Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг,

Иргэдийн төлөөлөгч: Х.Анита,

Хохирогч Ц.Түвшинтогтох, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан /ҮД:0217/,

Шүүгдэгч: Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Я.Батханд /ҮД:0384/,

Шүүгдэгч: Б.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч С.Сувдаа /ҮД:1789/,

Шүүгдэгч: Л.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо /ҮД:0105/,

Шинжээч: О.Болороо,

Гэрч: Г.Хашбат, Д.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбатад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Өлзийбаярт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Л.Энхбатад тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020060 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдсон үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжны 3 дугаар гудамжны 55 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛБ92111132, Даш овогт Батхүүгийн Мөнхбат,

2.  Монгол улсын иргэн, 1997оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, иргэний барилгын мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ББ” ресторанд зөөгч ажилтай байсан, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн 1 дүгээр байрны 9 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар УД97112136, Тольтон бургууд овогт Батхүүгийн Өлзийбаяр,

 

3. Монгол улсын иргэн, 1998оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдсон үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин баг, Жаргалантын тохой хэсэгт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар МЕ98092917, Доод чоно овогт Лхамжавын Энхбат.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Б.Мөнхбат нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим иргэн Ц.Түвшинтогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цавин тус газарт хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч Б.Өлзийбаяр нь яллагдагч Б.Энхбаттай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн Ц.Түвшинтогтохыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Яллагдагч Л.Энхбат нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим зогсож байсан иргэн Ц.Түвшинтогтох, Б.Түвшинзул нарыг мөрлөн тэднээс “асуудал байна уу” гэж асуулт асууж өдөж хоргоон яллагдагч Б.Өлзийбаярыг бусдыг үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр иргэн Ц.Түвшинтогтохын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрахад өдөөн түлхсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Хоролсүрэн, Батзориг бид гурав Сансарт уулзаад Холлевүүд бааранд орсон. Гараад би Батзоригтой цуг “Мийтинг” бааранд ороод 03 цагийн баарнаас гараад явж байхад хохирогч хоёр найзтайгаа явж байсан. Жижиг биетэй нь согтуу байсан. Нөгөө нь гайгүй байсан. Тэд нарыг муудалцаж байхад нь Батзориг бид хоёр саравчны хажуунаас хараад зогсож байсан. Зодоон болоод болохоо байхаар нь Батзориг “тэнд манай найзын дүү байна, тэрийг авахгүй бол болохгүй” гээд очиж Өлзийбаярыг аваад бид гурав таксинд суусан. Тэгтэл хохирогч болох залуу таксины хаалга онгойлгоод намайг миний өмссөн байсан юүдэнтэй цамцаар хоолойг маань боохоор нь би сонин байдалд ороод өөрийн мэдэлгүй өшиглөсөн. Тухайн үед хохирогч нилээд согтолттой байсан. Тэгээд цагдаа ирэхээр нь би эрүүл байсан учир цагдаагийн хэлтэс дээр очоод учраа олъё гэж хэлтэс дээр очиход араас хохирогч нь түргэн тусламжийн эмчтэй цуг орж ирсэн гэв.

Шүүгдэгч Б.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх Энхбат, Батбилгүүн, Хашбат бид дөрөв Чингисийн талбай дээр шинэ он гаргачихаад урд талынх нь автобусны буудал дээр Батзоригтой таараад 00 цагийн үед “Мийтинг” бааранд орсон. Шөнийн 2-3 цагийн үед гарч ирээд түцнээс тамхи авж татахаар явж байтал Түвшинтогтох хоёр найзтайгаа зогсож байсан. Бид чигээр явахад Энхбат, Түвшинзул хоёр хоорондоо мөрлөлцсөн. Цаашаа чигээрээ гарах гэтэл араас маргаан үүсгэж Энхбаттай маргалдаад түүнийг дагуулж явсан. Тэгэхээр нь би араас нь очиж салгаад явуулах гэтэл Түвшинтогтохын хоёр найз хэл амаар биднийг доромжлоод байхаар нь Энхбат “би уулзаадхъя” гээд очсон. Эргээд хартал Батбилгүүнийг Түвшинтогтох заамдалцаад салахгүй байсан. Би ТҮЦ-ний ард очиж маргалдаж байсан Энхбат, Түвшинзул нар, мөн заамдалцсан байсан Батбилгүүн, Түвшинтогтох нарыг салгасан. Тэгээд цаана зогсож байсан Мөнхбат, Батзориг нарт “нааш ир, эд нарыг салгая” гэж хэлэхэд Батзориг, Мөнхбат нар ирсэн. Би эргээд хартал Батбилгүүн, Түвшинтогтох нар бас л салахгүй заамдалцаад байхаар нь би очоод дахин салгасан. Тэгээд Батбилгүүн, Хашбат, Энхбат гурвыг таксинд суулгаж өгчихөөд эргээд иртэл Түвшинтогтох над руу дайраад заамдаад авахаар нь би “чи яасан салдаггүй юм бэ” гэж хэлээд баруун гараараа түүний зүүн эрүүнд нь нэг удаа цохисон. Тэгээд Мөнхбат, Батзориг бид гурав таксинд суутал Түвшинтогтох араас ирээд хойд хаалга татаж онгойлгоод Мөнхбатыг заамдаад авсан. Намайг харж байхад Түвшинтогтох Мөнхбатыг боож байсан. Тэгэхэд нь Мөнхбат түүнийг өшиглөсөн, Түвшинтогтох газар унасан. Тэгээд цагдаа ирсэн гэв.

Шүүгдэгч Л.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн 24 цагийн үед Өлзийбаяр, Батбилгүүн, Хашбат бид дөрөв талбай дээр он гаргаж байсан. Тэгтэл Өлзийбаярын найз Батзориг залгаад “уулзая” гэхээр нь бид очоод “Мийтинг” бааранд орсон. Тэр баарнаас гарч ирээд түцнээс тамхи аваад явахаар явж байтал Түвшинзулын найзтай мөрлөлцсөн. Араас маань хараахаар нь би эргэж хараад “асуудал байна уу” гээд Түвшинзулыг “хоёулаа ийшилж байгаад тусдаа учраа олъё” гээд түүнийг дагуулан ТҮЦ-ний хажууд очин юм яриад зогсож байтал удалгүй Өлзийбаяр ирсэн. Араас нь Хашбат ирээд бид хоёрыг салгаад намайг таксинд суулгаад бид гэртээ очсон. Би бол Түвшинтогтоход гар хүрээгүй. Зөвхөн Түвшинзултай мөрлөлцөөд ТҮЦ-ний хажууд түүнтэй юм ярьсан. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ц.Түвшинтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө бид явж байгаад үл таних залуустай муудалцсан. Бид ТҮЦ-нээс тамхи авчихаад буцаж бохь авах гэж явахдаа тэдэнтэй муудалцсан. Миний толгой сүүлийн үед их өвдөж байгаа учир тухайн үед хэн нь хэнтэйгээшүргэсэн гэдгийг одоо санахгүй байна. Маргаан болоход Өлзийбаяртай би маргалдсан. Тэгэхэд Даваасүрэн болиулсан. Өлзийбаяр миний шүд рүү цохисон. Амнаас цус гарахаар нь би тэдний суусан таксины жолоочид “явж болохгүй шүү” гэхэд машин ухас хийгээд явах гэхээр нь би хаалганаас татахад онгойсон. Тэгэхэд Мөнхбат машин дотроос бууж ирээд намайг өшиглөсөн. Би уг нь гэрээсээ ганцаараа ажил хийдэг хүн байсан. Тэр ажлаа одоо хийж чадахгүй байна. Намайг 5 килограммаас илүү хүнд зүйл өргөж болохгүй гэсэн тул дүү маань ганцаараа тэр ажлыг хийж байна. Би доошоогоо цус алдаж байгаа. Толгой минь эргэдэг. Зайлшгүй шаардлагаар эмчилгээний материалд зарцуулсан зүйлсийн жагсаалтыг би бичиж өгөхөд мөрдөн байцаагч хүлээж аваагүй. Би цаашдаа тархины эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би энэ хүмүүсээс хохиролд 1.5 сая төгрөг авсан. Манай өмгөөлөгч надад “хавтаст хэрэгт 3 сая төгрөгийн хохирлын баримт байгаа” гэж хэлсэн. Одоо цаашдын эмчилгээнд хэдэн төгрөг гарах талаар сайн мэдэхгүй байгаа гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Түвшинтогтох /хх-ийн 26-27, 28/, гэрч Б.Түвшинзул /хх-ийн 35/, гэрч Г.Хашбат /хх-ийн 30/, гэрч Э.Батбилгүүн /хх-ийн 31/, гэрч Д.Батзориг /хх-ийн 32, 103/, гэрч Э.Даваасүрэн /хх-ийн 34/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын дүгнэлт /хх-ийн 40/, шинжээч эмч О.Болороог байцаасан тэмдэглэл /хх-ийн 29/, хохирол төлсөн баримт /хх-ийн 16/, шүүгдэгч Б.Өлзийбаяр /хх-ийн 76/, шүүгдэгч Л.Энхбат /хх-ийн 124/, шүүгдэгч Б.Мөнхбат /хх-ийн 71/ нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Л.Энхбатыг согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим зогсож байсан иргэн Ц.Түвшинтогтох, Б.Түвшинзул нарыг мөрлөн тэднээс “асуудал байна уу” гэж асуулт асууж өдөж хоргоон яллагдагч Б.Өлзийбаярыг бусдыг үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр иргэн Ц.Түвшинтогтохын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрахад өдөөн түлхсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл муутай байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Энхбат нь хэдийгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрсан үйлдэл гаргасан боловч шүүгдэгч Б.Өлзийбаяраас хохирогч Ц.Түвшинтогтоход гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан үйлдэлд өдөөн түлхэж хамтран оролцсон гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байна. Энэ нь:

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Түвшинтогтохын өгсөн: “...Энхбаттай эхэлж муудалцсан. Гэхдээ Энхбат намайг цохиогүй. Намайг цохих үед энэ Өлзийбаяр нь ганцаараа байсан...” гэх мэдүүлэг,

гэрч  Г.Хашбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энхбат нэг үл таних эрэгтэй хүнтэй маргалдаад юм яриад байж байхад Өлзийбаяр, Батбилгүүн бид гурав очоод салгасан юм. Тэгээд Батбилгүүн, Энхбат бид нар нэг таксинд суугаад шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Батбилгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энхбат үл таних жижиг биетэй эрэгтэй хүнийг мөрлөөд “баярын мэнд уучлаарай” гэж хэлж байх шиг байсан. Тэгтэл нөгөө залуу нь хэл амаар доромжлоод араас хүрч ирээд Энхбатыг барьж аваад маргалдаад байхаар нь салгаад  байж байтал нэг нь хүрч ирээд тэр залууг нэг удаа цохичихсон юм. ...тэгээд л бид нар тэр хүнээс салаад тус тусдаа таксинд суугаад би гэр рүүгээ шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Батзоригын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг мэдэхэд Хашбат, Батбилгүүн, Энхбат нар байхгүй болчихсон, Өлзийбаяр ганцаараа хүрч ирсэнээ “таксинд сууцгаая, явцгаая” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Түвшинзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг цохьсон энэ залуу ТҮЦ-ний нөгөө эсрэг талаар гарч Ц.Түвшинтогтохыг цохьчихсон байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийэ нотлох баримтуудаар Л.Энхбат нь уг хэрэгт бүлэглэн оролцсон болон өдөөн түлхсэн гэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “...ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан...”  этгээдийг хатгагч гэж ойлгох бөгөөд дээрх бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Л.Энхбат нь ямар аргаар Б.Өлзийбаярыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн, зоригжуулсан, ятгасан гэх байдал тогтоогдохгүй байна.

Яллах дүгнэлтэд Л.Энхбатыг “уриалсан” гэж дүгнэсэн боловч Ц.Түвшинтогтох, Б.Түвшинзул нартай мөрлөлцөж, уг маргаан дууссаны буюу таксинд сууж явсаны дараа Б.Өлзийбаяр нь ирж Ц.Түвшинтогтохыг зодон танхайрсан үйлдэлтэй шууд хамааруулан буруутгах боломжгүй гэж үзнэ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Л.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс нэгэнт шүүгдэгч Л.Энхбатыг шүүгдэгч Б.Өлзийбаяртай бүлэглэн танхайрсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Өлзийбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар “бүлэглэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Иймд Л.Энхбат нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин танхайрсан,

шүүгдэгч Б.Өлзийбаяр 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим иргэн Ц.Түвшинтогтохыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим иргэн Ц.Түвшинтогтохтой хувийн таарамжгүй харьцааны буюу “такси явуулахгүй саад боллоо” гэх маргааны улмаас түүний цавин тус газарт хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Үүнд:

Хохирогч Ц.Түвшинтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 01-нд шилжих шөнө өөрийн найз Даваасүрэн, Зулаа, Ганпүрэв, Жагаанаа, Ганбаа, зүс үл таних нэг залуу нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Мийтинг” баарнаас 03.00 цагийн үед гарцгаасан. Баарнаас гараад Зулаа, Даваасүрэн бид гурав Санктпетрбург автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ээс тамхи авчихаад буцаад явах гэтэл зүс үл таних 5-6 залуучууд явж байгаад нэг залуу хүрч ирээд “галаа өгчих” гэж хэлэхээр нь Даваасүрэн тамхийг нь асааж өгөхөд араас нэг жижиг биетэй залуу “хөөе, хөөе наашаа хүрээд ир” гэж хэлээд “та нарыг бүгдийг чинь ална шүү, буудна шүү” гэж хэлэхэд Даваасүрэн нөгөө гал асуусан залууд хандан “чи найзыгаа аваад явчих тэгэх үү, шинэ он гарч байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Даваасүрэн, Зулаа бид гурав ТҮЦ-ийн хажуугаар явах гэтэл араас нөгөө залуучууд гарч ирээд нэг нь намайг барьж авахад нөгөө Даваасүрэнгээс гал асуусан залуу гарч ирээд миний шүд рүү нэг удаа баруун гараараа цохиход миний нэг шүд хугараад би доошоо тонгойсон. Тэгтэл тэдгээр залуус өөрсдөө таксинд суугаад явсан. Тэгэхлээр нь би “зугтаад явчихлаа шүү дээ” гэж хэлээд хайгаад байж байтал тэр намайг цохисон залуу зүс үл таних 2 залуутай хамт нэг таксинд сууж байхыг хараад очиж машиныг  нь явуулахгүй тэр 3 залууг барьж авах гэтэл  нэг нь машинаас бууж ирээд шууд миний бэлэг эрхтэн рүү нэг удаа өшиглөхөд би газарт унасан. Тэгээд л цагдаа нар ирээд биднийг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Одоогийн байдлаар би мэс засалд ороод нэг төмсөгөө авахуулсан байгаа.Мөн миний үүдэн нэг шүд унасан. Намайг таксинд суусан 3 хүнийг явуулахгүй цагдаа дуудсан гэж хэлээд машины машины хаалганаас нь татахад л нэг залуу “чи яах гээд байгаа пизда вэ, цаашаа зайл л даа” гэж хэлээд миний бэлэг эрхтэн рүү өшиглөчихсөн. Миний шүд рүү нэг удаа жижиг биетэй хүн  цохичихоод цаашаа явахаар би барьж авах санаатай куртикнээс нь татахад эргэж хараад намайг газарт унагааж дээрээс 2-3 удаа өшиглөж цохиж зодсон...” /хх-ийн 26-27, 28/,

 

Гэрч Б.Түвшинзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...жижиг биетэй залуу намайг мөрлөөд хажуугаар гарсан. Тэгтэл тэр залуутай хамт явж байсан залуучуудын нэг эрэгтэй залуу уучлаарай гэж хэлээд хоёулаа зөрсөн. Тэгээд л тэд нар цаашаа явцгаахаар нь Түвшинтогтох бид хоёр хоорондоо юм яриад, тамхи татаад инээлдээд байж байтал нөгөө 5-6 залуугийн нэг нь буюу үсээ боочихсон шаргал өнгийн пальто өмссөн залуу хүрч ирээд “яасан, инээд чинь хүрээд байна уу, асуудал байна уу” гэж уурлахаар нь би “зүгээрээ хөгшөөн бид хоёр хоорондоо юм яриад зогсож байна, ингээд явчих” гэж хэлэхэд тэр залуу миний эрүү хэсэг рүү  баруун гараараа нэг цохьсон. Намайг цохьсон энэ залуу ТҮЦ-ийн нөгөө эсрэг талаар нь гарч ирээд Түвшинтогтохыг цохичихсон байсан. Түвшинтогтохын амнаас нь цус гарчихсан, миний шүд уначихлаа гэж Даваасүрэн бид хоёрт хэлсэн...” /хх-ийн 35/,

Гэрч Г.Хашбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ...Энхбат нэг үл таних эрэгтэй хүнтэй маргалдаад юм яриад байж байхад Өлзийбаяр, Батбилгүүн бид гурав очоод салгасан юм. ...Өлзийбаяр тэр залуугийн шүд рүү нь 1 удаа гараараа цохичихсон гэж надад хэлсэн...” /хх-ийн 30/,

 

Гэрч Э.Батбилгүүн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Энхбат үл таних жижиг биетэй эрэгтэй хүнийг мөрлөөд “баярын мэнд, уучлаарай” гэж хэлж байх шиг байсан. Тэгтэл нөгөө залуу нь хэл амаар доромжлоод араас хүрч ирээд Энхбатыг барьж аваад маргалдаад байхаар нь салгаад байж байтал нэг нь хүрч ирээд тэр залууг нэг удаа цохичихсон юм...” /хх-ийн 31/,

 

Гэрч Д.Батзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Энхбат нь нэг хүнтэй мөргөлцөөд авах шиг болсон. Тэгээд л Энхбат, Өлзийбаяр, Хашбат, Батбилгүүн нар тэр хүнтэй маргалдаад л байх шиг байсан. Энэ үед Мөнхбат бид хоёр зүгээр зогсоод л байж байсан юм. Тэгээд л нэг мэдэхэд Хашбат, Батбилгүүн нар байхгүй болчихсон Өлзийбаяр ганцаараа хүрч ирснээ “таксинд сууцгаая, явцгаая” гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаяр, Өлзийбаяр бид гурав нэг таксинд суусан. Тэгтэл нөгөө Энхбаттай анх мөрлөлцөөд маргалдаад байсан залуугийн амнаас нь цус гарчихсан байдалтай хүрч ирээд бид гуравын суусан таксины хаалгыг онгойлгоод найз Мөнхбатыг барьж аваад “чи намайг зодчихлоо, цагдаа ирж байгаа” гэж хэлсэн. Тэр үед л Мөнхбат таксинаас буухад нөгөө залуу Мөнхбатыг боогоод байсан.Тэгтэл Мөнхбат тэр залууг нэг удаа өшиглөхөд нөгөө залуу газарт унасан юм. Мөнхбат тэр залуугийн бэлэг эрхтэн рүү нь 1 удаа өшиглөхөд нөгөө залуу газарт унасан. Хамгийн анх баарнаас гарч ирэхэд Энхбат нь хүмүүсийг өдөж хоргоогоод явуулахгүй байгаад байсан...” /хх-ийн 32, 103/,

 

Гэрч Э.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Түвшинзултай нэг нь шүргэлцэх шиг болоод л “яасан, яриа байна уу, буудна шүү” гэж ярьцгаагаад цаашаа явцгаасан. Түвшинзулын шүд нь уначихсан ...” зэрэг бичгийн нотлох баримтууд, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Энхбат, Б.Өлзийбаяр, Б.Мөнхбат нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

Иймд Л.Энхбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,

шүүгдэгч Б.Өлзийбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч Б.Мөнхбатыг бусдын бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбат, Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарт ял шийтгэл оногдуулахад үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Л.Энхбат нар нь энэ хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлын зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин тэднийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

            Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ц.Түвшинтогтох нь нийт 2.897.080 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан хуулбар баримтуудыг тооцон үзвэл 1.503.000 төгрөг болж байна. Мөрдөн байцаалтын шатанд 2017.01.17-ны өдөр Б.Өлзийбаяр, Л.Энхбат /Б.Мөнхбат гарын үсэг зурсан байсан  хх-ийн 16/ нар нь 1.000.000 төгрөг, Б.Өлзийбаяр нь 2017.4.23-ны өдөр 500.000 төгрөгийн буюу нийт 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байна. Харин Б.Мөнхбат шүүх хуралдаанд одоогоор нэг ч төгрөгийн хохирол, төлбөр төлж барагдуулаагүй гэж мэдүүлсэн энэ шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлөгдсөн гэж үзэхээр байна.

Хохирогч Ц.Түвшинтогтох нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн ба тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтуудаа бүрдүүлж жич нэхэмжлэл гаргах эрхийг түүнд үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат, Б.Өлзийбаяр нар нь 3 хоног албадан саатуулагдсан, Л.Энхбат нь цагдан хоригдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргахаар тогтов.

Шүүгдэгч Л.Энхбат, Б.Өлзийбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, энэ хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдэнд шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1,246.2,283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Л.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Доод чоно овогт Лхамжавын Энхбатыг бусдын илтэд хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрсан, Тольтон бургууд овогт Батхүүгийн Өлзийбаярыг догшин авирлаж танхайрсан, Даш овогт Батхүүгийн Мөнхбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт шүүгдэгч Л.Энхбатыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Өлзийбаярыг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 /тав/ жил  01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхбат, Б.Өлзийбаяр нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарын урьд албадан саатуулагдсан 3 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Мөнхбат нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Хохирогч Ц.Түвшинтогтох нь цаашид гарах эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхбатад шүүхээс оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Өлзийбаярт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Б.Мөнхбатад урьд бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Энэ тогтоолыг гомдол гаргах эрх бүхий этгээдүүд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,              шүүгдэгч Б.Мөнхбатад авсан цагдан хорих, шүүгдэгч Л.Энхбат, Б.Өлзийбаяр нарт бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.АЛДАР

 

                ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ                                                                                  

                                                                                                      Б.ДУЛАМСҮРЭН