| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/31 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/31
2025 01 15 2025/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б. Э-т холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 0 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр А аймгийн А суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эцэг, эх, эгч, дүүгийн хамт А аймгийн А сумын 0 дугаар баг, 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдрийн 0000 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн, хэрэг хариуцах чадвартай, АА00000000 регистрийн дугаартай Х овогт Б.Э
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын 2 давхар руу эргэх хэсэгт 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 цаг 50 минутын орчим Toyota Crown маркийн 30-40 ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 1.403 хувийн согтолттой байхдаа жолоодож, зам тээврийн осол гаргасан нь:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
-Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Б.Б-ийн илтгэх хуудас /хх-56/,
-зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-3, 5-8/,
-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-69-70/,
-2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 05 минутад 3040ТӨН тэээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Э-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар хэмжихэд 1.403 хувь спиртийн агууламжтай гарсныг баталгаажуулсан баримт /хх-4/,
-Б.Э-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-16-17/
-Б.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-95-96/,
-гэрч Г.Ц-ийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 22 цаг 05 минутад найз Э-тай хамт Улаанбаатар хот руу явчхаад ирье гээд гэрээс нь очиж аваад Төв аймгаас Дундговь, шинэ нисэхийн уулзвар дээрээс ажлынхаа ахыг тосож аваад өөрийнх нь машинтай, би өөрийнхөө машинтай дагуулаад Улаанбаатар хотын долоон буудлын тэнд хүргэж өгсөн. Тэр ахынд орж цай уугаад гараад би Э-т хоёулаа ер нь бааранд орох уу? гээд 3, 4 дүгээр хорооллын тэнд байдаг Лоунж гэдэг нэртэй бааранд Э-тай хамт орсон. Тэр бааранд Э бид хоёр нэг нэг шил Сэнгүр гэдэг пиво уусан. ...гараад Гандангийн найт клуб ороод 0.5 литрийн Эйдин гэдэг архи авч уусан. Нэмээд 10 шил Сэнгүр пиво аваад бүгдийг ууж баралгүй заримыг үлдээсэн. Яг хэдийг нь уугаад хэдийг үлдээснээ санахгүй байна. Баарнаас гараад юу болсныг санахгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчид үзүүлж байхад л сэргэсэн" гэх мэдүүлэг /хх-12-13/,
-жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгчдэгч Б.Э нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 /нэг/ жилийн хугацаанд хасуулж, эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байх үедээ дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбар, “Эрх хасах: 2024.09.27-2025.09.24, 1 жил, др.1,81, ЗШ-0000 шийдвэрийг үндэслэв” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар нотлогдож байна. /хх-105-110/
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Тээврийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Э нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0000 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулж, эрх хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудлын 2 давхар руу эргэх хэсэгт 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 цаг 50 минутын орчим Toyota Crown маркын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 1.403 хувийн согтолттой байхдаа жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэл болж байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ийн өгсөн: “Би автомашины хохирлоо нэхэмжлэхгүй. …миний найз Б.Э нь намайг ажилд явсан үед миний машиныг унаж дүү нарыг хичээл сургуульд нь хүргэж өгдөг. Би өөрийн автомашиныг жолоодох эрхийг олгосон" гэх мэдүүлэг /хх-78/,
Иргэний нэхэмжлэгч “Төв АЗЗА” ТӨХК-ийн төлөөлөгч Г.М-ийн өгсөн: “...манай байгууллагын засвар үйлчилгээ хариуцсан нутаг дэвсгэрт байрлах хайс хашлагыг 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эвдэж сүйтгэсэн талаар бидэнд мэдэгдсэн. ...эвдэрсэн хайс хашлагыг үнэлүүлсэн. Хохирлын 250,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-103/,
-“Төв АЗЗА” ТӨХК-д 250,000 төгрөгийг хохирол учирсан гэх Хөрөнгийн үнэлгээний “Хас” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлан /хх-44-52/,
-2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Б.Э-аас хашлагын үнэ” гэх утгатай 250,000 төгрөгийг “Төв АЗЗА” ТӨХК-ийн няравт тушаасан орлогын ордерын тасалбар /хх-119 дүгээр тал/
-хохирлын тооцоо нийлсэн баримт /хх-112/ зэргээр шүүгдэгч Б.Э нь хохирол төлбөрийг барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 0000, 0000 дугаартай дүгнэлтүүд нь шүүгчдэгч М.Э-т хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна. /хх-21, 23-24, 28-30, 28-31/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН