Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0653/З |
Дугаар | 128/ШШ2022/0767 |
Огноо | 2022-10-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2022/0767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн H******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.А****, Ц.****
Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М*****, Б.Э*****
Маргааны төрөл: H*****-ийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*****, Ц.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*****, Б.Э*****, гэрч Э.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч H*****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А****-с тус шүүхэд Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан “Гадаадын иргэн, харьяатын газрын Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн H*****-ийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах, хилээр нэвтрэх визийн зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн H******, Ch***** нар хамтран “К*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9019055*** дугаар гэрчилгээг авч, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байжээ.
Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн H******, Ch****** нарыг оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн гэж 2017 оны 19-170757 дугаар шийтгэлийн хуудсаар 250,000 төгрөгөөр, H*******-ийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 70,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж байжээ.
3. Нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр оршин суух үнэмлэхийн хугацааг сунгах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Гадаадын иргэн, харьяатын газрын мэргэжилтэн Б.М***** 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчтэй ярилцлага хийж, улмаар тус өдрөө нэхэмжлэгчийн оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн байна.
Улмаар Гадаадын иргэн, харьяатын газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн УБ06/001-009 дүгээр гарах сануулгыг нэхэмжлэгчид өгсөн байна.
4. Дээрх сануулгыг эс зөвшөөрч гомдол гаргахад Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 04/1142 дугаар албан бичгээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг тайлбарлах үүрэг хүлээхгүй гэх хариуг хүргүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“БНСУ-ын иргэн Х******** нь 2010 онд Монгол Улсад 100,000 ам.доллларын хөрөнгө оруулалт хийн гадаадын хөрөнгө оруулалттай “К******" ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын “Э*****” телевиз болон БНСУ-ын MBC телевиз хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын MCN, SBN телевизийн уран бүтээлчдийг сургахад хүчин зүтгэл гаргаж ажиллаж ирсэн. 2022 оны 05 дугаар сараас Монгол Улсын "Аялал жуулчлалын төв" ТӨҮГ-тай хамтран БНСУ-ын радио телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулах Монгол орныг сурталчлах контент хамтран бүтээхээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ нь БНСУ-ын жуулчдын урсгалыг Монгол Улс руу татахын тулд 2022 оны 06 дугаар сарын 01-ээс визгүй зорчих боломж олгох зэргээр Монгол Улсын Засгийн Газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, идэвхжүүлэхийн тулд хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хийгдэх ажил боловч одоо хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.
Х******** нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газарт хандан Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргаж, холбогдох баримтыг бүрдүүлэн өгсөн боловч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ярилцлагад дуудаж, нэмэлт материал бүрдүүлэн авч ирэхийг шаардсан атлаа материалаа бүрдүүлж явах үед тухайн өдрөө нэг эмэгтэй ажилтан утсаар холбогдож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай утсаар мэдэгдсэн байна.
2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингис гэдэг ажилтан утсаар холбогдсоны дагуу очиж уулзахад Монгол Улсаас сайн дураар гарахыг сануулсан мэдэгдэлд гарын үсэг зурахыг шаардаж, Монгол улсад оршин суух үнэмлэхийг нь хураан авсан бөгөөд Х******* гарын үсэг зурахаас татгалзахад тэмдэглэл үйлдэн өөрөө гарын үсэг зурж, "Монгол Улсаас сайн дураар гарах 10 хоногийн хугацаа байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор гарах хэрэгтэй" гэж мэдэгдсэн тул Х******* нь арга буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн онгоцны тийз худалдан авч Монгол Улсаас гарсан.
Эдийн засаг, Хөгжлийн яамнаас коронавируст цар тахлын улмаас эдийн засагт. баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч нарт учирсан хүндрэлийг ойлгож, гадаадын хөрөнгө оруулагч нарын Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, хугацаа сунгахад хүндрэл учруулахгүй байхаар Гадаадын иргэн, харьяатын газартай хэлэлцэн шийдвэрлэсэн гэх боловч хариуцагч байгууллага нь хөрөнгө оруулагч Х****-ний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэл, шалтгааны талаар ямар ч тайлбар хэлээгүй, мэдэгдлийг бичгээр хүргүүлээгүй, гардуулаагүй байна.
Энэ үед тус газрын дарга Н.У******* нь гадаадад томилолтоор яваад эзгүй байсан бөгөөд Х***** нь оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсанд, мән татгалзах шийдвэрийн үндэслэл, шалтгаан тодорхой бус байгаад гомдолтой байсан тул шууд харъяалах албан тушаалтан болох Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.У******-т гомдол гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч тус газрын Визийн зөвшөөрлийн газрын дарга Д.А*******-ын 04/1142 дугаар бүхий албан бичгээр өгсөн хариуг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүлээн аваад эс хүлээн зөвшөөрч, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Гадаадын иргэн, харъяатын газрын Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр нь БНСУ-ын иргэн Х******-ний Монгол Улсад оршин суух, хөрөнгө оруулагчаар үргэлжлүүлэн ажиллах эрхийг зөрчиж байх бөгөөд оршин суух зөвшөөрлийг сунгуулах шийдвэр гаргуулснаар хөрөнгө оруулагчийн хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах, оршин суух эрх сэргэнэ гэж үзэж байна.
Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын БНСУ-ын иргэн Х*****-ний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах мөн хилээр нэвтрэх визийн зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан шалгуурыг хангаагүй гэдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль анх 2002 онд батлагдсан. Анх батлагдахдаа 10,000 доллар байсан. 2008 онд 40,000 доллар байсан бол мөн онд 100,000 америк доллар болсон. 100,000 америк доллар нь нийт тухайн аж ахуй нэгжид хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ байна гэж заасан. Гэтэл 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн хөрөнгө оруулалтын хэмжээ 100,000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээтэй байхаар зохицуулалт орсон. Үүний үндсэн дээр C****** болон H******* нар нь хоёулаа 100,000 мянган америк долларын хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэдэг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж тухайн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөхөөр батлагдсан байдаг.
Өөрөөр хэлбэл тухайн шаардлага хуульд заасны дагуу тухайн өдрөөс хөрөнгө оруулагчид тавигдах шаардлага юм. Үүнтэй холбоотой голлосон маргаанууд байдаг. Нэгдсэн дүгнэлтэд хүрсэн зүйл нь хууль нэгэнт буцаж үйлчлэхгүйгээр заасан учраас тухайн үедээ хуулийн шаардлагыг хангаж хөрөнгө оруулчихсан этгээдээс 100,000 америк доллар олгохыг шаардах нь өөрөө хуульд нийцэхгүй гэсэн байдлаар, 10,000 америк доллар, 30,000 америк долларын хөрөнгө оруулсан олон аж ахуй нэгжүүд байгаа. Хууль нэгэнт буцаж үйлчлэхгүй учраас 2010 онд нотлох баримт шинжлэн судлахад судлуулсан 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулах шийдвэр гаргах үедээ тухайн үеийн хуульд заасан шаардлагыг хангаж байгуулсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд нь Эдийн засаг хөгжлийн яам болохоос Гадаадын иргэн харьяатын газар биш. Эдийн засаг хөгжлийн яам ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байгаа учраас визний оршин суух хүсэлтийг сунгаж өгөөч гээд хүсэлт гаргаад явуулчихсан байдаг. Хүн тус бүр 100,000 америк доллар байх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн хэрэв тийм байсан бол яагаад H****** дээр 100,000 америк доллар яригдаад Ch***** гэдэг хүн дээр буюу 20 хувийг нь эзэмшиж байгаа этгээдэд яагаад 100,000 америк долларын шаардлага тавигдахгүй байгаа юм бэ. Шаардлагыг өөрсдийн дур зоргоороо тайлбарлаж байна.
Дараагийн үндэслэл болох дөрвөн удаагийн торгуулийн арга хэмжээ авагдсан талаар тайлбарлахад, энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэрэгт хоёр л зөрчлийн арга хэмжээний баримт байдаг. Архивын албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Төрийн архивын сан хөмрөгийн байнга хадгалах баримтыг байгууллагын архивт хадгалах хугацаа”–г заасан байдаг. Үүнд 8-40 жил хүртэлх хугацааг заасан байна. 2013 он болон 2014 онд гарсан зөрчилтэй холбоотой нотлох баримт авагдаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр энэ талаарх баримт нь байсан юм бол яагаад гаргаж өгөөгүй юм бэ. Устгачихсан гэдэг зүйл нь хуульд заасан шаардлагатай нийцэхгүй байна. 2017 оны зөрчлийн хувьд албан бичиг дээрээ тодорхой тайлбарласан. Үүнтэй холбоотой арга хэмжээ авагдаад явсан. 2018 оны зөрчлийн тухайд надад ямар нэг тайлбарыг хэлээгүй. Тодруулахад тухайн үед нөхцөл байдлаа тайлбарлаад явсан гэж хэлж байсан. Оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш зөрчсөн гэдэг нь нийт хугацаанд хамаарах юм уу, эсвэл оршин суух зөвшөөрлийг сунгах хугацаанд хамаарах эсэхийг өөрөөр тайлбарлаад байна. Өмнөх асуудлыг нэгэнт 2017, 2018 онд шалгаад, зөрчлийг арилгуулаад, зөрчилгүй гэж үзсэний үндсэн дээр 2019-2022 оны хүртэл сунгаад явчихсан. Үүнийгээ ч хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч байна. Мөн оршин суух үнэмлэхийн хугацаагаар ч тогтоогдож байна. Тэгвэл өнөөдөр яагаад 2022 онд гэнэт энэ баримтыг гаргаж ирээд дөрвөн удаа оршин суух зөвшөөрөл зөрчсөн учраас татгалзаж байна гэдэг тайлбарыг хэлээд байгаа юм бэ. Аль хэдийн эрх зүйн үйлчлэл нь дуусчихсан, үүнтэй холбоотой арга хэмжээ авагдчихсан. Ингээд зөрчилгүй болсон гэж үзсэн учраас сунгаж явсан гэж үзэж байна. Гэтэл энэ хугацаагаар, зөрчил анх үүссэн өдрөөс буюу 2013 оноос эхлэн тооцож нь байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт байхгүй болох гээд байна. Иймд дөрвөн удаагийн торгууль авагдсан гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гурав дахь буюу гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмаар ажлын байраар хангаагүй, монгол ажилтан байгаа эсэх асуудлыг удаа дараа тавьж байна. Цар тахлын улмаас хүн ажиллуулах боломжгүй байсан гэдгээ тайлбарласан. Өмнө нь та бүхэн миний ойлголтоор монгол ажилчид байсан учраас сунгаад явсан байх гэж бодож байна. 2022 оны хувьд монгол ажилтан байхгүй байсан учраас 2021-2022 оны хооронд монгол ажилтан байхгүй байсан учраас сунгах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан юм болов уу гэж ойлгож байна. Корона вирус цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалттай ч биш монголын аж ахуйн нэгжүүд ч хүн ажиллуулахад хэцүү байсан. Энэ хууль маань өөрөө 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой гэж үзэж байна. Мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй нэг шалтгаан нь монгол иргэнийг ажлаар хангаагүй гэдэг үндэслэл нь өөрөө 27 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“1/ БНСУ-ын иргэн H***** нь 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Монгол Улсад хөрөнгө оруулагч Т1 /шинэ журмаар В1/ ангиллын оршин суух зөвшөөрөлтэй байсан. Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.1.1.1 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн оршин суух үнэмлэхийг В1" гэж кодлохоор зохицуулжээ.
Манай байгууллага нь оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг цахимаар болон бичгээр авч хянан шийдвэрлэдэг. Х***** нь 13 удаагийн сунгалтын хүсэлт ирүүлж оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулж ирсэн. Тус иргэн нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг “К******” ХХК-ийн нэр дээр бичгээр гаргажээ. Х*****-ийн Монгол Улсад оршин суух хэлбэр нь хөрөнгө оруулах зорилгоор оршин суух зөвшөөрөл буюу В1 ангилалд хамаардаг. Энэхүү хэлбэрийн оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-ын 5.1 дахь хэсэг зэрэг хууль тогтоомжид заасан шаардлагыг хянан үзэж холбогдох шийдвэр гаргадаг. Хүсэлтийн дагуу холбогдох материалыг шалгаж, хүсэлт гаргасан иргэн Х******-тэй 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ярилцлага хийхэд оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах дараах үндэслэлүүд тогтоогдсон.
1) Хөрөнгө оруулагч байх хууль тогтоомжид заасан шалгуурыг хангаагүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.4 дэх заалтыг зөрчиж байсан нь тогтоогдсон бөгөөд улсын бүртгэлд шинээр бүртгүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээг 200,000 ам.доллар болгож нэмэгдүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл “К******” ХХК-ийг үүсгэн байгуулагч, өмчийн эзэд болох H*******, Ch****** нарын 2 иргэн нь тус бүр 100,000 долларын хөрөнгө оруулалттай байх шаардлагыг хангаагүй буюу 1 хөрөнгө оруулагчид тавигдах хуульд заасан шаардлагын дагуу 2 хөрөнгө оруулагч оршин суусаар ирсэн зөрчил илэрсэн.
2) Хүсэлт гаргасан Х******* нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд нийт 4 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан нь баримтаар тогтоогдсон. Ингэснээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсэгт заасны дагуу оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл бүрдсэн.
3) “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"- ын 5.1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангасан байдал, үйл ажиллагааны тогтворжилт"-ыг оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад харгалзан үздэг. “К*****” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр H****-тэй хийсэн ярилцлагад Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангаагүй болох нь тогтоогддог.
Ийнхүү хүсэлтийг хууль, тогтоомжид заасны дагуу шалгаж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Гадаадын иргэн харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.А****** Х*****-ийн “Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах” хэд хэдэн үндэслэл бүрдсэн тул "Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж" шийдвэрлэсэн.
2/ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 27.3-т заасны дагуу татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг нь тайлбарлах үүрэг хүлээхгүй" хэмээн заасан. Энэхүү заалтын дагуу Х*****-ний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэл, шалтгааны талаар тайлбарлах үүрэггүй болно. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтийг хянан үзээд гаргасан шийдвэрийн талаар Х*****-д 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хяналтын улсын байцаагч Ш.Д***** нь утсаар холбогдож мэдэгдсэн байдаг. Мөн татгалзсан шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлын хариуг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 04/1142 дугаар албан бичгээр иргэн О.А*****-д хүргүүлсэн.
3/ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.3-т заасан үндэслэлээр оршин суух зөвшөөрөл олгоогүй, эсхүл урьд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус улсаас сайн дураараа гарахыг гадаадын иргэнд сануулна." хэмээн заасан байдаг. Уг заалтын дагуу Х*****-д 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Л.Ч***** Монгол Улсаас гарахыг сануулсан. Энэхүү ажиллагаа нь хуульд нийцсэн гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Өмнө нь 13 удаагийн сунгалт хийхэд 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар сунгалт хийж байсан. 6 сараар сунгаж байсан шалтгаан нь энэ хугацаанд хөрөнгө оруулалтын шаардлагаа нотлохыг шаардаж байсан. Эцсийн шийдвэр гаргах үзүүлэлт нь татвар болон нийгмийн даатгал төлөлт, монгол ажилтныг нэмэгдүүлсэн эсэх, тогтвортой үйл ажиллагаа юм.
Эдийн засаг хөгжлийн яамнаас өгч байгаа хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг Үндэсний хөгжлийн газар дэмжих хэлбэрээр өгсөн. Оршин суух хүсэлтийг татгалзсанаас хойш 90 хоногийн дараа дахин хандах боломжтой. Өөрөөр хэлбэл манайхаас тавьсан шаардлага, хөрөнгө оруулалтын бодит байдлыг нотлох зорилгоор 90 хоногийн дараа хадах эрх нээлттэй байсан. Хамаарал бүхий этгээд буюу гэр бүрийн гишүүд, цар тахлын үед компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд эхнэрийнх нь оршин суух хүсэлтийг сунгаж өгсөн. H***** нь өнөөдрийг хүртэл бидний тавьсан шаардлагыг биелүүлж, эргэж хандаагүй.” гэв.
9. Гэрч Э.Б***** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Компанийн маань үүсгэн байгуулагчийн гуйлтаар орчуулгын ажилд нь туслаад өгөөч гэсэн хүсэлт авсан. Удирдлага маань хэлсэн учраас орчуулгад нь явж өгч тусалсан. Ямар нэг төлбөр хөлс аваагүй. Гадаадын иргэн харьяатын газарт эхний ээлжинд материалаа бүрдүүлээд өгчихсөн байсан. Ингээд гадаадын иргэн харьяатын газраас дуудсан. Ингээд H******-ийг дагуулаад очиход таны бичиг баримт хангалтгүй байна гээд Монгол Улсад хөрөнгө оруулсныг нотлох баримтууд мөн телевизтэй холбоотой телевизийн тоног төхөөрөмж гэх юм уу даа, түүнийх нь зураг холбогдох баримтууд, гаалиар орж ирсэн баримтуудыг авч ир гэж амаар хэлж шаардсан. Бичиг баримтаа бүрдүүлэх явцад, тэгж хэлээд 2-3 цагийн дараа таны хүсэлтийг хангаагүй, виз олгох боломжгүй байна гэж хэлсэн. Тухайн өдөр ийм зүйл болсон. Дутуу бичиг баримтуудыг бүрдүүлж өгч амжаагүй болохоор шийдвэрээ гаргачихсан байсан. Дараа нь Гадаадын иргэн харьяатын газраас над руу яриад нөгөө хүнээ дагуулаад ирээчээ гэдэг хүсэлт гаргасан. Дагуулаад очсон хуулийн дагуу гарах хуудас гээд бичиг баримт өгсөн. Тэр нь хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарна гэсэн бичиг байсан. Энд хөрөнгө оруулагчийн эд хөрөнгө нь байгаа, 10 хоногийн дотор амжихгүй гээд хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг н.Ч***** гэдэг хүнд гаргасан. Тухайн ажилтан таны нөхцөл байдлыг ойлгож байна, хуулийн хугацаа 10 хоног, өөрийн эрхийн хүрээнд танд энд байгаа хөрөнгөө цэгцлэх боломжийг олгож, 8 хоногоор сунгаж, нийт 18 хоногийн хугацаа өгье гэж байсан. Тухайн өдрийг 12-ны өдөр байсан гэж санаж байна. 30-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарсан байхад болно гэсэн бичгийг өгсөн. Түүнийг нь аваад явсан. Ингээд тухайн хоног нь дуусаагүй байхад дахин залгасан. Ингэхдээ хүрээд ир, тэр асуудлаар тантай ярих зүйл байна гэсэн. Ингээд очиход та энэ дээр гарын үсгээ зур, 25-ны өдрийн дотор гар гэсэн гарах хуудас өгсөн. H******* зурахгүй гээд зураагүй. Ийм зүйл болсон.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарах сануулгыг өгөх үед гомдол гаргахаа H******* илэрхийлсэн. Бид хоёрыг оруулаад ярилцлага авсан өрөө нь камертай гэж танилцуулж байсан. Түүнд нь байгаа байх.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс гаргасан оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүйг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.”Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 27.3-т заасны дагуу татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг нь тайлбарлах үүрэг хүлээхгүй.” гэж заасантай нийцсэн гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн оршин суух зөвшөөрлийг
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр баталсан бөгөөд мөн өдөр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл авсан гадаадын хөрөнгө оруулагчийг тухайн зөвшөөрөлд заасан хугацаа дуусах хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан "хөрөнгө оруулагч" гэж үзэх бөгөөд энэ хугацаа дуусгавар болсноор тухайн хөрөнгө оруулагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд шинээр бүртгүүлэхээр байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс (http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5430224) үзвэл “К*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр H******, Ch******** нар бүртгэлтэй, хэрэгт авагдсан дээрх компанийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, болон шүүх хуралдаанд оролцогчдийн тайлбараар H****** 80 хувь буюу 80,000 ам долларын, Ch******* 20 хувь буюу 20,000 ам долларын хөрөнгийг дээрх компанид оруулсан болох нь тогтоогдож байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа гадаадын хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар байхаар байна.
Энэ тохиолдолд “К*******” ХХК-ийн 25 хувиас дээш хувийн хөрөнгө оруулсан H******-ний оруулсан хөрөнгө оруулалт 100,000 америк долларт хүрэхгүй байгаа нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзсэн хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө нь хуульд заасан шаардлага хангахгүй байх тул визийн журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хөрөнгө оруулах ангилалаар виз олгох боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017, 2018 онд оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр шийтгэл хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хэдийгээр тухай үед хугацаа хэтрүүлсэн зөрчилд хариуцлага тооцон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан боловч энэ нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т заасан оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн гэх үндэслэлд хамаарах юм.
Тус заалтаас үзвэл хариуцагч нь оршин суух зөвшөөрлийг сунгахдаа хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангасан эсэхийг харгалзан үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй, баримтыг бүрдүүлэх хугацаанд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчтэй уулзан бичүүлж авсан тайлбар гэх баримтаас үзвэл нэхэмжлэгчийн байгуулсан компанид Монгол ажилтан байхгүй х нь тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН