| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01360/и |
| Дугаар | 155/ШШ2017/00082 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2017/00082
| 2017 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2017/00082 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 16-08 тоотод оршин суух, Монгол овогт Алтангэрэлийн Э /Р.............../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн 04-08 тоотод оршин суух, Жанжин овогт Загдраднаагийн Ш /РВ........./-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч А.Э, хариуцагч З.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э миний бие З.Штэй 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон. Улмаар 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Банзрагч, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин Онар төрсөн. Ингээд бид хамтдаа амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу З.Ш нь үе үе намайг зодож, цохиж, хэл амаар доромжилдог байсан. Архи ууж ирээд зоддог, маргааш нь бүх зүйлээ мартчихсан байдаг. Би тэгсэн юм уу гээд худлаа яриад байдаг. Би Штэй суухдаа дагавар охинтой сууж байсан. Одоо 14 настай, согтуу ирэхээрээ намайг оролдоод байна гэж охин маань надад хэд хэдэн удаа хэлж байсан учраас бид цаашид хамт амьдрах аргагүй болсон. Ингээд бид 2016 оны 04 дүгээр сараас тус тусдаа амьдарч байна. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүгээ байнга зодоог учраас хүү маань ааваасаа айдаг болсон. Ийм учраас 2008 оны 04 сарын 12-нд төрсөн хүү Банзрагчийг өөрийн асрамжиндаа авна. Харин Отгонбаярын тухайд одоо аавынхаа асрамжинд байгаа, надтай байхгүй аавтайгаа байна гэдэг учраас охиноо аавынх нь асрамжинд үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч З.Ш шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш миний бие нь А.Этай 2007 оны 05 сарын 19-ний өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 04 сарын 12-ны өдөр хүү Ш.Банзрагч, 2010 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Онар төрсөн. Хамтдаа амьдарч байгаад таарч тохирохгүйн улмаас 2016 оны 04 дүгээр сараас тус тусдаа амьдарч байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус аймгийн сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоорондоо ярьж тохиролцоод 2 хүүхдээ нэг нэгээр нь авах болсон тул 2010 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн охин Ш.Отгонбаярын асран хамгаалагчаар Ш миний биеийг тогтоож өгнө үү. Охин маань өөрөө над дээр ирсэн. Ээж дээрээ очихгүй гэж ярьдаг юм. Би сүүлийн жилүүдэд архи уудаг болсон минь үнэн. Архи уухаараа юу ч мэдэхээ больчихдог. Маргааш нь асуухаар намайг тэглээ ингэлээ гэж яриад байдаг юм гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч З.Шт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.
Зохигч нь 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ш.Банзрагч төрсөн болох нь 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №0000981889 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин Отөрсөн болох нь 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №0451113-598 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч З.Ш нь согтууруулах ундаа хэрэглэдэг, эхнэр, хүүхдээ зоддог зэрэг байдлаас болж, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 4 сараас тус тусдаа амьдарч байгаа, хамтран амьдрах боломжгүй болсон гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч А.Э нь охин Ш.Отгонбаярыг эцэг З.Шийн асрамжинд, хүү Ш.Банзрагчийг өөрийн асрамжинд үлдээж өгнө үү гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба шүүх хүүхдийн санал, насны байдал болон охин Онь зохигчийн тусдаа амьдарсан хугацаа буюу 2016 оны 07 дугаар сараас хойш эцэг З.Шийн асрамжинд байгаа зэрэг байдлыг харгалзан 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ш.Отгонбаярыг эцэг З.Шийн, 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ш.Банзрагчийг эх А.Эын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ш.Отгонбаярыг эцэг З.Шийн, хүү Ш.Банзрагчийг эх А.Эын асрамжинд үлдээсэн нь эцэг З.Шийн, эх А.Эын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч А.Эын улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Шээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Монгол овогт Ал............... Э /Р................./, Жанжин овогт За...........н Ш /РВ.................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ш.Отгонбаярыг эцэг З.Шийн, 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ш.Ба...................г эх А.Эын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг З.Шт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.Эд тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН