| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00345 |
| Дугаар | 133/ШШ2017/00408 |
| Огноо | 2017-11-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 133/ШШ2017/00408
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,
нэхэмжлэгч- ......... оршин суух, эмэгтэй, О овогт Ё-ийн Н-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн НЭ-т холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Н, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид /0578/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гэрч Б.А, Б.Б, П.Л, Х.Д, Г.А, Х.Дв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 онд ШУТИС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ангийг эмнэлгийн тоног төхөөрөмж инженер мэргэжлээр төгсөж ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилд ороод 17 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Ингэж ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаагүй ажиллаж ирсэн гэдгийг миний авч байсан гавьяа шагнал нотлоно гэдгийг энд хэлмээр байна. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаа дарга Б.У нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар намайг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тиймээс шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт хийлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг нэхэмжлэлд дурдсан байгаа. Үүнийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.Н-ыг ажлаас халахдаа сонсох үйл ажиллагаа явуулаагүй, нөхрөө эмчилгээнд аваад явсан талаар мэдсээр байж мэдээгүй гээд байгаа нь бүлэг зохицуулалт гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан зохицуулалтууд бодит байдалд нотлогдоогүй. Ажил олгогчийн зүгээс өгсөн нэг сарын үүрэг даалгавар биелүүлж аппаратыг хүлээлгэж өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-д зааснаар сонсох үйл ажиллагаа огт хийгдээгүй, хэсэг бүлэг хүмүүсийн ялгаварлан гадуурхсан байдал бичлэгээс харагдаж байгаа. Шийдвэр гаргах үйл ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Н-ыг нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 07 сарын 31-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар Инженер техникийн тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн шалтгаан нь 1-рт Ё.Н нь 2011 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн шинэ Ультразвук /физик эмчилгээний аппарат/-г эд хариуцагчаас нь "эмээгийнхээ хөлийг шарна" гэж авч яваад 2015 оны жилийн эцсийн тооллогоор шууд акталж, эд хариуцагчийн хөрөнгийн бүртгэлээс хасуулан, аймгийн Орон нутгийн өмчийн албанд актлуулахаар санал хүргүүлж, хувьдаа завших гэж байсныг 2016 оны жилийн эцсийн тооллогоор эд хариуцагч нь байгууллагын захиргаанд гомдол гаргасны дагуу байгууллагын өмч хамгаалах зөвлөл, дотоод хяналтын багын шалгалтаар хувьдаа завшсан нь нотлогдсон тул 2017 оны 01 сарын 06-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Ё.Н-аас тайлбар авахад "би авч яваад батериаг нь шатаасан төлж хохиролгүй болгоно" гэсэн боловч удаа дараа шаардуулж, 06 сарын дараа байгууллагыг хохиролгүй болгосон. Уг аппаратны үнэ: 1.131.213 төгрөг.
2-рт 2012 онд "Алтайн хүдэр" ХХК-иас төслөөр нийлүүлэгдсэн Цусны плазмфрозерийн аппаратыг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар "эвдэрхий" гэж асааж, шалгаж үзэлгүйгээр дур мэдэн байгууллагын хөрөнгө орлогод бүртгэж авалгүйгээр 2014.12.05-ны өдрийн 15 цаг 35 минутанд цусны салбар төвөөс дагалдах хэрэгслийн хамт гарын үсэг зурж аван "Цогц" лабораторийн эрхлэгч Г.Д-д шилжүүлэн, өөрийн эрх мэдэл, албан тушаалыг хэтрүүлэн ашигласан нь холбогдох байгууллагуудын дүгнэлтээр нотлогдож, уг аппаратыг аймгийн Цагдаагийн хэлтсээс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч дагалдах хэрэгсэл болох манжетикийг нь өгөөгүйгээс одоо болтол цусны плазмфрозерийн аппарат ашиглалтанд ороогүй эмнэлгийн үйлчилгээнд хүндрэл учруулсаар байна. Уг аппаратны үнэ одоогийн зах зээлийн ханшаар 65.000.000 төгрөг, тухайн үеийн ханш 48 сая төгрөг. Ё.Н нь эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр байнга хяналт тавих эрх бүхий албан тушаалтан мөртлөө байгуулллагын өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмжийг байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд авалгүйгээр бусдад дур мэдэн өөр байгууллага руу шилжүүлж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан.
3-рт Эд хөрөнгө хамгаалах байнгын зөвлөлийн хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Удирдлагын зөвлөлийн хуралд Ё.Н-тай холбогдох 5 асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт уламжилсны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаас ажлаас чөлөөлөх шийдвэр гарч, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ё.Н-т сонсох үйл ажиллагаа явуулан, өөрөө буруугаа хүлээсэн учир 01 сарын хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагаас эхлэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дотоод дүрэм, журам зөрчиж ерөнхий захирлаас чөлөө авалгүйгээр дур мэдэн ажил тасалсан тул 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Ё.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан. Байгууллагын дотоод журмын 6.2-д заасны дагуу мөн ноцтой зөрчил гаргасан. Мөн өөрийнхөө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 8.1, 8.6-д заасны дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халагдсан. Ажлаас халсан шалтгааны үндэслэл нь Ультразвук буюу физик эмчилгээний аппаратыг дур мэдэн авч яваад шатаачихаад эд хариуцагчийн нэрээс нь шууд хасуулсан талаарх баримт хавтаст хэргийг 101 дүгээр хуудсанд байгаа. Алтайн Хүдэр ХХК-иас 6 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн үүний нэг зах зээлийн үнэ 65.000.000 төгрөгний үнэтэй Цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлэгийн Цогц лабораторын эрхлэгч Долгормаад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан шилжүүлсэн болох нь цагдаагийн байгууллага, дотоод хяналт, прокурорын газраар албан ёсоор тогтоогдож уг аппаратыг 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагаас манай байгууллагад хүлээлгэж өгсөн. Иргэн А.Бадмаанямбууг инженер техникийн техникчийн ажилд оруулж өгнө гэж 2.000.000 төгрөгний хахууль авсан байдаг. Энэ талаар иргэн Дондов нотлоно. Энэ хүн нэгдсэн эмнэлэгт 3 удаа гомдол гаргаж, хүүхдийн амь амьдарлаар тоглосон гэж гомдолддог. А.Бадмаанямбуу нь мөн ажлаас халагдсан байгаа. Энэ хүн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан. Манай байгууллагын дотоод журмын 4.2-т цалинтай, цалингүй чөлөөг ерөнхий эмч олгоно гэсэн журам байгаа. Дотоод хяналтаар нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар удирдамжтай шалтгалт явуулахад 66.000.000 төгрөгийн үнэтэй зүгээр ажиллаж байсан тоног төхөөрөмжийг актлах санлыг явуулсан байдаг. Энэ бүгдийг удирдлагын багийн хурал, өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Ё.Н-т сонсох үйл ажиллагаа явуулахад өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн тул эмнэлгийн зүгээс мэдэгдэх хуудсыг нь өгсөн байгаа гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Н нь Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит ГАА-ийн НЭ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаарджээ /хх-1/.
Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн ЭМ-ийн дарга 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/47 тоот тушаалдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, байгууллагын дотоод журмын 6.6.2, удирдлагын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр хурлаас гарсан шийдвэр, хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.6 дахь заалтуудыг үндэслэн Ё.Ныг инженер техникийн тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /1-хх-27/.
Нэхэмжлэгч Ё.Н нь Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит ГАА-ийн НЭ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна /1-хх-1 арын хуудас/.
Түүнчлэн Ё.Н нь Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгийн инженер техникийн тасагт инженер, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь 0010346, 625357 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /1-хх-4-7, 2-хх-150-152/, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээ /1-хх-8-11, 56-59/, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/47 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /1-хх-27/, хариуцагчийн хариу тайлбар /1-хх-42-43/, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн огноотой нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар үнэн дарагдсан /1-хх-50-52/, 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн огноотой нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ажлын байрны тодорхойлолт /1-хх-53-55/, 2017 оны 7 дугаар сарын цагийн тооцоо /1-хх-60, 2-хх-43/, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас /1-хх-78/, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай сонсох үйл ажиллагаа явуулсан хурлын тэмдэглэл /1-хх-79-84/, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-хх-136-143/, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-хх-144-160/, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-хх-161-175/, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/38 дугаартай нэгдсэн эмнэлгийн даргын 2015 оны жилийн эцсийн тооллого хийх комисс томилсон тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /1-хх-209-210/, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/08 дугаартай нэгдсэн эмнэлгийн даргын өмч хамгаалах байнгын зөвлөлийг шинэчлэн баталсан тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /1-хх-216-217/, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн огноотой нэхэмжлэгч гарын үсэг зурсан төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогын илтгэх хуудасны нотариатаар батлуулсан хуулбар /1-хх-226-227/, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-хх-241-245/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолын хуулбар /2-хх-44-46/, 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн огноотой эрүүл мэндийн яамны жуух бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /2-хх-153/, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн огноотой эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэгтээр шагнуулсан тухай 021376 дугаартай үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /2-хх-154/, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн огноотой мэдэгдэх хуудас өгсний дагуу хийсэн ажлууд гэх нэхэмжлэгчийн гарын үсэгтэй тайлбар /2-хх-167/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ё.Н нь тус эмнэлэгт 17 жил ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаж байгаагүй болохыг авсан гавьяа шагнал нотлоно. Гэр бүлийн хүн С.Мөнхжаргалын эрүүл мэндийн шалтгааны улмаас аймгийн эмнэлэг онош тодруулж чадаагүй тул Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явах болсон талаараа 13А маягт авахаар орохдоо эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хэлж мэдэгдсэн, Улаанбаатар хотод очсон байсан тул чөлөө авахуулах өргөдөл болон ээлжийн амралт тооцуулах өргөдлийг тасгийн ажилтанаар хүргүүлсэн боловч нэгдсэн эмнэлгийн дарга хүлээж аваагүй гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ё.Н албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байгууллагын өмч хөрөнгө болох Ультразвук буюу физик эмчилгээний аппаратыг дур мэдэн авч яваад шатаасан, эд хариуцагчийн нэрээс хасуулж актлах саналыг орон нутгийн өмчийн албанд гаргасан, Алтайн Хүдэр ХХК-иас нийлүүлэгдсэн 65.000.000 төгрөгний үнэ бүхий цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлэгийн Цогц лабораторын эрхлэгч Долгормаад эрх мэдлээ хэтрүүлэн шилжүүлсэн байсныг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан ч бүрэн ажилд оруулаагүй, дагалдах хэрэгсэл дутуу өгсөн. Тиймээс удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Ё.Н-т нэг сарын хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн, иргэн А.Б-г эмнэлэгт ажилд оруулж өгнө гэж 2.000.000 төгрөгний хахууль авсан, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 31-ний өдөр хүртэлх хугацаанд удирдлагын чөлөө зөвшөөрөлгүй дур мэдэн ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж тус тус маргасан /шүүх хуралдааны тэмдэглэл/.
1. Ажил олгогч Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн НЭ-ийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/47 тоот тушаалаар нэхэмжлэгч Ё.Н-ыг инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэжээ.
Дээрх тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж, 131.1.3-т ажлаас халах гэж заасан бөгөөд уг заалт нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах талаарх зохицуулалт юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан бөгөөд ажил олгогчийн зүгээс
- Ё.Н нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байгууллагын өмч хөрөнгө болох Ультразвук буюу физик эмчилгээний аппаратыг дур мэдэн авч явсан, эд хариуцагчийн нэрээс хасуулж актлах саналыг орон нутгийн өмчийн албанд гаргасан /1-хх-138, 211-213/,
- Алтайн Хүдэр ХХК-иас нийлүүлэгдсэн 65.000.000 төгрөгний үнэ бүхий цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлэгийн Цогц лабораторын эрхлэгч Долгормаад эрх мэдлээ хэтрүүлэн шилжүүлсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдож уг аппаратыг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан ч бүрэн ажилд оруулаагүй, дагалдах хэрэгсэл дутуу өгсөн учраас эмнэлэг уг аппаратыг өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй эмнэлэгийн байгууллагад хохирол учирсан /1-хх-85-89/,
- иргэн А.Б-г эмнэлэгт ажилд оруулж өгнө гэж иргэнээс 2.000.000 төгрөгний хахууль авсан нь эмнэлгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн /1-хх-186-190/,
- 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 31-ний өдөр хүртэлх хугацаанд удирдлагын чөлөө зөвшөөрөлгүй дур мэдэн ажил тасалсан /1-хх-60/ гэх ноцтой зөрчлүүд гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь гомдлын үндэслэл болох боломжтой байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ё.Н нь Ультразвук буюу физик эмчилгээний аппаратыг авснаа хүлээн зөвшөөрч /1-хх-138/, уг аппаратыг засаж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр физик эмчилгээний кабинетэд хүлээлгэн өгсөн болох нь физик эмчилгээний кабинетийн их эмчийн тодорхойлолт /2-хх-125/,
Алтайн Хүдэр ХХК-иас нийлүүлэгдсэн 65.000.000 төгрөгний үнэ бүхий цусны плазмфрозерийн аппарат хуучин, ажиллахгүй байсныг орлогод аваагүй гэж, 2014 онд цусны салбараас плазмфрозерийн аппаратыг авчируулж өрөөндөө тавьсан, цусны Долгормаа эмч би төсөл бичээд хөрөнгө оруулалт хийж авсан аппарат учраас нэг ажиллуулж үзмээр байна дарга болон цусны төвтэй чинь гэрээ хийнэ гээд авсан талаар тайлбарласан /1-хх-79, 82, 84/ байх боловч 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Цогц эмнэлгээс Plasma separator type NGL x/c2000 SN1166010 гэх аппаратыг хураан авч нэгдсэн эмнэлгийн даргын өрөөнд дагалдах хэрэгсэл байхгүйгээр хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай цагдаагийн тэмдэглэл хэрэгт авагдсан /1-хх-87, 79/,
нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн дарга Ё.Н-т холбогдох гомдол мэдээллийг шалгаад Алтайн хүдэр ХХК-иас төслийн шугамаар нийлүүлсэн плазмофроезийн аппартыг өөрт олгогдсон эрх хэмжээгээ ашиглан Цогц хувийн эмнэлэгт хэрэглүүлэх зорилгоор өгсөн болох нь нотлогдсон боловч нэгдсэн эмнэлэгт ямар нэгэн хохирол учруулаагүй, тухайн тоног төхөөрөмж байгууллагын өмч хөрөнгөөр бүртгэгдээгүй үндэслэлээр Говь-Алтай аймгийн прокурорын газар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна /2-хх-44-46/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх, тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан этгээд байх бөгөөд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд Ё.Нын хийж гүйцэтгэх үндсэн үүрэг, өдөр тутам хийх ажил үүрэг нь нэгдсэн эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн техникийн аюулгүй ажиллагаа, зайн сургалтын төхөөрөмжүүд, цахим сүлжээ, цаг бүртгэлийн систем, интернетийн үйл ажиллагааны чанарыг эрхэмлэн ажиллах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн эвдрэл оношлох, засвар үйлчилгээ хийх, эмнэлгийн техникийн ашиглалт, засвар үйлчилгээ, худалдаа хангамжийн асуудлаар эмнэлгийн удирдлага болон ажилтнуудад мэргэжлийн зааварчилгаа, зөвлөмж өгөх чадвартай байх зэргийг тусгасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эдгээр эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч хариуцах ёстой гэдэг нь нотлогдохгүй гэх тайлбар үндэслэлгүй байна /хх-50-52/.
Учир нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоор тухайн эд хөрөнгүүдийг заавал хүлээн авсан өөрт нь хариуцуулсан, түүний нэрээр бүртгэл авсан байхыг шаардаагүй, нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникийн аюулгүй ажиллагаа, эвдрэл, оношлох, засвар үйлчилгээ хийх зэрэг нь нэхэмжлэгчийн өдөр тутамын хийх ажил үүрэгт нь хамааралтай байх төдийгүй хөдөлмөрийн гэрээний 6.1-д хөдөлмөр үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хариуцлага шимтгэл ногдуулснаас үл хамааран эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэж эд хөрөнгийн хүлээх хариуцлагыг тусгасан байна /1-хх-10/. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тухайд эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн талаар түүний ашиглалт, эвдрэл гэмтэл, засварлалтын талаар дүгнэлт гаргах, тэдгээрийн худалдаа хангамжийн асуудлаар эмнэлгийн удирдлага болон ажилтнуудад мэргэжлийн зааварчилгаа, зөвлөмж өгөх эрхтэй этгээд байх бөгөөд энэ эрх мэдлээрээ Ультразвук буюу физик эмчилгээний аппаратыг өөрөө авсан болохоо, цусны плазмфрозерийн аппаратыг цусны салбараас өрөөндөө авчируулж тавьсан, дараа нь хувийн Цогц эмнэлэгт шилжүүлсэн болохоор нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
2. Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа байгууллагын дотоод журмын 6.6.2, хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.6-д заасныг үндэслэсэн байна.
Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил үүсээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч Ё.Н-ын эмнэлгийн тоног төхөөрөмж дур мэдэн хувьдаа авах, бусдад шилжүүлэх, бусдаас хахууль авах, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан гэх үйлдэл нь ноцтой зөрчилд тооцогдохоор тусгагдсан эсэх нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл Ё.Н хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.
Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8-д хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах хөдөлмөрийн ноцтой зөрчлийн 12 тохиолдлыг, 8.1-д хөдөлмөрийн сахилгыг 2 удаа зөрчвөл сахилгын зөрчил давтан гаргасанд тооцно гэж, 8.6-д шалтгаангүй 3-с дээш хоног ажил таслах нь хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцохоор,
нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2-т ажлын онцлогийг харгалзан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 11 зөрчлийг тусгасан, 4-т нь ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, байгууллагын үйл ажиллагаанд саад болсон, хохирол учруулсан, 6-д нь хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш хоногоор ажлаа орхисон, дахин давтан бүтэн өдрөөр тасалсан /чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаа хамрагдана/ гэж тус тус заажээ /1-хх-9-11, 58-59, 127/.
Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ё.Н нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгийн инженер техникийн тасгийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа Ультразвук буюу физик эмчилгээний аппаратыг дур мэдэн хувьдаа авсан, Алтайн Хүдэр ХХК-иас нийлүүлэгдсэн 65.000.000 төгрөгний үнэ бүхий цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлэгт буюу бусдад эрх мэдлээ ашиглан шилжүүлсэн гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдож байх боловч ажил олгогчид бодитой хохирол учирсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Учир нь нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн дарга Ё.Нт холбогдуулан шалгасан гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын 107 дугаартай тогтоол 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан, уг тогтоолд хариуцагч тал гомдол гаргасан гэх боловч хэрэгт энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Түүнчлэн иргэн А.Б-г эмнэлэгт ажилд оруулж өгөхөөр 2.000.000 төгрөгний хахууль авч, эмнэлгийн нэр хүндэд хохирол учруулсан зөрчлийн тухайд хэрэгт нотлох баримтаар гаргасан бүртгэл хяналтын картанд иргэн Дондов 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр инженер техникийн тасгийн инженер Ё.Н-т гаргасан гомдол, үйлчлүүлэгчийн гомдол цуглуулах хуудсанд иргэн Дондов амаар гаргасан гомдолд зээ хүү Бадмаанямбууг ажилд оруулж өгөхөөр 2 сая төгрөг, эр хонь, сүү, айраг авсан талаар болон хүүг ажилд оруулаад 2 сар болгоогүй ажлаас нь халсанд гомдолтой байна гэж бүртгэгдсэн, нотлох баримтаар гаргасан Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтанд данс эзэмшигчийн нэр Ёндон Нарангарав, дансны дугаар 5315128189 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 16-нд 1.500.000 төгрөг, Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримтанд хүлээн авагчийн банк Хаан банк, хүлээн авагчийн данс 5315128189, хүлээн авагчийн нэр Н-т 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус О-аас орлого гэж шилжүүлсэн байх бөгөөд мөнгө шилжүүлсэн Отгонжаргал нь гэрчээр оролцсон Дондовын бэр нь болохыг, нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт сувилагчаар ажилладаг талаар, гэрч өөрийн биеэр Нарангаравтай уулзаагүй, хуралд оролцоход Нарангарав оролцоогүй, эмнэлгийн дарга нь дуудаад даргынхаа өрөөнд орж ирээгүй, эмнэлгийн байгууллагад гомдол гаргасан, Н-аас буцаагаад 2 сая төгрөгөө бүрэн авсан тул мөнгөний талаар хэрүүл хийгээгүй гэж гэрч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн, дээрх дансны дугаар болон гэрч Дондовын мэдүүлгийг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй болно /1-хх-186-188, 214-215, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14-т ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан тул гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүнийг холбогдох байгууллагын шийдвэргүйгээр буюу эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болохыг шалгаж, тогтоох эрх бүхий байгууллагаар шалгагдаж тогтоогдоогүй, энэ талаарх шийдвэр гараагүй байхад ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэм буруутай гэж үзэх боломжгүй юм.
3. Нэхэмжлэгч Ё.Н-ыг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн Н.Э-ийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тушаалын үндэслэлд удирдлагын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот хурлын шийдвэр тусгагдсан байна.
Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Ультразвук буюу физик эмчилгээний аппарат, цусны плазмфрозерийн аппаратыг Ё.Н авсан талаар эд хариуцагч нараас гаргасан гомдлын талаар нэхэмжлэгчээс тайлбар авсан байх бөгөөд үүнтэй холбогдуулан дээрх аппаратуудыг яаралтай бэлэн болгохыг Өмч хамгаалах байнгын зөвлөлд даалгасан /1-хх-143/, өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар цусны плазмфрозерийн аппаратын дагалдах хэрэгсэл дутуу байгаа талаар хэлэлцэж, Ё.Нт албан шаардлага хүргүүлэх, аймгийн прокурорын газарт албан бичиг явуулах, нэгдсэн эмнэлгийн удирдах зөвлөлийн багт албан бичиг хүргүүлэхээр /1-хх-72/, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сонсох үйл ажиллагаа явуулж инженер техникийн тасгийн эрхлэгч Ё.Нт нэг сарын хугацаатай мэдэгдэх хуудас өгөхөөр /1-хх-84/, өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар Ё.Н-т хүргүүлсэн удирдлагын багийн мэдэгдэх хуудсыг дүгнэхээр хуралдаж физик эмчилгээний шарлагын ультразвук аппаратыг засварлан физик эмчилгээний сувилагчид хүлээлгэн өгч ажиллагааг хэвийн болгосон, цусны плазмфрозерийн аппаратын дутуу иж бүрдлийг нөхөн хүлээлгэж өгөөгүйн улмаас ажиллагаанд ороогүй байна гэж дүгнэсэн /1-хх-75/,
удирдлагын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 6 асуудал хэлэлцэхээр тусгагдсаны дотор эмч, ажилчдын 2017 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал хэлэлцэхээр, инженер Баатархүү ...тасгийн эрхлэгч ажилдаа ирэхгүй байгаа тул манай тасаг ажлаа эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар дүгнүүлсэн, тасгийн эрхлэгч байхгүй тул ажил дүгнэх хуудсыг танилцуулж байна гэх тайлбарыг уг хуралд оролцож хэлсэн байх бөгөөд уг хурлаар нэхэмжлэгч Ё.Н 2017 оны 07 дугаар сарын 04-ний өглөө ажилдаа ирсэн, үдээс хойш нь ажилдаа ирээгүй болохыг, 2017 оны 07 дугаар сарын 07-ны буюу амралтын өдөр хүний нөөцийн менежер Г.Буянхишиг рүү утсаар ярихад нь ерөнхий эмчтэй ярьж чөлөө авах талаар хэлсэн болохыг, нэхэмжлэгчийн нөхөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан талаар эмчилгээ эрхэлсэн орлогч даргад амаар хэлсэн болохыг тус тус хэлэлцсэн байна /1-хх-173-175/.
Нэхэмжлэгч Ё.Нт ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэх хуудас өгч, сонсох үйл ажиллагаа явуулсан, 1 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч ажлаа дүгнүүлэлгүй, өргөдөл гаргаж албан ёсоор чөлөө авалгүй ажил тасалсан, байгууллагад учруулсан хохирлыг барагдуулаагүй үндэслэлээр удирдлагын зөвлөлийн хуралд оролцогчдын гишүүдийн 100 хувийн саналаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн талаар уг хурлын тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд тухайн хуралд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, нэхэмжлэгч Ё.Н Улаанбаатар хотод байсан талаараа тайлбарлаж нотлох баримтаар 3345157, 3180649, 3345158 дугаартай Говь-Алтай Улаанбаатар, Улаанбаатар-Говь-Алтай явсан хот хоорондын зорчих тасалбар /2-хх-147/,
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2/1196 дугаартай ...С.Мөнхжаргал нь манай эмнэлгийн уушигны эмгэг судлалын тасагт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийн хугацаанд хэвтэн эмчлэгдсэн нь үнэн болно гэх тодорхойлолт /2-хх-148/,
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн огноотой эмнэлгээс өвчтөн илгээх хуудсанд ...С.М 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл эмчид үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн, хэвтэж эмчлүүлсэн аль нь болохыг зураагүй, үндсэн онош гэсэн хэсэгт баруун уушиг хатгаа, хийлгэсэн эмчилгээ, шинжилгээ гэсэн хэсэгт эхнэр Нарангарав сахисан нь үнэн гэж бичигдээд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатор гэсэн тамга дарагдсан, Дархан анагаагч сувилалд С.Мөнхжаргал 7 сарын 18-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн хүний их эмч А-ын О /2-хх-149/ гэсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргасан.
Нэхэмжлэгч Ё.Н нь гэр бүлийн хүн С.М-ын эрүүл мэндийн шалтгааны улмаас аймгийн эмнэлэг онош тодруулж чадаагүй тул Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явах болсон талаараа 13А маягт авахаар орохдоо эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хэлж мэдэгдсэн, чөлөө хүссэн өргөдлөө өгөх гэсэн боловч ерөнхий эмч, хүний нөөцийн ажилтан нар байгаагүй, Улаанбаатар хотод очсон байсан тул чөлөө хүссэн өргөдөл болон ээлжийн амралт тооцуулах өргөдлийг тасгийн ажилтанаар хүргүүлсэн боловч нэгдсэн эмнэлгийн дарга хүлээж аваагүй гэж тайлбарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрвээ чөлөө хүссэн өргөдлөө өгөх гээд өргөдөл авах хүмүүс нь байгаагүй юм бол яагаад эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас 13А маягт дээр тамга даруулж авахдаа орлогч даргад өргөдлөө үлдээж болоогүй юм, эмчилгээ эрхэлсэн орлогч даргад Улаанбаатар хот руу нөхрийгөө аваад явж байгаа талаараа амаараа л хэлсэн байдаг гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж няцаагаагүй, харин миний ажлын байр эмчилгээ эрхэлсэн орлогч даргад харьяаллагддаг учраас эмчилгээ эрхэлсэн орлогч даргад Улаанбаатар хот руу нөхрийгөө аваад явж байгаа талаараа амаараа хэлж мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтонд инженер техникийн тасгийн эрхлэгчийн харьяалах нэгж нь нэгдсэн эмнэлгийн дарга, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч буюу дарга нь ажлын байрны тодорхойлолтыг баталсан байна /1-хх-50-52/.
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр ажил олгогчоос тогтоосон хэм хэмжээг биелүүлэх үүрэгтэй бөгөөд бүх ажилчдын хурлаар хэлэлцэж удирдлагын зөвлөлийн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулсан нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1-д ажилтанд захиргааны чөлөө олгох 12 үндэслэлийг заасны дотор 4.2.2-т тасгийн эрхлэгч нар хүндэтгэх шалтгааныг харгалзан 8 хүртэлх цагийн цалинтай чөлөөг хагас жилд 1 удаа олгох эрхтэй, бусад үед цалинтай цалингүй чөлөө олгох асуудлыг захирал шийдвэрлэнэ гэж, 4.2.4-т ажилтны ар гэрт гачигдал зовлон тохиолдсон өөрийн болон хадам эцэг, эх, үр хүүхэд, хань, ижил нас барсан, байгалийн болон гал түймрийн гамшигт нэрвэгдсэн ...ажлын 5 хүртэлх өдрийн, ...цалинтай чөлөөг нэгдсэн эмнэлгийн захирал холбогдох бичиг баримтыг бүрдүүлж олгохоор, 6.1.6-ийн в-д хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирээгүй тухайгаа 1 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол ажил тасалсанд тооцохоор, 6.1.3-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд 1-ээс доошгүй хоногийн өмнө харьяалах нэгжийн эрхлэгчид мэдэгдэх үүрэгтэй талаар тус тус зохицуулжээ.
Түүнчлэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсний төлөө хариуцлага хүлээдэг бол сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл байна.
Тиймээс нэхэмжлэгч Ё.Н нь хөдөлмөрийн гэрээний 8.1-д заасан хөдөлмөрийн сахилгыг 2 удаа зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан болох нь нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2-т заасан ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, байгууллагын үйл ажиллагаанд саад болсон, хохирол учруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй боловч хөдөлмөрийн гэрээний 8.6, хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2-т заасан 11 үндэслэлийн 6-д заасан хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш хоногоор ажлаа орхисон, дахин давтан бүтэн өдрөөр тасалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ё.Нын 2017 оны 7 сарын цагийн тооцоо гэх хүснэгтэд хэрэглэгчийн код 11, овог Ёндон, нэр Нарангарав гээд бүртгүүлсэн огноо, цаг 2017 оны 07 сарын 04-ний 08 цаг 41 минут, 2017 оны 07 сарын 31-ний өдөр 08 цаг 42 минут гэж бүртгэгдсэн /1-хх-60, 2-хх-43/, 0010346 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын 12 дугаар хуудсанд 2017 оны 7 дугаар сард 93.835 төгрөгний цалингийн бичилт хийгдсэн /1-хх-7/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ё.Н хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байдлын улмаас ажилдаа ирэх боломжгүй талаараа нэгээс доошгүй хоногийн дотор харьяалах нэгжийн эрхлэгч буюу нэгдсэн эмнэлгийн даргад мэдэгдэх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч ингэж мэдэгдсэн болохоо нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагч тал нэхэмжлэгчийг нөхрөө аваад Улаанбаатар хот руу явсан талаар маргаагүй боловч нэгдсэн эмнэлгийн ажилтан байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө зөвшөөрөл авч, мэдэгдэх үүрэгтэйг тайлбарлаж маргасан. Нэхэмжлэгчийн чөлөө авах өргөдөл болон ээлжийн амралт авах талаарх өргөдлөө хүнээр өгүүлэхээр хөөцөлдсөн боловч аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд ажилтаны чөлөөг гуравдагч этгээдээр дамжуулан авах тухай зохицуулалт хөдөлмөрийн дотоод журамд тусгагдаагүй, ингэж чөлөө авах өргөдлийг гуравдагч этгээдээр дамжуулан өгөх эрхтэй болохоо нэхэмжлэгч өөрөө мөн нотлоогүй болно.
Нэхэмжлэгчийн нөхөр С.Мөнхжаргал нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар хариуцагч тал маргаагүй, тухайн өвчтөн зайлшгүй асран хамгаалагч буюу сахиур авах шаардлагатай өвчтэй болох нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Дархан анагаагч сувилалд сэхээнд байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, ар гэрийн шалтгаантай байдлын улмаас гэж тайлбарлаж байх боловч ажилтаны чөлөө авах үндэслэлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан байна.
Нэхэмжлэгч Ё.Н 7 дугаар сарын 7-ны өдөр сонгуулийн өдөр таарсан үргэлжлээд бүх нийтээр амарсан тул мэдэгдэх боломжгүй байсан гэж тайлбарласан боловч Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар хуульчилсан байх тул дээрх хугацаанаас бусад өдрүүдэд нэхэмжлэгч ямар ч хэлбэрээр ерөнхий эмчдээ энэ тухайгаа мэдэгдэх боломжтой, түүний нөхөр 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх тул нэхэмжлэгч 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирэх боломжтой, хэрвээ ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол тэр талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасан бөгөөд Ё.Н нь ажил олгогчид чөлөө авах тухайгаа мэдэгдсэн болохоо, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирэх боломжгүй, энэ тухайгаа мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалд байсан болохоо баримтаар нотлоогүй болно.
Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ё.Н нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.6-д заасан ноцтой зөрчил гаргасан нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан 3-с дээш хоног ажил тасалсан, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/47 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад нэхэмжлэгч тал байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Samsung USB260 4GB гэсэн улаан хүрэн өнгийн плашинд 2017-10-15 Сэлэнгэ, 2017-10-15 Цэвэлмаа, 2017-10-26 Хашаа нэртэй 3 файл, 2017-04-19 гэсэн огноотой 3 файл, 2017-08-03 огноотой 4 файл, 2017-10-13 Баатархүү нэртэй 1 файл нийт 11 файл хуулагдсан байх бөгөөд уг плаш дискэнд хуулагдсан яриа нь нэхэмжлэгч өөрийнхөө утсанд бичсэн яриаг хуулсан гэж тайлбарлаж байх боловч уг бичлэгүүд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт болж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглосон, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар мөн хуулийн 38.5-д заасныг зөрчсөн буюу дуу бичлэгийг хууль бус аргаар хийсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /2-хх- Samsung USB260 4GB гэсэн улаан хүрэн өнгийн плаш 1ширхэг/.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулторийн сувилагч ажилтай Б.Ариунчимэг, инженер техникийн тасгийн инженер ажилтай Б.Баатархүү, цусны салбарын их эмч ажилтай П.Лхагвасүрэн, бага эмч ажилтай Х.Долгоржав, аж ахуйн дарга ажилтай Б.Амартүвшин нар, иргэн өндөр настан Х.Дондов нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Х.Дондов нь зээ хүү Бадмаанямбууг ажилд оруулахаар нэгдсэн эмнэлэгт ажилладаг Нарангаравт 2 сая төгрөг өгсөн болохоо буцааж уг мөнгөө авсан болохыг, бусад гэрчүүд нэхэмжлэгч Нарангарав физик эмчилгээний шардлагын Ультразвук аппаратыг авсан болохыг цусны плазмфрозерийн аппаратыг цусны салбараас түүний даалгаснаар авчирж өрөөнд тавьсан, ашиглаагүй тоног төхөөрөмжүүдийг бүрдүүлж байгаа гэж цусны салбараас авсан талаар, 2016 оны жилийн эцсийн тооллогын дараа уг аппарат байхгүй болохыг мэдсэн талаар болон 2017 оны 03 дугаар сард эмнэлгийн даргын өрөөнд цагдаагийн ажилтанаас дагалдах хэрэгсэл дутуу аппарат хүлээн авсан талаар тус тус мэдүүлсэн болно /2-хх шүүх хуралдааны тэмдэглэл/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн НЭ-ийн инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Ол овогт Ё-гийн Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ