| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
2025 01 22 2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урал,
улсын яллагч Б.Тогтох,
шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** овогт ****-ын ***(регистрийн дугаар *******), *** оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “****” ХХКомпанид механик засварчин ажилтай, эхнэр, 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Буянт-Ухаа 2 Архивчдын гудамж **** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн товч агуулга: Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ эхнэр Б.Н-тэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 5, 9, 25-26 дугаар хуудас)”,
- Өмгөөлөгч болон шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ эхнэр Б.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан халдаж, эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын дотор салстад, зүүн шуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Н-ийн “...2024 оны 09-р сарын 04-ний өдөр нөхөр Б гол орж хоноё гээд 22 цагийн гол дээр очиж хоносон. Тэгээд өглөө босоод майхан дотор байсан 2-3 шил эсса нэртэй пиво уучхаад дэлгүүр орж идэх, уух юм авчраад хоол унд идчихээд юм ярьж сууж байгаад нөгөө хүүхнээс болоод бид хоёр дахин маргалдсан. Маргалдаж байх үед Б намайг аавыгаа дандаа өмөөрдөг, чи муу аавтайгаа унтаж хэвтдэг биз дээ гэж хэлэхээр нь миний уур хүрээд Бын хацар руу алгадсан. Намайг Б зөрүүлээд зүүн нүд хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Б-ыг үсдээд авсан чинь зөрүүлээд гараараа нүүр рүү 1 удаа цохиод авсан. Тэр үед би туслаарай гэж орилсон чинь голын цаана байсан залуучууд ирж салгасан. Миний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон, гол руу нэг удаа түлхэж унагасан ноцолдож байхад гар хөхөрсөн...өмнө нь 2023 онд намайг цохиж цагдаагийн байгууллагад хандаж баривчилгаанд явж байсан. Б нь эм, тан авах мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас),
- Гэрч Б.Ү-ийн “...миний охин Б гэдэг залуутай танилцаж 2021 онд албан ёсоор гэр бүл болсон. 2023 онд дундаасаа охинтой болсон. Манай гэрт надтай бүгд хамтран амьдарсан. Б нь эмэгтэй хүний асуудлаас болж ихэвчлэн маргалддаг байсан. Б-тай ярилцаад дараа гэж байхгүй одоо нэг удаа тусдаа гарж амьдраад чадахгүй бол нэг мөр гэр бүлээ салгаарай гэж хэлсэн. Хамгийн сүүлд миний нүдэн дээр Б Н хоёр маргалдсан. Тэр хоёрт хатуу сануулаад өөр өрөөнд ороод сууж байтал дахин гэрийн юм шидэлцэн муудалцаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Д-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11827 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр "Б.Н биед дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын дотор салстад, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),
- Аюулын зэргийн “бага” зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09-р сарын 17-ны өдрийн лавлагаа, тодорхойлолтод “Б.Б, Б.Н нар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн” (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарласан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар албан ёсны гэрлэгчид болох нь тэдгээрийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ннийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх шинжийг хангасан тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ийн биед хөнгөн хохирол учирч, эрүүл мэндтэй холбоотой эмчилгээний баримтыг гаргаж өгөөгүй, “...гомдолгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлага байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт(хавтаст хэргийн 63 дугаар хуудас)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчөөс “маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон” болно.
Прокурорын санал болгосныг Б.Б хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчийн хамт харилцан тохиролцсон ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчимд нийцсэн төдийгүй анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шалгаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ****-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР