Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00923

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00923

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.М-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Л.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь Л.Мтай 2014 онд танилцаж, үерхэж байгаад, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Гг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн, очин амьдарцгааж байсан. Хүүхдээ гарснаас хойш бид хамт байхаа больж, ирж, очих нь цөөрч таарч тохирохгүй болсон.

Иймд хүү М.Гд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

...шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.Хүү маань эцгээрээ овоглодог, төрсөн цагаасаа хойш миний асрамжид байгаа, эцэгтэй нь уулзуулж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хариуцагч Л.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний бие Б.Эгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.М.Г нь миний хүү мөн тул хүүхдийн тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна...цаашид хүүтэйгээ уулзаж баймаар байна гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Л.Мд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Э, Л.М нар нь 2014 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Г төрсөн болох нь:

2015 оны 7 дугаар сарын 21-ний төрсөн хүү Дархчуул овогтой М.Г-д олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай их Эмч Б.Золцолмонгийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай тус сумын иргэн М.Г нь Болдын 4-1 тоотод аавындаа охин Маралжингоогийн хамт амьдардаг нь үнэн... гэх тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү М.Г гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Гд төрсөн эцэг Л.Мгаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар дундаас 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Гг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Мгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Мгаас улсын тэмдэгтийн хураамж 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ