Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 352

 

М.Б, М.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 189/ШШ2019/00001 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч М.Б, М.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ц-д холбогдох

Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байр,  28 тоот орон сууцыг Ж.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны гэрчилгээг гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Ж.Ц, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч болон М.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Г, М.Б нар Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 03 дугаар хороо, 54 дүгээр байр, 28 тоот, 28 мкв, 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Өмнөх шүүх хуралдаанд Багануур дүүргийн Улсын бүртгэлийн газрын албан тушаалтнууд гэрчээр мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч М.Г, М.Б нараас гадна Д.М, М.Н, Ц.Х нар уг байрыг өмчилдөг. Нэхэмжлэгч М.Б 1999 онд эцэг, эх дээрээ ирж, очин амьдардаг байсан. Нэхэмжлэгч М.Г, М.Б нар нь 2016 оныг хүртэл Багануур дүүрэг, 03 дугаар хороо, 54 дүгээр байр, 28 тоот хаягт хэн амьдардаг талаар мэдээлэлгүй байсан. Нэхэмжлэгч нартай хариуцагч Ж.Ц-ыг уулзахад тэдний өмчлөлийн орон сууц бусдын хууль бус эзэмшилд байгааг мэдсэн тул  шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Ж.Ц-ын хууль бус эзэмшилд байгаа Багануур дүүрэг, 03 дугаар хороо, 54 дүгээр байр, 28 тоот, 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, мөн Улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ орон сууцыг өмчлөгч Ц.Х, түүний охин М.Б нар нь 1999 онд 95 дугаар сургуулийн сургалтын менежер Т.Баяраад манайх хөдөө нүүж байгаа, орон сууцаа 500.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн байсан. Өмчлөгч Ц.Х, Д.М бид ярилцаад орон сууцны ашиглалтын хуримтлагдсан өр, төлбөр, бусад зардлыг уг байрыг худалдах худалдан авах үнэнд шингээж нийт 480.000 төгрөгөөр авсан. Тухайн үед худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд Ц.Х, Д.Мянгаа, М.Ганцогт, М.Б, Г.Нямцогт нарын 5 хүн байсан. Худалдагч Ц.Хандсүрэн, Д.М нар нь надаар орон сууцны ашиглалтын бүх төлбөрийг төлүүлж, орон сууцны үнийг байраа суллаж өгөөд бүгд Говьсүмбэр аймаг руу шилжиж байгаа, нүүж очоод гэр орноо төвхнүүлж, ажил, хичээл сургуульдаа ороод орон сууцны өмчлөх эрхийг шижлүүлье гээд 0018024 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг эх хувиар нь надад өгсөн. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор араас нь эрэл сурал болж явж чадаагүй, шилжүүлээд өгнө гэж итгээд хүлээж байсан. Өмчлөгч нар 2004 онд Багануурт бүгд хамт ирж Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхээ өөрөө бүртгүүлээд аваарай гээд явсан. Би уг гэрээг үндэслэн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлэхээр очиход бэлэглэгч Ц.Хандсүрэн, Д.Мнар хүчингүй болсон улаан паспортаар нотариатын үйлдэл хийлгэсэн байсан нь өмчлөгчөөр бүртгэхэд шаардлага хангахгүй гээд Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэс удаа дараа өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж байсан. Энэ тухай би Д.Мянгаа, Ц.Хандсүрэн нарт мэдэгдэж, өөрсдөө ирж чадахгүй бол ирэх боломжтой хүнд итгэмжлэл хийгээд өгөөч гэхэд Ц.Хандсүрэн, Д.Мянгаа нар 2013 оны 5 сард өөрсдийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг С.Саранцэцэгт олгосон итгэмжлэл хийж өгсөн. Дээрх үйл баримтаас маргаан бүхий орон сууцыг би хөлслөөгүй, харин 1999 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл 18 жил шударгаар эзэмшиж, ашигласан шударга өмчлөгч юм. Би нэхэмжлэгч нарт орон сууцны үнийг төлсөн. Өмчлөх эрхийг элдэв шалтаг тоочин шилжүүлж өгөөгүй байдлаа ашиглан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Ц нь 1999 онд нэхэмжлэгч нартай уг байрыг 480.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон Д.Мянгаа, Ц.Хандсүрэн нар нь удалгүй байрыг суллаад хариуцагчийн эзэмшилд өгсөн. Миний худалдан авсан өмчийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай гэрээ, хэлцлийг болон өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх үүрэг нь худалдагчид байдаг. Иргэний хуулийн дагуу худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн буюу өмчийн хэлцэл хийгдсэн, би үнийг төлөх үүргээ биелүүлсэн. Харин худалдагч нар нь гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу дутуу байна. Улсын Дээд Шүүхийн тогтоолд орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл Улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хүчин төгөлдөр болоогүй боловч талуудын нотариатчаар гэрчлүүлсэн хүсэл зоригийн хувьд нэхэмжлэгч нар тайлбар өгөөгүйгээс гадна үүнийг шүүх дүгнэж үзээгүй байна гэсэн. Үүгээр энэ хэлцэл нь Улсын бүртгэлд нь бүртгэгдээгүй боловч хүсэл зоригийн хувьд илэрхийлэгдэж, нотариатаар гэрчлэгдэж, бичгээр байгуулагдсан хэлцэл хийгдсэн гэж үзэж болохоор байна. Хавстаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа итгэмжлэлд Д.Мянгаа, Ц.Хандсүрэн нар итгэмжлэл олгосон талаар С.Саранцэцэг нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Д.Мянгаа, Ц.Хандсүрэн нарт хөрөнгийг зарж, борлуулах хүсэл сонирхол байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Д.Мянгаа, М.Ганцогт, М.Б нар нь Ж.Цэдэнсодном надтай 2002 оны Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дах хэсэгт заасан тул хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож өгнө үү. Иймд Багануур дүүрэг, 03 дугаар хороо, 54 дүгээр байр, 28 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, Д.Мянгаагийн эрх залгамжлагч болон М.Ганцогт, М.Б нарт өмчлөх эрх шилжүүлэх хэлцлээр хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэж орон сууцны өмчлөх эрхийг Ж.Цэдэнсодномд шилжүүлэхийг даалгаж  сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан бүх асуудал нотлох баримтаар нотлогддоггүй. Гэрч Т.Баяраа, Ц.Хандсүрэн нар нь өөр зүйл мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч нар Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэл болгож байгаа ч  хууль зүйн үндэслэлийн талаарх тайлбарыг гаргаагүй. Хэд хэдэн асуудлыг тодруулах шаардлагатай гэж дурдсан. Мөн 2004 оны 05 дугаар сарын  17-ны өдрийн бэлэглэлийн гэрээний талаар нэхэмжлэгч тодорхой тайлбар гаргаагүй гэж бичсэн ч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тайлбар би гаргаж, хариуцагч талтай мэтгэлцсэн. Нэхэмжлэгч М.Ганцогт, М.Б, Д.М, М.Нямцогт, Ц.Хандсүрэн нар энэ гэрээний талаар огт мэдээгүй учраас маргах боломжгүй. Уг гэрээнд тамга дарагдаагүй, хуучин хүчингүй болсон иргэний үнэмлэхээр хийсэн зэрэг зөрчил байсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д заасан агуулгыг тайлбарлаад байх шиг байна. Энэ агуулгаас харахад 1999 оны 07 дугаар сард хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байна. Иргэний хуулийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэргийн хувьд таван өмчлөгчтэй, гурван өмчлөгчтэй гэсэн асуудал яригддаг. Хариуцагч өнөөдөр хүртэл хуульд заасан аливаа хэлбэрээр өмчлөх эрхийг олж аваагүй бол хууль бус эзэмшил гэж ойлгож болно. Нэхэмжлэгч нар хариуцагчтай орон сууц хөлслөх гэрээг хийсэн гэж ойлгож явсан тул өнөөг хүртэл мэдээгүй учир нь маргаагүй байсан. Өмчлөх эрх нь туйлын эрх учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б, М.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-гийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54-р байр, 28 тоот орон сууцыг хариуцагч Ж.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан Ж.Ц-ын нэхэмжлэгч нартай орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.438 /нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.438 /нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 121.438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Ж.Ц-ын зүгээс маргаан бүхий орон сууцны хувьчлагдсан байдал болоод өмчлөгч нарын асуудал дээр маргаан үүсгээгүй хүлээн зөвшөөрч байгаа болно. Гагцхүү Ж.Ц-ын 20 жилийн турш эзэмшиж, ашигласан тус маргаан бүхий орон сууцны эзэмшил өөрөө хууль бус биш хууль ёсны болох талаар маргаан үүсгэсэн юм. Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1 дэх заалт нь нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн дурдсанчлан өмчлөгчийн туйлын эрх биш. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "Нэхэмжлэгч Д.Мянгаа, Ц.Хандсүрэн нарын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ж.Ц-той байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээнд хоёр өмчлөгч гарын үсэг зурсан, зөвхөн Ц.Хандсүрэнгийн 1999 онд сольж, 2000 онд хүчингүй болсон иргэний паспорт хавсаргасан, хамтран өмчлөгчийн баримтыг хавсаргаагүй зэрэг нь хуульд нийцээгүй, мөн хариуцагч нь тус дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандаж байсан ч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн журмын 3.2 дугаар зүйлд заасан шаардлагьг" хангаагүй болохыг гэрч Ш.Минжбат, Т.Нэргүй нарын мэдүүлгүүд нотлох бөгөөд Ж.Ц-ын нэхэмжлэлтэй Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ... Бүртгэлийн газарт өмчлөх эрх шилжүүлэх хүсэлтийг хэн аль нь гаргасан гэж үзэх боломжгүй байна... Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасны дагуу зөвшөөрөл аваагуй хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба насанд хүрээгүй хамтран өмчлөгч Г.Нямцогтын хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөл бичгээр авагдаагүй болно... Уг орон сууцыг хариуцагч нь хууль ёсны өмчлөгч нараас худалдан авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, эзэмшил, өмчлөлийг хуульд заасан хэлбэрээр аваагүй, Улсын бүртгэл хийгээдгүй байна" хэмээн нотлох баримтыг буруу дутуу зөрүүтэй үнэлсэн байдаг. Тодруулбал 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээнд 5 өмчлөгч тавуулаа гарын үсэг зурсан байдаг бөгөөд Улсын бүртгэлийн хэлтэсээс хүчингүй болсон паспортоор гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл нь хууль бус байна гэж үзээд өмчлөх эрх шилжүүлэх материалыг хүлээн аваагүй болохоо шүүх хуралдаанд гэрч нар мэдүүлсэн. Шүүх талуудын хэлцэл хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл, Ж.Ц-ын маргаан бүхий орон сууцыг бодит эзэмшилдээ байлгасан 20 жилийн хугацаан дахь үйл баримтад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, үүний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын Улсын бүртгэлд өмчлөгчийн бүртгэл хийгдээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хуульд заасан  журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах,  шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Мянгаа, М.Б, М.Ганцогт нар хариуцагч Ж.Ц-д холбогдуулж  Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байр,  28 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаан бүхий  орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд Г.Нямцогт “энэ байрны асуудал надад огт хамааралгүй” гэж, гуравдагч этгээд Ц.Д нь “...тухайн байрны асуудлаар миний зүгээс ямар нэгэн шаардлага гаргахгүй болно” гэжээ. /хх-ийн 65, 68/

Нэхэмжлэгч Д.Мянгаа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан тул Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 001/шз2018/00217 дугаар захирамжаар  түүний охин М.Болорчулууныг эрх залгамжлагчаар сольжээ. /хх-ийн 141, 146, 147/

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар

Нэхэмжлэгч Д.Мянгаа нь 1996 онд Багануур дүүргийн 3 дугаар хороо 54 дүгээр байрны 28 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг орон сууц ашиглах эрхийн 2675 тоот бичгийн үндсэн дээр эзэмшиж байгаад, 1997 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орон сууц өмчлөх эрхийн 0018024 тоот гэрчилгээ авсан, уг гэрчилгээнд орон сууцны хамтран өмчлөгчөөр М.Ганцогт, М.Болорчулуун, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт \тухайн үед насанд хүрээгүй\ нар  бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч Д.Мянгаа, М.Б, М.Ганцогт нар 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар уг орон сууцны өмчлөгчөөр тэдгээрийг бүртгэж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 4, 36, 37,  56-60, 189-207/

Мөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн лавлагаагаар Д.Мянгаа, М.Ганцогт, М.Б, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нар үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөгч байна./2 хх-ийн 52/

Нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээд Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нарын өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна. Харин хэлцлийн үндсэн дээр орон сууцны эзэмшлийг хариуцагчид шилжүүлсэн эсэх, хэлцлийн хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч өмчлөх эрх шипжүүлэх үүргээ бүрэн гүйцэтгээгүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдлын талаар маргажээ.

Нэхэмжлэгч нар дээрх улсын бүртгэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт "өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалт нь эрх шилжүүлэхээр хэлцэл хийсэн этгээдийн үүргийн зөрчлийг хамгаалах хэрэгсэл болохгүй бөгөөд бүртгэлд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дах хэсэгт  заасан "бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно" гэсэн зохицуулалтын агуулгаар буруу бүртгүүлсэн тохиолдлын адил хэрэглэгдэж, шүүх энэ талаарх маргааныг хянан шийдвэрлэхэд улсын бүртгэлийг шууд үнэн зөв гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Хариуцагч Ж.Ц нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас орон сууцны өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр өөртөө  шилжүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад  хандаж байсан болох нь түүний “...2004 онд байрны өмчлөгч нар Багануурт ирж орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн хэлтэс өмчлөгчөөр бүртгэхээс удаа дараа татгалзаж байсан...” гэх тайлбар, гэрч Ш.Минжбатын “...манай байгууллагад ирж зөвлөгөө авах гэж ирж байсан, бэлэглийн гэрээг үндэслэн бүртгэх боломжгүй гээд буцааж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 26/ гэрч Т.Нэргүйн мэдүүлэг /2 хх-ийн 32/, Д.Мянгаа, Ц.Хандсүрэн нараас С.Саранцэцэгт олгосон “...54-28 тоот орон сууцыг захиран зарцуулах ..” итгэмжлэл /2хх-ийн 81/ , С.Саранцэцэгийн “...улсын бүртгэлийн газраас итгэмжлэл авчир гэж хэлсэн учир Ж.Ц,  Д.Мянгаа, Ц.Хандсүрэн  бид дөрөв нотариат дээр очиж итгэмжлэл хийлгэсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн  35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхийг өмчлөгч эдлэхээс гадна зөвхөн хууль бус эзэмшигчид хамааралтай болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг тодорхойлж буй улсын бүртгэлийг дээр дурдсанаар үнэн зөв гэж үзэх нь эргэлзээтэй, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дах хэрсэгт заасан шаардах эрхийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгох боломжгүй юм.

Хариуцагчийн хууль бус эзэмшлийг тодорхойлохын тулд талуудын  тайлбарын аль нь үндэслэлтэй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан судлаж үзсэний үндсэн дээр  дүгнэх шаардлагатай.

Хариуцагч Ж.Ц 1999 оноос уг орон сууцыг эзэмшиж байсан үеэс тоолсон ч, Д.Мянгаа, М.Ганцогт, М.Б, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт \тухайн үед насанд хүрээгүй\ нар нь 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, 2 өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн үеэс тоолсон ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 онд нэхэмжлэл гаргах үед өнгөрсөн, талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул “...2016 онд эрх зөрчигдсөн талаар мэдсэн, бусдад хөлслүүлж байсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч Ж.Ц болон түүний гэр бүл тухайн орон сууцанд 1999 оноос хойш амьдарсан болохыг нотлох байрны ашиглалтын болон цахилгааны төлбөр төлж байсан баримтууд, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,  хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг / хэрэгт авагдсан баримтууд нь нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж байх ба нэхэмжлэгч тал хариуцагчийн 1999-2017 оны хоорондох хугацаанд уг орон сууцыг эзэмшсэн бодит байдлыг ямар нэг баримт, үндэслэлээр үгүйсгэж, няцаагаагүй байна. /хх-ийн 16-25, 31, 216-224/

“Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Хандсүрэн нь надад 1999 онд эх хувиар нь өгсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 45/ уг гэрчилгээг хариуцагчид өөрөө хүлээлгэн өгсөн талаар гуравдагч этгээд Ц.Хандсүрэн тайлбар гаргасан /2хх-ийн 65/, орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх зорилгоор Д.Мянгаа, Ц.Хандсүрэн нар нь орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг С.Саранцэцэгт олгож байсан /хх-ийн 35/, нэхэмжлэгч нар нь 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, 2 өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн /хх-ийн 32-33/ зэрэг  үйл баримт  хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, хариуцагчийн “...орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн буюу өмчийн хэлцэл хийгдсэн, би үнийг төлөх үүргээ биелүүлсэн...” гэх тайлбар илүү үндэслэлтэй байх тул хариуцагчийг хууль бусаар орон сууц эзэмшиж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ хууль бусаар алдсан, хариуцагчийн эзэмшлийг хууль бус, нэхэмжлэгч нар эрх зөрчигдсөн талаараа 18 жилийн хугацаанд мэдээгүй байсан гэж тус тус үзэх үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Сөрөг нэхэмжлэлийн талаар

Гуравдагч этгээд Ц.Хандсүрэн нь 200 000 төгрөг, 50 000 төгрөгийг хариуцагчаас авсан талаар тайлбар гаргасан, орон сууц ашиглагчдын байрны хөлс 112 641 төгрөг, цахилгааны төлбөр 61780 төгрөг тус тус төлөгдсөн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч орон сууцны үнэ дутуу төлөгдсөн талаар  тайлбар, нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагч Ж.Ц-ын “...1999 онд нэхэмжлэгч нартай уг байрыг 480.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, орон сууцны ашиглалтын хуримтлагдсан өр төлбөр, бусад зардлыг орон сууцны үнэнд шингээж үнийг төлөх үүргээ биелүүлсэн....” гэж тайлбарыг  нотлогдсон гэж үзнэ. 

Хариуцагчийг 1999 онд маргааны зүйл болох орон сууцанд нүүж ороход нэхэмжлэгч орон сууцаа чөлөөлж өгсөн байдаг бөгөөд маргаан бүхий  орон сууцны хаягаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар оршин сууж байгаагүй болох нь улсын бүртгэлийн удаа дараагийн лавлагаагаар тодорхой байх тул Иргэний 1994 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон нөхцлийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.  Нэхэмжлэгч талаас өмчлөх эрхээ шилжүүлж авахаар тэднийг хайж, сураглаж байсан, улсын бүртгэлийн байгууллагад хандаж байсан талаар хариуцагч болон гэрчүүдийн тайлбар, мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Иргэний 1994 оны хуулийн 203 дугаар зүйлийн 3 дах хэсэгт  үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3 дах хэсэгт нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг нь үүргээ бүрэн буюу ихэнхийг биелүүлсний дараа нөгөө тал биелэлтийг хүлээн зөвшөөрөн хүлээсэн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийгдсэнд тооцож болохоор зааснаас гадна Иргэний 2002 оны хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасан тул сөрөг нэхэмжлэлийг хангаж, зохигчдын хооронд 1999 онд орон сууц худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч Ж.Ц-ыг Багануур дүүргийн 3 дугаар хороо 54 дүгээр байрны 28 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 189/ШШ2019/00001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 28 тоот орон сууцыг хариуцагч Ж.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтыг “Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 105 дугаар зүйлийн 105.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.М, М.Г, М.Б, Ц.Х нар болон Ж.Ц нарын хооронд Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 28 тоот орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн болохыг тогтоож, Ж.Ц-ыг улсын бүртгэлийн Ү-22080000934 дугаарт бүртгэлтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 28 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосугай” гэж, 3 дах заалтын “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 121 438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “ нэхэмжлэгчээс 121 438 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ