| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 214/2020/0045/Э |
| Дугаар | 2020/ДШМ/52 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 24.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ДШМ/52
З , С.Ч нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/331 дугаар захирамжтай З , С.Ч нарт холбогдох 1815002860148 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З ы өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч З ы өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд, шүүгдэгч С.Ч ын өмгөөлөгч К.Манлай, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Х овогт С.Ч .
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын В хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Х ХХК-ний захирал ажилтай, ...д оршин суух, регистрийн дугаартай, З овогт Л .
Яллагдагч С.Ч нь БНХАУ-ын иргэн З тай урьдчилан үгсэж тохиролцон гэмт хэргийг санаачлан зохион байгуулж, хамтран оролцож 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Булган аймгийн ... гэх газарт, Туул голын Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 103.500.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Яллагдагч БНХАУ-ын иргэн З нь С.Ч тай урьдчилан үгсэж тохиролцон гэмт хэргийг санаачлан зохион байгуулж, хамтран оролцож 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Булган аймгийн ... гэх газарт, Туул голын Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 103.500.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/331 дугаар захирамжаар:
1. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх С.Мөнхгэрэл Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 3.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч, З нарт холбогдох 1815002850148 дугаартай хэргийг Прокурорын газарт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
3. Хэргийг прокурорт очтол яллагдагч С.Ч , З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.
4. Яллагдагч З д авсан барьцааны 10.000.000 төгрөг Нийслэлийн прокурорын газраас хэргийн хамт шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З ы өмгөөлөгч М.Дэлгэрнасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд З ы хувьд гэмт хэрэг үйлдэх талаар ямарч сэдэл, санаа зорилго байгаагүй, Монгол улсад мөрдөгддөг хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахыг эрхэм зорилгоо болгож уг зорилгоо биелүүлэхэд туслах Монгол хүнтэй таарсандаа баярлаж түүнд итгэж байсан ч эцэст нь түүндээ хуурагдаж хохирсон хүн юм. Тодруулбал: Монгол улсын иргэн С.Ч нь БНХАУ иргэн З д 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г өгч, улмаар өөрийн өмчлөлийн “Г” ХХК-ийг түүний өмчлөлийн ”Х” ХХК руу шилжүүлэн өгч түүнд үйл ажиллагаа явуулж болно гэж хэлснээр БНХАУ-н иргэн З нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Туул голын усан сан бүхий талбайд “Бичил уурхай ” эрхлэх зорилгоор үйл ажиллагаа эхэлсэн байдаг.
З нь газрын хэвлийд халдаж байх үедээ уг үйл ажиллагааг явуулах хууль ёсны зөвшөөрөлтэй гэж итгэж үйл ажиллагаа явуулсан, энэ үед С.Ч ад хуурагдсанаа мэдээгүй тул тэрээр газрын хэвлийд гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл С.Ч ад засаг даргатай байгуулсан хуурамч гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж итгүүлж, ойлгуулснаас болж З газрын хэвлийд халдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж маргаж байгаа.
Дээр дурдсанчлан З нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж бодож газрын хэвлийн хөрс хуулалтын ажил явуулсан ба ингэхдээ “И” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 18-ны Машин механизмын түрээсийн гэрээ байгуулж ажилласан байдаг. Тухайн үед газрын хэвлийд халдаж байх үедээ ашигласан техник хэрэгслүүд З ы “хувьд ногдох хөрөнгө” биш, харин бүгд бусдын эзэмшил, өмчлөлийн техник хэрэгслүүд тул бусдын өмчлөлийн зүйлийг энэ хэрэгт хамааруулж олж тогтоох ажиллагаа хийх нь бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд нь халдсан зүйл болно хэмээн үзэж байна. Нөгөөтэйгээр шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-ыг Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хураан авч болохоор хуульчилсан байна. Тэгвэл З ыг холбогдуулан шалгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хөрөнгө, орлого” хураах эрүүгийн хариуцлагыг хууль тогтоогч хуульчлаагүй. Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба ял, албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон хүнд хэрэглэдэг. Гэтэл З нь гэмт хэрэг үйлдсэн байна нотолж тогтоогоогүй байхад, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөлдлийг бүрдүүлэхийн тулд шүүх газрын хэвлийд халдахад ашигласан техник хэрэгслийг олж тогтоон, үнэлгээ хийх нь зүйтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар захирамжид ямар зорилгоор техникүүдийг олж тогтоох талаар дурдаагүй байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэжээ. З нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж бодож газрын хэвлийн хөрс хуулалтын ажил явуулсан ба ингэхдээ бусдын техник хэрэгслийг ашигласан байдаг учраас тэдгээр техник хэрэгслийг олж тогтоох нь бусдын өмчлөх эрхэд халдаад зогсохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх зарчимд нийцэхгүй.
Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 331 дугаартай захирамжийн шүүхийн дүгнэлт хэсгийн"... тухайн үед олборлолт явуулж байхдаа ашигласан техник хэрэгслүүдийг нь олж тогтоон , эд зүйлийн үнэлгээг гаргуулах” нь зүйтэй гэж дүгнэсэн хэсэг нь хууль зөрчсөн, мөн бусдын эрх ашиг, сонирхлыг хөндсөн хэрэгт ач холбогдолгүй ажиллагаа тул энэ дүгнэлт хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргасан шүүгдэгч З ы өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Яллагдагч С.Ч нь БНХАУ-ын иргэн З тай урьдчилан үгсэж тохиролцон гэмт хэргийг санаачлан зохион байгуулж, хамтран оролцож 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Булган аймгийн ... гэх газарт, Туул голын Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 103.500.150 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч БНХАУ-ын иргэн З нь С.Ч тай урьдчилан үгсэж тохиролцон гэмт хэргийг санаачлан зохион байгуулж, хамтран оролцож 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Булган аймгийн ... шэх газарт, Туул голын Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 103.500.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх 1-р хавтас хэргийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-11 дугаар хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, 1-р хавтас хэргийн 214 дүгээр хуудаст авагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллагдагч З д танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна. Энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлттэй танилцах” гэсэн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2017/08 гэсэн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээнд нөгөө тал болох Г ХХК-ний захирал С овогтой Ч гарын үсэг нь яллагдагч С овогтой Ч ын гарын үсэг мөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй, 1-р хавтас хэргийн 17-19 дүгээр талд гэрч Л гийн өгсөн...манай компани Х ХХК-ний газар дээр хөрс хуулалтын ажил хийхдээ Hyundai 290 маркийн экскобатр 1 ширхэг, Doosan -500 маркийн экскобатр 1 ширхэг, SDLG-953 маркийн ковш 1 ширхэг, өөрөө буулгагч Даюун маркийн 4 тээврийн хэрэгсэл том оврын ачааны машин байсан гэм мэдүүлэг, 20-22 дугаар талд гэрч Г.У ын өгсөн...зүүн талд нэг карьер гаргачихсан ухсан...гэх, гэрч И.С ын өгсөн...усан буугаа суурьлуулсан..., газрыг ковш, эксковатор ашиглан шороо овоолж эхэлсэн гэх /1-р хх-ийн 23-24 дүгээр хуудас, гэрч Н.Э ын өгсөн...техникүүдийг нь лацдаж үйл ажиллагааг нь зогсоосон гэх мэдүүлэг /3-р хх-ийн 152-154 дүгээр хуудас/ зэргээс үзэхэд тухайн үед олборлолт явуулж байхдаа ашигласан техник хэрэгслүүпдийг олж тогтоон, эд зүйлийн үнэлгээг гаргуулах нь зүйтэй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь байна.
Шүүгдэгч З ы өмгөөлөгч М.Дэлгэрнасан давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 331 дугаартай захирамжийн шүүхийн дүгнэлт хэсгийн"... тухайн үед олборлолт явуулж байхдаа ашигласан техник хэрэгслүүдийг нь олж тогтоон , эд зүйлийн үнэлгээг гаргуулах” нь зүйтэй гэж дүгнэсэн хэсэг нь хууль зөрчсөн, мөн бусдын эрх ашиг, сонирхлыг хөндсөн хэрэгт ач холбогдолгүй ажиллагаа тул энэ дүгнэлт хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх захирамжиндаа 4 үндэслэлээр буюу захирамжийн үндэслэлийн 1 дэх заалтад 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт нь танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий нотлох баримт байх тул шинжлэн судлахдаа татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэрийн аль нэгийг шүүх гаргах эрх нь нээлттэй байна.
2 дахь заалтад 1-р хавтаст хэргийн 213 дугаар хуудаснаас 250 хүртэл хуудас, 2-р хавтас хэргийн 1-ээс 14 хүртэл хуудас хүртэл “Грийн Ассесмент” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, тайлан нь үргэлжилсэн 51 хуудас бөгөөд 2-р хавтаст хэргийн 16-р хуудсанд оролцогч нарт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна.
3 дахь заалтад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5733 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хар өнгийн будагчтай гарын үсэг, улаан өнгийн тамгын дардас гэх зүйлсийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуурамч” гэж дүгнэлт гарсан учир яллагдагч С овогтой Ч ын гарын үсэг мөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй гэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4 дэх заалтад “тухайн үед олборлолт явуулж байхдаа ашигласан техник хэрэгслүүдийг олж, тогтоон, эд зүйлийн үнэлгээг гаргуулах”-аар заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд бол уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зөв байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна.” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэснээр “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод” гэрч Л гийн өгсөн “манай компани Х ХХК-ний газар дээр хөрс хуулалтын ажил хийхдээ Hyundai 290 маркийн экскаватор 1 ширхэг, Doosan-500 маркийн экскаватор 1 ширхэг, SDLG-953 маркийн ковш 1 ширхэг, өөрөө буулгагч Даюун маркийн 4 тээврийн хэрэгсэл байсан” гэх мэдүүлгээр ашигласан тээврийн хэрэгсэлд хамаарч байх тул техник хэрэгсэлүүдийн үнийг тогтоолгох нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж , шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ы өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/331 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч З , С.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Д.МӨНХӨӨ