| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 101/2015/08646/И |
| Дугаар | 181/шш2017/00524 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 181/шш2017/00524
2017 оны 02 сарын 13-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00524 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Д-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Х-д холбогдох
2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Дийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
хариуцагч Н.Х,
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
гэрч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 12 дугаар сард интернэтээр зар үзэж байтал Санзай 1,5 га газрыг зарна, үнэ 250 000 төгрөг гэсэн зар байсан. Манай өвөг эцэг Санзай гэдэг байсан. Өвөг эцгээ бодоод Санзайн газрыг сонирхоод бид утсаар ярьж байгаад газрыг эхнэртэйгээ очиж үзсэн. Санзайн автобусны буудал дээр хариуцагчийн нөхөр зогсож байсан. Тэр хүн жаахан халамцуу байсан. Торлогтой газар ирж зогсоод эндээс эхэлж байгаа, ингээд дуусгавар болж байгаа гэж газраа үзүүлсэн. Ингээд буцсан. Утсаар холбогдож байгаад үнийг асуусан чинь 250 000 доллар гэж хэлсэн. Их үнэтэй юм байна гээд манай эхнэр ярилцаад байрны үнэ өндөр байсан учир 3 өрөө байраар тулахаар яриад зөвшөөрсөн. Гэтэл бичиг цаас болоод солилцох гэтэл уг газар хариуцагчийн эгчийн нэр дээрх газар бөгөөд эгч нь Эрдэнэтэд байдаг байсан. Бид ярилцаад эгчийг нь дуудаад, урт цагааны урд Юмжирдуламтай гарын үсэг зураад тохиролцоо хийсэн. Энэ хүмүүс манай байрыг ирж үзсэн. Энэ байр сайхан байр байна гээд байрандаа орно гээд намайг яаруулсан. Би бичиг баримт байхгүй ч энэ хүмүүсийг байрандаа оруулсан. Хариуцагчийн нөхөртэй газрын албаар явсан. 5 сард газрын албаны Дамдин гэж хүн дээр ортол одоо таны юм гарна гэсэн. 5 дугаар сарын 26-ны өдөр би уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр эзэмшихээр болсон. Тухайн үедээ бид баяртай байсан. Байраа шилжүүлэх гээд нотариатаар орохдоо бэлэглэлийн гэрээгээр хийе гэтэл худалдах, худалдан авах гэрээ хий гэсэн. 150 000 000 төгрөгөөр үнэлээд, тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би маргааш нь 3.000.000 төгрөгийн татвар төлсөн. Одоо байгаль орчны үнэлгээ гарсан учир би энэ хүмүүсээс байраа авах хүсэлтэй байна.
Худалдах, худалдан авах гэрээнд заасан 150 000 000 төгрөгийг Н.Х төлөөгүй тул гэрээнээс татгалзаж байна. Шилжүүлж өгсөн газар нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй газар байгаа гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай хадам эгч Д.Нанжиндулам газраараа наймаа хийгээд байр авсан. Анх эгч бид хоёр Налайхад наймаа эрхлээд уурхайн барилга трестээс худалдаж аваад оёдлын цех байгуулж байсан. Эгч маань Эрдэнэтэд ломбард ажиллуулж байхдаа надаас хэдэн төгрөг зээлж авсан. 2010 оноос хойш эгч маань бидэнтэй байж байгаад өөд болсон. Газраар байраа солих боллоо гээд Эрдэнэт явж ирээд хотод компаниас бичиг баримт шилжүүлэх болоод өөр маягаар шилжүүлэхээр болсон. 3 дугаар сарын 10-ны өдөр нэг цэгийн үйлчилгээ ороод нотариатч дээр ирээд бид газар, байр хоёр солилцоо хийх гэж байна гээд газар шилжүүлэх маягтаар шилжүүлээд байрыг бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээ хийх хоёр хувилбар байна гээд газраа 150 000 000 төгрөгөөр үнэлээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч татвараа төлөөд би улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл одоо ийм нөхцөл байдал бий боллоо. Надад хүндрэлтэй байна.
Миний худалдаж авсан гэх байрны төлбөр бол газраар хийгдсэн. Нанжиндулам эгч газрын оронд авч байгаа байраа надад өгнө гээд өгсөн гэв.
Гуравдагч этгээд Капитрон банкийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Х, Б.Д, Оркад ХХК-ийн хооронд газар, орон сууц шилжүүлэх асуудал яригдсан. Орон сууцны оронд Б.Д газар авсан. Одоо газар ашиглах боломжгүй гээд орон сууцаа буцааж авна гэсэн ойлголт байхгүй. Мөн уг орон сууц нь тус банкны барьцаанд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахад Б.Д, Н.Х, Оркад ХХК-ийн захирал Нанжиндулам нар хамтдаа ирсэн. Тэгээд харилцан тохиролцоод дээрх гэрээдийг байгуулсан гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Хд холбогдуулан 2014 оны 03
дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж,
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот
97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Дийн нэр дээр шилжүүлэх тухай
нэхэмжлэл гаргасан байна.
Мөн нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Дийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байжээ.
Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн тул
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.Д, Н.Х нар нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний 1-т Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлнэ, 3-т Орон сууцыг худалдагч тал худалдан авагч талд 150 000 000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгасан байна. Төлбөрийг талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно гэж тус тус тохиролцжээ. Энэ харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.
Мөн тухайн үед нэхэмжлэгч Б.Д нь Оркад ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18641337331284 нэгж талбарын дугаар бүхий 15795 м.кв, Санзай Сувилалын зориулалттай, Оркад ХХК-ийн эзэмшлийн газрыг шилжүүлэн авчээ.
Эдгээр худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулсан үйл баримт дээр талууд маргаагүй, гэрээнүүдийн үндсэн дээр орон сууц, газрыг худалдан авагч, эрх хүлээн авагч талууд хүлээн авч, зохих бүртгэлүүд хийгдсэн байна.
Нэхэмжлэгч нь Н.Хтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах болсон үндэслэлээ Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд заагдсан 150 000 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, энэ үнийн дүнгийн оронд хүлээн авсан газар нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсонтой холбож тайлбарладаг.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн маргахгүй байдлаар өгсөн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр Б.Д нь Н.Хд худалдан борлуулсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны төлбөрт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18641337331284 нэгж талбарын дугаар бүхий 15795 м.кв, Санзай Сувилалын зориулалттай, Оркад ХХК-ийн эзэмшлийн газрыг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Энд тогтоогдсон үйл баримтаас харахад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авсан хөрөнгийн хэлэлцэн тохирсон үнийг худалдан авагч Н.Х нь Б.Дид төлсөн гэж үзэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл Б.Д нь гэрээнд заасан 150 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн оронд газар хүлээн авсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэсэнд нийцэж байна.
Тодруулбал Б.Д-Н.Н.Х нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний мөнгөн төлбөрийн үргийн гүйцэтгэлд Б.Д-Оркад ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18641337331284 нэгж талбарын дугаар бүхий 15795 м.кв, Санзай Сувилалын зориулалттай газрыг нэхэмжлэгч Б.Д хүлээн авсан, үүнийгээ баталгаажуулж Н.Х, Оркад ХХК нартай тус тусдаа гэрээ байгуулжээ. Нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд нөгөө гэрээний зүйлийг шилжүүлэн авч байгаа нь тухайн үед талуудын сонгосон төлбөр барагдуулах харилцаа бөгөөд харин хүлээн авсан газрын доголдолыг зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлэгч л хариуцах учиртай.
Иймд Н.Хыг гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй гэж гэрээнээс татгалзаж буй нэхэмжлэгчийн татгалзал нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч тал нь Оркад ХХК-иас хүлээн авсан газар нь мод, бут, сөөг, торлог ургамалтайн улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, эд хөрөнгийн хувьд доголдолтой газар гэж Н.Хтай байгуулсан гэрээнээс татгалзах үндэслэлд хамааруулан тайлбар гаргаж байгаа боловч шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, маргааны хамрах хүрээнд Б.Д болон Оркад ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний харилцааны үр дагаварт дүгнэлт өгөх шаардлагагүй, Оркад ХХК-иас хүлээн авсан газрын доголдлын асуудал Н.Хтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үр дагавар үүсгэхгүй гэж үзэв.
Учир нь энэ шийдвэрээр Б.Д болон Н.Х нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаантай холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа бөгөөд Б.Дийн Оркад ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний харилцаанд дүгнэлт өгч хөндөөгүй, энэ талаар сонирхогч талуудын маргах эрх нээлттэй болно.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн төлбөрийн үүргийг төлөөгүй, төлбөрт авсан газар доголдолтой зэргээс өөр үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй, Иргэний хуульд заасан журмын хүрээнд гэрээнээс татгалзах талаар хариуцагчид урьдчилан мэдэгдээгүй.
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсны төлбөрт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18641337331284 нэгж талбарын дугаар бүхий 15795 м.кв, Санзай Сувилалын зориулалттай газрыг хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан ямар шалтгааны улмаас Оркад ХХК нь Н.Хын хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хариуцсан талаар дүгнэлт өгөх шаардлагагүй, Оркад ХХК болон Н.Х нарын хооронд үүссэн харилцааны талаар маргагч тал, шаардлага байхгүй байна.
Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд Б.Дийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны
өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Сүхбаатар дүүргийн 10
хугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3
өрөө орон сууцыг Б.Дийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн
шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6349 дүгээр захирамжаар Оркад ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтаар Оркад ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Нанжиндулам 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нас барсан, П.Нанжиндуламын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүртгэл хүчинтэй, П.Нанжиндуламын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эрх нь өвлөгдөөгүй, эрх залгамжлагч байхгүй болох нь тогтоогдсон тул Оркад ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжийг хангах боломжгүй байв. Мөн энэхүү шийдвэрээр өгч буй дүгнэлт нь Оркад ХХК-ийн иргэн Б.Дтой байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-тэй холбоотой үйл баримтыг тогтоогоогүй болохыг онцолж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д нь өөр орон нутагт ажлаар явж байгаа тул шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй, мөн нэхэмжлэгч ирснээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх асуудал яригдаж байгаа гэх хүсэлтийг гаргасан боловч Б.Д нь хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхээ нотлоогүй, холбогдох баримт ирүүлээгүй тул хариуцагч, гуравдагч этгээд нарын хүсэлтийг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаас хойших хугацаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх эрх нээлттэй байсан болохыг дурдвал зохино.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14908 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоход хүчингүй болохыг тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Хд холбогдох нэхэмжлэгч Б.Дийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Дийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ