| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 106/2024/0967/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/185 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/185
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
Улсын яллагч Г.Намжил,
Шүүгдэгч/хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
Шүүгдэгч/хохирогч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Цолмон,
Шинжээч эмч Т.Чимэд-Очир (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Т.Э,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А нарт холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ний өдөр *** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ************ мэргэжилтэй, ***** ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ***, *** хамт ***дүүргийн *** хороо *** дүгээр байр *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
** овогт ** А (РД: *******************),
2. Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ** үйлчилгээ эрхэлдэг, ам бүл **, *** хамт, **** дүүргийн **-р хороо *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
** овогт ** Б РД:************),
3. Монгол улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * худалдаа эрхэлдэг, ам бүл 2, *** хамт ** дүүргийн *** дугаар хороо ** гудамж *** тоотод оршин суух хаягтай, Урьд
-Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөлийн хуульд хамрагдсан,
** овогт ** Э (РД:*************).
Хэргийн товч агуулга.
Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "********" шөнийн цэнгээний газрын гадна үүдэнд хохирогч Т.Э-ийг бусдын асуудалд оролцлоо чамд хамаагүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь "эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн бугалга, баруун шуу, тохойнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал" бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн цаг хугацаанд яллагдагч Т.Э, М.Б нар бүлэглэн “Т.Эийн нүүрэн тус газарт цохилоо" гэх шалтгаанаар хохирогч Ч.А-ийг гараараа цохиж, газарт унагаан хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд “ баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн тавхайд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгчөөс зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууртай, шүүгдэгч Ч.А, Т.Э болон тэдний өмгөөлөгчдөөс хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон болно.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
4.1. Улсын яллагчаас: Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11/, хохирогч А-ийн мэдүүлэг /1-р хх-19-20/, хохирогч Т.Эийн мэдүүлэг /1-р хх-ийн 32-35/, Шүүх Шинжилгээны Ерөнхий газрын 1936 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 53-54/, шүүгдэгч/хохирогч/ Ч.А-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 20-27/, Шүүх Шинжилгээны Ерөнхий газрын 1932 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 47-52/, Шинжээч эмч Т.Чимэд-Очирын /2-р хх-ийн 6-8/, гэрч О.У-ийн мэдүүлэг/2-р хх-ийн 10/, гэрч А.М-гийн мэдүүлэг /2-р хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудыг,
4.2. Шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгчөөс: Гэрч Т.Э-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/, Ч.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 112/ зэрэг нотлох баримтуудыг,
4.3. Шүүгдэгч М.Б-ий өмгөөлөгчөөс: Хохирогч М.Б-ий мэдүүлэг /1-р хх-ийн 2/, хохирогч Т.Эийн мэдүүлэг /1-р хх-ийн 33/, М.Бий сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 40, 43/, М.Б-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1-р хх-ийн 114/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шиээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг,
4.4. Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгчөөс: М.Б-ий сэжигнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 43/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1936 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
5. Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “********" шөнийн цэнгээний газрын гадна үүдэнд хохирогч Т.Э-ийг бусдын асуудалд оролцлоо чамд хамаагүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
5.1. Хохирогч Т.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 5 дугаар сард Б-ээс зээлсэн мөнгөө авах гэхээр “ачааны автомашиныг А-гэх хүнд өгч явуулсан байгаа түрээсийн мөнгө орж ирнэ” тэгээд өгнө гэсэн. 2022 оны 07 дугаар сард уулзахад А-гэх хүн миний машиныг худалдаж авахаар болсон...мөнгө орж ирэхээр шилжүүлнэ гэсэн... Миний машиныг авсан хүн машин өгөхгүй худлаа хэлээд яваад байх шиг байна гээд А-ийг хайж эхэлсэн... 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б- бид 2 хороололд байх пабд ороод 0,75 гр Эдэн архи хувааж уусан...00 цаг өнгөрч байхад ******** нэртэй бааранд ороод 2 шил пиво захиалаад сууж байсан Б үл таних хүн рүү заагаад тэр хүнтэй уулзаад ирье гээд босоод явсан...хэсэг хугацааны дараа үүд хэсэгт очиход Б эрэгтэй хүнтэй уулзаад зогсож байсан юу болсон талаар асуухад Б “энэ нөгөө А гэдэг хүн шүү” гэж хэлсэн...Тэр хүн баар луу зугтаад орчихсон буцаж гарахдаа үүд хэсэгт баригдсан. Би А гэх хүнд хандаж “ ... Би Б-ээс авлагатай, чи хүний машин авсан юм бол мөнгийг нь өгөөч” гэхэд, А-“чи хэн юм бэ чамд хамаагүй битгий голоор ороод бай” гээд миний шанаа хэсэг рүү нэг удаа цохих үед би газар унасан...босоод яаж байгаа юм бэ гэхэд дахиад цохих үед би газар унасан...миний шанаа хэсэг өвчин орсон...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, 1-р хавтаст хэргийн 32-35 дахь тал),
5.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1936 дугаартай “...Т.Э-ийн биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн бугалга, баруун шуу, тохойнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл" тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой 1.5... гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 53-54 дэх тал),
5.3. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Т.Э-ийн биед учирсан гэмтлийн хувьд гэмтлийн эмнэлэг эрүүний хугарал гэсэн онош тавьсан байсан. Тухайн үед зураг байхгүй шинжилгээ хийлгэж ирээгүй байсан учраас эмчийн оношийн дагуу шууд дүгнэлт хийх боломжгүй. Эрүүгийн яс хугарсан асуудлыг хараагүй учраас дүгнэлтдээ тусгаагүй. Т.Э-ийн биед учирсан баруун шуу, баруун тохой, зөөлөн эдийн гэмтлүүд биеийн энд тэнд байгаа учраас баруун талаараа үүсэх үед баруун талд, зүүн талаараа унах үед зүүн талд үүснэ гэж тайлбарлаж болно. Гэмтлийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэдгийг ялгаж чадахгүй учраас хамгийн багадаа 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэх байдлаар дүгнэсэн ...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, 2-р хавтаст хэргийн 6-8 дахь тал),
6. Ч.А нь Т.Э-ийн нүүрэн тус газарт цохисон асуудлаас болж М.Б нь Ч.А-ийг гараараа цохиж газарт унагаан, улмаар хамтран толгой, гар, хавирга, нүүр, цээж, зүүн хөлийн тавхай руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
6.1. Хохирогч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед найз Б-тай бөмбөгөр дээр уулзаад ******** баар орохоор болж... бааран дотор ороод пиво авч уусан... Баарнаас гарах гэхэд Б гэх залуутай таарсан... Манай компанид машин явуулдаг залуу байгаа юм. Тэгээд над руу агсраад машинаас болж надтай маргалдсан... Б гэх залуугаас урьд нь бетон зуурмагийн миксэр машиныг 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод урьдчилгаа 5,000,000 төгрөг өгсөн... уг машиныг түрээсэлж байсан... Замын-Үүд дэх төсөл зогссон учраас машиныг нь буцааж өгсөн... Б миний нүүр рүү цохиод би газар унахад найзтайгаа миний хөл болон цээжин дээр өшиглөж дэвссэн. Найзыг нь бол танихгүй... би хэн хаанаа цохиж байгааг хараагүй, тоолох боломжгүй, би толгойдоо цохиулаад унасан, цээж рүү дэвсэлж байхад хөл рүү өшиглөж байсан тул хоёулаа зодсон ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 20-27 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
6.2. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1932 дугаартай “Ч.А-ийн биед баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл" тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал),
6.3. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Ч.А-ийн биед учирсан баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүх гэмтэл нь нийтдээ хүндэвтэр зэрэгт хамаарна... Эдгээр гэмтлүүдийг аль ч ямар байрлалд байх нь хамаагүй тухайн хүний хэвтэж байна уу? босоо байна уу? сууж байна уу? эсэхээс үл хамааран мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, 2-р хавтаст хэргийн 6-8 дахь тал),
6.4. Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2016 онд анх зөөгчөөр ажилд орж байсан түүнээс хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэр өдөр баарны дотор миний таньдаг Э гэх залуу " чи хүний өрийг өгөөч” гээд нэг эрэгтэй хүн рүү хэлээд гарч ирсэн чинь тэр хүн нь "чамд ямар хамаатай юм бэ" гээд Э 1 залуутай маргалдаж эхэлсэн. Би яг хэн хэнийхээ биед яаж халдсаныг мэдэхгүй ... өлгүүрийн тийшээ очоод хоорондоо муудалцаад байсан... зодолдсон асуудлыг хараагүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 21-22 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
7. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүйлчлэл хөнгөрүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан дүгнэлтүүд:
7.1. Шүүгдэгч Ч.А-гийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас: “...А-ийн хувьд нэг удаа цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа маш учир дутагдалтай, хойрго, хэт нэг талыг барьж явагдсан. Гэмт хэрэг гарснаас хойш камерын бичлэгийг шалгаад хамгаалагч хийж байсан хүмүүсээс мэдүүлэг авсан бол энэ маргаан үүсэхгүй байх байсан. Т.Э, М.Б нарын өгсөн мэдүүлгүүд тогтвортой биш, тухайн үед А-ийн хөлд учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой...” гэв.
7.2. Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Болортуяагаас: “...Хохирогчид учирсан гэмтэл нь цохилтын улмаас газар унахдаа үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Хэргийн үйл баримтын талаар М.Б мэдүүлэхдээ би түүний нуруу, гар, цээж, мөр хэсэг рүү нь цохисон, бид 2 бүлэглэж зодсон зүйл байхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн байдаг. А-д үүссэн гэх гэмтэл нь Б-ий цохилтоос үүссэн байх боломжтой гэдэг нь тодорхой харагддаг. Энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг тодорхой болгоогүй. 01 жилийн дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан асуудал байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
7.3. Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Цолмонгоос: “...Б болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргах зүйл байхгүй, түүний үйлдлээс хохирогч А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бүлэглэж үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. А хохирогчоор 3 удаа мэдүүлэг өгсөн. Эхний мэдүүлэгтээ миний бодлоор гэж мэдүүлсэн бөгөөд эх сурвалжаа шууд зааж чадаагүй, дараагийн мэдүүлэгтээ газар унагаж байгаад тал талаас өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Иймд өмгөөлөгчийн зүгээс эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт бүлэглэж зодсон талаарх нэг ч баримт байхгүй. Бүлэглэж зодсоныг камерын бичлэг болон хамгаалагч нараас мэдүүлэг авч бүрэн тогтоох боломжтой байсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
8. Ч.А-ийн “толгой, гарын хуруу, хавирганы хугарал, нүүр, цээж, зүүн хөлийн тавхайн гэмтэл” нь шүүгдэгч/хохирогч Ч.А-ийн “... миний толгойноос хөл хүртэл нүдсэн, цээж рүү өшиглөж байхад хөл рүү өшиглөж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 20-27 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүгдэгч М.Б-ий “... би нүүр, цээж, гар хэсэг рүү нь цохисон ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шинжээчийн “....Ч.А-ийн биед учирсан баруун гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүх гэмтэл нь нийтдээ хүндэвтэр зэрэгт хамаарна... Эдгээр гэмтлүүдийг аль ч ямар байрлалд байх нь хамаагүй тухайн хүний хэвтэж байна уу? босоо байна уу? сууж байна уу? эсэхээс үл хамааран мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ ...” гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээс дүгнэхэд: Хэн хэнийгээ эхэлж цохисон асуудал энэ хэрэгт ач холбогдолтой биш бөгөөд шүүгдэгч нарын хэн аль нь цэнгээний газраар үйлчлүүлж байсан, урьдны өр төлбөрийн болон хоорондын таарамжгүй харьцааны асуудлаас үүдэлтэйгээр зодоон эхэлснээс үзэхэд Ч.А-ийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Баарны камерийн бичлэгийг хураан авч үзлэг хийгээгүй, уг зодооныг салгасан баарны хамгаалагч нарыг гэрчээр асуугаагүй, Т.Э-ийн эрүүний зургийг авхуулаагүй зэргээр энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа дутуу хийгдсэн боловч одоо уг ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэх нь хэрэгт ач холбогдолгүй болсон.
Гурван шүүгдэгчийн дунд өрнөсөн зодооны эхлэл нь М.Б нь Т.Э-өөс зээлээр авсан автомашинаа Ч.А-д зарсан ба зээлээр худалдаж авсан автомашиныхаа төлбөрийг төлөхгүй байсан Ч.А-тэй цэнгээний газар таарч өр төлбөрийн асуудлаас болж маргалдан зодолдсон асуудал шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн тайлбар зэргээр тогтоогдсон.
Тухайлбал, Ч.А-ийн хоёр хүн намайг зодсон гэх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд, шинжээчийн тайлбар зэргээр давхар тогтоогдсон.Шүүгдэгч М.Б, Т.Э нарын хувьд тухайн агшинд үйлдлээрээ нэгдэн Ч.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шинжээчийн “... бүх гэмтэл нийтээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарна” гэх тайлбарыг үгүйсгэх баримтгүй, Ч.А нь хохирогч Т.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
9. Шүүгдэгч Ч.А нь Т.Э-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Э, М.Б нар нь бүлэглэн Ч.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн зэрэгт хамаарах хохирол учирсон болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.
10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоогоогүй боловч, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
11. Иймд шүүгдэгч Ч.А-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Э, М.Б нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тул тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдгэч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэлээ.
12. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
12.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Т.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Э, Ч.А нар нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.А, М.Б, Т.Э нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
13. Эрүүгийн хариуцлагын талаар:
13.1. Улсын яллагчаас “шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдэлх ялаас хасаж тооцох, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3,500,000 төгрөгөөр торгох ял, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Т.Эөд 4,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна” гэв.
13.2. Шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
13.3. Шүүгдэгч М.Б-ий өмгөөлөгчөөс “Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүний хувьд ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг сард 3,000,000 орчмын орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
13.4. Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчаас хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэх байдлаар илүү торгох ял санал гаргаж байх шиг байна. Т.Э-ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
13.5. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
13.6. Өмгөөлөгч нараас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан. Олон нийтийн үйлчилгээний газар урьдын өр авлагын асуудлаас болж маргалдан улмаар зодолдсон, зодсон асуудлыг тохиолдлын шинжтэй гэж үзэх боломжгүй, шүүгдэгч Ч.А, М.Б, Т.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
13.7. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь шөнийн цагаар цэнгээний газар таарч урьдын өр авлага, тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, энэ гэмт хэргийн улмаас бусад учруулсан хор уршиг их биш зэргийг харгалзан шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Б, Т.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
14. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т.Э, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.А-ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний торгох ялаас хасан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт ** А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ** овогт ** Б-г, ** овогт ** Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ялаар,
М.Б, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд, Т.Э, М.Б нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Э, М.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийн урьдчилан цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 105.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ