Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 120/ШШ2022/0015

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27-ны өдөр 120/ШШ2022/0015 Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бөх овогт Дашдооровын *******,

Хариуцагч: Өмнөговь аймгийн******* сумын Засаг дарга,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхзаяа, гуравдагч этгээд Б.Дунжидмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Дашдооровын ******* Өмнөговь аймгийн******* сумын гуравдугаар багийн нутагт өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

2. Шарнууд овогт Цэрэнжигмэдийн******* эхнэр Дашдооровын *******т маргаан бүхий асуудалтай холбогдох захиргааны актад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах болон бусад эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр итгэмжлэлээр олгож, нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа ...Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дугаар захирамжийн Б.Дунжидмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах... гэж нэмэгдүүлэн маргасан.

3. Нэхэмжлэгч Д.******* нь 2019 оны 09 дүгээр сард******* сумын******* багийн нутаг хүрэн хад нэртэй газарт өвөлжөөний зориулалтын газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргасан байх бөгөөд, улмаар******* сумын******* багийн малчин Б.Дунжидмаад 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдөр А/71 дүгээр захирамжаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн тул иргэн Д.*******ийн өргөдлийн дагуу эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/26 дугаар бичгээр хүргүүлсэн байна.

4. Иргэн Ц.Отгонбаярт Өмнөговь аймгийн сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1511000443 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр сумын багаас багаас урагш 52 км-т орших Хүрэн хад бууцыг анх эзэмшүүлсэн.

5. Улмаар 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн дагуу сумын Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжаар нэгж талбарын дугаартай, 1600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, өвөлжөөний зориулалтаар Ц.Отгонбаярт эзэмшүүлсэн.

6. сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар захирамжаар Ц.Отгонбаярын өвөлжөөний газрын хэмжээг нэмэгдүүлэн 3600 м.кв болгон эзэмшүүлсэн.

7. Уг өвөлжөөний кадастрын зургийг 2017 онд нэвтрүүлсэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхэд******* сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа нь тогтоогдсон үндэслэлээр сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Ц.Отгонбаярын өвөлжөөний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

8. Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн а/71 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Дунжидмаад 4603001088 нэгж талбарын дугаар бүхий Цавчир хүрэн өвөлжөөг 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд маргаан бүхий өвөлжөөний газартай 1600 м.кв бүхий давхцалтай болох нь шүүхийн үзлэг, бусад баримтаар тогтоогдсон.

9. Д.*******ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өвөлжөөний газар эзэмших талаар гаргасан өргөдлийн хариуг Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар албан бичгээр өгсөн байх ба шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

10. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон өмгөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

10.1 Миний бие Өмнөговь аймгийн******* сумын малчин иргэн бөгөөд сумын багт төрж өссөн. Улмаар 1995 онд Ц.Отгонбаяртай гэр бүл болж багаас урагш 52 км-т орших Хүрэн хад гэх газарт байрлах өвөлжөөнд тасралтгүй 25 жил амьдарч мал аж ахуй эрхэлж амьдарч ирсэн. 1998 онд тухайн өвөлжөөний газрыг хонд байхаас нь шинээр өвөлжөө барьж түүнээс хойш эзэмшиж, ашиглан тохижуулж засаж сэлбэсээр ирсэн бөгөөд 1999 онд сумаас өвөлжөөний газар эзэмших гэрчилгээг 30 жилээр, 2003 онд 15 жилээр сунгуулж эзэмшсээр ирсэн.

2017 онд Өмнөговь аймгийн сум болон******* сумын хооронд хилийн цэсээр миний эзэмшиж буй өвөлжөөний газар Өмнөговь аймгийн******* суманд харьяалагдахаар болсон тул Д.******* миний бие эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар******* суманд удаа дараа хүсэлт гаргасан.

Хамгийн сүүлд 2019 оны 09 сард Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргад хандан Өмнөговь аймгийн******* сумын 3 дугаар багийн нутагт өвөлжөөний зориулалттай газар эзэмших зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.

Өвөлжөөний зориулалтаар эзэмших эрх олгох эрх бүхий этгээд нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар тухайн шатны Засаг дарга буюу******* сумын Засаг дарга шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй боловч энэ асуудлыг өнөөдрийг хүртэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаанд холбогдох журмын дагуу хариуг өгөөгүй нь хууль бус юм.

Хариуцагчийн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйн улмаас миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үл хөдлөх эд хөрөнгө шударгаар эзэмшиж ашиглах эрх, төрийн байгууллагад гаргасан өргөдөл хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх эрхүүд болон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэхээр дээд шатны захиргааны байгууллага болох Өмнөговь аймгийн Засаг даргад гомдол гаргахад Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар албан бичгээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Иймд******* сумын 3 дугаар багийн нутагт өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг даалгаж өгнө үү.

Уг өвөлжөөний газрыг Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн а/71 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Дунжидмаад 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

11. Хариуцагч Өмнөговь аймгийн******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

11.1. Дашдооров овогтой *******ийн 2019 оны 09 дүгээр сард гаргасан өргөдлөөр******* сумын******* багийн нутаг хүрэн хад нэртэй газарт өвөлжөөний зориулалтын газар хүссэн өргөдөлтэй танилцаад тус газар нь******* сумын******* багийн малчин Бат-Очирын*******д 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдөр А/71 дүгээр захирамжаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу******* багийн иргэн Д.*******т эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/26 дүгээр бичгээр хүргүүлсэн болно.

11.2. Иргэн Д.*******ээс 2017 онд манай байгууллагад аман хэлбэрээр хүсэлт гаргасан боловч албан ёсоор өргөдөл гаргаж, өргөдөл гомдлын мэдээлэлд бүртгэгдээгүй байна. Мөн 2019 онд гаргасан гэх өргөдөл манай байгууллагад бүртгэгдээгүйн дээр асууж тодруулахад Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уг өргөдлөө гаргасан байна.

12. Гуравдагч этгээд Б.Дунжидмаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.******* нь нөхөр болох Ц.Отгонбаяртай гэр бүл болон хадам аав н.Цэрэнбалжирын хамтаар Хүрэн хошууны бууц хэмээх газарт амьдарч тэнд үр хүүхэд нь төрсөн. Манайхаас түрүүлж маргаан бүхий газарт очиж суурьшсан амьдарсан зүйл огт байхгүй. Мөн маргаан бүхий газарт худаг ус гаргах, хонд бууцыг засаж янзалсан асуудал байхгүй. Хэрвээ өөрийн хөрөнгөөр худаг гаргасан бол энэ нь Газрын тухай хуульд зааснаар уг газрыг эзэмшихэд давуу эрхтэй байж болох юм. Гэвч тэрээр худаг гаргасан зүйл байхгүй. Харин ч улсын хөрөнгөөр гаргасан худаг дээр өөрсдийн санаачилгаар байшин бариад түүнийгээ цоожилж, ойр тойрны хүн малыг шахаж хавчин, хэл амаар доромжилж хол ойрын хүн малыг уух усгүй болгож байгаа увайгүй нэгэн. Тэрээр хүнтэй хэл амаараа учраа олдог, ойлголцдог хүн ч биш.

Нэхэмжлэгч Б.Дунжидмаатай өвөлжөө бууц, худаг бэлчээрийн маргаан хийгээд 20 шахуу жил болж байна. 2012 онд сумынхаа Засаг дарга Х.Батболдод өргөдөл гаргаж хүрэн хадны бууцыг өөрийн нэр дээр, эзэмшиж, хууль тогтоомжийн дагуу татвар хураамжаа төлж, өвөлжөөний зориулалтын дагуу эзэмшиж ирсэн. Улмаар хэрүүл тэмцлээ үргэлжлүүлсээр 2019 онд уг өвөлжөөг эзэмшихээр хүсэлт гаргасан. Монгол Улсын газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасанчлан газар хүссэн өргөдөлд дурдсан талбай нь бусдын эзэмшил ашиглалт, өмчлөлийн газартай давхардаагүй байх ёстой тул хариуцагч буюу сумын Засаг даргаас түүний өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй. Тиймээс 2012 онд хууль тогтоомжийн дагуу надад газар эзэмшүүлсэн захирамж 2019 онд Д.*******ийн хууль ёсны эрх ашиг сонирхолд харшилсан, түүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Мөн эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн захиргааны актыг мэдсэн дариудаа буюу мэдсэнээс нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн захирамжийг 2012 онд биш юм гэхэд 2019 онд мэдсэн байх боломжтой. Тиймээс түүнд нэхэмжлэл гаргах боломж байсан ч гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ тайлбарлаж нотлоогүй байна.

Монгол Улсын газар нутаг нь аймаг, сум, багт хуваагдах бөгөөд сум аймгийн хилийн цэсийг хуулиар Улсын Их Хурлаас тогтоодог. Хэн нэгэн сумын Засаг дарга тогтоодоггүй, дур мэдэн өөрчилдөггүй. хүрэн хад хэмээх газар буюу маргаан бүхийн газар нь сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаагүй,******* сумын нутаг байсан. Хэрэв *******ийн нэхэмжлэлд дурдсанчлан энэхүү газрыг сумын Засаг даргын захирамжаар түүнд эзэмшүүлсэн гэж үзвэл тэрхүү захиргааны акт нь илт хууль бус акт болох бөгөөд захиргааны илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Энэ нь******* сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг шударгаар, хууль тогтоомжийн дагуу олж авсан Б.Дунжидмаагийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

1998 оноос хойш Б.Дунжидмаа Баттөмөр нар нь Хүрэн хад дэл гэх газарт ирж нутагласан. 2000 оны орчмоос түүний үеэл дүү н.Отгонбаяр нь Д.*******тэй ханилж ирж буусан. Тухайн үед сум орон нутгийн удирдлагуудад маргаан бүхий газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж авахаар хүсэлтээ гаргасан байсан. Тэр үед отрын айлыг нүүлгэх тухай асуудал хөндөгдөж байсан учраас маргаан хийлгүй зохицож амьдрахаар болсон. Гэвч манай мал өсөж байгаа тул манай бууцыг өгөхийг хүсэхэд маргаан гарсан учраас сумын Засаг даргын 2012 оны А/71 дүгээр захирамжаар Б.Дунжидмаа хуулийн дагуу эзэмшиж авсан. Гэтэл эзэмших эрх нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй зөрчигдөж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэлээ тодруулсан боловч Д.*******ийн ямар эрх, хэрхэн зөрчигдөөд байгаа нь тогтоогдохгүй. Нэхэмжлэлийн 2 шаардлагын үндэслэлдээ 2019 оны 09 сард өгсөн хариунаас Б.Дунжидмааг газар олгосон гэдгийг мэдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл өргөдлийг нь шийдвэрлэсэн байхад өргөдөл шийдвэрлэхгүй байна гэж 2021 онд гомдол гаргаад байгааг шүүх анхаарч үзнэ үү. Д.******* нь аймгийн Засаг даргад ч хандсан байдаг. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгийг үндэслээд нэхэмжлэлээ 2021 оны 08 дугаар сард шүүхэд гаргасан. Гэтэл 2017 онд сумын Засаг дарга, дараа нь аймгийн Засаг дарга нарт өргөдөл гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Б.Дунжидмаа нь маргаан бүхий газрыг 2012 онд эзэмшсэнийг Д.******* мэдэж байсан. Тиймээс Д.******* нь 2017-2021 онд энэ тухай мэдсэн гэх үндэслэлгүй. Эс үйлдэхгүй гэдэг нь шийдвэрлэхгүй байгааг хэлдэг. Гэтэл******* сумын Засаг дарга болон түүний харьяалах дээд шатны Засаг дарга нар хариуг өгсөн байдаг.

Нэхэмжлэгч тал энэ нь гэр бүлийн дундын өмчөөс үүссэн газар гэж тайлбарладаг. Гэр бүлийн хамтын өмчийн асуудлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхгүй. Ц.Отгонбаяр, Д.******* нар нь салсан байдал тогтоогдож байгаа. Ц.Отгонбаярт эзэмшүүлсэн захирамжийн хавсралт дээр хамтран өмчлөгчөөр Д.*******ийн нэр байдаггүй. Улмаар Ц.Отгонбаярын итгэмжлэлээр нэхэмжлэл гаргаад байгаа юм уу гэхээр нэхэмжлэгч Д.******* гээд байдаг. Мөн маргаан бүхий өвөлжөө нь Д.*******т үлсэн юм уу гэхэд тийм шүүхийн шийдвэр байхгүй. Тиймээс Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Мөн хилийн цэсийн асуудал яригддаг. Сумдын хилийн цэсийг Улсын Их Хурал, Засгийн газар тогтоодог. 2017 онд******* сумын хилийн цэсийг тогтоосон зүйл байхгүй. 1924 оноос хүрэн хад гэх газар нь******* сумын нутаг байсан. 2017 онд газрын кадастрын системээр Д.*******т эзэмшүүлсэн газар нь******* сумын нутаг гэдэг нь тогтоогдоод эзэмшүүлсэн захиргааны акт нь хууль бус гээд хүчингүй болгосон.

Б.Дунжидмаад газар олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хугацаа нь Захиргааны ерөнхий хуульд 5 жилийн дотор гэж заасан. Үүнийг шүүх дүгнэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр захиргааны байгууллага болох******* сумын Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл тус сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дугаартай захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Газрын асуудал эрхэлсэн байгууллагын тайлбараар 2017 онд Хүрэн хад-ны өвөлжөөний газрыг газрын кадастрын мэдээллийн санд хилийн заагийг оруулснаар маргаан бүхий газар нь******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдах болсноос анх эзэмшүүлсэн шийдвэр хүчингүй болж, уг өвөлжөөний газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлан маргадаг.

2. Иргэн Ц.Отгонбаярын эзэмшлийн Хүрэн хад /Цавчирын худаг, Цавчир хүрэн, хүрэн хад зэрэг нэршлүүдтэй, эдгээр нь нэг газар болохыг хэргийн оролцогчид зөвшөөрдөг/ нэртэй өвөлжөөний газар нь Өмнөговь аймгийн болон******* сумын хилийн заагт оршдог болох нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хилийн цэсийг тодотгон баталгаажуулах тухай 27 дугаар тогтоолоор, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газарт тухайн үед кадастрын зураг хийгдэж байгаагүй, 2021 онд нөхөн хийлгүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэрэгт тухайн кадастрын зураг байхгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудаар тус тус тогтоогдож байна.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 1999 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ц.Отгонбаярт 15.11000443 дугаартай гэрчилгээг олгож, газар эзэмших гэрээ байгуулснаас үзвэл түүнд газар эзэмших эрх үүссэн гэж үзэх бөгөөд энэ эрх нь газрын тоо бүртгэлийн нэгдмэл сангийн программын бүртгэлийн үйл ажиллагаа буюу захиргааны байгууллагын зохион байгуулалтын үйл ажиллагаанаас шууд хамааран хүчингүй болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь гэр бүлийн хамт 1999 оноос Хүрэн хадны өвөлжөөнд тасралтгүй өвөлжиж, дээрх өвөлжөөний газрыг өнөөдрийг хүртэл бодитойгоо ашиглаж ирсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

4. Харин гуравдагч этгээд Б.Дунжидмаагийн хувьд Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн а/71 дугаар захирамжийг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 000455671 дугаартай гэрчилгээгээр1600 м.кв газрыг хүрэн хад-ны өвөлжөөний бууцны хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь Б.Дунжидмаад газар эзэмших эрх үүссэн гэж үзэхээр байх тул Д.******* өвөлжөөний газрыг суллаж өгөхгүй байгаагаас газар эзэмших эрх нь зөрчигдөж, маргаан бүхий өвөлжөөний зэргэлдээ хүү Б.Төрмөнхийн өвөлжөөг аргагүйн эрхэнд ашиглаж байгаа гэх тайлбарыг буруутгах боломжгүй юм.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...орон нутгийн иргэдийн эзэмшиж, ашиглаж буй газрын зааг хязгаарыг 2017 оноос программд оруулж эхэлсэн, тухайн үед ийм программ байдаггүй байсан, уг газар нь манай сумын газар нутагт хамаардаг бөгөөд сумын Засаг даргаас эзэмшиж, ашиглах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байсан .. гэж тайлбарлаж байх боловч******* сумын Засаг дарга нь газар эзэмших талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахын өмнө тухайн газар нь нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцсан эсэх, тухайн нэгж талбаруудын хилийн зааг ямар байдлаар тодорхойлогдсон, өвөлжөө бууцыг хэрхэн ашиглаж байгаа зэргийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэр гаргаагүйгээс үүдэн уг маргаан гарчээ.

6. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар өвөлжөөний тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулах, 52.7-д зааснаар өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох хэдий ч уг маргааны хувьд иргэний бодитойгоор эзэмшиж, ашиглаж буй өвөлжөөг чухам ямар шалгуураар давхардуулан эзэмшүүлсэн нь тодорхойгүй байна.

 

7. Тодруулбал, газрын хил заагийг хэрхэн төлөвлөсөн байсан, ямар шалтгаанаар өөрчлөгдсөн зэрэг тухайн үеийн бодит нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нөхцөл байдлууд тодорхой бус тохиолдолд шүүх хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх боломжтой ажиллагааг нөхөн тодруулах замаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах боломж, хүрээнээс хэтэрсэн, эдгээр тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, зохих нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай байна.

8. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар хуульчилсан тул хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүйгээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, хэн алинд нь хууль ёсны газар эзэмших эрх олгох байдлаар шийдвэрлэх нь маргааныг нэг мөр, үнэн зөв шийдвэрлэх, шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой болно гэж шүүх үзлээ.

9. Дээрх нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн гаргасан ...хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох...даалгах нэхэмжлэлийн шаардлагад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРМАА