Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 08 өдөр

Дугаар 00432

 

       Б.Н-гийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03704 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй,                                       

Хариуцагч НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрээр Д.П, Д.Т, Б.Н нараас нийт 89 829 789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл хариуцагч НШШГГ-аас тус шүүхийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах Ү-2204008258 тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 127 522 000 төгрөг гэж үнэлсэн байна.

Шинжээчийн дүгнэлтэд хуучнаар 48.6 м.кв талбайг 92 м.кв талбайтай гэж дурдсан байх боловч ямар үндэслэлээр талбайг хэмжсэн болохыг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний компанид орон сууцны талбайг хэмжих эрх бий эсэхийг тайланд тусгаагүй, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах ёстой бөгөөд тайлбарлаж өгөөгүй тохиолдолд хууль бус дүгнэлт болно.

Мөн дүгнэлтэд газрын мэдээлэл байхгүй тул үнэлгээнд хамруулахгүй гэсэн утгатай зүйл бичжээ. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд 3 хүн гарын үсэг зурсан байхад 1 хүн нь тусгай зөвшөөрөлтэй, бусад этгээдэд хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан талаарх баримтгүй учраас хараат бус мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзэж байна.

Иймд НШШГГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрээр Д.П, Д.Т, Б.Н нараас нийт 89 829 789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах Ү-2204008258 тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгасан. Манай байгууллага энэхүү барьцаа хөрөнгийг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад тэд хөрөнгийн үнэлгээг харилцан тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнэлгээг “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-иар гүйцэтгүүлсэн юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ба дүгнэлтийн үнэн зөвийг томилогдсон шинжээч хариуцахаар зохицуулсан байдаг.

Нэхэмжлэгч Б.Н маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 127 522 000 төгрөгөөс дээш үнэтэй гэдгийг нотлоогүй. Иймд манай байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Н-гийн гаргасан хариуцагч НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах Ү-2204008258 тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2018/18451 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 109 тоот 48.6 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан эргэлзээтэй хууль зөрчиж гарсан байна гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас давсан үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгч үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд гарын үсэг зурж баталгаажуулсан захирал Б.Бат-Энх, үнэлгээчний туслах Б.Батзаяа нарт шийдвэр гүйцэтгэгч Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан шинжээч зориуд худал дүгнэлт гаргах заалтыг сануулалгүй үнэлгээ хийлгэсэн нь хөрөнгийн үнэлгээний тайлан өөрөө хууль зүйн үр дагавар үүсгэхгүй нөхцөл үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 190 дүгээр шинжээч томилох тогтоолд 48 м.кв талбай бүхий орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр заасан. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь үнэлгээг хийхдээ үнэлгээний тайлангийн 5 дах хэсэгт үнэлгээний дүнг тодорхойлсон байдал хэсэгт барилгын талбайг 92 м.кв мөн зүйлийг жишиг үнийн арга гэсэн хэсэгт нийт 92 м.кв талбайтай, үнэлгээ хэсэгт 127 522 000 төгрөг гэж орон сууцны талбайн хэмжээг өөрчлөн хөрөнгийн үнэлгээг хийсэн нь баримтаар хэрэгт авагдсан.

Хөрөнгийн үнэлгээг хийхдээ 92 м.кв талбай гэсэн талбайн хэмжээг хаанаас ямар үндэслэлээр гаргасан нь тодорхойгүй, ”Хөрөнгө-Эстимэйт” ХХК орон сууцны талбай хэмжээг хэмжих тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар нотлох баримт байхгүй, талбайн хэмжээг өөрчилсөн тэмдэглэл тодорхойгүй, эргэлзээтэй хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээчний үйлдэлд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульзүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

     Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03044 дугаар шийдвэрээр Д.П, Д.Т, Б.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 89 829 789.26 төгрөгийг гаргуулж “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 109 тоот хаягт байрлах Ү-2204008258 тоот улсын бүртгэлийн дугаартай, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байна. /х.х-ийн 17-24 дугаар тал/

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1288 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 001/хт2018/00363 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /х.х-ийн 16 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн Б.Н шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч НШШГГ нь шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ГХ2018/00701 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 109 тоот хаягт байрлах Ү-2204008258 тоот улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн /х.х-ийн 25, 26, 28 дугаар тал/, хурааж /хх-ийн 29-30 дугаар тал/ авах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна.  

Төлбөр төлөгч Д.Т, Д.П, Б.Н нараас үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-иас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан үйл баримтын талаар талууд маргаагүй. /х.х-ийн 58 дугаар тал/

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүйн улмаас төлбөр авагч ”Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж,  зах зээлийн үнэлгээ тогтоолгосныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 59 дүгээр тал/

Иймд шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Шинжээч үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 127 522 000 төгрөгөөр тогтоосон дүгнэлтдээ орон сууцны талбайн хэмжээг хуучнаар 48.6 м.кв /хэмжилтээр 92.0 м.кв/ талбайтай /х.х-ийн 34 дүгээр тал/ гэж дурдсан, шинжээч томилох тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 04 дүгээр байрны 109 тоот, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор заасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч нь дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнэ, шинжээчийн үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ гэдэг  нь тус  тусдаа өөр асуудал бөгөөд дээрх байдал нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй болно.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаарх асуудал нь нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн шинжээч томилсон тогтоолд шинжээч дүгнэлт өгөхөөс  зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээчид сануулсан /х.х-ийн 59, 92 дугаар тал/, шинжээчээр томилогдсон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн болон мэргэшсэн үнэлгээчний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /х.х-ийн 89-91 дүгээр тал/ хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03704 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                      ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА