| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0005/э |
| Дугаар | 345 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Батчимэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 345
О.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, О.Б-д холбогдох 1725003310166 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Очбадарын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй А г овогт О-ийн Б.
О.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авах” гэмт хэрэгт ял шийтгүүлж, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 437 дугаар ангид ял эдэлж байгаа.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ыг 4 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах, 1 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-ы цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг “Шүүгдэгч ... О-ийн Б ... нарыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ... тооцсугай” гэж, 4 дэх заалтын “шүүгдэгч О.Б-ыг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ялаар...” гэснийг хасаж, тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгож, 7 дугаар заалтыг “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ... О.Б-д оногдуулсан 2 жил хорих ... ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Батсүрэн бичсэн дүгнэлтдээ: “... О.Б- ганцаараа болон бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоолоор шийтгүүлэхээс өмнө 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, *** оршин суух иргэн Б.М-ийн гэрээс 2.039.300 төгрөгийн эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, уг хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай тус дүүргийн прокурорын газрын хяналтад ирүүлээд байна. Энэхүү байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолын О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “О.Б- нь Ц.Олдохбаяртай хамтран 4 удаагийн үйлдлээр, ганцаараа 5 удаагийн үйлдлээр тус тус хулгайлах гэмт хэрэг үйлдэж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн. Прокурорын зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар дүгнэлт бичсэн байна. Шүүгдэгч О.Б-ы Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгай хийсэн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан үндэслэлүүд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн үндэслэлд хамааруулж бичсэн хэдий ч энэ хэргийн тухайд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул сүүлийн илэрсэн гэмт хэрэгт ял оногдуулаад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмэх нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, 1 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт үйлдэлдээ Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад О.Б нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн цаг хугацаанаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавьжийн задгайд оршин суух иргэн Б.М-гийн гэрээс 2.039.300 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” тохиолдол нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулжээ.
О.Б-д холбогдох 1710009380111 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр магадлалтай эрүүгийн хэргийн О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэх хэргийг нэгтгэн шалгаж, нэг тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, О.Б-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Очбадарын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр магадлалын шүүгдэгч О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. О.Б-д холбогдох 1710009380111 болон 1725003310166 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН