2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/166

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох 2403007691002 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймагт төрсөн, халх, *** настай, эрэгтэй, ********** боловсролтой, ********** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, *** хамт **** дүүргийн ** дугаар хороо **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Х овогт Т-ын Б (РД:************),

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Б нь *** дүүргийн ** дугаар хороо ** дугаар хорооны Автобусны буудлын зүүн замд явган хүний гарцан дээр 2024 оны 09 дүгээр сарын 14-ний орой 21 цаг 05 минутын орчимд Toyota Prius-30 маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй... түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Г, Л.Э нарыг мөргөж, Л.Э-ын биед хөнгөн, Т.Г-ын биед хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б  болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

 

3. Шүүгдэгч Т.Б  нь *** дүүргийн ** дугаар хороо ** дугаар хорооны автобусны буудлын зүүн замд явган хүний гарцан дээр 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 05 минутын орчимд Toyota Prius-30 маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Г-ыг мөргөж хүнд хохирол учруулсан болох нь:

3.1. Жижүүрийн шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд ирсэн “…**-** *** машин 50 настай эрэгтэй хүнийг мөргөчихлөө…” гэх дуудлага (хавтаст хэргийн 4 дэх тал),

3.2. Зам тээврийн осол, хэргийн газрын “…суурингийн доторх, асфальтан гадаргуутай, үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун тэгш, хуурай, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, зохицуулагддаггүй явган хүний гарцтай, 4 эгнээ, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зорчих хэсэг байв...” үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

3.3 Хохирогч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцөд өгсөн “…Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд гэрээсээ гараад гудамжинд найз Э-тай таараад бид 2 хамт 20 цаг 20 минутын орчимд MD нэртэй хүнсний дэлгүүр орох гээд Баянхошууны хорооны буудлын харалдаа явган хүний гарцан дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам гарч алхаад би баруун талд нь манай найз Зулаа зүүн талд нь байрлалтай бид 2 зэрэгцээд урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийг өнгөрөөд хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсэг дээр алхаж явтал бидний баруун талаас машин ирж бид 2 хамтдаа мөргүүлээд шидэгдээд унасан. Тэгээд би ухаан балартаад нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

3.4. Иргэний нэхэмжлэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн өдөр буюу 2024.09.14-ний орой гэрийнхээ гадаа гудамжинд найз Г-тай таараад 20 цаг өнгөрч байхад бид 2 хамт MD нэртэй хүнсний дэлгүүр орохоор Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны автобусны буудлын харалдаа зам гархаар эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явган хүний гарцаар би баруун талд Г миний зүүн талд байрлалтай бид зэрэгцээд алхаж явтал зорчих хэсгийн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчиж явсан Т. Приүс маркийн машин бид 2-г зорчих хэсгийн 1-р эгнээн дээр мөргөж унагаад зогссон. Тэгээд би босоод иртэл манай найз Г ухаан алдсан байдалтай хэвтэж байсан бөгөөд миний толгой дүүрч өвдөөд толгой орой дээрээ хагарч цус урссан байдалтай байсан. Тэгээд нөгөө бид 2-ыг мөргөсөн машины жолооч түргэн тусламж болон цагдаа дуудаад байж байтал удалгүй түргэн тусламж ирээд Г бид 2-ыг ГССҮТ-д хүргэсэн…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

3.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эрхэмбаярын гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №12327 дугаартай “...Т.Гын биед баруун духны гадна ялтаснаас баруун нүдний ухархайн дээд хана, суурь ясны зүүн дээд заадас, зүүн нүдний ухархайн доод хана хошоорын хөндий рүү, зүүн хацар яс руу хоёрлож цөмөрсөн хугарал, хамар яс баруун хажуу хана зөрүүтэй хугарал, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун хацарт зулгаралт, бүсэлхий нугалмын урд үе дайрч ууцны 1-р нугалам зөрүүгүй, 5-р нугалам зөрүүтэй далд хугарал, умдаг ясны дээд салаа бяцарсан, баруун сүүжний дэлбэн зөрүүгүй хугарал, баруун ташаа, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

3.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №12286 дугаартай “…Л.Э-ын биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, баруун чихний дэлбэн, чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

3.7. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1813 дугаартай магадалгаа “ Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн, ...” (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

4. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

5. Хууль зүйн дүгнэлт:

5.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Б  2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** дугаар хорооны замаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хурдаа хасаж,  явган хүний зохицуулалтгүй гарцаар гарч байсан 2 хүнд зогсож зам тавьж өгөөгүй үйлдлийг замын хөдөлгөөний дүрмээр хориглосон, хохирол учрах боломжтой талаар оюун ухаандаа тодорхой мэдэж байсан үйлдэл гэж үзэх ба уг хор уршгийг хүсэж үйлдээгүй боловч замын хөдөлгөөнд оролцохдоо Л.Э, Т.Г нарыг мөргөж Т.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, уг гэмт хэрэг нь объектив талын шинжийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн, хүний эрүүл мэндэд халдсан гэх давхар объекттой бөгөөд шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

6. Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

7. Хохирол-хор уршиг:

7.1. Тус гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Л.Э-ын биед хөнгөн, Т.Г-ын биед хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б  нь хохирогч Т.Г-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 11,400,000 төгрөгийг (хавтаст хэргийн 14, 91-92 дахь тал), иргэний нэхэмжлэгч Л.Э-д 50,000 төгрөгийг (хавтаст хэргийн 19-21 дэх тал) төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн.

7.2. Иргэний нэхэмжлэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянхошууны 7-р хорооны Автобусны буудлын зүүн замд явган хүний гарцан дээр 2024 оны 09 дүгээр сарын 14-ний орой 21 цаг 05 минутын орчимд Toyota Prius-30 маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигч Т-ийн Г ************, 55 настай, эрэгтэй/ Л-ийн Э /*********, 51 настай, эрэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Т.Г, иргэний нэхэмжлэгч Л.Э нар нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,929,140 /нэг сая есөн зуун хорин есөн мянга нэг зуун дөч/ төгрөг гарсныг яллагдагч Т.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)-ээс дүгнэхэд уг гэмт хэргийн хохирогч Т.Г эрүүл мэндийн даатгалын сангаас 1,929,140 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч М.Б-аас 1,929,140 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

 

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

8.1. Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

8.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...М.Б-ын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч ЭМД-ын сангийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тохиромжгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав. 

8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчид тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, гарсан эмчилгээний зардлын төлбөрийг өөрийн сайн дураар төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогч талаас гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан өмгөөлөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

 

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар М.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.** дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 1.929.140 төгрөгийг М.Б-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгосугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ