| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 10.2.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны торйгийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Н.Анхбаяр,
иргэдийн төлөөлөгч В.Ц, А.Ц,
шүүгдэгч З.О түүний өмгөөлөгч Г.Нямхүү,
шинжээч Д.Отгонтуяа, Я.Ганхүү,
гэрч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.О-т холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл **, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй,
** ** овогт *** О (РД:************).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч утга:
Шүүгдэгч З.О нь 2024 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотод иргэн Н.Н-ын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан зарим нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн зарим эрхийг хязгаарласан байх боловч шүүх бусад баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
2. Шүүх хуралдаанд шүүгдэгч З.О болон түүний өмгөөлөгч Г.Нямхүү нар зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүүгээс гэрч З.Г , Б.Т нарын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Дээрх гэрч нараас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг тус тус зөрчиж мэдүүлэг авсан тул мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэрч З.Г , Б.Т нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн болно.
3. Иргэдийн төлөөлөгч В.Ц, А.У нар: Энэ хүний өөрийнх нь ярьж байгаагаар цочролд орсон байна, тухайн хэрэг гарах үед хоёулхнаа байсан юм байна, илүү нарийн шалгах хэрэгтэй гэх дүгнэлтийг гаргасан.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
4.1. Улсын яллагчаас “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-19/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /1хх 37-38/ гэрч Б.Т-ийн мэдүүлэг /1хх 46-47/, 2487 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 239-243/, 769 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 232-234/, гэрч С.Г-ийн мэдүүлэг /1хх 44-45/” зэргийг шинжлэн судлав.
4.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүүгээс “Согтолтын зэрэг шалгасан хуудас /1хх 180/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /1хх 36/, гэрч Н.Ө-ийн мэдүүлэг /1хх 51-52/, гэрч Б.Т-ийн мэдүүлэг /1хх 46-47/, шинжээч томилсон тогтоол /1хх 139/, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд /1хх 141-143/, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх 150/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 154/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1хх 198/, хэргийг шүүхэд шилжүүлэх санал /1хх 199/, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан прокурорын тогтоол, яллагдагч З.О-ийн мэдүүлэг /2хх 9-10/, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /2хх 49/, шинжээч томилсон тогтоол /2хх 64/, Шинжээчийн дүгнэлт /1хх 212, 213/, Шинжээчийн дүгнэлт /1хх 230/...” зэргийг шинжлэн судлав.
5. Прокуророос шүүгдэгч З.О-ийг 2024 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоот гэртээ иргэн Н.Н ын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хянан шийдвэрлэлээ.
6. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
6.1. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч З.О-т холбогдох хэргийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, дүгнэлт, хэргийн оролцогч, бусад оролцогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
6.1.1. Шүүгдэгч З.О-ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Талийгаачтай эр эмийн дотно харилцаатай, архи уусан үедээ ирж хонодог, урьд өмнө намайг зодож цагдаад удаа дараа дуудлага өгч байсан боловч маргааш нь надаас уучлалт гуйгаад дахиж ирэхгүй гэхээр нь би өргөдлөө буцаагаад авдаг байсан. Би тэр өдөр архинаас багахан балгасан, ууж суугаагүй. Тухайн үед талийгаач бид 2 гэрт байсан. Г эгч нэг шил архи авч өгөөд даралт ихсээд байна орж амарлаа гээд орсон. Тухайн өдөр талийгаачтай маргалдсан зүйл байхгүй. Талийгаач намайг нүүрс авчирч өгсөн хөгшин хүнтэй хардаад зодоод байсан. Би тэр хүнээс айгаад эгчийндээ оръё гэж бодсон. Талийгаач над руу хутга барьж дайраад газар татаж унагасан. Тэр үед толгой дүүрээд газар унасан. Тухайн үед хутга гялалзаад над руу дайрахад нь авраарай ажаа гээд бахирч байсан болон бусад үйл явдлыг санаж байна. Тэр зүйлийг л санахгүй байна. Намайг ална гээд хутга бариад дайраад байсан. Согтуу ирэхээрээ ямар нэг аргаар заавал хэрүүл үүсгэж зодож нүддэг байсан болохоор би тухайн үед уугаагүй. Би тухайн үед эгчийнх рүүгээ орох бодолтой байсан болохоос тэр хүний өөдөөс тэмцээд барилцаж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 2-5 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
6.1.2. Мөрдөгчийн тэмдэглэл “... З.О-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор драгер багажаар хэмжихэд 0,86 заасныг тэмдэглэл болгон бичив (1-р хавтаст хэргийн 180 дахь тал),
6.1.3. Мөрдөгчийн тэмдэглэл “... 2024 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Н.Н бусдад хутгалуулж нас барсан гэх хэрэгт сэжигтний залгасан гэх Н.Н-ийн *********дугаар луу залгаж хаана байгаа талаар тодруулж мэдүүлэг авахаар дуудахад “Би Завхан аймагт явж байна. Манай найз О шөнө над руу залгаад яана би Н-г алчихлаа, цагдаа дуудаад өгөөч, би хаягийг нь мэдэхгүй байна гэж орилж хашгираад байсан. ...” (1-р хавтаст хэргийн 131 дахь тал),
6.1.4. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №769: ... З.О нь согтолтын байдалтай байсан тул сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэхийг үнэлэх боломжгүй байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, ...” (1-р хавтаст хэргийн 233 дахь тал),
6.1.5. Шинжээч Я.Ганхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Манай шинжлэх ухаан бол хийсвэр шинжлэх ухаан тул нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргана. Драйгер үлээсэн багажаар л согтолтын зэрэг гарсан тул согтолттой байна гэж үзсэн. Манайх согтолтын зэрэг тогтоодоггүй. Эмгэг судалгаанд цочрол бол гэнэт үүсдэг. Маргаан бол 20-30 минут үргэлжилсэн байгаа юм. Тэр хугацааны дараа ийм нөхцөл үүссэн гэж байсан. Энгийн гэдэг нь тухайн хүний сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлээс хамаарч сэтгэл санаа эрс хүчтэй, богино хугацаанд цочирдохыг хэлж байгаа. Ухамсарт ухаан нь алдагдаагүй, нөхцөл байдалдаа таарсан хариу үйлдлийг үзүүлж байдаг. Эмгэг сэтгэл цочрол гэдэг нь тухайн хүн бие махбодын болон, сэтгэцийн архаг хууч өвчтэй бол түүний суурин дээр үүссэн цочирдлыг хэлнэ. Энэ бол тодорхой үе шаттай явдаг. Энэ нь болсон үйл явдлыг ухамсарлан ойлгохгүй, удирдан жолоодох чадваргүй байдгаасаа болж сэтгэл цочирдож байдаг. Эрүүл хүнд үүсдэг физиологийн хариу үйлдэл байдаг, анагаахын үүднээс тайлбарласан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
6.1.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оноос хойш аав гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж З.О гэх эмэгтэйтэй явалдаж улмаар бид 4-с тусдаа амьдарч байгаа. ... 2024.07.14-ний өглөө О ахынд байхад аавын дүү О рүү цагдаагаас залгаж нас барсан талаар хэлсэн. ... намайг бага байхад архи их уудаг байсан, ... аав маань их харддаг шалтгаанаар ээжээс салсан байх. ... аавын үхлийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоож буруутай этгээдэд хариуцлагыг хүлээлгэж өгнө үү ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал),
6.1.7. Гэрч З.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Миний нүдэн дээр Н- О-ийг цохиж зодож байгаагүй. Харин сураг ажгийг нь сонсоход өмнө нь манай дүүг 2-3 удаа зодож байсан гэж эгч Г хэлсэн. Манай дүү надад энэ талаар хэлж байгаагүй. Би наад хүнээ дагуулж манай гэрт битгий ирээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49 дэх тал),
6.1.8. Гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай ээжийн зан байдлын хувьд манай ээж хааяа архи, дарс хэрэглэдэг, гэхдээ буруу янз бүрийн ааш байхгүй, харин Н-ын хувьд бас нээх ааш зан байхгүй. Би Н-ыг согтуу байхад нь харьцаж байгаагүй. Н- ээж хоёр Баянхошуунд эмээгийн хашаанд байхад Н- 2022 оны 3 билүү 4 сард байх манай ээжийг зодсон байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. Би шөнийн 02 цагт Баянхошууны цагдаагаас ээжийг очиж авч байсан.Ээж цагдаад гомдолгүй гээд Н-ыг авчирсан байсан. ... дараа нь 2023 оны 03 сард Баруун салаанд байхад ээжийг Н бас зодож ээжийг би Цагдаа дээрээс очиж авч байсан, 2024 оны 3, 4 сарын үед пабад бас ээжийг зодоод Цагдаагаас би очиж авч байсан, Н зугтаад явсан байсан, хэд хэдэн удаа зодсон байсан. Н манай ээжийг их сүрдүүлдэг байсан юм билээ хоёр хүүхдийг чинь нүдэн дээр чинь алаад хоёр нүдийг нь ухна шүү гэж хүртэл хэлж байсан гэсэн , ... бие хаа нь хөх няц болсон байхыг харж байсан. Би асуухаар юманд цохиулаад хөхөрчихсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 51-52 дахь тал),
6.1.9. Гэрч Б.Б-ийн “... манай нөхөр Н 2021 оноос хойш архи уугаад гэртээ ирэхдээ хэрүүл маргаан хийдэг, гэр орондоо ирэхгүй хоногоор явдаг болсон. Сүүлдээ бид хоёр хэрэлдэж маргалдах, намайг зоддог болж би цагдаад дуудлага өгч 14 хоногийн баривчилгаанд явж ирээд надтай амьдрахгүй гээд О гэдэг хүүхэнтэй амьдрахаар явсан ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 204-205 дахь тал),
6.1.10. Гэмт хэрэг зөрчлийн дуудлагын лавлагаа “... 2023.09.07. 21:00 цаг СХД 4 хороо “эс жи” буудлын караокед иргэн З.О-ээс манай нөхөр Н зодоод байна гэх дуудлага: Шийдвэрлэсэн байдал: торгосон” (1-р хавтаст хэргийн 13 дахь тал),
6.1.11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9466 дугаартай шинжээчийн “1. 3.О-ийн биед доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн доод зовхи, хацар, цээж, хоёр бугалганд зулгаралт, цус хуралт, баруун эгэм, өвчүү, зүүн хөх, цээжинд зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
3. Доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн доод зовхи, хацар, цээж, хоёр бугалганд зулгаралт, цус хуралт, баруун эгэм, өвчүү, зүүн хөх, цээжинд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн доод зовхи, хацар, цээж, хоёр бугалганд зулгаралт, цус хуралт, баруун эгэм, өвчүү, зүүн хөх, цээжинд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Хоёр гуяны цус хуралт нь 5-7 хоногийн өмнө үүссэн байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 134-136 дахь тал),
6.1.12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2487 дугаартай шинжээчийн “... 1. Амь хохирогч Н.Н ын цогцост цээжний зүүн талд 3-4-р хавирганы завсраар өвчүүний зүүн хажуугийн шугамаар урдаас арагш, зүүнээс баруун, доороос дээш хагас ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шарх, зүрх чихэлдэлт, үнхэлцгийн хөндийн цусан бүлэн 180 гр, цээж, хэвлийн хатгагдсан шарх, цээж, баруун далны зулгаралт, цээж, зүүн бугалга, тохойн цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Цээжний зүүн талд 3-4-р хавирганы завсраар өвчүүний зүүн хажуугийн шугамаар урдаас арагш, зүүнээс баруун, доороос дээш хагас ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шарх, зүрх чихэлдэлт, үнхэлцгийн хөндийн цусан бүлэн 180 гр, цээж, хэвлийн хатгагдсан шархнь ажлын хэсэг нь 12 см доошгүй урттай, 1.6 см өргөн, 0.6 см доошгүй өргөнтэй ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар, цээж, баруун далны зулгаралт, цээж, зүүн бугалга, тохойн цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ.
3. Талийгаач нь цээжний зүүн талаар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шархны улмаас үнхэлцгийн хөндийн цус хуралдаж зүрх чихэлдэж нас баржээ.
4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.
5. Шинжилгээгээр үхэлд хүргээгүй элэгний холимог зангилаат хатуурал өвчин тогтоогдлоо.
6. АВО системээр АВ /IV/ бүлгийн цустай байна.
7. 2024.07.14-ний өдрийн 07:08 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 6- 8 цаг болсон байна.
8. Талийгаач нь нас барахаас 1-2 цагийн өмнө амьтан, ургамлын гаралтай хоол хүнсний зүйл идэж уусан байна.
9. Эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломж муутай. 10. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 11. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хүчил, шүлт хэрэглээгүй байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 238-243 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч З.О нь амь хохирогч Н.Н тай хамтран амьдарч байх хугацаандаа түүнд зодуулж, дарамтлуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө мөн бусадтай хардах байдлаар зодсон болон хүч хэрэглэхээр заналхийлэл үзүүлэх зэргээр хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хамтран амьдрагч Н.Н ын цээжин хэсэгт хутгалж, түүнд цээжний зүүн талаар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шарх үүсгэн алсан болох нь тогтоогдож байна.
7. Прокуророос З.О-ийн үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй эсэхийг тодорхойлохын тулд уг гэмт хэргийн субьектив талын ойлголт болох “санаатай” гэх гэм буруугийн талаар.
7.1. Гэмт санаа буюу санаатай гэдэг нь гэмт этгээдийн оюун санааны мэдэх болон хүсэх элементийн нэгдэл. Хүсэх нь гэмт этгээд оюун санаандаа гэмт хэргийн үр дүнг хүсэж буй болгох хүсэл зориг байдаг ба хүсэх төдий бус өөрийн дотоод хүслийг биелүүлэхээр тууштай шийдсэн байдлаар илэрдэг. Шүүгдэгч З.О-ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт амь хохирогчийг алахыг хүсэж байсныг илэрхийлэх ямар нэг мэдүүлэг болон бусад нотлох баримт байхгүй.
7.2. Гэрч Б.Б, З.Э, Б.Ө нар шүүгдэгч З.О, амь хохирогч Н.Н нарын гэмт хэрэг гарахаас өмнөх үеийн хувийн зан чанар, архи уухаараа гаргадаг ааш зан, тэдгээрийн хоорондын харилцааны талаар мэдүүлсэн байдлаас үзэхэд шүүгдэгч З.О нь амь хохирогчийг хүсэж болон мэдэж алсныг нотлох баримтгүй.
7.3. Шүүгдэгч З.О-ийн “... Талийгаач намайг нүүрс авчирч өгсөн хөгшин хүнтэй хардаад зодоод байсан. Би тэр хүнээс айгаад эгчийндээ оръё гэж бодсон. Талийгаач над руу хутга барьж дайраад газар татаж унагасан. Тэр үед толгой дүүрээд газар унасан. Тухайн үед хутга гялалзаад над руу дайрахад нь авраарай ажаа гээд бархирч байсан болон бусад үйл явдлыг санаж байна. Тэр зүйлийг л санахгүй байна. Намайг ална гээд хутга бариад дайраад байсан. Согтуу ирэхээрээ ямар нэг аргаар заавал хэрүүл үүсгэж зодож нүддэг байсан болохоор би тухайн үед уугаагүй ..” гэх мэдүүлэг байгаа хэдий ч энэ нь хүн алах үр дүнг хүссэн гэх санаатай гэмт хэргийн хүсэх элементийг хангасан гэж үзэх хангалттай нотлох баримт болж чадахгүй. З.О-ийн хувьд хүнийг хутгалах үйлдэлдээ санаатай байсан ба хүнийг алах үр дүнг хүссэн гэх нотлох баримтгүй.
7.4. Гэрч Б.Б, З.Э-, Б.Ө нарын мэдүүлгээр амь хохирогч согтохоороо бусадтай харддаг, зоддог, хүүхдүүдийг чинь ална гэх зэргээр сэтгэлзүйн болоод бие махбодын хүчирхийлэл үйлддэг, айлгаж дарамталдаг төдийгүй шүүх эмнэлгийн 9466 дугаартай дүгнэлтээр: “3.О-ийн биед хөнгөн гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Хоёр гуяны цус хуралт нь 5-7 хоногийн өмнө үүссэн байна...” (1-р хавтаст хэргийн 134-136 дахь тал) гэх нотлох баримтаар тухайн хэрэг гарсан шөнө амь хохирогчийн зүгээс шүүгдэгч З.О-т бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн амь хохирогчийг хутгалж амь насыг хөнөөсөн үйлдлийг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үедээ хүнийг алах идэвхтэй үйлдэл хийсэн байна гэж дүгнэх үндэслэл болсон.
7.5. Шүүгдэгч З.О-ийн уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд хуульчилсан байх ба түүний үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учирсан, үйлдэлдээ санаатай гэм буруутай байх тул шүүгдэгчийг “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.
7.6. Мөн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь аффект буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, тухайн үед болсон үйл явдлыг бүрэн санадаггүй, сэтгэл зүйн хувьд хөөрөлд орон, болсон үйл явдлын дараагаар сэтгэл гутралд орох, гэмт хэрэг үйлдэгдэх агшинд хүндээр доромжлогдсон эсхүл хүчирхийлэлд өртсөн байх, гэмт хэрэг хоромхон зуурт үйлдэгдсэн байх зэрэг урьдчилсан нөхцөлийг шаарддаг бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.О бие махбодын хүчирхийлэлд өртсөн болох нь түүний биед учирсан хөнгөн гэмтлээр тогтоогдсон, болсон үйл явдлыг санахгүй байгаа гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн, болсон үйл явдлын дараагаар “би хүн алчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэх байдлаар сандарсан байдалтай бусад руу утсаар залгасан зэргээр Н.Н ын амь насыг хохироохдоо санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7.7. Амь хохирогч Н.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас шүүгдэгч З.О-ийг зодсон, бусадтай хардаж /нүүрсний өвгөнтэй/ дарамтад оруулсан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хууль бус үйлдлүүд нь түүнийг сэтгэлзүйн эмгэг байдалд хүргэн санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автан хүчтэй цочрон давчдах шууд шалтгаан болж өөрийн үйлдлээ ухамсарлах чадваргүй үедээ хүнийг алсан болох нь нотлогдож байгаа.
7.8. Түүнчлэн, амь хохирогч Н.Н ын хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алахад хүргэдгээрээ “хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагдаж байгаа.
7.9. Сэтгэцийн шинжээч нар согтолтын байдалтай байсан тул сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэхийг үнэлэх боломжгүй гэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн согтолтыг драгер багажаар шалгахад 0,86 хувь гэж гарсан байдаг. Уг хэмжээ согтолтын ямар зэрэгт хамаарах, энэ хэмжээний согтолттой хүний сэтгэц цочролд орох боломжтой эсэх талаар дүгнэлтгүй зэрэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, сэтгэцийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар тогтоогдсон, үгүйсгэгдсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар “санаа сэтгэл цочрон давчдах” асуудал нь заавал шинжилгээ хийлгэх тохиолдолд хамаарахгүй тул шүүхээс Шүүх сэтгэц эмгэг судлалын 769 тоот дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.
7.10. Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүүгийн хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэх тухай, иргэдийн төлөөлөгч нарын “цочролд орсон байна” гэх дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтаас прокуророос шүүгдэгч З.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
8. Хохирол, хор уршгийн талаар:
8.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
8.2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-ын сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаан дээр улсын яллагчаас гаргаж өгсөн, хохирогч шүүх хуралдаанд ирээгүй, уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул оршуулгын зардалтай холбоотой болон сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
9. Эрүүгийн хариуцлагын талаар:
9.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч З.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон ял оногдуулах.
9.3. Шүүгдэгч З.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
9.4. Улсын яллагчаас “шүүгдэгч З.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай.” гэв.
5.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүүгээс “хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөрийг төлөөгүй гэж үзэх боломжгүй. Энэ хүн үйлдлээ санахгүй байгаа тул мэдэхгүй байна гэдгээ хэлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.
9.6. З.О-т холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, учирсан хор уршгийн хувьд нөхөн төлөгдөх боломжгүй буюу хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр хорих ял шийтгүүлж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан 03 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
9.7. Шүүгдэгч З.О-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг хангахгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
10. Шүүгдэгч З.О нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 63 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, З.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. ** овогт З-гийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.О-ийг 03 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.О-ийн эдлэх 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар З.О-ийн урьдчилан цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт гарсан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
Б.БУЛГАНТАМИР
а