| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/00693/И |
| Дугаар | 181/ШШ2018/02047 |
| Огноо | 2018-10-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2018/02047
| 2018 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2018/02047 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ү ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Тт холбогдох,
нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 онгы 03 сарын 02-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү ХХК нь Мөнх Зангилаа ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон болно. Гэвч уг гэрээний хөрөнгө оруулалтын хэмжээг засан өөрчилж хуулбарлан нотариатаар батлуулсан байна. Уг гэрээг Монголын нотариатчдын танхимын нотариатч 147 дугаартай Б.Т баталсан байдаг юм.
147 дугаартай нотариатч нь гэрээний эх хувийг хуулбар хувьтай нь тулгаж үзээгүй хуулбарыг нотолсон нь хууль бус үйлдэл тул 147 дугаартай нотариатч Б.Тийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т би Ү ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 6932 тоот бүртгэлийн дугаарт үйлдэгдсэн Баримт бичгийн хуулбар-ийг гэрчилсэн үйлдлийн архивын материалыг шалган, нягталж үзэхэд:
1. Дээрхи үйлдлийг гэрчилэхэд Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу Нотариатын бүртгэл-ийг хөтөлж, Бүртгэлийн дэвтэрт бүртгэгдэн архивласан байна. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлан /Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 7 ны өдрийн 171 тоот тушаал/ Нотариатын үйлдэл хийх заавар-ын 13-ийн дагуу энэхүү баримт, бичгийг эх хувьтай нь тулгаж шалгасны үндсэн дээр гэрчилсэн, үйлчлүүлэгч энэхүү гэрээнээс гадна өөр хэд хэдэн баримт, бичгийн хуулбарыг гэрчлүүлсэн нь бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна.
2. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлсэн үйлчлүүлэгч өөрийн иргэний баримт бичгийг Бүртгэлийн дэвтэрт бүртгүүлэн, гарын үсгээ зурж тухайн баримт бичгийг эх хувиар нь авчирч гэрчлүүлсэн нь бүртгэлийн дэвтрийн архивт хадгалагдсан байна.
Нэхэмжлэгч Ү ХХК нь дээрхи Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх үйлдлийг Нотариатын үйлдэл хийх заавар-ын дагуу гэрчилсэн эсэх талаар Тухайн баримт бичгийг эх хувьтай нь тулгаж үзэлгүйгээр нотариатч гэрчилсэн байна гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч тал нь Гэрээний хуулбар хувь эх хувиасаа зөрөөтэй гэх асуудлыг тухайн баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн талын гэрээний эх хувь болон өөрийн гэрээний эх хувьтай тулгаж шалгуулах нь зүйтэй болов уу. Ү ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ-ний хоёр тал зэрэг байгаагүй, Анх гэрээ хийхдээ нотариатаар гэрчлүүлээгүй байхад нотариатч гэрээг гэрчилсэн гэж намайг буруутгаж Монголын нотариатчдын танхимд гомдол гаргасан. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд гэрээнд оролцогч талууд хамт байх шаардлагагүй байдаг бөгөөд тухайн гэрчлүүлэх баримт бичгийн эх хувийг үйлчлүүлэгч авчирч өөрийн иргэний баримт бичгээр бүртгэлийн дэвтэрт бүртгүүлэн гэрчлүүлэх ёстой байдаг. Гомдолд гомдол гаргагч Ү ХХК нь дээрхи Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх үйлдлийн заавар, утга агуулгыг огт ойлгоогүйгээр барахгүй, Гэрээний эх хувийг аль нэг талын эзгүйд Нотариатч гэрчилсэн байна гэж хууль зүйн үндэслэлгүйгээр гомдол гаргасан нь миний ажил хэргийн нэр хүндийг гүтгэсэн үйлдэл байсан. Энэхүү гомдлыг МНТ-ийн сахилгын зөвлөлөөс хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн хариуг гомдол гаргагч Ү ХХК болон нотариатч надад хувийг хүргүүлсэн болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч Б.Тт холбогдуулан Хөрөнгө оруулалтын гэрээний хуулбарыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулна гэж тайлбарлаж байна.
Ү ХХК болон Мөнх зангилаа ХХК нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч буюу нотариатч Б.Т гэрчилсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотариатчийн бүртгэлийн дэврийн хуулбар, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-9х, 21х, 63-63х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний эх хувь хаана ч байхгүй гэдгийг гэрээний 2 тал сайн мэднэ. Энэхүү гэрээний талаархи маргаан Дархан-Уул аймгийн арбитраар шийдвэрлэгдэхээр хэрэг үүссэн ба түүнд нотариатч Б.Тийн нөхөр өмгөөлөгч С.Баяраа нь Мөнх зангилаа ХХК-ийн талаас оролцож байгаа. Гэтэл тухайн гэрээний хуулбарыг С.Баяраа нь эхнэр буюу нотариатч Б.Таар эх хувьтай нь тулгалгүйгээр гэрчлүүлсэн үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн нь нотлогдож байх тул нотариатын үлдлийг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарладаг.
Харин хариуцагч Б.Т нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу энэхүү баримт бичгийг эх хувьтай нь тулгаж шалгасны үндсэн дээр гэрчилсэн, үйлчлүүлэгч энэхүү гэрээнээс гадна хэд хэдэн баримт, бичгийн хуулбарыг гэрчлүүлсэн нь бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн, уг бүртгэлийн дэвтэр архивт хадгалагдаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна, 25.1.9-т баримт бичгийн хуулбарыг гэрчлэх, 25.2-т Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ, 49.3-т Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ гэж тус тус заажээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5247 тоот шинжээчийн дүгнэлтээр:
1. Шинжилгээнд ирүүлсэн СБД-147 Б.Т гэсэн гарчигтай нотариатчийн Бүртгэлийн дэвтэр-ийн 27 дугаар хуудасны 6932 гэж дугаарласан бүртгэлийн Гарын үсэг /гарын үсгийн тайлал/ гэсэн багананд байх шинжилж байгаа гарын үсэг нь Г.Одбаярын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна гэх дүгнэлтээр няцаагдаж байна.
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.2-т Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ, 2.3-т үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Мөнх зангилаа ХХК-ийн захирал Г.Одбаяртай маш удаан хугацаагаар харилцаж байсан учир түүний гарын үсгийг мэднэ, хөрөнгө оруулалтын гэрээний эх хувийг байхгүй байхад өмгөөлөгч С.Баяраа нь өөрийн эхнэр нотариатч болох Б.Таар хууль зөрчиж үйлдэл хийлгэсэн гэж тайлбарлаж байх бөгөөд дээрхээс үзвэл Ү ХХК болон Мөнх зангилаа ХХК-ийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хуулбарыг эх хувьтай нь тулган шалгалгүй баримт бичгийн хуулбарыг гэрчилсэн болох нь нотлогдож байна.
Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлэх ёстой бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ гэж тус тус заасныг хариуцагч нотариатч Б.Т нь баримт бичгийн хуулбар гэрчлэхдээ зөрчжээ.
Маргааны зүйл болсон хөрөнгө оруулалтын гэрээний эх хувьтай нь тулган шалгалгүй баримт бичгийн хуулбар гэрчилсэн хариуцагч буюу нотариатчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзнэ.
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3-т заасны дагуу нотариатч хуульд заасан бусад тохиолдолд нотариатч үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчиж хийсэн үйлдлийг шүүх хүчингүй болгох зохицуулалттай байх тул Ү ХХК болон Мөнх зангилаа ХХК нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хуулбарыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч буюу нотариатч Б.Тийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээрзүйлийн 31.3-т заасныг баримтлан Ү ХХК болон Мөнх зангилаа ХХК нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хуулбарыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн бол шийдвэрийг 14 хоногийн дотор гардуулах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ