Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

2020              1                6                                  2020/ДШМ/0036                           

 

     Б.Гт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Б.Г,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/817 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1909010160683 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овгийн Б-ийн Г,

 

          Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зү0йлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

          Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 

           Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй И.Билэгшагай, Б.Гантулга нарын эзэмшлийн Самсунг А8, Самсунг Си5 маркийн хоёр ширхэг гар утсыг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч бусдад 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Батхүүгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батхүүгийн Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 18 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 3 жил 5 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Дээрх эрүүгийн 1909010160683 дугаартай хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, дэслэгч н.Хатанболд, Баянгол дүүргийн хяналтын прокурор Намдаг нарт тус тус хэлсэн боловч уг хэргүүдийг нэмж нэгтгэлгүйгээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Миний бие анхан шатны шүүхэд уг хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй болохоо мэдүүлсэн боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Эрүүгийн 1909010160683 дугаартай хэргийг Б.Г миний бие 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаагч, дэслэгч Билгүүн гэх хүн ирж мэдүүлэг авахад нь дээрх хэргийг хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгч 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 438 дугаартай шийтгэх тогтоолтой хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлттэй болохоо хэлэхэд уг мөрдөгч нь “энэ хэргийг чинь Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч н.Хатанболд руу шилжүүлнэ” гэж хэлээд явсан. Дараа нь мөрдөн байцаагч н.Хатанболдыг ирэхэд түүнд хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг дахин хэлсэн боловч “тэр хэрэг одоо чамд хамаагүй болсон” гэж хэлээд хэргийг прокурорт шилжүүлсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэрэгт хяналт тавин ажилласан хяналтын прокурор н.Намдаг нь яллах дүгнэлтийг өгөхөд нь мөн нэгтгүүлэх хүсэлтээ гаргасан боловч намайг олон удаагийн ял шийтгэлтэй учир хэргийг сунжруулах гэж байгаа мэтээр ойлгож хүлээн авалгүй хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Нэмж нэгтгэн шийдвэрлэх ёстой хэргүүдийг тусад нь шийдвэрлэж өмнөх шийтгэх тогтоолоор оноосон ял дээр дахин ял нэмж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Иймд дээрх гаргасан хүсэлтүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ... Сүхбаатар дүүрэгт намайг шалгахдаа нэг л удаа мэдүүлэг авсан. Миний ялын тооцоог буруу бодож, биеийн байцаалтыг буруу бичсэн байсан. 2005 онд тэнсэн харгалзсан ялыг 2 жилийн хорих ялаар гэж буруу бичсэн байсан гэв.” гэв.  

 

Прокурор С.Болорзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Гийн үйлдсэн хэрэг шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч өмнөх шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад зүйлчлэл өөрчлөгдөхгүйгээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч И.Билэгшагай, Б.Гантулга нарын эзэмшлийн Самсунг А8, Самсунг Си5 маркийн хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж нийт 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          Насанд хүрээгүй хохирогч М.Билэгшагайн “... Орос Улсын Элчин сайдын яамны баруун талд явж байх үед 30 орчим насны эрэгтэй хүн хажууд гарч ирээд бид хоёроос “Содоо гэж хүүхдийг таних уу” гэж асуусан тэгэхээр нь “бид хоёр танихгүй” гэхэд “дуудаад өгөөч” гээд бид хоёр “за” гээд дагаж явж байсан замын баруун талд нь байсан байрны завсраар дагуулж гараад хойшоо эргээд эхний орцны үүдэнд ирээд “ах нь шоронгоос гарч ирсэн, архи авах гэж мөнгө цуглуулж байна, энэ хүүхдүүдэд 40,000 төгрөг байгаа хамгийн дээд талын давхарт нь амьдардаг юм. Гэрийхэн нь хаалгыг тогшоод Содоо гэж хүүхэд байвал гадаа Билгээ ах дуудаж байна гэж хэлээрэй гэсэн. Тэгээд дуудах гэж орох гэтэл орцны хаалга нь түгжээтэй байсан учраас орж чадаагүй. Тэгээд тэр ах цаанаас “манай 2 найз хараад байна, та хоёрт юм байгаа юм уу” гэхээр нь “бид хоёрт байгаа нь 5000 төгрөг байна” гэхэд бид хоёрын халаасыг ухаад миний болон манай найзын гар утсыг аваад “хоёр найзаа энэ хоёр хүүхдэд юу ч байхгүй байна” гэж хэлэн “найзууд дээрээ очоод ирье манай найзууд та хоёрыг нэгжих байх тэрний дараа би та хоёрт буцааж өгнө” гэж хэлээд авч явсан тэгээд буцаж ирээгүй. Намайг цохиж зодоогүй, харин “гар утсаа өгөхгүй бол нүүрэн дээр чинь сорви үлдээнэ шүү” гэж сүрдүүлсэн. Мөн явах үедээ “эргэж харах юм бол хохино шүү” гэж хэлсэн.” /хх 32/,

 

          насанд хүрээгүй хохирогч Б.Гантулгын “... энэ үед 50 дугаар дэлгүүрийн зүүн талаар гараад Орос улсын элчин сайдын яамны баруун талд явж байх үед 30 орчим насны эрэгтэй хүн хажууд гарч ирээд бид хоёроос “Содоо гэж хүүхдийг таних уу” гэж асуусан тэгэхээр нь “бид хоёр танихгүй” гэхэд “дуудаад өгөөч” гээд бид хоёр “за” гээд дагаж явсан бөгөөд замын баруун талд нь байсан байрны завсраар дагуулж гараад хойшоо эргээд эхний орцны үүдэнд ирээд “ах нь шоронгоос гарч ирсэн, архи авах гэж мөнгө цуглуулж байна, энэ хүүхдүүдэд 40,000 төгрөг байгаа хамгийн дээд талын давхарт нь амьдардаг юм. Гэрийхэн нь хаалгыг тогшоод Содоо гэж хүүхэд байвал гадаа Билгээ ах дуудаж байна гэж хэлээрэй гэсэн. Тэгээд дуудах гэж орох гэтэл орцны хаалга нь түгжээтэй байсан учраас орж чадаагүй. Тэгээд тэр ах цаанаас “манай 2 найз хараад байна, та хоёрт юм байгаа юм уу” гэхээр нь “бид хоёрт байгаа нь 5000 төгрөг байна” гэхэд бид хоёрын халаасыг ухаад миний болон манай найзын гар утсыг аваад “хоёр найзаа энэ хоёр хүүхдэд юу ч байхгүй байна” гэж хэлэн “найзууд дээрээ очоод ирье манай найзууд та хоёрыг нэгжих байх тэрний дараа би та хоёрт буцааж өгнө” гэж хэлээд авч явсан тэгээд буцаж ирээгүй. Намайг цохиж зодоогүй, харин “гар утсаа өгөхгүй бол нүүрэн дээр чинь сорви үлдээнэ шүү” гэж сүрдүүлсэн. Мөн явах үедээ “эргэж харах юм бол хохино шүү ” гэж хэлсэн. ...” /хх 35/,

 

          иргэний нэхэмжлэгч П.Энхдалайн “... тухайн Самсунг А8, Самсунг Си5 загварын гар утсыг зарсан хүнийг би санасан надад гар утас зарсан хүнийг Г гэдэг, одоо Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд тэр үед олон гар утас авч байсан болохоор өмнө нь мэдүүлэг өгөхдөө санахгүй байсан юм. Тэр хүн над дээр ирэхдээ Самсунг А8 гар утсыг Самсунг Си5 маркийн гар утастай цуг зарсан юм. Би тухайн хоёр гар утсыг нийлүүлээд 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Анх гар утсыг худалдаж авахад Самсунг А8 загварын гар утасны дэлгэц нь хагарсан байсан байсан. Цааш зарж борлуулаагүй. Би цааш нь зараагүй, аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Эрдэнэсувд хэрэглэж байсан. ...” /хх 37/ гэсэн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

             Шүүгдэгч Б.Гийн насанд хүрээгүй хохирогч М.Билэгшагай, Б.Гантулга нарын гар утсыг “гар утсаа өгөхгүй бол нүүрэн дээр чинь сорви үлдээнэ шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж авсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Гийн “...нэмж нэгтгэн шийдвэрлэх ёстой хэргүүдийг тусад нь шийдвэрлэж өмнөх шийтгэх тогтоолоор оноосон ял дээр дахин ял нэмж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд,

 

Шүүгдэгч А.Гийн урьд 2019 оны 3 дугаар сарын 8, 12-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж, бусдад нийт 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байх ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 817 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Гийн 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж, бусдад 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 18 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хуульд заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шүүгдэгч А.Гийн гаргасан дээрх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байсан гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, сүүлийн шийтгэх тогтоолоор шийтгүүлж буй бусдыг дээрэмдсэн үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн дээрмийн үйлдлээс өмнөх үйлдэл байх боловч дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж ял оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/817 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ