Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/55

 

 

 

  

 

 

 

 

 

   2025         02          10                                     2025/ШЦТ/55

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

   улсын яллагч А.Марал /тээврийн прокурор/,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн 7 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2408042920019 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин, засварчин мэргэжилтэй, хувиараа, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ........... овогт Д.М /РД:*******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Баянхошууны автобусны буудлын “**” нэртэй авто угаалга дотор “Toyota Prius” маркийн ***** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглонс. а/ ...согтууруулах үндаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн болох нь:

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай: “...Драйгер хэмжилт- хяналтын төхөөрөмжийн заалт 2.43 хувь согтолттой...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дахь хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 дахь хуудас/,

- Жолоочийн  лавлагаа, мэдээллийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 13-27 дахь хуудас/,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 35-37 дахь хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаа /2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эрхээ хасуулсан/ гэх /хх-ийн 16 дахь хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн орчим Тоёота Приус 20 маркийн **** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь манай угаалгын газарт уг тээврийн хэрэгслийг угаалгахаар орж ирсэн. Угааж байгаач гэж хэлээд машиныхаа түлхүүрийг манай угаагчид үлдээгээд угаалгаас гараад явсан. Тухайн үйлчлүүлэгчийн машиныг угааж дуусаад машиныг нь асаах гэсэн боловч машин асахгүй байсан. Тэгэхээр нь гар утас руу нь залгаж хэлсэн. Тэгсэн нөгөө тээврийн хэрэгслийн жолооч нь асаах хүн аваад очъё гэж утсаар ярьсан. Тэгээд нэг харсан тухайн тээврийн копутыг нэг залуу сөхсөн нөгөө залуу болохоор руль дээрээ суучихсан байж байсан. Машин нь асаад урдаа байсан машиныг мөргөсөн буцаад хойшоо ухрах үйлдэл хийгээд угаалгын газрын ханыг мөргөж зогссон. Тэр залуугаас миний бие машиных түлхүүрийг булааж аваад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсээс цагдаагийн алба хаагч ирж хэргийн газрын хэмжилт хийгээд нөгөө залууг драгер багаж үлээлгэж шалгахад 2,48 хувийн согтолттой байсан. Угаалгын газрыг засварласан зардал болох 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна эдгээр зардлыг өгчих юм ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дахь хуудас/,

 

               - Иргэний нэхэмжлэгч Б.М-ийн “Тээврийн цагдаагийн газарт гаргасан Д.М нь “**” авто угаалгад гаргасан ослын улмаас гарсан хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй” талаар гаргасан хүсэлт /хх-ийн 50 дахь хуудас/,

 

               - Иргэний нэхэмжлэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй авто угаалгын газарт өөрийн эзэмшлийн Dong Fenges маркийн ***** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгах зорилгоор орсон. Тэгээд зогсоолд байрлуулаад ариун цэврийн өрөө орохоор гарсан. Тэгээд удаагүй угаалгын газарт орсон чинь Тоёота Приус маркийн тээврийн машин эхлээд миний араас мөргөөд буцаж ухрах үйлдэл хийгээд угаалгын газрын ханыг мөргөөд зогссон. Угаалгын газрын хүн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэс цагдаагийн алба хаагч ирж хэргийн газрын хэмжил хийгээд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад согтуу байсан тухайн хэд гарсныг мэдэхгүй байна осол гаргасан тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулсан. Уг тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэл учирсан, ард болон урд талын фубер, арын зүүн талын хойд гэрэл, багажийн хаалга, урд талын фуберийн сэтик, арын мэдрэгч зэрэг эвдэрсэн байсан. Тэгээд эвдрэл гэмтлийг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вьетнам засварын газарт 2,000,000 төгрөгөөр засуулж янзлуулсан. Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нь манай нөхрийн данс руу 6,000,000 төгрөгийг 2 хуваагаад өгсөн. Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэж хэлсэн. Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг авчих юм бол цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дахь хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн “Тээврийн цагдаагийн газарт гаргасан **** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөр болох 14,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй” талаар гаргасан хүсэлт /хх-ийн 57 дахь хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дэх хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 59 дэх хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 85-86 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаангүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.М, Ч.О нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, улсын яллагчтай эрүүгийн хариуцлагыг тохиролцсон. Д.М нь өөрийн үйлдлийн эрх зүйн үр дагаврыг ойлгож байгаа. Төр байнга боломж олгодоггүй гэдгийг Д.М ойлгож хохирол хор уршгийг төлж барагдуулсан. Д.М бага бус хэмжээний хохирол нөхөн төлсөн тул дахин энэ төрлийн үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлсэн...” гэв. 

Иймд шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Д.М-д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Д.М нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор 3,500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......... овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР