Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/51

 

Г.М , Г.М , Э.Х

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,                                                                                                        

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШТ/11 дугаар тогтоолтой Г.М , Г.М , Э.Х  нарт холбогдох 1815002510122 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Сувдаагийн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, Т.Багахүү нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Ц.Сувдаа, шүүгдэгч Г.М , Г.М , Э.Х , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, Т.Багахүү /онлайн/, хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд /онлайн/, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн ... т оршин суух, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай, Г овогт Э.Х . 

Шүүгдэг: Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ШУТИС-д биеийн тамирын багш ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ... т оршин суух, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай, З овогт Г.М .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ноос боловсруулагч мэргэжилтэй, Булган аймгийн ... т оршин суух, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай, З овогт Г.М .

Э.Х  нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ... гэх газарт амь хохирогч Л.Г ыг алсан гэмт хэргийг,

Г.М  нь яллагдагч Г.М тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ... гэх газарт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд зүйл гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг амь хохирогч Л.Г ын амь нас хохирох байдалд хүргэж үйлдсэн гэмт хэргийг,

Мөн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ... гэх газарт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэх явцдаа амь хохиргч Л.Г ын эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Г.М  нь яллагдагч Г.М той 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ... гэх газарт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ... гэх газарт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэх явцдаа амь хохирогч Л.Г ын эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаар тогтоолоор

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э.Х , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Г.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Г.М нарт холбогдох эрүүгийн 1815002510122 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж,

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.М , Г.М , Э.Х  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн яллагдагч Э.Х д авсан Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарах, тус аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт зорчих, хохирогч, гэрчүүдтэй уулзах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Л.Г ын хөх өнгийн дээл, яллагдагч Э.Х ын хар өнгийн түрийтэй хос гутал, хэрэгт хавсаргасан СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт Прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж,

4. Прокурор шүүгчийн захирамжийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Сувдаа эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Үндэслэл нь: Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч Л.Г ын амь насанд халдсан гэмт хэрэг үйлдэгдэх явцыг шууд харсан гэрч П.С , А.П  нараас дахин мэдүүлэг авч шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах зэргээр Э.Х , шүүгдэгч Г.М , Г.М  нарын үйлдэл оролцоог шалгах ажиллагааг бүрэн хийсэн.

Үүнд: Амь хохирогч Л.Г  нь амьд байхдаа өгсөн "...Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн орчимд их насны морьд уралдсан.Тэгээд 20 цагийн орчимд морьдоо ачаад явъя гэхэд хамт явсан хүмүүс маань бүжиг тарж байгаад явъя гээд тэгээд дахиад хамт явж байгаа хүнээ явъя гээд зүүн талын асар дээр очиход тэр асрын ард асраас М  гэх хүн Г ыг ална гээд гараад ирсэн. Тэгээд шууд ирээд намайг бариад авсан. Тэгсэн чинь чамайг ална гээд миний өмсөж явсан дээлийг ураад намайг боогоод урд асраас урагш чирээд явсан.Тэгэхээр нь би тэр залуугийн хамар руу цохисон. Тэгтэл урд асраас барагцаагаар 4 залуу гарч ирээд Х  гэдэг нь миний ахыг цохилоо гээд миний гэдэс, элэг хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд Э гэх ах М ийг тавиулаад би тэгээд зугтаасан.Тэгээд ардаас М  дахиж ирээд барьж аваад ална гэсэн.Тэгэхэд нь М  гэх дүү нь хамт ирээд М  намайг барьж байгаад М  баруун нүдэн дээр гараараа 2 удаа цохисон. Тэгээд Х  нь ардаас нь ирээд хэвлий хэсэг рүү гүйж ирээд өшиглөсөн..." гэх мэдүүлэг

Гэрч А.П ын "...Тэгээд найранд очоод байж байхад орой 20 цагийн орчимд байх намайг асар дотор сууж байсан чинь М  ах асарын урдуур Г  ахтай заамдалцаж барилцаад гарсан. Тэр хоёр асрын урдуур гарч явсны дараа асраас гарч харсан чинь Г  ахыг М , М  хоёр нийлээд зодох гээд хоёр талаас нь дайраад байсан.Тэр хоёр хоёулаа тэнд байсан хүмүүсийг тойрч ирээд өшиглөж цохиод байсан. Г  ах тухайн үед М , М  хоёртой зууралдаж аваад хоорондоо цохилцож байхад М  нэг удаа цээж хэсэгт нь өшиглөж харагдсан. Энэ үед тэр хавьд байсан Г , Б , С буюу Н , бас хэдэн хүн байсан тэрийг анзаараагүй. Эдгээр хүмүүс ирж салгаад байж байхад Х  цаанаас гүйж ирээд Г  ахын хэвлий хэсэгт 1 удаа өшиглөөд авсан ..." гэх мэдүүлэг,

Гэрч Д.Н гийн "...Ямар ч байсан нэлээд орой болсон байсан ба би баруун талын асрын хажуугийн сандал дээр сууж байсан чинь Л.Г  хэвлийгээ барьсан доош жаахан тонгойсон байдалтай машин руугаа чиглээд явж байсан..." гэх мэдүүлэг,,

Гэрч Э.Ж ын "Би 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Могод сумын нутагт С  гэх хүний насны ойн баярт очсон.Тэгээд тэр хавиар найрлаж наадаад явж байхад Г ын машины дэргэд яваад очсон чинь хүмүүс бөөгнөрсөн. Зодоон хийсэн байдалтай байсан.Тэр үед Г ын хамраас нь цус гарсан байдалтай байсан.Тэгэхээр нь би яасан юу болсон талаар асуухад Эрдэнээгийн сэгсгэр банди буюу Х  ирээд өшиглөчихлөө гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,

Гэрч П.С гийн "... Барагцаагаар 20 цаг өнгөрч байхад асрын хажуу талын сандал дээр сууж байгаад босоод явтал М  тавдаагийн хүүхдийг ална гэж дуугарахаар нь харсан чинь Г ыг хувцаснаас нь заамдаад чирчихсэн явж байсан. Г  М ийн нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан.Тэгтэл хажуу талаас нь М  гэх залуу орж ирээд Г ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авсан, ар ташаа хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл гэнэт Х  гүйж ирээд гэдэс рүү нь өшиглөсөн..." гэх мэдүүлэг,

Гэрч Г.Булганы "...Гэтэл 00 цаг 20 минутын үед талийгаач Г  машинтай аавтайгаа мөн нэг жолоочийн хамтаар сумын эмнэлэгт ирсэн. Тэгээд би Г ыг эмчийн өрөөнд оруулж юу болсныг асуухад би Гантөмөр гэх 2 хүний хүүхэд бас хуцны Эрдэнээ гэх хүний нэг хүүхдэд зодуулсан гэж хэлсэн.Тэгээд өөрөөс нь хэрхэн яаж зодсон бэ гэхэд эхлээд М , М  нартай маргаж муудалцаад зодолдоод дээр доороо ороод байж байсан чинь Эрдэнээгийн хүүхэд араас гүйж ирээд намайг 2 удаа гэдэс рүү өшиглөсөн талаар ярьсан..." гэх мэдүүлэг

Гэрч Г.О ий " Тэгтэл А  нь наадах чинь танайхантай холбоотой хүн юм шиг байна гэхээр нь би яваад очсон чинь Г ыг хүн зодсон бололтой гэдсээ бариад тонгойсон байдалтай машин дотроо сууж байсан.Тэгтэл М  гэх залуу машины хамар дээр нь гарсан машины шил хагас хаалттай хэсгийн завсраар хөлөөрөө өшиглөөд байж байхаар нь би хөөе М оо миний хүү яаж байгаа юм бэ гэж асуусан чинь М  би танай хүргэний заавал алнаа гээд дайраад байсан.Тэгээд салахгүй дайраад байхаар болиочээ яагаад ингээд байгаа юм гэсэн чинь болихгүй дайраад байсан. Мөн машины шилийг нь цохиод хагалсан. Тэгээд салахгүй байхаар нь би нөхөр рүүгээ гүйж очоод нөхөртөө нөгөө Г ыг чинь зодсон байна ш дээ гэж хэлээд дагуулаад очсон. Машины цонхоор өшиглөөд байхаар нь нөхөр Б  араас нь татаж буулгасан. Тэгтэл нөхрийг араас нь М  боож татсан. Тэгээд хэсэг байж байгаад салсан. Машины урд талын салхивчны шилийг гараараа М  хага цохисон.Тэгж байснаа М  нь би 25 жил шоронд суусан ч нас байна гэж хэлсэн ба манай хүргэнийг ална гээд дайрч байсан. Тэгтэл хүргэн машины цонхоор ээж минь элэг болохоо байчихлаа өвдөөд байна гэж хэлсэн. Тэгтэл наанаас нь М  чиний элэг ямар хамаатай юм бэ гээд дахин зодно гээд дайраад л байсан. Тэгээд хүргэнээ гэр рүү авч явсан ба гэртээ дөнгөж очоод эмнэлэг рүү авч явсан..." гэх мэдүүлэг

Гэрч Г.Б ы "Тэгээд би бүжиг цэнгээн үзэж байхад эхнэр О  гүйж ирээд Г ыг хүмүүс зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд машин дээр нь яваад очсон чинь М  гэх залуу Г ын машины толиноос нэг гараараа зуурсан цонхоор нь хөлөөрөө өшиглөөд байж байхаар нь би араас нь очоод цамцнаас татаж унагаасан. Тэгтэл миний араас гэнэт хойноос нэг хүн боох шиг болохоор нь эргээд 1 харсан чинь дүү М  байхаар нь би та нар яаж байна аа гэж хэлээд хөгшин толгойгоор залуу толгой солиход хамаа алга намайг зод гэж хэлсэн. Тэгтэл М  би таныг бол зодохгүй гэж хэлэхээр нь чи зодчих гэтэл яаж байгаа юм гэсэн чинь өнөө шөнө цус үзэхгүй бол миний нойр хүрдэггүй юм гээд байсан. Мөн намайг Могодод битгий хэл Монголд миний өөдөөс гар сарваадаг хүн байдаггүй юм гэж хэлээд үсэрч очоод машины урд талын цонхыг хага цохисон..." гэх мэдүүлэг         

Гэрч Х.Г ийн "Тэгээд намайг асар дотор сууж байхад гадаа хүмүүс хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би асраас гараад очсон.Тэгэхэд баахан хүмүүс тойроод зогссон М  ах ална шүү гээд орилоод байсан ба хүмүүс тойрсон байсан болохоор яг юу болж байгаа нь харагдахгүй байсан. Тухайн үед бие биенийгээ зодсон үйл явдал нь маш хурдан болсон намайг майхнаас дөнгөж гарч ирэхэд зодолдоод дууссан. Хүмүүс салгаад байж байсан болохоор би хэн нь хэнийгээ цохиж зодсоныг мэдэх боломж гараагүй. Тэгтэл тухайн газарт М  ална хядна гээд орилоод байсан. Тэгээд байж байхад Г  цагаан өнгийн машинд очоод суучихсан харагдсан. Тэгтэл М  зодолдоно ална гэж дайрч байснаа цонхыг нь хагалж харагдсан..." гэх мэдүүлэг

Гэрч Д.Г ы "Тэгтэл М  нь Г ыг ална гээд зодох гээд дайрч байсан ба ойр хавьд нь байсан хүмүүс зодоон болгохгүй салгаад байж байсан. Тэгтэл Г  машиндаа ороод суусан. Тэгтэл М  машиных нь шилнээс нь барьж хөлөөрөө өшиглөж, гараар цохисон. Мөн салхивчин шилний дээд талын хар хуванцрыг нь хуга өшиглөсөн. Тэгтэл тэр хавьд байсан хүмүүс ирж салгасан ба эргэж очоод дахин зодох гэж дайраад урд талын салхивчин шилийг нь хага цохисон. Бас чамайг ална, машинаас буугаад ир, чамайг машинаас чинь буулгаж байгаад алнаа гээд орилж хашгираад байсан. Тэр үед Г  машин дотроо эвхрээд суусан миний бие болж өгөхгүй байна гээд хөдлөхгүй байсан. Мөн би чамайг алаад шоронд 25 жил суусан ч яадаг юм удахгүй би гараад ирнэ ш дээ гээд заналхийлж дайрсан..." гэх мэдүүлэг

Гэрч Д.Г ын "Намайг асар дотор хүмүүстэй сууж байхад М  ганцаараа орж ирээд Ертөнц гээд залуу руу дээрэлхэж харьцаж байгаад Ертөнцийг юм дуугарахгүй болохоор асраас гараад явсан.Би ямар шалтгаанаар томорч дээрэнгүй хандаж яриад байгааг ойлгоогүй. Тэгээд удалгүй байж байтал асрын гадаа хүмүүс чангаар дуугарч зодолдох шиг болсон. Тэгэхээр нь би асраас гарч юу болж байгааг харахад Г  луу М , М , Х  гурав нийлээд зодох гээд дайрч байсан. Тэр гурав 3-лаа янз бүрээр ална хядна гээд дайраад байсан. Тэр үед ойрхон байсан хүмүүс хооронд нь салгаад байсан.Тэгээд цаашаа Г  яваад машиндаа суусан. Энэ үед Х  байхгүй холдоод явсан байсан. Харин М , М  хоёр ална гээд учир үгүй дайраад байсан. Тэгээд М  машин дотор байсан Г ыг цонхоор нь өшиглөөд цохиод байсан. Мөн би хүн алмаар байна, найранд ирсэн байсан Даваа гэх хүний машинд суучих та миний хүн алахыг харахуу гэж хэлээд байсан.Тэгэхэд Даваа ах нэг их юм хэлээгүй.Тэр хавиар М  би хүн алмаар байна, Г ыг машинаар дайрч ална гэж орилж хашгираад байсан. .." гэх мэдүүлэг зэрэг хэрэг авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Х , Г.М  Г.М  нар нь санаатай нэгдэж хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, бөгөөд харин Г.М , Г.М  нар нь Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бүлэглэн зөрчсөн, бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч Э.Х  нь төрөл садны холбоотой Г.М , Г.М  нар нь амь хохирогчтой маргаж зодолдсон явцыг харж, улмаар ирж хэвлийн тус газар өшиглөсөн үйлдэл нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Үндэслэл нь Шүүх эмнэлгийн шинжээчийн ‘1. Талийгаач Л.Г ын цогцост нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. 3. Талийгаач нь элэгний архаг үрэвсэлтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. 4. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн эрчимт эмчилгээний болон хавсарсан гэмтлийн тасагт тав хоног хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. 5.Талийгаач нь нойр булчирхайн толгойн няцралын улмаас хэвлийн гялтангийн тархмал үрэвслээр хүндэрч нас баржээ... гэх дүгнэлтээр амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасан “.Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Э.Х , Г.М  Г.М  нар нь хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэх гэсэн субъектив санаа зорилго хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд тогтоогдохгүй байна. Учир нь: Шүүгдэгч Г.М , Г.М  нар нь шүүгдэгч Э.Х ын амь хохирогч Л.Г ыг алах үйлдэлд шүүгдэгч Э.Х ыг дуудах, урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэх зэргээр гэмт хэрэгт татан оруулсан үйлдэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Г.М  нь найранд ирсэн хүмүүст агсан тавьж, өдөөн хоргоож, улмаар асраас гарч явсан амь хохирогч Л.Г ыг чирч, дээлийг урах, хүч хэрэглэх, эд хөрөнгө устгаж гэмтээх, гэмт үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэдийг эсэргүүцэх зэргээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг хүний амь нас хохироход хүргэж үйлдсэн, мөн дээрх үйлдлийн улмаас бүлэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь, Шүүгдэгч Г.М тай бүлэглэж шүүгдэгч Г.М ийн үйлдлийг дэмжиж, улмаар амь хохирогчид хүч хэрэглэх, гэмт үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийг эсэргүүцэх, шүүгдэгч Г.М ийн үйлдлийг дэмжих зэргээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн дээрх үйлдлийн улмаас бүлэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон.

Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй, учир нь Эрүүгийн хуулийн 3.1 дэхь хэсэгт зааснаар “ 2 түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж хуульчилсан байх ба мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.С ... Д.Г ...., А.П  .... нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Х тай шүүгдэгч Г.М , М  нар нь үйлдэл оролцоогоороо хэрхэн ямар байдлаар нэгдэж оролцсоныг шалгаж тогтоох нь зүйтэй байна гэжээ.

Хэрэг учрал болсноос хойш хэргийг тал бүрээс нь шалгахдаа дээрх нөхцөл байдлыг ч шалгасан ба дээрхи 3 гэрчээс С , П  нар нь анх зодоон эхэлсэн талаар М  Г  нар зууралдсан байдалтай байсан, гэтэл М  очоод нүүрэн тус газар нь цохисон. Гэтэл гэнэт Х  гүйж ирээд гэдэс рүү нь цохисон гэх мэдүүлэг нь талийгаачийн өөрийнх нь өгсөн /хх 66-68/ М  баруун нүд хэсэгт нэг удаа. М  хамар луу нэг удаа цохисон, тэгээд Х  нь араас нь ирээд хэвлий хэсэг рүү өшиглөсөн гээд үүнийгээ сумын эмч Булганд үзүүлэхдээ М , М  нартай маргаж муудалцаад дээр дороо ороод байж байсан чинь Эрдэнээгийн хүүхэд араас гүйж ирээд намайг 2 удаа гэдэс рүү өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад шүүгдэгч нар уг баяр дээр хамт очоод нийлж нэгдэн санаатайгаар бусдын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдохгүй байгаа. Мөн гэрч С  /хх- 130/ энэ 3 залуу бие биеэ дуудсан асуудал байхгүй гэж хэлдэг. Гэмт хэрэгт хамтран оролцохын объектив шинж бол хамтын хүчээр үйлдэгдсэн, үр дүн нь бүх оролцогч бүрийн хийсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх зэрэг шинжүүдээр илэрдэг. М , М  нарын хийсэн үйлдэл нь хүний амь нас хохирсон явдалтай шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд М  талийгаач 2-ын хооронд маргаан үүссэний улмаас бие биеэ цохиж зодсон энэ үед М ийн төрсөн дүү М  ирж ингээд хүмүүс салгаад Г ыг М оос холдож байх явцад Х  гүйж ирээд өшиглөхөөр нь түүний танил /найз/ нь салгаж аваад явсан, дахин Х  ирээгүй. Дээрх нөхцөл байдал мөрдөн байцаалтын явцад анхнаасаа тогтоогдоод байхад санаа зорилго, цаг хугацаа үйлдлийг анхааралгүй 3 уулаа цохисон тул бүлэг гэнэ гэсэн хохирогчийн гомдолд үндэслэн буцаасныг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хууль зүйн үндэстэй гэж үзэж буй тул хэргийг хянаж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдолдоо: “2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж “хэргийг прокурорт буцаах тухай” №11 тоот шүүхийн тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ёстой бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогчдын зүгээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт огт гаргаагүй, зөвхөн 6.9, 6.10, 6.12 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу хүсэлтийг шийдвэрлээгүй учир анхан шатны шүүх хуралдаанаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг буцааж болохгүй юм.  Мөн Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №361 тоот хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингуй болгож, анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж хэргийг дахин прокурорт буцаах шийдвэр гаргаж буй хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаас гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байдаг. Харин анхан шатны шүүхээс хэргийг шууд прокурорт буцаах хуулийн зохицуулалт үгүй бөгөөд хэрвээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй тохиолдолд шүүх цагаатгах тогтоол гаргаж хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, прокурорт буцаадаг. Гэтэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заагдаагүй асуудлыг хэлэлцэж буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг хуульд заасан зохицуулалтын дагуу хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх / Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйл/ ёстой бөгөөд ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр шийдвэрлэж болохгүй юм. Шүүхийн тогтоолд зааснаар гэрч П.С , гэрч Д.Г , гэрч А.П  нарын мэдүүлгийг үндэслэж хэргийг буцаасан. Гэтэл хэрэгт авагдсан бусад гэрчүүд нь дээрх гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгээс өөр, зөрүүтэй байдаг бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байдаг. Өмгөөлөгч миний бие хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг бүхэлд нь шинжлэн судалсан бөгөөд гэрч н.С , гэрч н.Ө , н.Б , гэрч П.С , гэрч н.П , гэрч Д.Г , гэрч н.Л  зэргийн мэдүүлэгт дээрх гэрчүүдийн мэдүүлсэн шиг үйл явдлыг мэдүүлээгүй. Гэтэл шүүх өмгөөлөгчийн үндэслэл бүхий дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахийг зөрчсөн үйлдэл байна. Мөн шүүхийн дүгнэлт заасан гэрчүүд нь хохирогчтой төрөл садангийн харилцаатай хүмүүс бөгөөд харин гэрч н.С , н.Ө  нар нь ямар нэгэн садан төрлийн холбоогүй хүмүүс тулд уг гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Миний үйлчлүүлэгч Г.Х  нь өөрийн гэм буруутай үйлдлийг мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгдөг бөгөөд харин түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг, эсхүл 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй болохыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцээний үр дүнд шийдвэрлэх юм. Шүүх хуралдаанд оролцсон гэрч эмч, шинжээч нарын мэдүүлэг нь хохирогчийн авсан гэмтлийн улмаас өөр бусад эрхтэнд хүндрэл үүсч амь насаа алдсан болохыг мэдүүлсэн бөгөөд эмчилгээний стандартыг бүрэн барьж эмчилгээ хийгээгүй болохыг мэдүүлсэн. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэл болон хуралдааны бичлэгээс бүрэн танилцах боломжтой юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй орхигдуулсан. Шүүгдэгч Г.М , Г.М  нар нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү тэдний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа дууссан эсэх нь эргэлзээтэй тул уг асуудлаар өмгөөлөгч хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүссэн.

Иймд 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн №11 тоот шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, Т.Багахүү нарын гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл, давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэл, гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын хэмжээ хязгаараас хэтэрсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хамтран оролцох гэнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Э.Х тай, шүүгдэгч Г.М , Г.М  нар нь үйлдэл оролцоогоороо хэрхэн ямар байдлаар нэгдэж оролцсоныг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч Э.Х , Г.М , Г.М  нарын үйлдэл нь хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амгалан тайван байдал, амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар, хүч хэрэглэн довтолсон нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч нарыг үйлдэл оролцоогоороо хэрхэн ямар байдлаар нэгдэж оролцсоныг дахин шалгаж тогтоох шаардлагагүй байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.

Эрүүгийн хуулийн зорилгыг хангахын тулд төрийг төлөөлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 10 дугаар зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэж заасан нь хүний суурь эрхийг хамгаалсан төдийгүй шүүх зөвхөн хуульд заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэж байна. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасан заалтуудаар хязгаарлагдаж байх тул яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаар тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, Т.Багахүү нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Э.Х , Г.М , Г.М  нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ё.БЯМБАЦЭРЭН

                 ШҮҮГЧИД               М.ХҮРЭЛБААТАР

                                     Д.МӨНХӨӨ