Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2018/00736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, ............. сум, 1 дүгээр баг, Мандал, агьт 7 гудамж, 79 тоотод оршин суух ..............................

Хариуцагч: Төв аймаг, ..............., Эрүүл мэндийн төв /хариуцагчийн төлөөлөгч Н............../

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалаар бууруулсан цалин хөлсний зөрүү 194 544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн төлөөлөгч Н.............., хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 11 жил ажиллаж байна. Төвийн дарга Н.............. нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тушаалд өөрийн хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгийг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй гэжээ. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгийг шаардлагын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг байдаггүй. Мөн тушаалд 2017 оны жилийн эцсийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн гэжээ. Би 2017 оны 1 дүгээр улиралд В, 2 дугаар улиралд А, 3 дугаар улиралд А, 4 дүгээр улиралд А үнэлгээ буюу хангалттай сайн гэж дүгнэгдсэн. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар 2017 онд эх барих эмэгтэйчүүдийн бүх үзүүлэлт муу дүгнэгдсэн гэж сая хэллээ. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дүгээр зүйлд эмчлэх үүрэг заасан. Энэ нь өвчнийг оношлох, өвчтөнийг сэргээн засах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа гэж заасан, мөн 3.1.11 дүгээр зүйлд эх барих эрх гэдэг нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх ураг нярайг оношлох, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Тэгэхээр эх барих эмэгтэйчүүдийн гол чиг үүрэг хамгийн эцсийн үр дүн нь эхийн эндэгдэл гаргахгүй байх явдал байдаг. Хөдөлмөрийн гэрээнд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн 40 хувийг хавсарсан гүйцэтгэхээр байгуулсан гэж байна. Бид нар эх барих эмэгтэйчүүдийн эмчийн 40 хувь хавсран ажиллаагүй. Урьдчилан сэргийлэх ажил гээд ажлын байрны тодорхойлолтод заасан гэж байна. Миний эмчлэх болон эх барих чиг үүрэг дээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гээд заачихсан байгаа. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь ганц умайн хүзүү, өмөн биш эмэгтэйчүүдийн 400 гаран өвчин түүнээс урьдчилан сэргийлэх гээд бүх нийтэд нь цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Ажлын байрны тодорхойлолтын хамгийн сүүлд дурдагдсан сумын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын ажлын үр дүнг сумын эмнэлгийн өмнө хүлээн тайлагнах гээд заасан байна. Албан тушаалтны өмнө хүлээх хариуцлага гэдэг дээр тухайн Эрүүл мэндийн төвийн даргын зохион байгуулсан ажлыг би хийж гүйцэтгээд, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг сумын эмнэлгийн өмнө хүлээж тайлагнана гэж ойлгохоор байгаа учраас ингэж ажиллаж байсан. 2017 онд Н.............. ажиллаагүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээж авсан болохоор миний 2017 онд ямар ажил хэрхэн хийж байсан талаар мэдэхгүй байх. 194 544 төгрөгийн хувьд нягтлан бодогчоор бодуулаад 194 544 төгрөг гаргасан, миний үндсэн цалин 574 260 төгрөгөөс 20 хувь хасагдаад 114 460 төгрөг, орон нутгийн нэмэгдэл, Засгийн газрын 150 дугаар тогтоолоор эх барих эмэгтэйчүүдийн 10 хувийн нэмэгдэл, тухайн сард 29.4 илүү цаг ажилласан байсан. 90 дүгээр тогтоолын зөрүү, 150 дугаар тогтоолын нэмэгдлийн зөрүү бодогдсон эдгээрийг нэмээд дээрх мөнгөн дүн гарсан болно.

Ажлаа хийж яваад сахилгын шийтгэл хүлээсэндээ харамсалтай байна. Н.............. нь 2016 онд ажлаас халагдаад 2017 онд шүүхээр явж байгаад орж ирсэн. Энэ хугацаанд Эрүүл мэндийн төвийн даргаар би ажиллаж байсан, үүнтэй холбоотой хувийн таарамжгүй харилцаанаас болоод ийм зүйл болсон байх. Үнэхээр гомдолтой байна, үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалаар буурсан цалин хөлсний зөрүү 194 544 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Төв аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаартай Б..............т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал байна. Энэ тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл 131.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Тушаал өөрөө эрх зүйн акт болохынхоо хувьд тодорхой шаардлага хангах ёстой. Мөн хөдөлмөрлөх эрхэд хязгаарлалт хийж байгаа учраас хуулийн үндэслэл, холбогдох эрхийн актуудыг тодорхой байдлаар тусгасан байх шаардлагатай. Сахилгын шийтгэл ногдуулах болсон нөхцөл үндэслэл, зэргийн тодорхой дурдсан байх шаардлагатай. Актын 1 дүгээр хэсэгт тус Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Б.............. нь хариуцсан ажил үүргээ хуваарийн дагуу умайн хүзүүний өмөн, хөхний өмөнгийн илрүүлэлтийг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй гэж байгаа. Эрхийн актуудыг манайх өнгөрсөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн байгаа. Энэ умайн хүзүүний илрэлийг шаардлагын хэмжээнд илрүүлэх нь сум, багийн эмчийн ажлын чиг үүрэгт байхаар мөн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод байхаар тусгагдсан байдаг. Эрүүл мэндийн төвийг удирдлага зохион байгуулалтаар хангах, үзлэг оношлогоо хийх ажлыг удирдах албан тушаалтан хийж гүйцэтгэх ёстой.

Дараагийн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь 2017 оны ажлаа хангалтгүй хийсэн гээд байгаа. Нотлох баримтад ажлаа хангалттай хийсэн гэдэг нь харагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн аль нэг заалтыг нь аваад тушаал шийдвэр гаргадаг зүйл биш, 131.1 дүгээр зүйл дээр маш тодорхой байгаа. Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэлийг ногдуулж болно гэж байгаа. Дотоод журам нь хаана байгаа, хариуцагч тал өнөөдөр авч ирээд хэрэгт хийх ёстой гэтэл авч ирээгүй. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гээд хэдэн зүйл заагаад өгчихсөн боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний аль зүйл заалт зөрчсөн нь тодорхойгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан байх ёстой байдаг. Хэрэв сахилгын зөрчил гаргасан бол ямар зөрчил шалгасан талаар тэмдэглэл, хамт олны хурлаар авч хэлэлцсэн тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар, мэдэгдэх хуудас зэргийг гаргаж өгөөгүй байгаа нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн үндэслэлийг хангалттай гаргаж өгөөгүй байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж тэмдэглэлд тусгасан, Төв аймгийн ............. суманд маш их хууль зөрчсөн зүйлүүд байна. Ийм зүйлүүд байгаа учраас хөдөлмөрийн маргаан үүсээд байна. Б.............. ажилд анх 2006 онд томилогдсон, өөр ажил хавсран гүйцэтгэж байсан, нэхэмжлэгч гэнэт ажилд орж ирсэн хүн биш. Хариуцагчийн төлөөлөгч зөрчил гарсан талаар 2017 оны 12 дугаар сард мэдэж байсан гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулна гэж заасан. Тэгэхээр хариуцагч 12 дугаар сард зөрчил гарсан гэдгийг мэдэж байсан. Сахилгын зөрчил гарсан гэдгээ 2017 оны турш гээд байгаа яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгчийг 2017 оны 8-10 дугаар сар хүртэл эх баригчаар хавсран ажиллаж байсан талаар хүлээн зөвшөөрдөг. 2017 онд ажлаа муу гүйцэтгэсэн бол бусад хүнд яагаад хариуцлага тооцоогүй юм. 12 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн гэж яриад байна, яг юуг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулаад байгаа нь тодорхой бус байна. Цалин хөлсний тухайд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар баталгаажуулж хэрэгт өгсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг иргэн Н..............д холбогдуулан гаргасан юм шиг ойлгогдохоор бичсэн байна. Б..............ийн ажлын байрны тодорхойлолтод урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ, хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулан өвчлөлтийг эрт илрүүлэх тухай заасан байдаг. Гэтэл 2017 оны умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгийн мэдээгээр ............. сум хөхний өмөнгийн илрүүлэлт 31,38 хувь, умайн хүзүүний өмөнгийн илрүүлэлт 17,77 хувьтай дүгнэгдэж Төв аймгийн 27 сумаас сүүлийн байранд орсон үндэслэлээр их эмч Б..............т цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл ногдуулсан. 2017 онд дээрх хоёр үзүүлэлт муу гарсан нь тухайн ажлыг гүйцэтгэж байсан эмчтэй холбоотой гэж үзэж байна. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн удирдлагын багийн хуралдааны тэмдэглэлийг хэрэгт өгсөн. Б..............т сахилгын шийтгэлийн арга хэмжээ авахаас өмнө бид нар хуралдаж урьдчилан сэргийлэх үзлэг хийгээгүй байна гэж дүгнэсэн. Төв аймгийн Эрүүл мэндийн газраас бид нарыг байр эзлүүлээд дүгнэхэд ............. сум муу гэж дүгнэгдсэн. Сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны нэгдсэн дүн гэсэн баримтад манайх сүүлээсээ 3 дугаар байранд орсон нь тодорхой байна.

Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас халагдаж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа эргэж орсон. Халагдсан тушаал дээр ёс зүйн зөрчил гаргасан гэсэн зүйл байхгүй. 2015 онд би ажлаа аваад хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2016 онд энэ хүн өөрөө ажлаасаа халагдаад буцаж орж байсан. 3 хоног ажилдаа ирэхгүй, архи уугаад алга болсон, дараа нь буцаж ажилд нь авсан. Тунгалаг гэх хүнийг байхгүй байхад өөрөө ажлаа сайн хийгээд явахгүй яасан юм бэ, ажлаа сайжруулах хэрэгтэй байна гэж 1 сарын цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан, хурлаа хийгээд сахилгын шийтгэл ногдуулсан талаар өөрт нь танилцуулсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.............. Төв аймгийн ............. сумын эмнэлгийн байранд оршин суудаг гээд бичсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Энэ нэхэмжлэлийг шүүх тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Иргэн, аж ахуй нэгжид гаргаж байгаа нэхэмжлэлүүд хоорондоо ялгаатай. Сахилгын шийтгэлийг тайлбарлахдаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилтэй холбон тайлбарлаж байгаа нь буруу байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл 131.1-т ажил олгогч, түүний хууль ёсны төлөөлөгч гээд зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээний энэ зүйл заалтуудыг зөрчсөн гэдгээ бид бичиж өгсөн, хөдөлмөрийн дотоод журам гээд ярьж байна. Аль нэг заалтыг зөрчсөн байвал арга хэмжээ авах үндэслэл болно. Тиймээс цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах арга хэмжээг эрх бүхий субъект нь авсан байна. Н.............. нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тухайн Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож ирсэн байдаг. Томилогдоод байж байтал оны эцсийн мэдээ тайлан үзүүлэлт ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өмнөх жилийн үзүүлэлт дүгнэгдэж ирээд эмэгтэйчүүдийн үзүүлэлт маш доогуур үнэлгээтэй гарч ирсэн байдаг. Тийм учраас хариуцаж байсан эмч Б..............т цаашид ажилдаа анхаарах, сайжруулан ажиллах үүрэг өгсөн. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хугацаагүйгээр байгуулсан байдаг. Түүний 9 дүгээр заалтад өөр ажил гүйцэтгэх, хослон гүйцэтгэх, түр гүйцэтгэх, нөхцөл болзол гээд Б..............ийг эх баригчийг хавсруулан гүйцэтгэж, 40 хувиар нэмэгдэл олгохоор заасан, тэгэхээр энэ хүн эх баригчийн ажил хийж байсан болж таарч байна. Б..............ийн ажлын байрны тодорхойлолтод сумын нийт хүн амд эмнэлгийн анхан шатны болон нөхөн үржихүйн анхан шатны тусламж чанартай, хүртээмжтэй үзүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана гэж заасан. Мөн сумын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг сумын эмнэлгийн өмнө хүлээх, тайлагнах гээд заасан байдаг. Урьдчилан сэргийлэх ажлаар сайн ажиллаж байсан гэсэн зүйл харагдахгүй байна. 27 сумаас хамгийн сүүлийн байранд эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр орсноор сахилгын арга хэмжээ авагдсан, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүйгээс болоод жил ирэх тусам олон хүн өвдөж байгаа тул тушаал үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч эмчлэх үүрэгтэй, зохион байгуулах үүрэггүй гээд яриад байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ дээр маргаагүй гэж үзэж байна. 3.11 дүгээр зүйлд урьдчилан сэргийлэх арга хэмжээ явагдаж байж эмэгтэйчүүд өвчин эмгэггүй, эрсдэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан байгаа, байгууллагад нэхэмжлэл гаргаж байгаа юм уу хувь хүнд нэхэмжлэл гаргаад байгаа юм уу гэдэг нь тодорхой бус байна. Н..............г Эрүүл мэндийн төвийн дарга гэж тодорхойлсон баримт байхгүй. Ажлаас халсан хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй гэж яриад байна. Б.............. хүртэл дарга хийж байхдаа ийм дэвтэр хөтлөөд яваад байсан, хэрэв тэр үед шаардлага хангахгүй байсан бол сольж болох байсан. 194 544 төгрөг юуг үндэслээд нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, нотлох баримт байхгүй байна. Тооцоолоод үзэхэд 1 сарын цалингийн 20 хувийн шийтгэл 149 317 төгрөг болсон. Нотлох баримтаа сайн бүрдүүлж чадаагүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.............. сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, тушаалаар бууруулсан цалин хөлсний зөрүү 194 544 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Төв аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг. Төв аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар Б..............т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Тухайн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэн Б..............ийг өөрийн хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгийг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, 2017 оны жилийн эцсийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн тул үндсэн цалингийн 20 хувиар 1 сарын хугацаатай арга хэмжээ /хх-5/ тооцжээ. Тушаалд ... үндсэн цалингийн 20 хувиар 1 сарын хугацаатай арга хэмжээ тооцсугай. гэж дурдсан нь ойлгомжгүй, тодорхой бус болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд цалинг 20 хувиар бууруулсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд тушаалд үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах гэж заасан бол илүү ойлгомжтой байна. Нэхэмжлэгч Б.............. нь төрийн албан хаагчын хувьд Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт-од заасан чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд тухайн тодорхойлолтыг шинжлэн судлахад нэхэмжлэгчийн ажлын байр буюу эх барих эмэгтэйчүүдийн их эмч нь тушаалд дурдсан умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгийг шаардлагын хэмжээнд зохион байгуулах үүрэгтэй болох нь тогтоогдохгүй /хх-12/ байна. Мөн сахилгын шийтгэлийг 2017 оны жилийн эцсийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэлээр ногдуулсан боловч Төв аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төвийн даргын Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, тушаалын хавсралтуудаар /хх-15-22/ хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэл няцаагдаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Н.............. нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогчийн хувьд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд бөгөөд өвчний илрүүлэг, үзлэгийг зохион байгуулаагүй, үр дүнгийн гэрээгээр хангалтгүй дүгнэгдсэн гэх зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар нотлохгүй гэж үзнэ. Хариуцагчийн төлөөлөгчийн зөрчил гаргасан тухай удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гэх тайлбараа нотолж хурлын тэмдэглэл гэх OFFICE Notebook бичвэр бүхий А4 хэмжээтэй улаан хүрэн өнгийн дэвтрийг шинжлэн судлахад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэсэн огноотой удирдлагын багийн хурлын тэмдэглэл /хх-99/ нь Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ын 2.3.4-д заасан хуралдааны тэмдэглэлд тавигдах шаардлагыг хангахгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Дараахь маргааныг шүүхээр шийдвэрлэнэ., 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол гэж зааснаар Төв аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар Б..............т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр.Цалин хөлсний зөрүү 194 544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... 3-р сарын цалингаас суутгагдсан 20%, 2018 оны үр дүнгийн гэрээний урамшууллыг буцаан олгуулж өгнө үү /хх-1/ гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг тушаалаар буурсан цалин хөлсний зөрүү 194 544 төгрөгийг хариуцагчаас гаргуулах /хх-48/ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шаардлагаас үзэхэд сахилгын шийтгэлээр ногдуулсан үндсэн цалингийн 20 хувь, үр дүнгийн гэрээний урамшуулал эсхүл цалин хөлсний зөрүү 194 544 төгрөгийн алийг нь нэхэмжлээд байгаа нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт 194 544 төгрөг нэхэмжилж байна гээд үндэслэлээ дурдсан боловч хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх-7/ сахилгын шийтгэл ногдуулж 03 дугаар сарын цалингийн 20 хувиар бууруулсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.............. нь тушаалд дурдсан 03 дугаар сард хэдэн төгрөгийн цалин авсан болохоо нотлох баримт гаргаагүй улмаар хариуцагчийн төлөөлөгчийн 3 дугаар сарын цалингийн 20 хувийн суутгал нь 149 317 төгрөг гэх тайлбарыг няцаасан баримт хэрэгт цуглараагүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргах бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/12 дугаар тушаалын 3-д Б..............ийн 3 дугаар сарын цалингаас 20 хувийг тооцон суутгах гэж заасан боловч 03 дугаар сард нэхэмжлэгч хэдэн төгрөгийн цалин авсан тухай баримт хэрэгт авагдаагүй тул тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч хавтаст хэргийн 3, 13-14, 49-59 дүгээр талд авагдсан баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан бөгөөд 3, 49-59 дүгээр талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, 13-14 дүгээр талд авагдсан баримт тухайн хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Төв аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар Б..............т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.............. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР