бичиг /хх-99х/, нотариатаар батлуулсан хуулбар /хх-98х/, *** гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хохирлоо бүрэн авсан гэсэн хүсэлт, тодорхойлолт өгсөн /хх-104х/ *** гэдэг хүнээс машин шилжүүлж авсан тодорхойлолт, 7.400.000 төгрөг ***-ын хохиролд шилжүүлсэн баримт /хх-108х/, иргэний нэхэмжлэгч ***-ийн нотариатаар батлуулсан хүсэлт /хх-112х/, тээврийн хэрэгсэлт худалдаж авсан нотариатаар батлуулсан гэрээ /хх-113х/, иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатар хүсэлт /хх-118х/, иргэний нэхэмжлэгч ***-гийн гомдол саналгүй гэсэн хүсэлт, 1.600.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-122х/, ***-ээс спирт илрээгүй гэсэн дүгнэлт /хх-129х/, /хх-242х/ Хаан банкны орон сууцны зээлийн гэрээ, 66.500.000 төгрөгний зээлийн эргэн төлөлтийн хувиар 2019 онд төлж дуусахаар байгаа, шугамын зээлийн гэрээ, 100.000.000 төгрөг авсан гэсэн баримт /хх-145х/, хоёрдугаар хавтаст хэргийн материалаас нөхөр ***-ээс нь буяны зан үйлд 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-258х/, ял шалгах хуудас /хх-30х/, хохирогчийн гаргасан хүсэлт, нөхөр нь грүппэд байдаг, бие нь муу гэсэн нотолгооны зүйл, 6 дугаар сарын 8-ны өдөр 8.000.000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь *** улсын дугаартай *** маркын авто машин жолоодон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед *** аймгийн *** сумын нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн дээд талын эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ засмал замаар уруудаж урд талд нь мотоцикль жолоодож явсан иргэн ***-ийг мөргөснөөс нас барсан, улмаар нэгдсэн эмнэлгийн дээд талын авто машины зогсоолд эгнүүлэн тавьсан ***-ын эзэмшлийн *** улсын дугаартай *** маркын авто машиныг мөргөж 255.000 төгрөгний хохирол учруулсан, ***-ын өмчлөлийн *** улсын дугаартай *** маркын авто машиныг мөргөж 1.866.000 төгрөгний хохирол учруулсан, ***-ын эзэмшлийн *** улсын дугаартай *** маркын авто машиныг мөргөж 452.000 төгрөгний хохирол учруулсан, машин дотроо сууж байсан ***-ийн биед тархи доргилт, баруун чамархай, баруун хацар, зүүн чихний дэлбэнд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл буюу гэмтлийн зэргийн хөнгөн гэмтэл болон түүний эзэмшлийн *** улсын дугаартай *** маркын авто машиныг мөргөж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан, зогсоолын цаад талд байрлах ***-гийн эзэмшлийн ТҮЦ-ийг мөргөж 955.000 төгрөгний хохирол учруулсан, талийгаач ***-ийн унаж явсан улсын дугааргүй мотоцикльд 163.000 төгрөгний хохирол тус тус учруулж зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон байна.
Уг ослын улмаас иргэн ***-ийн биед дух, баруун зулай яс, баруун чамархай яс, суурь ясны шугаман хугарал, баруун, зүүн нүдний ухархайд дээд ханын цөмөрсөн хугарал, тархины 2 тал бөмбөлөгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал, зүүн тал бөмбөлөгт зөөлөн бүрхүүл доорхи цусан харвалт, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун уушигны доод дэлбэнд цус хуралт, хамарт шарх, хамрын нуруу, дух, баруун хөмсөг, хамрын үзүүр эрүүний зүүн тал, зүүн мөр, зүүн өвдөг, баруун өвдөгөнд зулгаралт, баруун зүүн дээд зовхи баруун шуунд цус хуралт гэмтэл үүсч, нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан болох нь тогтоогдсон байна.
Уг гэмт хэргийг шүүгдэгч *** Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 3-19 дүгээр хуудсанд байх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, талийгаач ***-ийн гадна бие болон өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 29-46 дугаар хуудсанд байх автомашин болон мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***-ийн “…манай зээ дүү *** утсаар яриад эмнэлэг дээр хүрээд ир. Хүүхэд чинь аваарт орсон муу байна гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг дээр ирэхэд сэхээний тасагт манай хүүхэд байсан. Тэгээд эмнэлэгт ухаангүй байж байгаад нас барсан…” гэсэн мэдүүлэг, гэрч ***-гийн “…айлаас гараад гудмаар буудал хайгаад манай ээж *** улсын дугаартай land cruiser 200 маркийн машиныг унаад явж байхад засмал зам дээр урд талд 1 мотоцикльтой хүн явж харагдсан… Ээж гэнэт хажуу тийшээ дарсан чинь аав тоормозоо дараачээ гэж хэлсэн чинь манай ээж тоормоз болохгүй байна гээд орилж байсан... Осол болсоны дараа бид нар машинаасаа буугаад ирэхэд бид нарын машины ард талд нэг мотоцикль уначихсан, хүн нь мотоциклийн ойролцоо газарт унасан байгаа харагдсан…” гэсэн мэдүүлэг, гэрч ***-ын “…хэрэг гарсан газар очиход эмнэлгийн хаалганы орчим нэг мотоциклийн хажууд нэг хүн газарт хэвтсэн байдалтай орилолдсон, эмнэлгээс 2 эмч гарч ирсэн байсан. Тэгээд байж байхад Land 200 машины хаалгыг нэг таяг барьсан эрэгтэй хүн жолооч талаас хаалгыг нь нээж байхад нь би гар чийдэн тусгаад та машинд хүрч болохгүй гэж хэлэхэд тэр хүн яах ийхийн зуургүй машиныг онгойлгоод шалавчны шал орчмоос нэг савтай зүйл аваад ээ гай ээ гай гэж 2-3 удаа орилоод тухайн зүйлийг машины суудал дээр авч шидэж байсан. Тэрийг дараа нь үзэхэд шахдаг том савтай шампунь байсан. Тэгэхэд тэр хүн хаалганы хавтасанд байсан юм унаад тоормозны доогуур орсон байна ш дээ ээ гай гээд уйлаад байсан…” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***-ын “2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 19 цагийн орчим хөдөөнөөс орж ирээд эмнэлгийн дээд талын хаалганы автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай приус 20 маркын саарал өнгийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьж орхиод хүүхдээ эмнэлэгт үзүүлээд гараад ирсэн чинь land cruiser 200 маркын *** улсын дугаартай автомашин осол гаргасан 3 тооны суудлын машиныг мөргөсөн байдалтай зогсоол дээр байсан…” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***-ын “…2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд эмнэлэгт өвөөгөө эргэх гэж очоод эмнэлгийн баруун талдын автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай машинаа байрлуулж орхиод эмнэлэг орчихоод гараад ирсэн чинь Land 200 маркын машин ирээд зогсоол дээр байсан машинуудыг мөргөсөн байдалтай харагдаж байсан…” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***-ийн “…машин дотроо ганцаараа сууж байсан чинь гэнэт араас машин гарч ирээд мөргөсөн. Машины шил хагарсан байсан болохоор би цонхоороо гарсан. Машинаас буугаад ирэхэд Land 200 автомашин ирээд мөргөөд зогссон, мөн хажууд байсан машинуудыг мөргөсөн байсан…” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***-ын “…өөрийнхөө машины арын хэсэгт эвдрэл үүссэн байсныг мэдсэн. Миний машины эвдрэл гайгүй зөвхөн номер цааш чихэгдэн орж арын гупер хагарсан байсан учраас би машинаа өөрөө авч яваад дараа нь янзалсан…” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Р.Долгормаагийн “…land cruiser 200 маркын автомашинтай хүн тухайн зогсоолд байх машинуудыг мөргөөд манай дэлгүүрийг тухайн зогсоолд байсан такси мөргөж зогссон байсан…” гэсэн мэдүүлэг, 135 дугаар хуудсан дахь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан тухай нотариатаар батлуулсан баримтууд болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт бэхжигдсэн бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд хохирогчийн өмгөөлөгч ***-ийн “…Мөрдөн байцаалтад буцааж хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь тогтоолгох шаардлагатай байна…” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь хэрэг учрал болсон байдал болон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон байх тул эд мөрийн баримтаар хураагдсан аяганы бүтэц шинжлүүлэх, машины хар хайрцаг уншуулах, туршилт дахин хийлгэх, автомашины кардан ямар үүрэгтэй эд анги болохыг тогтоолгох, тухайн үед шүүгдэгч *** мансуурсан эсэхийг тогтоолгох зэрэг нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна. Мөн шүүгдэгч *** нь иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг төлсөн, хохирогч Баянмөнхөд хохиролд 32.500.000 төгрөг төлсөн байх тул түүний хөрөнгийг битүүмжлэх үндэслэлгүй болно.
Хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудаар талийгаач *** нь мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй, хамгаалалтын малгайгүй явж байсан болох нь тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны үед шинжээч томилсон тогтоолыг танилцуулахдаа оролцогч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан эрхийг нь танилцуулаагүй, тэдний эрхийг хангаагүй зөрчил гаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***-Т холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ***-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Шүүгдэгч Б.Энхцэцэгт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч ***-ийн өмгөөлөгч *** нь “…32.500.000 төгрөг авсан. Одоо 19.540.000 төгрөг аваагүй үлдсэн нотлох баримт нь байгаа…” гэж тайлбарлаж байгааг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй байх ба гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх үндэслэл хавтаст хэрэгт бэхжигдээгүй байна.
Харин хохирогч ***-ийн шүүх хуралдаанд оршуулга болон зан үйлд зарцуулсан хохирлын нотлох баримт гэж өгсөн нотлох баримтуудын үнийн дүн нь 34.474.596 төгрөг болж байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл хэн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан нь тодорхойгүй, хэрэг учрал болохоос өмнөх үеийн баримт ирүүлсэн, он сар өдөр засвартай, он, сар, өдөр нь тодорхой бус, талийгаачийн оршуулганы хугацаанаас хойно авсан эд зүйлийн баримт ирүүлсэн, архи зэрэг оршуулгын зан үйлд хэрэглэдэг эсэх нь тодорхойгүй, хамааралгүй зүйлийг худалдан авсан /Чингис, хараа, соёрхол архинууд болон ариун цэврийн хэрэглэл зэрэг/ НӨАТ-ын баримтуудыг ирүүлсэн зэргийг хасч, талийгаачийг оршуулахад болон 21, 49 хоног гэх зэрэг зан үйлтэй холбогдон гарсан зардлыг сар, өдрийн байдлаар тооцоход 13.895.028 төгрөгний нотлох баримтыг шаардлага хангасан нотлох баримт байна гэж шүүх үнэлсэн болно. Шүүгдэгчийн хохирогчид төлсөн 32.500.000 төгрөгнөөс дээрх нотлох баримтын шаардлага хангасан 13.895.028 төгрөгийг хасахад 18.604.972 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байгаа ба хохирогч нийтдээ 40 сая төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэсэн 13.895.028 төгрөгт хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал, талийгаачийн унаж явсан мотоцикльд учирсан эвдрэлийн 163000 төгрөг, шинжээчид төлсөн зардал зэрэг нь багтсан болно.
Энэ хэрэгт шүүдэгч *** цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч ***, *** ***, ***, *** нарын хохирлыг бүрэн төлсөн, хохирогч ***-д 32.500.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***-ийн ***-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-т оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан ***-т оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэг зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг аяга, үс угаагч зэргийг утгаж, CD-ийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Хятад улсад үйлдвэрлэсэн *** маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хохирогч ***-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан ***-ийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлж, цахим үнэмлэх, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт ялтан цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч ***, ***, ***, ***, *** нарын хохирлыг бүрэн төлсөн, хохирогч ***-д 32.500.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан ***-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан ***-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА