| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал мөх сууц 1 гудамж 8 тоотод оршин суух Боржигин овогт .......................................-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 2 дугаар баг, Цогтөндөр багт оршин суух ..........................................-д холбогдох Машины үнэ 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.............., хариуцагч Л.............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч Р.............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: Л.............. манай портер машиныг аваад шүдлэн үхэр, 2 портер өвс, 500 000 төгрөг өгнө гэсэн боловч 2017 оны 3 сараас хойш өдий хүртэл өгсөнгүй. Хүүхэдтэйгээ ирээд авсан. Миний машиныг авъя гэсэн хүн олон байхад хамаатан юм гэж бодоод өгсөн. Явахгүй байсныг нь ачиж явсан нь үнэн. Тэр машины үнийг авмаар байна гэв. Хариуцагч Л.............. нь хариу тайлбар, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: Р..............гаас 2017 оны 4 сард автомашиныг 500,000 төгрөгөөр тооцож нэг үхэр, 1-2 машин өвс үнэ нь 200,000 төгрөг, нийт 700,000 төгрөгөөр авч өгөлцөхөөр ам тохиролцож наймаа хийж авсан. Гэтэл одоо надаас 1,000,000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Авсан нь үнэн гэхдээ 4 дугуй байхгүй, аккумлятор,... гээд сэлбэг хэрэгсэл байхгүй. Нийт 1,340,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл дутуу. Зөвхөн мотор, рамыг ачиж авч явсан. Мөн автомашины улсын үзлэг оношилгоонд ороогүй, татвар төлөгдөөгүй 5 жил болсон байна. Би тэр үед нэг шүдлэн үхэр, 2 машин өвс өгнө гэж хэлсэн. 500,000 төгрөг бэлэн өгнө гэж юм яриагүй. Нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ 1,700,000 төгрөг авах гэж байгаа бол зарсан машиндаа хэрэгтэй бүх зүйлүүдийг нь авч өгөөд авч болно тэгвэл би өгнө гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Р.............. нь 1,700,000 төгрөг гаргуулахаар хариуцагч Л..............од холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Р.............. нь хариуцагч Л..............од 2017 оны 4 дүгээр сард портер машиныг худалдаж авсаны төлбөрт шүдлэн үхэр, 2 портер өвс, 500 000 төгрөг бэлэн өгөхөөр тохиролцсон ч өгөхгүй байгаа учраас 1,700,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ. Хариуцагч Л.............. нь нэхэмжлэгчээс өвгөн портер машиныг 500,000 төгрөгөөр тооцож нэг үхэр, 1-2 машин өвсийг 200,000 төгрөг, нийт 700,000 төгрөгөөр авч өгөлцөхөөр ам тохиролцсон нь үнэн. Бэлнээр мөнгө өгнө гэж ярилцаагүй Өвсөө хурааж чадаагүй учраас өгч чадаагүй. Харин 1,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Худалдсан машин нь хариу тайлбарт бичсэнчлэн 4 дугуй болон бусад эд ангигүй буюу түүнийг зах зээлийн ханшаар тооцвол 1,340,000 төгрөгийг сэлбэг орохоор, явдаггүй, татвар төлөгдөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, машин рам, моторыг ачиж авчирсан. Хэрвээ 1,700,000 төгрөг авах гэж байгаа бол зарсан машиндаа хэрэгтэй бүх сэлбэг хэрэгслийг нь авч бүтэн болгож өгөх ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сард УБЯ3280 улсын дугаартай портер машиныг хариуцагч Л.............. нь нэхэмжлэгч Р..............гаас худалдан авч, гэрээний зүйлийн үнийг төлөөгүй, гэрээний зүйл болох машиныг ачиж авч явсан ба машин нь нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид эд хөрөнгийн өмчлөх эрхийн хамт бүрэн шилжсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж дүгнэв. Гэрээний зүйл болох портер машин нь 4 дугуйгүй, явдаггүй, улсын үзлэгт ороогүй, бичиг баримт дутуу автомашин байсан гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль тал нь хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно. Худалдах, худалдан авах гэрээг нэг талаас худалдагч Р.............., нөгөө талаас худалдан авагч Л.............. нар байгуулсан байх ба талууд тэгш эрхтэй бөгөөд худалдагч нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, худалдан авагч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна. Харин гэрээний гол нөхцлийн нэг болох хэлэлцэн тохиролцсон үнийг талууд өөр өөрөөр тайлбарлаж байна. Хариуцагч Л.............. нь төлбөрийг бэлэн 500,000 төгрөг, 1-2 машин өвс 200,000 төгрөгт тооцож, нийт 700,000 төгрөгөөр ам тохиролцож, бэлэн мөнгөний оронд үхэр өгөхөөр тохиролцсон гэж, харин нэхэмжлэгч Р.............. нь шүдлэн үхэр 800,000 төгрөг, бэлэн мөнгө 500,000 төгрөг, 2 машин өвсийг 400,000 төгрөгт тооцож, нийт 1,700,000 төгрөгөөр худалдсан гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч Л.............. нь төлбөрийг 700,000 төгрөгөөр тохирсон гэж, нэхэмжлэгч Р.............. нь 1,700,000 төгрөгөөр тохирсон гэж маргаж байгаа хэдий ч, нэхэмжлэгч Р.............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, ийм баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч Л.............. нь дутуу сэлбэг хэрэгслийг гаргуулах, үнийг төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр буюу 700,000 төгрөгийг хариуцагч Л..............оос гаргуулан нэхэмжлэгч Р..............д олгож, үлдсэн 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуваарилж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л..............оос 700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р..............гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л..............оос 21,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р..............д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН | | |