Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 110/2016/0053/з |
Дугаар | 221/МА2017/0267 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0267
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Х.Ерманат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан хийж, Баян-Өлгийн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.Ерманатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ерманат нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын Х.Ерманатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Х.Ерманатыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.898.900 /нэг сая найман зуун ерөн найман мянга есөн зуу/ төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 101.434 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна. Үндэслэл:
Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлыг хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдсан билээ. Энэ тогтоолын 6 дугаар заалтад аймгуудад Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоол, тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор дээрх хоёр хэлтсийг татан буулгасан нь тодорхой байна.
Энэ тогтоолыг үндэслэн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6/08 тоот тушаал гаргаж ажилтан, ажилчдыг чөлөөлсөн байна. Энэ тушаалыг тухайн дарга ажилтан ажилчдад мэдэгдсэн байна. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын А/05 дугаар тушаал гарч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын үйл ажиллагааны зардал олгох эрхийг Халамжийн хэлтсийн дарга Б.Цэрэндорж, нябо Ж.Мухибат нарт шилжүүлсэн байна.
Мөн дараа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/18 дугаар тушаал гарч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Назымгүлийг томилж, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга томилогдох хүртэл зөвхөн цалин болон тэтгэмжийг тараах уг тушаалд зааж өгсөн байна.
Иймд татан буугдсан Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудад 8, 9, 10 дугаар сарын цалинг олгосон байна. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/21 дугаар тушаал гарч тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан байна. Миний бие Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/179 дугаар тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдож ирээд 10 дугаар сарын 20-нд ажил авч 21-нд хоёр хэлтэст урьд нь ажиллаж байсан бүх хүмүүсийг цуглуулж тэтгэмжээ авахыг хэлэхэд Х.Ерманат хүлээн зөвшөөрсөн юм.
Би аль болохоор хоёр хэлтэст ажиллаж байсан хүмүүсээс ажлын туршлага, ар гэр, амьдралын байдал жирэмсэн хөхүүл хүүхэдтэй хүмүүсийг харгалзан ажилд томилохыг хичээсэн билээ. Тухайлбал шинээр байгуулагдсан газар нь дотроо гурван хэлтэстэй нэг хэлтэс нь Хөдөлмөрийн хэлтэс биш, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс болж батлагдаж ирсэн зөвхөн хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг хариуцахаар зааж өгсөн байсан.
Х.Ерманатын хувьд 1. Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл, тайлал хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 12 дугаар сараас эхлэн ажилласан байна.
А.Онгарын хувьд: 2. 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Я.Сьезд 01 тоот тушаал гаргаж программ хангамж хариуцсан ажилтнаар түүнийг ТҮ-5 зэрэглэлд хамааруулан ажилд томилсон ба дараа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 тоот тушаалуудаар мэдээ, мэдээлэл, программ хангамж хариуцсан ажилтнаар тус тус томилсон, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болж шинээр байгуулагдахад нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 46 тоот тушаалаар мэдээ, мэдээлэл программ хангамж хариуцсан ажилтнаар ТҮ-6.1 шатлалаар томилсон мөн хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/37 тоот тушаалаар бүр томилогдож мэдээ, мэдээлэл, програм хангамжийг хариуцан ажилласнаар энэ албыг удаан жил хашиж мэргэшсэн гэдэг нь тодорхой болохоор би ТҮ-гээр цалинжуулан дахин томилсон юм.
Миний бие программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн томилохдоо
1. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 236 тоот тогтоол,
2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоол
3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 тоот тушаал зэрэг эрхийн актуудыг үндэслэл болгож томилж, мөн тухайн мэргэжлээр ажилласан жил ажлын туршилгыг харгалзан юм.
Би Х.Ерманатыг ажлаас халах тушаал цалин олгох шийдвэрийг огт би гаргаагүй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын батлагдсан орон тоонд аль болохоор татан буугдсан хоёр хэлтсээс амьдрал ахуй, ажлын туршлага, ажилласан жилийг нь харгалзан хүмүүсийг ажилтай болгох арга хэмжээ авсан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу /Х.Ерманат/-д 3 сарын тэтгэмж авах тушаал гаргасан 3 сарын нэг удаагийн тэтгэмж нь цалингийн дансанд орж олгогдсон байгаа.
Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолд мөн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын болон ХХҮЕГазрын даргаас урьд ажиллаж байсан хоёр хэлтсийг нэгтгэх тухай тушаал шийдвэр эрхийн акт удирдамж гаргаагүй байна. Харин ерөнхий газрын 1/2 гэсэн албан бичигт хоёр хэлтсийг нэгтгэх гэсэн өгүүлбэр байдаг. Энэ нь эрхийн акт биш бүхэл бүтэн хоёр хэлтсийн эрх зүйн байдал хөндөгдөж гэж байгаа. Хоёр хэлтэс нь урьд өмнө нийт 60 гаруй ажилтантай байсан.
Мөн орон байр, эд хөрөнгө, баримт бичигтэй бие даасан үйл ажиллагааг явуулж ирсэн. Эднийх яах талаар, яаж зохицуулах тухай эрхийн акт журам, заавар зөвлөмж чиглэл дээрээс ирээгүй. Одоогийн баталж өгсөн ХХҮГазрын нийт орон тоо 45 хүн байгаа, урьд 2 хэлтэст 60 гаруй хүнтэй байсан гэж анхан шатны шүүх нь бүгдийг нь энэ газарт ажилд оруулаад байх янзтай бөгөөд ингэлээ гээд төрийн залгамж үйл ажиллагааны хэм хэмжээ алдагдах байх.
Яам, ерөнхий газар нь энэ байдлын талаар: ........... “урьд өмнөхөн хоёр хэлтэс татан буугдсан. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар татан буугдсан байгууллагын урьд ажиллаж байсан ажилтнууд нь урьдах авч байсан цалинг 8, 9, 10 дугаар сараар урьдчилан авсан. Тэд хөдөлмөр хийлгүй байж 3 сарын цалинг сул авч дээр нь 3 сарын тэтгэмжийг улсаас хувийн дансандаа хийлгүүлж авлаа. Одоогийн ХХҮГазрын ажлын чиг үүрэг зохион байгуулалт, бүтэц орон тоо нь урьд он хоёр хэлтсээс өөр болохоор ажилтнуудаа шилж ав. Тэгээд хяналт тавьж ажилла” гэсэн чиглэл, зөвлөмжийг хэлдэг ерөнхийдөө би энэ байдлыг мөрдлөгөө болгон ажиллаж байна.
Анхан шатны шүүх нь:
1. Хоёр хэлтэс татан буугдаагүй ажлын байр, ажлын чиг үүрэг нь ХХҮГазарт байгаа тул тэд орох ёстой гэж тус байгууллагад 60 хэдэн хүнийг бүгдийг нь оруулахаар шийдвэр гаргаж байна.
2. 2016 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн Х.Ерманат нь чөлөөлөгдсөнөө мэдсэнээс хойш 3-4 сарын дараа “дөнгөж мэдээд” гэж худал хэлж хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсний дараа шүүхэд гомдол гаргасныг шүүх үнэлж дүгнээгүй.
Цаашид Х.Ерманатын нэхэмжлэлийг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн 110/ШШ2017/0008 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд А.Онгар, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар давж заалдах гомдолдоо: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Онгар нар бид Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 110/ШШ2017/0008 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Х.Ерманатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Х.Ерманатын нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоол /хэргийн 59, 60 дугаар талд авагдсан/ гарсантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр зохион байгуулжээ. Дээрх 2 хэлтэс нь өмнө 63 орон тоотой ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог батлах тухай” Б/21 дүгээр тушаалын хавсралтаар /хэргийн 233-234 дугаар талд авагдсан/ Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог 45-иар баталж, 18 орон тоо хасагджээ. Иймээс дээрх хоёр байгууллага нэгдсэний улмаас зохих хэмжээний ажлын байрны орон тоо хасагдсан гэдэг нь тодорхой байна.
2. Маргаан бүхий орон тоо буюу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний орон тоонд төрийн үйлчилгээний албан хаагч ажиллах ёстой болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Үүнд:
2.1. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдөр аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга нарт явуулсан “Мөрдлөгө болгон ажиллах” тухай 1/1084 дүгээр албан бичгийн 3-д “Мэдээллийн технологийн мэргэжилтэн нь Төрийн үйлчилгээний мэргэжлийн албан тушаалын ангилал, ТҮ-7 зэрэглэлд хамаарах ба цалингийн шатлалыг ажилласан жил, ажлын бүтээмжээс хамааруулж тогтоох, ур чадварын нэмэгдлийг 20-25 хувиар тооцох. 4. Мэдээллийн технологийн мэргэжилтэнг ажилд томилох, ажлаас чөлөөлөхдөө заавал Ерөнхий газын Мэдээллийн технологийн хэлтсийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргах” /хэргийн 61, 285 дугаар талд авагдсан/, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваагаас 2017 оны 01 дүгээр сард ирүүлсэн албан тоотод “Танай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар албан бичгийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б\21 дүгээр тушаалыг, хавсралтын хамт, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын \хуучнаар\ 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1/1084 тоот “Мөрдлөг болгон ажиллах” тухай албан бичгийг хавсралтаар хүргүүлж байна.” /хэргийн 282-285 дугаар талд авагдсан/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавагаас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр № 1/28 тоотоор ирүүлсэн албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоосон байдаг.
Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны б\21 дүгээр тушаалаар батлагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд програм хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалын ангиллыг мэргэжлийн албан хаагч буюу TҮ-7 зэрэглэлийн 2-т заасан албан тушаалын ангилалд хамруулан, A.Онгарыг төрийн үйлчилгээний албан тушаалд томилон ажиллуулахад татгалзах зүйлгүй болно
Жич: Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 236 дугаар тушаал хүчингүйд тооцогдсон болно” хавсралтад 7. Мэргэжлийн албан хаагч. Тодорхой нарийн мэргэжил, авьяас, ур чадвар, туршлага шаардах ажил эрхэлдэг тухайн мэргэжлээрээ бие даан ажилладаг буюу удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий албан тушаал. ТҮ-7 1. Маркетингийн албаны ажилтан, хүний нөөцийн ажилтан. 2. Нягтлан бодогч, программист, сүлжээний инженер, хуулийн зөвлөх, архитекторч, технологич” /хэргийн 203 дугаар талд авагдсан/ тус тус тэмдэглэн зааснаар.
2.2. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга асан Я.Сьездээс ажилтан А.Онгартай 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга асан О.Садель, Ж.Цэрэндорж нараас ажилтан А.Онгартай оны 05 дугаар сарын 01-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханаас ажилтан А.Онгартай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд /хэргийн 104-120, 139-140 дугаар талд авагдсан/
2.3. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 99 дүгээр тушаал, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 165 дугаар тушаал, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаал, 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар тушаал, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар тушаал, 2015 оны 01 дүгээр 30-ны өдрийн Б/37 дугаар тушаал, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалаар А.Онгарыг тус байгууллагын программ хангамж, мэдээллийн технологийн ажилтан, мэргэжилтнээр тус тус томилон ажиллуулж, албан тушаалын ангиллыг төрийн үйлчилгээний ангилалд багтаан ТҮ-зэрэглэлээр цалинжуулж байсан нөхцөл байдал. /хэргийн 36, 40, 50, 69-73 дугаар талд авагдсан/
2.4. Ажил олгогчоос баталгаажуулж байсан ажилтан А.Онгарын Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын байрны /2011.03.02, 2012.02.28, 2015.02.27, 2016.11.01, 2017.01.03/ тодорхойлолтууд /хэргийн 85-103, 208-212 дугаар талд авагдсан/ баталсан нөхцөл байдал.
2.5. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын захиргаа, хяналтын хэлтсийн дарга Д.Алтынгүлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 202 дугаар талд авагдсан/
Дээр дурдсан нөхцөл байдал нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна” мөн хуулийн 9.1.1-д “төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал” гэсэн заалттай нийцэж байгаа учраас төрийн үйлчилгээний албан тушаалтан гэж үзэж байна.
3. Нэхэмжлэгч Х.Ерманатаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байна. Төрийн жинхэнэ албан хаагч болж 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тангараг өргөсөн байна. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг газрын батлагдсан бүтцийн орон тоонд миний урд хариуцаж байсан программ хангамж, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтний орон тоо болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан орон тоо хэвээр байна...” гэж бичсэн нь Х.Ерманат нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж төрийн захиргааны албан хаагч байсныг нотолж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/21 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс гэсэн хэсгийн 11-д “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн” гэж тусгажээ.
Эндээс Х.Ерманатын хариуцаж байсан зарим ажлын чиг үүрэг нь шинээр зохион байгуулагдсан байгууллагад шинээр бий болсон хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэгт шилжсэн болохыг баталж байна. Х.Ерманат нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтнээр томилогджээ. Энэ нь албан тушаалын хувьд Төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна”, 5.1.1-д “төрийн улс төрийн, 5.1.2-т “төрийн захиргааны”, 5.1.3-д “төрийн тусгай”, 5.1.4-д “төрийн үйлчилгээний” гэнэ. 5.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал” гэнэ. 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, 7.1.10-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”, 7.3-д “Төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдсанаар ангилна” 7.3.4-д “дэс түшмэл”. Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Зэрэг дэв олгох тухай” 253 дугаар захирамжийн хавсралтад Х.Ерманатыг дэс түшмэл болгон шийдвэрлэсэн байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”. Ингэхээр захиргааны хэргийн шүүх төрийн захиргааны албан хаагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн маргааныг хянан хэлэлцэх журамтай юм. Гэтэл маргаан бүхий орон тоо нь Төрийн үйлчилгээний албан хаагч учраас анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 110/ШШ2017/0008 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Х.Ерманатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Ерманатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлж, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Ерманат нь анх “дээрх тушаалуудын өөрт холбогдох хэсэг мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Үүнийг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаар тушаалын Х.Ерманатад холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Х.Ерманат нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр, эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэсэн хоёр нэгжийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан байна.
Ийнхүү өөрчлөн байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтцийн нэгжид нэхэмжлэгч Х.Ерманатын ажиллаж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь хасагдаагүй буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан тус газрын бүтэц, орон тоо, ажлын байрны тодорхойлолт зэргээс харахад программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний орон тоо, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, уг ажлын байр хасагдаагүй байна. Өөрөөр хэлбэл “ажилтан” бус “мэргэжилтэн” гэж уг орон тоо батлагдсан байна.
Гэтэл уг орон тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст мэдээ, мэдээлэл, программ хангамж хариуцсан ажилтан А.Онгарыг томилжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд А.Онгар нь 2010 оноос аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-7-2 зэрэглэлээр цалинжиж байсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна” гээд 7.1.10-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”, 7.10-д “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтний албан тушаалыг төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын, ТЗ-5 зэрэглэлд хамааруулсан байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал байна.
Дээрхээс үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь энэхүү үүргээ биелүүлэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр гуравдагч этгээд А.Онгарыг томилсон байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/28 дугаар албан бичгийг иш татдаг боловч уг баримт нь цаг хугацааны хувьд сүүлд гарсан төдийгүй маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР