Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00080

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00080

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй,Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-09 тоотод оршин суух Бөө овогт Бямбын Б /РВ-................/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1143 дугаарын үнэмлэхтэй, Байчууд овогт Намрсайн Б/РЕ-87071262/,

Хариуцагч: Дулаан мөрөн ХХК-ийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 28 дугаар байрны 03 тоотод оршин суух Боржигон овогт Бадгаагийн Б /РЮ-................./-т холбогдох,

Торхны үнэ, алданга нийт 11.250.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах, хариуцагчийн 6.920.000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэчимэг нь хариуцагч Бт 8х10 хэмжээтэй орон нутгийн гоожинтой торхыг 7.500.000 төгрөгөөр үнэ тохирсон зээлээр худалдаж 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан юм. Гэрээнд заасан хугацаанд Б нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд торхны үнэ болох 7.500.000 төгрөгийг 0,5%-иар хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцохоор болсон. Гэвч гэрээний хугацаа дуусахад болон түүнээс хойш Б мөнгөө өгөөгүй учир түүнээс торхны үнийг авахаар удаа дараа шаардсан боловч хүнээс мөнгө авч байгаад өгнө гэх мэтээр худал ярьж өнөөдрийг хүрлээ. Бидний хооронд бий болсон асуудлыг аль болох шүүхээр гадуур эв зүйгээр шийдвэрлэхээр эрмэлзсэн боловч сүүлдээ утсаа авахгүй, уулзахгүй зугтах болсон. Гэрээнд заасан хугацаа хэтрээд жил гаран хугацаа буюу 465 хоног болсон тул хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцоход үндсэн үүргийн 50%-иас хэтэрч байгаа учир 7.500.000 төгрөгийн 50% болох 3,750,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд торхны үнэ 7.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны үед санагдаж байна би иргэн Бын гуйлтаар өөрт байсан 8*10 харьцаатай 58 ширхэг модтой торхыг 7.500.000 төгрөгөөр харилцан тохиролцож зарсан. 2015 оны 7 дугаар сарын 15-ны уг мөнгийг нь өгөхөөр гэрээ байгуулсан боловч Б нь боломжгүй байна хэсэг хүлээгээч гэж хэлсээр 2016 оны 2 сар гарсан.Ингээд өгөхгүй сүүлдээ утсаа авахгүй олдохгүй болохоор нь шүүхэд өгөхөд Б надтай ирж уулзаад шүүхээс нэхэмжлэлээ авчих мөнгийг чинь 2016-5-01-н гэхэд гээд байхлаар нь тухайн үед Быг бодоод нэхэмжлэлээ буцааж авсан. 2016 оны 6 сар гараад дахин уулзахад мөнгө өгөх боломжгүй торхыг чинь улс хураагаад авчихсан гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй биднийг хохироож байна.

Иймд Б.Баас торны үндсэн үнэ 7.500.000, хугацаа хэтрүүлсний алданги 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөгийг гаргуулж өгнө гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр харилцан тохиролцож 7.500.000 төгрөгт бодож 8*10 хэмжээтэй 54 ширхэг модтой торх худалдаж авсан нь үнэн. Тэрнээс гэрээнд зааснаар бэлэн мөнгө зээлж аваагүй, гэрээг Бын эхнэр Эрдэнэчимэгтэй хийсэн ба торхны үнийг 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн юм. Б нь тухайн үед надад гарал үүслийн бичиг өгөөгүй, уг модыг би Улаанбаатар хот руу ачиж тээвэрлэж яваад хууль бусаар мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр хураалгасан. Надад хэлэхдээ чи ачаад явж бай ардаас чинь гарал үүслийн бичиг өгнө гэж хэлчхээд өгөөгүй. Уг модноос болж би маш их хохирсон машинаа журмын хашаанд хийлгэж, мөн торгуулийн төлбөр, өмгөөлөгч авсны хөлс гэх мэт зардал надаас гарсан ба хураалгасан модоо одоо ч би авч чадахгүй байгаа юм.

Иймд тухайн үед надад бичиг баримтгүй мод өгсөн тул төлөх боломжгүй гэж бодож байгаа гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд бид хоёр хоёулаа буруутай гэж үзэж байгаа тул УБ хот ачиж яваад хураалгахад гарсан зардал нэхэмжлэж байгаа.Үүнд: 1/ Өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг, 2/ олох байсан орлого 5 сая төгрөг, 3/ журмын хашааны төлбөр 270.000 төгрөг, шатахууны зардалд 650.000 төгрөг, нийт 6.920.000 төгрөгийг нэхэмжлэл гаргаад байгаа Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Эшүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие Эрдэнэчимэг нь тус шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б нь манай нөхөр Бас 27 ширхэг мод худалдан авсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Гэвч үнэндээ 8x10 хэмжээтэй торхыг 3 сарын дараа мөнгийг нь өгнө гэж зээлээр худалдаж авсан. Өөрөөр хэлбэл ийм хэмжээтэй торхонд 27 ширхэг мод ордоггүй юм. Манайхаас авсан торхонд 58 ширхэг мод орсон. Б хэдий мод хураалгасан байлаа ч энэ нь яг манай нөхрөөс авсан торхны мод мөн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Түүнчлэн Эрдэнэчимэгийн нөхөр Тулгаас худалдаж авсан гэх мөртлөө намайг хариуцагчаар татсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гоожин болон гарал үүслийн бичиггүй мод өгснөөс болж Улаанбаатар хот руу орохдоо баригдаж цагдаагийн байгууллагад шалгагдаж хохирсон гэж байгаа боловч тухайн үед уг торхыг орон нутгийн гоожинг нь дагалдуулан түүнд өгсөн бөгөөд Улаанбатар хот руу ачих гэж байгааг нь бид мэдээгүй. Ачаад яв гэж хэн ч хэлээгүй байхад өөрийн буруутай үйлдлээс учирсан хохирлыг надаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлд дурдсан зардлууд нь хэн нэгний буруутай үйлдэл: эс үйлдэхүйгээс бус сөрөг нэхэмжлэл гаргагч Бын өөрийнх нь 100% буруутай үйлдэл ашиг хонжоо олох гэсэн сэдэл зорилгоос нь болж гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Урьд өмнө нь би шүүхэд 2016 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргахад Б нь нэхэмжлэлээ татаад авчхаач би 5 дугаар сарын 01 гэхэд мөнгийг чинь өгчихнө гэж гуйгаад би түүнд боломж олгох үүднээс нэхэмжлэлээ татан авч байсан. Гэвч хэлсэн амандаа хүрэхгүй удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргуулж бидэнд хүндрэл учруулж байна.

Иймд надад холбогдуулан гаргасан 6.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би ойлгохгүй байна. Яагаад сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг. Тухайн үед модонд орон нутгийн гоожин, хяналтын хуудас гэж л өгдөг байсан. Харин УБ явахад гарал үүсэл авдаг байсан байх би Бтай торны наймаа хийсэн болохоос биш УБ хот ачиж яваад хүн өг гэж хэлээгүй ямар учраас худлаа яриад байгаа юм.

Иймд хүнтэй наймаа хийчхээд мөнгөө авч чадахгүй байж, харин бараг 7 сая төгрөг ямар учраас өгөх гээд байгааг сайн ойлгохгүй байгаа тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Энь хариуцагч Бторхны үнэ 7.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч Б.Бын нэхэмжлэгч Эээс 6,920.000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

- Нэхэмжлэгч Эийн торхны үнэ 7.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн нэг тал нь торх худалдах, нөгөө тал нь худалдан авах талаар хэлэлцэн тохиролцож зээлийн гэрээ гэж нэрлэн зааж гэрээгээ байгуулсан байх хэдий ч хуульд зээлийн гэрээний хэлбэр нь бичгээр байгуулсан байхыг шаардаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хуулбар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульд заасан ба уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Шүүх нэгэнт уг гэрээг нотлох баримтанд үнэлээгүй тул нэхэмжлэгч нь хуульд заасан хүү, алданги авах эрхээ алдаж байна.

Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй. Учир нь: Уг гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулах талаар хуулийн зохицуулалт байхгүй байх тул зохигчдын хооронд харилцан тохиролцож худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн байна гэж үзлээ.Тухайлбал:

Иргэний хуульд нэг талын хүсэл зоригийг илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ, мөн хуульд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж хуульд заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: ....2015 оны 04 дүгээр сарын 10-ны үед санагдаж байна би иргэн Бын гуйлтаар өөрт байсан 8*10 харьцаатай 58 ширхэг модтой торхыг 7.500.000 төгрөгөөр харилцан тохиролцож зарсан.... гэх,

Хариуцагч Б.Бын: ....бид хоёр харилцан тохиролцож 7.500.000 төгрөгөнд бодож 8*10 хэмжээтэй 54 ширхэг модтой торх худалдаж авсан нь үнэн.... гэж тайлбар, мэдүүлэг шүүхэд өгч байгаагаас дүгнэхэд тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн байх ба торхны үнэ, хэмжээ, тоо ширхэг дээр маргахгүй, зохигчид нь тодорхой үйлдэл хийж тухайн эд хөрөнгийг худалдан авагч нь хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Б.Б нь: ....тухайн үед надад бичиг баримтгүй мод өгсөн тул төлөх боломжгүй гэж бодож байгаа.... гэх мэдүүлэг өгч байх боловч, түүний шүүхэд гаргаж өгсөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт зэргээр түүнийг худалдах-худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, 11.250.000 төгрөг-ийг төлөхгүй гэдгээ нотлож чадахгүй байна.

Иймд хариуцагч Б.Баас торхны үнэ 7.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу алданги 3.750.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

- Хариуцагч Б.Бын 6,920.000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.Б: ....УБ хот ачиж яваад хураалгахад гарсан зардал нэхэмжлэж байгаа.Үүнд: 1/ Өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг, 2/ олох байсан орлого 5 сая төгрөг, 3/ журмын хашааны төлбөр 270.000 төгрөг, шатахууны зардалд 650.000 төгрөг, нийт 6.920.000 төгрөгийг нэхэмжлэл гаргаад байгааг гаргуулж өгнө үү.... гэх,

Нэхэмжлэгч Э: ....нэхэмжлэлд дурдсан зардлууд нь хэн нэгний буруутай үйлдэл: эс үйлдэхүйгээс бус сөрөг нэхэмжлэл гаргагч Бын өөрийнх нь 100% буруутай үйлдэл ашиг хонжоо олох гэсэн сэдэл зорилгоос нь болж гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Урьд өмнө нь би шүүхэд 2016 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргахад Б нь нэхэмжлэлээ татаад авчхаач би 5 дугаар сарын 01 гэхэд мөнгийг чинь өгчихнө гэж гуйгаад би түүнд боломж олгох үүднээс нэхэмжлэлээ татан авч байсан. Гэвч хэлсэн амандаа хүрэхгүй удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргуулж бидэнд хүндрэл учруулж байна. Иймд надад холбогдуулан гаргасан 6.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.... гэх тайлбар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: ....хүнтэй наймаа хийчхээд мөнгөө авч чадахгүй байж, харин дээр нь бараг 7 сая төгрөг ямар учраас өгөх гээд байгааг сайн ойлгохгүй байгаа тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэж зохигчид нь сөрөг нэхэмжлэлийн талаар маргаж байна.

Хуульд эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: ....Бын гуйлтаар өөрт байсан 8*10 харьцаатай 58 ширхэг модтой торхыг 7.500.000 төгрөгөөр харилцан тохиролцож зарсан. 2015 оны 7 дугаар сарын 15-ны уг мөнгийг нь өгөхөөр гэрээ байгуулсан боловч Б нь боломжгүй байна хэсэг хүлээгээч гэж хэлсээр 2016 оны 2 сар гарсан.... гэх мэдүүлэг, хариуцагч Б.Бын: ....бид хоёр харилцан тохиролцож 7.500.000 төгрөгт бодож 8*10 хэмжээтэй 54 ширхэг модтой торх худалдаж авсан нь үнэн.... гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг эд хөрөнгийн эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн байна гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй ба сөрөг нэхэмжлэлд 6.920.000 төгрөг-ийг гаргуулна гэдгээ нотлож чадахгүй байна.

Мөн ....баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор.... гэж эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргахаар хуульд заасан байна. Гэвч худалдан авагч буюу хариуцагч Б.Б нь эд хөрөнгийн доголдлын талаар холбогдох газарт нь гомдлоо гаргаагүй, гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна.

Иймд хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 6.920.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Эийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Баас 7.500.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 134.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар хариуцагч Б.Баас торхны үнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хариуцагч Б.Бын 6.920.000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194.950 /нэг зуун ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 134.950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эт олгосугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ