Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2019/03604/И |
Дугаар | 181/ШШ2020/01297 |
Огноо | 2020-05-15 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2020/01297
2020оны 05сарын15өдөр |
| 181/ШШ2020/01297 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЗТХ,
Хариуцагч: БНийг хөгжүүлэх төслийн нэгж нарт холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоолгох, 42,769,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А хариуцагч ЗТХны төлөөлөгч Б.Ц, Б.Б, хариуцагч БНийг хөгжүүлэх төслийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗТХны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар хууль бус тушаалаар БНийг хөгжүүлэх төсөл-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер С.Б миний хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсанаар С.Б би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хөлсөөр ажиллах гэрээний дагуу авах ёстой байсан ажлын хөлс 23,800,000 төгрөгөөр хохирсон. С.Б би 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан нь уг тушаал 2019 оны 08 дугаар сарын 01-нээр тасалбар болгож гаргаснаар нотлогдож байхад надад 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 5 хоногийн цалинг дутуу бодож, ажлын хөлс 865,454 төгрөг өгөлгүй хохироосон. Хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу 2018 оны 9 хоног, 2019 оны 5 хоног, нийт 14 хоногийн амралтын мөнгө 2,419,200 төгрөгийг олгохгүй хохироосон. 2015 оноос хойш ажиллаж байх хугацаандаа жилийн эцсээр хийсэн ажлаа дүгнүүлэн 2 удаа А үнэлгээ авсан урамшуулал 2,856,000 төгрөгийг өгөлгүй хохироосон. Гэрээнд заасны дагуу тус төсөл хэрэгжүүлэх нэгж С.Б миний нийгмийн даатгалын шимтгэлд 24,864,855 төгрөг төлөх ёстой байснаа төлөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүй хохироосон. Гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсан тохиолдолд С.Б надад ажилгүйдлийн тэтгэмжид олгогдох 11,763,923 төгрөгийг авах эрхгүй болж хохирсон. ЗТны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр С.Б миний хөлсөөр ажилласан гэрээг цуцалсан талаар: С.Б би 2015 оны 05 сарын 04-ний өдрөөс тус БНийг хөгжүүлэх 2719/0240 төсөл-ийн төмөр замын дохиолол холбооны инженерээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ЗТХны харьяа Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллаж байсан болно. Тус төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллаж байхдаа Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралт Засгийн газрын гадаад зээлийн ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар ... бусад ажилтнууд нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчтай болон төслийн шууд зохицуулагчтай Хөлсөөр ажиллах гэрээг гурвалсан хэлбэрээр байгуулна гэсний дагуу 2015 оноос хойш төсвийн шууд захирагч болох ЗТны Төрийн нарийн бичгийн дарга болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч ******* нартай гурвалсан хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллаж байсан болно. Хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээр хийгээд жилийн эцсээр гэрээг А-F хүртэл 5 шатлалаар дүн тавьж дүгнэн 2 жил дараалан D авсан тохиолдолд гэрээг цуцлах, сунгахгүй байх журмаар ажиллаж ирсэн. С.Б би 2018 оны 12 сард Хөлсөөр ажиллах гэрээгээ дүгнүүлээд А үнэлгээ авсан болно. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч ******* хөлсөөр ажиллах гэрээг бичгийн хэлбэрт тухайн ондоо багтааж бичдэг байсан тул 2019 оны хөлсөөр ажиллах гэрээг бичгийн хэлбэрээр гаргахгүй байсанд гарах байх гэж бодон би ач холбогдол өгч байгаагүй болно. Миний бие 2019 оны 6, 7 дугаар сарын ажлын хөлсийг өгөхгүй байсан тул Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч *******аас яагаад ажлын хөлс өгөхгүй байгаа талаар лавлахад ажлаас гарах өргөдлөө бич, тэгвэл өгнө гэж хэлсэн болно. 2 сар цалин хөлсгүй ажиллаж, банкны өр нэхэгдэж, зээл тавин амьдарч аргагүй байдалд орсон тул би 2019 оны 07 сарын 26-нд түүний хэлснээр өргөдөл бичиж өгөөд тэр өдрөө 2 сарын цалингаа авсан. Гэтэл Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч ******* надаар бичүүлсэн өргөдлийг ЗТны Төрийн нарийн бичгийн даргад 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 89 /а/ албан тоотоор уламжилж, улмаар ЗТХны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар тушаалаар БНийг хөгжүүлэх төсөл-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер С.Б миний хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаж, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болж, би үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Ажлаас гарах тухай өргөдлийг миний 2 сарын цалинг өгөхгүй дарамталж байж бичүүлсэн ба ажлаас гарах өргөдөл бичих нь миний жинхэнэ хүсэл зориг биш байсан юм. Энэ нь миний вичат /WeCaht/ хаягт ирсэн зурвасаар батлагдаж байгаа болно. Мөн миний өргөдөлд сүүлийн 2 сар авч чадахгүй байгаа цалингаа авъя гэж бичсэн нь надад дарамт шахалт үзүүлж байсныг нотлох нотолгоо юм. *******ын шаардсанаар өргөдөлдөө тооцоо дууссаны дараа төслийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн хэл ам хийхгүй гэж бичсэн нь түүний зүгээс намайг дарамталсан, шаардсан гэдгийг бас нотолно. Иймд С.Б миний БНийг хөгжүүлэх төсөл, Төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй 2019 онд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 223-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 2019 оны 8, 9, 10, 11, 12 сар нийт 5 сарын цалин 23,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч ******* амарч байх хугацаандаа ажил гарлаа хүрээд ир гэж байнга дуудаж ажиллуулдаг байсан бөгөөд 2018 онд С.Б би 20 хоног амралт эдлэх ёстойгоос 9 хоногт нь амралтын мөнгөө аваагүй, 2019 амралтынхаа 5 хоногийг аваагүй тул 2018 оны амралтын 9 хоногийн мөнгө 1,555,200 төгрөг, 2019 оны амралтын 5 хоногийн мөнгө 864,000 төгрөг, нийт 2,419,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сангийн сайдын 196 дугаар тушаалын 16.10 болон 176 дугаар тушаалын 10.1.6-д заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ нь А үнэлэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтанд тус журмын 11.3 дахь заалтын дагуу сарын цалингийн 30 хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэж заасан. Гэтэл гэрээний 5.1.2-т зааснаар С.Б миний хийж гүйцэтгэж байгаа ажлыг захиалагчийн зүгээс дүгнэхэд 2016 онд А үнэлгээ, 2017 онд В үнэлгээ, 2018 онд А үнэлгээ авсан. Иймд 2 удаагийн урамшууллын 2,856,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хөлсөөр ажиллах гэрээний 5.2.3-т зааснаар ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх гэсэн заалт, 4.2-т зааснаар ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх гэсэн заалтыг төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч ******* Сангийн сайдын 196 дугаар журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн огт хэрэгжүүлдэггүй байсан. Иймд Сангийн сайдын 196 дугаар журам хэрэгжиж эхэлсэн 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэж өгнө үү. Төсөл хэрэгжүүлэх нэгж Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1, 4.2.2, 16, 17 дугаар заалт, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 1-р хавсралтын 4.2, 5.2.3 дахь заалтууд, мөн сайдын 2013 оны 176-р тушаалаар батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах удирдах, бүртгэх тайлагнах журмын 9.1.14, 13.1.6, 20.1.1 заалтуудыг зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагын зүгээс төлөөгүй учраас С.Б миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1, 2.2-т заасан эрхээ эдэлж, ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй хохирсон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6.2 дахь заалтын дагуу надад олгогдох 11,763,923 төгрөгтэй тэнцэх мөнгөн хохирлыг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 42,769,432 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч ЗТХны төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан С.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Зам, тээврийн хөгжлийн яаманд хамаарах хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэзээ гаргасан нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг баримтлан нэхэмжлэлээ гаргасан эсэхийг шүүхээс тодорхойлох шаардлагатай. Учир нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/4484 тоот албан бичгээр нэхэмжлэгч С.Бд хариу хүргүүлсэн үеэс шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдох ёстой. Сангийн сайдын 2015 оны 196 дугаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 10.1.10-т энэхүү журмын 10.1.8 болон 10.1.9-д зааснаас бусад төслийн ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэж Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг тусгасан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар тушаалыг гаргахдаа БНийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Өргөдөл уламжлах тухай 89 тоот албан бичиг, ажилтны өргөдлийг үндэслэн Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг батлан гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох асуудлыг шийдвэрлэх нь Сангийн сайдын 2015 оны 196 дугаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 14,1.6-д төслийн зохицуулагч, бусад ажилтнуудын хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хуульд заасан хэмжээгээр харьяалагдах татварын болон нийгмийн даатгалын албанд шилжүүлэх үүргийг төсөл хэрэгжүүлэх нэгжийн чиг үүрэгт хамааруулж тусгасан байна. Нэхэмжлэлд ... миний бие 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хөлсөөр ажиллах гэрээний дагуу авах ёстой байсан ажлын хөлс 23,800,000 төгрөгөөр хохирсон гэжээ. Гэвч нэхэмжлэгч Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч *******т гаргасан өргөдөлдөө ...төслийн ажил 2019 оны 12 дугаар сарын 31 гэхэд бүрэн дуусч буй тул төслийн инженерийн үүрэг, оролцоо хяналт шаардлагагүй болж, үндсэндээ миний ажлын байр цомхтгогдож байгаа гэж ойлголоо. Тэгэхээр би сүүлийн 2 сард авч чадаагүй байгаа цалин, хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдох ёстой гэнэт халагдсаны тэтгэмж, 2019 оны амралтын үлдсэн мөнгө зэргийг бодуулж аваад ажлаас гаръя... гэж 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлдөө дурдсан нь түүнийг 2019 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг дуустал цалин, хөлс авах эрхгүйг нотолж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 115.2.3 дахь заалтад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.
Хариуцагч БНийг хөгжүүлэх төслийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. С.Бгийн цалингийн нэгтгэлийг харвал С.Бд 2015 оны 05 сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 сарын 25-ны өдрийн хооронд Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс олгосон цалин нь 237,847,508.67 төгрөг байна. Тус олгосон цалин нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан БНийг хөгжүүлэх төсөл-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2011 оны 01 сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан санхүүжилтийн хэлэлцээрийн хавсралт 3-ын хавсралт 2-т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх татвар, хураамж ороогүй болно. Энэхүү хэлэлцээрийн эх хувийг Сангийн яаманд эх хувиар хадгалагддаг тул шүүхэд эх хувийг Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөгч миний бие гаргах боломжгүй байна. С.Б нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөлсөөр ажиллах гэрээний ажиллуулагч нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ гүйцэтгээгүй тул холбогдох нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг Хариуцагчаас шаардсан. Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1-д зааснаар Монгол Улсын олон улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог ойлгодог. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т зааснаар Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. гэсний үндсэн дээр дээр дурдсан Засгийн газар, Азийн хөгжлийн банк санхүүжилтийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн дагуу Төсөл хэрэгжүүлэх нэгж нь С.Бгийн нийгмийн даатгалын хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 1-д Монгол Улс улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна., тус зүйлийн 3-т Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. гэж заасныг дурдах нь зүйтэй байна. С.Б нь 2015 оноос эхлэн Төсөл хэрэгжүүлэх нэгжид төмөр замын дохиолол холбооны инженер албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн байдаг. Ийнхүү тус оноос эхлэн С.Б нь нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлж байсан болохыг нийгмийн даатгалын хуулбараас харах боломжтой. Хэрэв С.Б нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төсөл хэрэгжүүлэгч нэгж төлөх ёстой гэж анхнаасаа үзэж байсан бол 2015 онд сайн дураараа даатгуулах мөн тус ажлын байранд ажиллаж байх 4 жилийн хугацаанд өөрийн эрх ашиг зөрчигдөж буй талаар удирдлага болон эрх бүхий байгууллагуудад хандаж зөрчигдсөн эрхээ сэргийлэх тухай хүсэж байгаагүй байж 4 жилийн дараа нийт ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэж үзэж буйг ойлгохгүй байна. 4 жилийн хугацаанд холбогдох шаардлага гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шалгаж шүүх хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг бидний зүгээс хүсэж байна. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ЗТХ, тус яамны харьяа БНийг хөгжүүлэх төслийн нэгж нарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоолгох, 42,769,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар буюу хариуцагч нараас шаардсан мөнгөн дүн болох 42,769,432 төгрөг нь түүний уг шаардлагаа задалж нэхэмжлэлд бичсэн дүнтэй таарахгүй зөрүүтэй байгаа талаар тодруулахад нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2019 оны 08,09,10,11,12 дугаар сарын цалин хөлс буюу олох байсан орлогод 23,800,000 төгрөг, 2018 оны амралтын дутуу 9 хоногийн мөнгө 1,555,200 төгрөг, 2019 оны амралтын дутуу 5 хоногийн мөнгө 864,000 төгрөг, 2 удаагийн урамшууллын мөнгө 2,856,000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн улмаас учирсан хохиролд 11,763,923 төгрөг, 2019 оны 07 сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 865,454 төгрөг, нийт 41,704,577 төгрөгийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг тодруулсан.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Бг ЗТны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 157 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-50 тал/-аар ЗТны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 58 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу БНийг хөгжүүлэх МОН2719/0240 төсөл-ийн төмөр замын дохиолол, холбооны инженерээр 2015 оны 05 сарын 04-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байх ба 2016 онд С.Б болон БНийг хөгжүүлэх төслийн нэгж, ЗТны хооронд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 7-12 тал/, 2017 онд С.Б болон ЗТХны хооронд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 7-12 тал/, 2018 онд С.Б болон БНийг хөгжүүлэх төслийн нэгж, ЗТХны хооронд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 25-30 тал/ тус тус байгуулагдаж байсан байх ба 2018 оны гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байна.
ЗТХны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 243 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 1 хавтас 51 тал/-аар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр С.Бгийн хөлсөөр ажиллах гэрээг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
С.Б болон БНийг хөгжүүлэх төслийн нэгж, ЗТХны хооронд байгуулагдсан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад заасан хөлсөөр ажиллах гэрээний байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь заалтад Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн зүйлийн 242.2 дахь заалтад Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заасан, нэхэмжлэгч С.Бтай хөлсөөр ажиллах гэрээг хариуцагч ЗТХ, тус яамны харьяа БНийг хөгжүүлэх төслийн нэгж нар байгуулсан тул нэхэмжлэгч нь ЗТХ, тус яамны харьяа БНийг хөгжүүлэх төслийн нэгж нарыг нэхэмжлэлийн хариуцагчаар хамтад нь татсан нь үндэслэлтэй.
2018 онд С.Б болон БНийг хөгжүүлэх төслийн нэгж, ЗТХны хооронд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 25-30 тал/ тус тус байгуулагдаж байсан байх ба 2018 оны гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байх боловч 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш 2019 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд С.Бг ажиллуулсан хэвээр байсан тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дахь заалтад Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан байсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 07 сарын 25-ны өдөр төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч *******т С.Б би ЗТХЯ-аас хэрэгжүүлж байгаа БНийг хөгжүүлэх төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төмөр замын дохиолол холбооны инженерийн ажлын байранд 2015 оны 05 сараас эхлэн ажиллахдаа 34.5 сая долларын үнэтэй гэрээнүүд хийгдсэн 2015/9-2016/9-ын хооронд төслийн худалдан авалтын ажилтныг 11 сар хавсарч, 2016 оны 8-р сарын 1-нээс эхлэн өнөөг хүртэл төслийн инженерийн ажлыг 3 жил хавсарч ажиллаж ирсэн нь үнэн билээ. Төслийн ажил 2019 оны 12 сарын 31 гэхэд бүрэн дуусч буй тул төсөлд инженерийн хяналт, үүрэг, оролцоо байх шаардлагагүй болж, үндсэндээ миний ажлын байр цомхотгогдож байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр би сүүлийн 2 сард авч чадаагүй байгаа цалин, хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдох ёстой гэнэт халагдсаны тэтгэмж, 2019 оны амралтын үлдсэн мөнгө зэргийг бодуулж аваад ажлаасаа гаръя. Жич: Тооцоо дууссаны дараа төслийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн хэл ам хийж энд тэнд явахгүй гэсэн утга бүхий өргөдөл /хэргийн 1 хавтас 98 тал/-ийг гаргасан байх ба уг өргөдлийг төслийн зохицуулагч 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 89 дугаартай Өргөдөл уламжлах тухай албан бичиг /хэргийн 1 хавтас 97 тал/-ээр ЗТХны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлснээр ЗТХны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 243 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар С.Бгийн хөлсөөр ажиллах гэрээг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож гэрээг цуцалсан байна.
Нэхэмжлэгч нь дээр дурдсан өргөдлийг гаргахдаа ажиллуулагчийн зүгээс түүний 2 сарын цалинг өгөхгүй дарамталж байж бичүүлсэн, ийнхүү дарамт шахалт үзүүлсэн нь түүний вичат /WeChat/ хаягт ирсэн зурвасаар болон өргөдөлдөө тооцоо дууссаны дараа төслийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн хэл ам хийхгүй гэж бичсэн байдлаар нотлогдоно гэх ба дарамт шахалтын үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан гэх үндэслэлээр гэрээ цуцлагдсан 2019 оны 08 сарын 01-нээс хойш төсөл хэрэгжиж дуусах байсан хугацаа буюу 2019 оны 12 сарыг дуусталх хугацаанд олгогдох байсан нийт 5 сарын ажлын хөлс 23,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Бгийн ашигладаг харилцаа холбооны платформ болох вичат /WeChat/ мессенжерт 2020 оны 03 сарын 20-ны өдөр үзлэг хийхэд төсөл хэрэгжүүлэх нэгийн туслах ажилтан гэх эмэгтэйгээс С.Бд 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 14 цаг 26 минутад Танаар юм бичүүлэх юм байхаа. Өмнө нь дарга бичгээ бичээд ирвэл яах вэ гэсэн утгатай юм хэлж байсан юм уу даа. Тэгээд одоо танаар нөгөө одоо ингээд цалингаа авчихвал яана, элдэв зарга үүсгэхгүй, явлаа гэсэн бичиг бичүүлэх юм шиг байна ш дээ гэсэн агуулга бүхий зурвас ирсэн болох нь үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон.
Дээрх зурвас нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагаас ирсэн зурвас биш байх тул өөр бусад этгээдээс ирсэн гэх зурвасын агуулгад үндэслэн ажиллуулагчийн зүгээс С.Бг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгүүлэхээр дарамталж, шахсан гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь түүний 2 сарын цалинг олгохгүй байж байгаад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгмөгц 2019 оны 07 сарын 26-ны өдөр түүний 2 сарын цалинг ажиллуулагчийн зүгээс шилжүүлсэн гэж тайлбарладаг, хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банкны дансны хуулга /хэргийн 2 хавтас 42,43 тал/-аар 2019 оны 07 сарын 26-ны өдөр С.Бгийн дансанд 2019 оны 6,7 дугаар сарын цалин, БНЛТХөгжүүлэх төсөл гэсэн гүйлгээний утгатайгаар 9,303,636.36 төгрөг шилжин орсон болох нь тогтоогддог хэдий ч ажиллуулагчийн зүгээс ажиллагчид олгоогүй байсан цалин хөлсийг нөхөн олгосон үйл баримт нь ажиллуулагчийн зүгээс С.Бг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгүүлэхээр дарамталж, шахсан гэдгийг нотлох баримт болж чадахгүй байна.
С.Б нь хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасны дагуу ажиллуулагчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож түүнийг гүйцэтгэж байсан ажил үүргээс нь чөлөөлсөн, ажиллуулагчийн зүгээс түүнийг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгүүлэхээр дарамталж, шахсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь заалтад Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэж заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч С.Бгийн гаргасан хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоож, 2019 оны 08 сарын 01-нээс хойш төсөл хэрэгжиж дуусах байсан хугацаа буюу 2019 оны 12 сарыг дуусталх хугацаанд олгогдох байсан нийт 5 сарын ажлын хөлс 23,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2018 оны амралтын дутуу 9 хоногийн мөнгө 1,555,200 төгрөг, 2019 оны амралтын дутуу 5 хоногийн мөнгө 864,000 төгрөг, нийт 2,419,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгч 2018 онд 9 хоног, 2019 онд 5 хоног дутуу амарсан гэдэгт болон амралтын мөнгөний тооцоололд хариуцагч маргадаггүй боловч тухайн хоногуудад ажиллаж, ажлын хөлсийг авсан тул амралтын мөнгө давхардуулан олгох үндэслэлгүй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлээр ажиллагч нь тухайн ажлын жилд ээлжийн амралт эрхтэй байхаар, ээлжийн амралтын хугацаанд ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтыг олгохоор, ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байхаар, улсад хөдөлмөр эрхэлсэн 11-15 жилд ажлын 3 өдрийн, 16 ба түүнээс дээш жилд ажлын 5 өдрийн амралтын хоног нэмж олгохоор тохиролцсон байна.
Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд ажиллагч тухайн ажлын жилд ээлжийн амралт эдлэх, ажиллуулагч ээлжийн амралтын олговор олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь заалтад Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан нийцсэн, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд суурилсан тохиролцоо байна.
Талууд гэрээгээр тухайн ажлын жилд ажиллагчид ээлжийн амралт олгох, амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор тохиролцсон нь ажиллуулагчид нэгдүгээрт ажиллагчийг тухайн ажлын жилд гэрээгээр тохиролцсон хугацаагаар амраах үүргийг, хоёрдугаарт ажиллагчид гэрээнд заасан ээлжийн амралтын мөнгөн олговор олгох гэсэн 2 үүргийг үүсгэж байгаа бөгөөд ажиллуулагч ажиллагчийг тухайн ажлын жилд гэрээгээр тохиролцсон хугацаагаар амраах үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацаанаас богино хугацаагаар амраасан нь түүнийг ажиллагчид гэрээнд заасан ээлжийн амралтын мөнгөн олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нараас 2018 оны амралтын дутуу 9 хоногийн мөнгө 1,555,200 төгрөг, 2019 оны амралтын дутуу 5 хоногийн мөнгө 864,000 төгрөг, нийт 2,419,200 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2019 оны 07 сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 5 хоногийн ажлын хөлс 865,454 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ хугацаанд хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нараас 2019 оны 07 сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 5 хоногийн ажлын хөлс 865,454 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас хөлсөөр ажиллах гэрээний үр дүнг 2016 болон 2018 онуудад А үнэлгээтэй үнэлүүлж байсан, Сангийн сайдын 196 дугаар тушаалын журмын 16.10 болон 176 дугаар тушаалын журмын 10.1.6-д заалтад зааснаар үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх урамшуулал авах эрх үүссэн гэх үндэслэлээр урамшуулалд 2,856,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам /https://www.legalinfo.mn/annex/details/6879?lawid=11293/-ын 16.10 дахь заалтад зааснаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээг 90-100 хувийн биелэлтэд А буюу Сайн; 80-89 хувийн биелэлтэд В буюу Хангалттай; 70-79 хувийн биелэлтэд С буюу Дунд; 60-69 хувийн биелэлтэд D буюу Хангалтгүй; 59 хувь хүртэл F буюу Муу гэсэн шатлалаар үнэлэх зохицуулалттай байх ба мөн журмын 11.3 дахь заалтад төслийн удирдлагын хороо нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас төслийн хэрэгжилтэд хийсэн жилийн үнэлгээгээр болон хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээгээр А үнэлгээ авсан төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад жилд 1 удаа сарын цалингийн 30 (гуч) хувьтай тэнцэхүйц урамшууллыг олгох саналыг хэлэлцэн Сангийн яаманд хүргүүлэн шийдвэрлүүлэхээр заасан байна.
Дээрх журмын зохицуулалтаас үзвэл төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад олгох урамшуулал нь дан ганц ажилтны ажлын гүйцэтгэлээс хамаарахгүй бөгөөд төслийн хэрэгжилтэд хийсэн жилийн үнэлгээнээс мөн хамааралтай байхын зэрэгцээ урамшуулал олгох асуудлыг Сангийн яам шийдвэрлэх зохицуулалттай байх тул 2016 болон 2018 онд урамшуулал олгогдоогүйд хариуцагч нарыг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нараас 2016 болон 2018 оны ажлын гүйцэтгэлийн урамшуулалд 2,856,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас хариуцагч нар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс хойш 2019 оны 07 сарыг дуустал хугацаанд огт төлөөгүйн улмаас нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй гэсэн үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 11,763,923 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн 4-т нийгмийн даатгалын шимтгэл гэдэгт нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг ойлгохоор тодорхойлжээ.
Мөн зүйлийн 1, 7-д зааснаар даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлдэг бол шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлдэг байна.
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгалын сан нь даатгуулагчийн болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, бусад эх үүсвэрээс бүрддэг байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд зохигчийн байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хөлсөөр ажиллагч тал болох С.Б нь мөн зүйлийн 2-ын 1-д зааснаар албан журмаар даатгуулах этгээдэд хамаарч байна.
Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулах ёстой байна.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.-д Захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 4,760,000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно, мөн зүйлийн 4.2-т Ажилтанд төлөх ажлын хөлсний төлбөрөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасны дагуу суутган тооцно гэж тус тус заасан байна.
Хариуцагч нар нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээхгүй гэх шалтгаанаа С.Бгийн ажлын хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл багтсан гэж тайлбарлаж байх боловч хуулиар хүлээлгэсэн үүргийг зохигч талууд гэрээгээр харилцан тохиролцож өөрчлөх боломжгүй, мөн хариуцагч нар нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т зааснаар Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. гэсний үндсэн дээр Засгийн газар, Азийн хөгжлийн банк санхүүжилтийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн дагуу Төсөл хэрэгжүүлэх нэгж нь С.Бгийн нийгмийн даатгалын хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг нь санхүүжилтийн хэлэлцээртэй хамаагүй, Нийгмийн даатгалын тухай хуулиар ажиллуулагчид ногдуулсан үүрэг тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч нар нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулалгүй, ажлын хөлсөө бүрэн авч, өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж байсан гэж маргадаг бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан С.Бгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 1 хавтас 52-54 тал/, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа /хэргийн 1 хавтас 108-11 тал/ зэргээр С.Б нь 2015 оны 09 дүгээр сараас 2019 оны 08 сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж ирсэн болох нь тогтоогдсон.
С.Бгийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн сайн дураар төлж, ажлын хөлсөө бүрэн авч байсан байдал хэргийн баримтаар тогтоогдож байгаа хэдий ч энэ нөхцөл байдал нь ажиллуулагчийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д дахь заалтад заасан ажил олгогчоос төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэх зэрэг ажиллагаа нь ажил олгогчийн үүрэг байгаагаас гадна ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх, хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэх үүрэгтэй байна.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл албан журмаар даатгуулах хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан этгээдийг буюу хөлсөөр ажиллагч С.Бг нийгмийн даатгалын шимтгэл ажлын хөлсөнд нь багтсан л бол өөрөө уг шимтгэлийг төлөх ёстой байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн л хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй бөгөөд ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүсдэг ба хуулийн 3 дугаар зүйлийн 1-д ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн З сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцож олгох хувь хэмжээг заажээ.
Нэхэмжлэгч С.Бгийн 7 жил 10 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцож баталгаажуулсан тухай баримт /хэргийн 1 хавтас 53 тал/ хэрэгт авагдсан, тэрээр 2009 оны 12 дугаар сар, 2010 оны 06 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 07 дугаар сар дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр тогтоогдож байх тул түүнийг нийгмийн даатгалын шимтгэл 15 жилээс дээш хугацаагаар төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Бгийн сүүлийн З сарын хөдөлмөрийн хөлсний дундаж болон 4,760,000 төгрөгөөс 70 хувиар тооцоход 3,332,000 төгрөг, үүнийг сарын дундаж ажлын хоног болох 21.5 хоногт хуваахад нэг хоногт 154,976.7 төгрөг, үүнийг ажлын 76 өдрөөр үржүүлэн тооцоход С.Бгийн авах байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ нь 11,778,229.2 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 11,763,923 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч нараас 11,763,923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, С.Бгийн 2015 оны 09 сараас 2019 оны 08 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна..
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас 14,183,123 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, С.Бгийн 2015 оны 09 сараас 2019 оны 08 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЗТХ, БНийг хөгжүүлэх төслийн нэгж нарт даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 28,586,309 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дахь заалтыг баримтлан хариуцагч ЗТХ, БНийг хөгжүүлэх төслийн нэгж нараас 14,183,123 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, С.Бгийн 2015 оны 09 сараас 2019 оны 08 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 28,586,309 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 371,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗТХ, БНийг хөгжүүлэх төслийн нэгж нараас 228,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР