Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/49

 

                    

 

 

 

  

     2025      01         27                                           2025/ШЦТ/49

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Халиун,  

Шүүгдэгч Ө.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 0000000000 дугаартай /0 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б овогт Ө.Б,  0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр А аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, аав, ахын хамт А аймгийн А сумын 0 дүгээр баг, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, АА00000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20 хоног баривчлах шийтгэл хүлээсэн,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгчдэгч Ө.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота чезэр маркын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /4.25 хувь/ үедээ жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ө.Б нь Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 4.25 хувийн согтолттойгоор Тоёота чезэр маркын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-“Шүүгдэгч Ө.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг

-Ө.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2024  оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед танил ах болох С-с өөрийнх нь эзэмшлийн би 94-15 ТӨВ улсын дугаартай Тоёота чесэр маркын тээврийн хэрэгслийг нь түр авсан юм. Тэгээд 14 цагийн үед Сэргэлэн сумын төв дээр 100 жилийн ойн баярын талбайд 3 хул айраг уусан. Уусныхаа дараа би машиныг нь аваачиж өгөх гээд хөдөлж байтал 1 танил маань Баянхошуунд хүрээд ир пиво ууя гэхээр нь очтол 2 ширхэг том пиво гаргаж ирсэн бөгөөд тэндээ Б, Ц гэх танилуудтайгаа машин дотор хувааж уусан. Тэгээд дахиж пиво авах гээд би 0000 улсын дугаартай Тоёота чесэр маркын тээврийн хэрэгслийг жолоодож 2 танилыгаа үлдээгээд Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж 5 дугаар багийн Ар-Урт нэртэй хүнсний дэлгүүр дээр ирээд 1 ширхэг том пиво авсан. 15 цагийн үед дэлгүүрийн гаднаас дөнгөж хөдлөөд асфальтан замруу орох гээд машиныхаа урд хэсгээ замруу оруултал зам дээр чигээрээ явж байсан нэг приус 30 маркын тээврийн хэрэгсэл ирээд тулж зогссон. Тэгээд тухайн машины жолооч цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-32/,

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

-2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 13 минутад 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Б-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар хэмжихэд 4.25 хувь спиртийн агууламжтай гарсныг шалгасан тэмдэглэл /хх-7 дугаар хуудасны ар тал/,

эрч Г.Э-ы өгсөн: “...0000 улсын дугаартай Тоёота чэзер маркын тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2024 оны 5 дугаар сарын дундуур танилдаа зарсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-19-20/,

эрч С.С-ын өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр танил дүү Ө.Б нь ахаа та машинаа өгөөч гэхээр түр өгсөн байсан. Би Ө.Б-ыг жолооны эрхээ хасуулсан эсэхийг нь мэдэхгүй байсан. Цагдаа зогсоож шалгасан чинь жолооны эрхээ хасуулсан үедээ дахин согтуу миний машиныг барьж явсан байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-21/,

-“Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Ө.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэвэр /хх-59-53/,

-Шүүгдэгч Ө.Б-ын “Эрх хасах: 2024.06.20-2025.06.20, 1 жил, др.4.09, ЗШ-000 шийтгэврээр” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт /хх-37/

-Шүүгдэгч Ө.Б-ын иргэний үнэмлэхний болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас /хх-38-42/ зэрэг нотлох баримт болно.  

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ө.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Ө.Б нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 15 цаг 10 минутын орчим Тоёота чезэр маркын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 4.25 хувийн согтолттой байхдаа жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Ө.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Иймд шүүгдэгч Ө.Б энэ тогтоолоорр бусдад төлөх төлбөргүй,  түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.Халиун эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон 3 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаал хураагдсан зүйлгүй...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х: “...гэм буруутайд тооцсон учраас шүүхээс оноосон ял шийтгэлийг заавал биелүүлэх ёстой. Ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчид тохирсон ялыг сонгох нь зүйтэй гэж харж байна. Барилга дээр ажилдаг учраас торгуулийн ялыг 3 сар барилга дээр ажил хийгээд төлчихнө. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэв.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл... хориглохыг эрх хасах ял гэнэ”,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ө.Б-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйлийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сар /нийт 18 сар/-ын хугацаагаар хасаж, 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 24 цагийг хасч, үлдсэн 476 /дөрвөн зуун далан зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг эдлүүлэхээр тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн хугацааны 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон 3 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овогт Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил 6 сар /нийт 18 сар/-ын хугацаагаар хасаж, 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ын энэ хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл  цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 24 цагийг хасаж, нийт 476 цагийн нийтэд тустай ажил хийлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоохыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Б-д сануулсугай.

6.Эрүүгийн 00000000000 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Б энэ хэрэгтээ 3 /гурав/ хоног цагдан хоригдсоныг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН