| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0054 |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
2025 02 05 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,
улсын яллагч Х.Билгүүн,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24110000000000 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ж” ХХК-д гадаад худалдаа, барилгын ханган нийлүүлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 0 дугаар баг, 0 дугаар байрны 000 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт О-н Б /РД:МР00000000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй рестораны 23 тоот өрөөнд буюу олон нийтийн газарт ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйлсийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “мөрийтэй тоглоом” зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Гэм буруу дээрээ огт маргах зүйлгүй. Маш их зүйл ойлгож мэдсэн. Цаашдаа зөв явна, миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
2. Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б намайг тухайн ресторан руу дагуулж дотогшоо ороод үүдний хэсгийн өрөөнд юм яриад сууцгааж байтал сууж байсан өрөөнөөс цаашаа яваад нэг мухарын өрөө рүү орсон. Тэгтэл хэдэн залуучууд тал талд тараад сууцгаасан байдалтай өрөөний гол хэсэгт ширээн дээр читон буюу хясаа гэх зүйлс бөөгнүүлчихсэн тэнд байсан залуучууд хоорондоо тоглох уу гэх мэт зүйл ярьчихсан байцгааж байсан. Тэгээд сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд тэнд байсан бүх хүмүүсийн халаасанд байсан эд зүйлсийг гаргуулж ширээн дээр тавиулсан. Цагдаа нар орж ирэхэд Б дотор байж байсан юм. Хэзээ яагаад явсныг би мэдэхгүй байна. Хэн хариуцаж тоглуулж байсныг би мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-20-р хуудас),
3. Гэрч Х.Г-н "...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн гэртээ байж байтал миний танил Б над руу 20 цаг өнгөрч байхад залгаад арван гурав тоглох уу гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд ярьснаасаа нэг цагийн дараа буюу 21 цаг 40 минутын үед Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн Зоос гоёлын хажууханд байдаг "А" нэртэй хоолны газарт Б-н зааж өгсний дагуу очсон. Тэгээд дотогшоо ороод чигээрээ явж байгаад баруун эргээд нэг мухарын өрөө рүү ортол Б-тэй хамт хэдэн залуучууд байж байсан. Тэгээд яг техас тоглох гээд ширээн дээр байсан хясаагаа тараах гээд байж байтал цагдаа нар орж ирсэн. Тэр өрөөнд Б цаасан дээр өөрийнхөө дансыг бичиж өгөөд бид нар тэр данс руу нь мөнгө шилжүүлээд түүнийх нь дагуу Б хясаагаа хувааж тараагаад яг тоглох гэж байсан. Гэтэл яг мөнгөө ч тухайн данс руу нь хийж амжаагүй байтал цагдаа нар ороод ирсэн юм..." гэсэн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 24-27-р хуудас),
4. Гэрч Э.Ц-ийн "... Бтэй уулзчихаад нөгөө медалийнхаа бүрдүүлэх материалыг асуугаад 20 орчим минутын дараа Бийг дагаад нөгөө вип өрөө рүү орсон. Гэтэл тэр өрөөнд хүмүүс хоорондоо арван гурав тоглож байсан. Тэр өрөөнд нийтдээ 7 хүн байсан шиг санагдаж байна. Читон буюу хясааг арван гурав тоглож байсан хүмүүс оноо тоолохдоо ашиглаж байгаа харагдсан. Тэгээд Б бүгдээрээ ширээний ард 100,000 төгрөгөөр хоорондоо тоглох уу, дэмий байхаар гэж хэлээд тоглох хүмүүс байвал мөнгөө хийх үү гээд өөрийнхөө дансыг цаасан дээр бичээд өгсөн. Тэгээд байж байтал удалгүй цагдаа нар орж ирээд бид нар газарт хэвтсэн ба тэр үед Б өрөөнд байж байсан. Бид нарыг доошоо хараад хэвтэж байтал нэг цагдаа зохион байгуулсан хүн нь гараад ир гэтэл Б гарч ирээгүй. Анх тоглоом эхлэх гэж байхад Б тэр өрөөнд байсан ба цагдаа нар орж ирэх үед бас байсан..." гэсэн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 37-39-р хуудас),
5. Гэрч Н.М-ын "... Б над руу 00000000 гэх дугаараас залгаад юу хийж байна гэж асуухаар нь би ажлаа тараад гадуур явж байна гэж хэлсэн. Б надаас хаагуур явж байгаа юм бэ гэж асуугаад тоглох уу гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Гэтэл Б намайг Улаанбаатар их дэлгүүрийн хажуугаас хүнээс читон буюу хясаа аваад ир гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн читоныг танихгүй хүнээс очиж аваад "А" гэх нэртэй Бий байгаа газарт авчирч өгсөн. Тухайн читон нь бор өнгийн картонон хайрцагтай байсан. Би оруулж өгчхөөд буцаж яваад нэг цагийн дараа иртэл ширээгээр дүүрэн читон болчихсон дотор нь байсан хүмүүс газарт хэвтчихсэн байсан. Намайг анх Бд читон өгөх гээд ороход арван гурав тоглоод гурав, дөрвөн хүн байсан..." гэсэн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 43-46-р хуудас),
6. Гэрч Г.П-ын "2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цаг орчмын үед урьдын зүс таних Б гэх залуу над руу залгаад орой хүмүүс цуглаж хоорондоо тоглох гэж байна гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед зав байвал яваад очье гэж хэлсэн чинь за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд орой би ажлаа тараад зав гарахаар нь Бтэй ярьж байгаад хаягийг нь асуусан чинь Зоос гоёлын хажууд байрлах "А" гэх нэртэй ресторанд зохион байгуулагдана гэж хэлсэн. Тухайн мөрийтэй тоглоомыг Б гэх залуу анхнаас нь зохион байгуулж хүмүүсийг цуглуулсан. Намайг анх очиход тав, зургаан хүн арван гурав модны покерыг читон буюу хясаа тавьчихсан тоглоод сууж байсан. Тэгээд хүн нэмэгдсээр байгаад яг мөрийтэй тоглоом эхлэх үед ширээнд долоон тоглогч, нэг диллер, зохион байгуулагч Б нарын нийт 9 хүн тэр өрөөнд байсан. Тухайн тоглолт эхлэхэд миний хувьд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй ба надаас мөнгө өгөхийг шаардаагүй. Намайг анх ирэхэд ширээн дээр бүтээлэг тавьчихсан тав, зургаан хүн хясаа тавьчихсан 13 модны покер тоглоод сууж байсан. Тэгээд диллер хөзөр болон хясаагаа тараагаад байж байхад гаднаас цагдаагийн алба хаагчид ороод ирсэн. Яг тухайн мөчид мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан Б гэх залуу хаашаа алга болсныг нь мэдэхгүй байхгүй болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 57-60-р хуудас),
7. Гэрч Э.М-ийн "... Тухайн өдөр би өөрөө "А" дээр байсан. Гэтэл миний зүс таньдаг Б гэх залуу 18-19 цагийн үед ганцаараа орж ирээд өрөө байна уу гээд асуухаар нь би байгаа гэж хэлээд 23 номерын өрөөнд оруулсан. Тэр өрөө нь хүмүүсийн хоол идэж уулзалт хийдэг вип өрөө байгаа юм. Б манай рестораны наад талын заал руу гарч ирээд хоол идээд байж байсан. Тэгээд гаднаас эрэгтэй хүмүүс нэг нэгээрээ орж ирээд хоол, цай, ундаа идэж уугаад байж байгаад Бий авсан вип өрөө рүү ороод байсан. Тэгээд гэнэт 22 цаг өнгөрч байхад гаднаас Эрүүгийн цагдаа нар гээд хүмүүс орж ирээд танайд мөрийтэй тоглож байна гэж хэлсэн. Би тэр хүмүүс мөрийтэй тоглож байна гэж мэдээгүй ба намайг цагдаа дууд гэж хэлэхээр нь би 102 утсанд дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 73-74-р хуудас),
8. Хаан банкны 0000000000 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 76-77-р хуудас),
9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12-р хуудас/,
10. Шүүгдэгч *******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-ийн 90-93-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч *******ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар саарал өнгийн цүнхтэй 288 ширхэг хясаа, хар өнгийн цүнхтэй 491 ширхэг хясаа, 162 ширхэг хөзөр болон 6 ширхэг шоо хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-н Б /РД:МВ00000000/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн саарал өнгийн цүнхтэй 288 ширхэг хясаа, хар өнгийн цүнхтэй 491 ширхэг хясаа, 162 ширхэг хөөзөр болон 6 ширхэг шоо зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын Газрын эд мөрийн баримт утсгах комист даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР