| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/03111/и |
| Дугаар | 101/ШШ2021/03018 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2021/03018
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2017/03018
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, БЗД-н 32 ц-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие бага ангийн багш, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй ба 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. 32 дугаар ц-н эрхлэгч нь ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халж эрх ашгийг хохироолоо. Би бага насны 3 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 2 нас 3 сартай байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчиж ажлаас халсанд гомдолтой байгаа тул шүүхэд хандаж байна. Мөн манай гэр бүлийн амьдрал маш хүнд нөхөр нь эрхэлсэн ажилгүй архи ууж гар хүрч зоддог, хадам эцэг нь хүртэл хэд хэдэн удаа зодож бэртээж байсан. Ингээд ажилд орж тэдний дарамт шахалтаас өөрийгөө гарган авч сэтгэл хангалуун болж эхэлж байтал эрхлэгч ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад ажлаас халж дахин хүнд байдал руу түлхлээ. Ер нь намайг ажлаас халсан нь эрхлэгчид ажилд орохдоо баярласнаа илэрхийлж мөнгө өгөөгүйгээс болсон гэж үзэж байгаа. Анх ажилд ороход бусад ажилчид эрхлэгчид мөнгө өгөөгүйгээс болсон гэж үзэж байна. Анх ажилд орохдоо бусад ажилчид эрхлэгчид юм өгч байна гэсэн яриа гарч байсан боловч надад өгөх гээд ч өгөх зүйл байгаагүй, өөрийнхөө хэдэн хүүхдийг хоногийн хоолтой байлгах гэж л ядарч байлаа. Мөн эрхлэгч Л.А нь ажилд авсан хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө болон бусад бэлэг сэлт өгсөн хүмүүсийг бүгдийг нь авч үлдээд амьдралын хүнд хэцүүгээс гарыг нь цайлгаж чадаагүй нийт 7 хүний гэрээг сунгахгүй гэж халж ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан тул би ийм дүгнэлт хийж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч БЗД 32 ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Тус цэцэрлэг нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан туслах багшаар ажиллуулах болсон шалтгаан нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/217 дугаартай захирамжийн хоёрдугаар хавсралтад заасан орон тоонд туслах багшийн орон тоо 5 байсан бөгөөд Хууль сахиулах их сургуулиас гаргаж өгсөн байранд салбар анги нээж түүндээ шинээр багш, туслах багш авч ажиллуулах шаардлага гарсан тул батлагдсан орон тооноос гадуур О.Оийг авч ажиллуулсан. Энэ тухайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгчтэй ярилцаж гэрээний гол нөхцлийг харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хугацаа дууссан учир хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн байгууллагын дотоод журмын 13.3 дахь заалтад шинээр орсон ажилтантай 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан байдаг. Түүнчлэн дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтаар О.Оийг сургалтад хамрагдаагүй байна гэж дүгнэсэн. Мөн О.Оийн ариун цэврийн дэглэм зөрчсөн үйлдэлд сахилгын арга хэмжээ авсан байгаа. Иймд О.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О нь хариуцагч БЗД 32 ц-т холбогдуулан туслах багшийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч БЗД 32 ц нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч О.О нь хариуцагч БЗД 32 ц-т 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс туслах багшаар томилогдон ажилласан болох нь цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/64 дүгээр тушаал, 32/36 тоот хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ /хх-4-6, 52/.
О.О-ийг ажилд томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг үндэслэсэн байх ба хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээний хугацааг 6 сар гэж тодорхойлсон байна.
Хариуцагч байгууллагын эрхлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын дотоод журмын 8.8 дахь заалтыг үндэслэн туслах багш О.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон байна /хх-53/.
Нэхэмжлэгч О.О нь хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаагаар байгуулсан талаар шүүхэд маргаагүй, харин хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаар маргаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хууль сахиулахын их сургуулиас гаргаж өгсөн байранд ажиллах салбар бүлэгт туслах багш авч ажиллуулах шаардлага гарсны улмаас батлагдсан туслах багшийн орон тооноос гадуур О.О-ийг ажиллуулахаар болж, энэ тухайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ харилцан тохиролцсон, мөн байгууллагын дотоод журмын 13.3 дахь заалтад шинээр орсон ажилтантай 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалтаар нэхэмжлэгч ариун цэврийн дэглэм баримтлаагүй, мөн кредит цаг хангаагүй гэж дүгнэгдсэн гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/217 дугаар захирамжаар 32 дугаар цэцэрлэгт туслах багшийн 5 орон тоо батлагдсан /хх-41, 44/ боловч хариуцагч байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102 дугаар албан бичгээр Дүүргийн боловсролын газарт хандаж, Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн байранд салбар бүлэг ажиллуулах боломжтой болсон үндэслэлээр цэцэрлэгийн орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргажээ /хх-60-61/. Улмаар Нийслэлийн боловсролын газраас 32 дугаар цэцэрлэгт олгогдсон сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/61 дүгээр тушаал болон НМХГ-ын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02-03-077/187 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн байранд үйл ажиллагаа явуулж буй 200 хүүхдийн хүчин чадалтай 7 бүлгийг тус цэцэрлэгийн салбар бүлгээр нэмж, анги бүлгийн тоо 11, багшлах боловсон хүчин 13 болсныг нэмж бүртгэсэн байна /хх-59/. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/183 дугаар захирамжаар дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн орон тооны хязгаарыг батлахад 32 дугаар ц-т туслах багшийн орон тоо 12 болж нэмэгджээ /хх-36, 39/.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.О-ийг авч ажиллуулсан туслах багшийн ажлын байр нь Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн байранд шинээр нээгдсэн цэцэрлэгийн салбар бүлгийн орон тоо байх ба үүнийг 6 сарын хугацаатай түр ажил гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт тодорхойлсон байнгын ажлын байр-т хамаарч байна. Иймд Хууль сахиулахын их сургуулийн байранд ажиллах салбар бүлэгт туслах багш авч ажиллуулах шаардлага гарсны улмаас батлагдсан орон тооноос гадуур О.О-ийг 6 сарын хугацаатай ажиллуулсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй байна.
Харин О.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 6 сарын хугацаа заасныг ажилд томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэсэн, мөн байгууллагын дотоод журмын 13.3-т шинээр ажилд орж байгаа ажилтантай 6 сараас илүүгүй хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан байдалтай харьцуулж үзэхэд нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар авч ажиллуулсан гэж үзэхээр байна /хх-73/.
Байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааны ажлыг үнэлж дүгнэх журмыг тусгайлан тогтоогоогүй боловч хөдөлмөрийн гэрээний 8.2-т талууд хагас жилээр гэрээг дүгнэхээр заасан байна. Гэвч хариуцагч байгууллагаас шүүхэд энэ талаар баримт гаргаагүй. Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус цэцэрлэгт 2016 оны 04 дүгээр сард хийсэн шалгалтаар нэхэмжлэгчийг ариун цэврийн дэглэм баримтлаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон учир сахилгын арга хэмжээ авсан, мөн шалгалтаар холбогдох кредит сургалтад хамрагдаагүй гэж үзсэн гэх тайлбар гаргаж, сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр тушаал, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалтын хяналтын хуудас, шалгалтын тэмдэглэл, улсын байцаагчийн албан шаардлага зэрэг баримтыг шүүхэд гаргасан байх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халаагүй тул эдгээр тайлбар, баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна /хх-54, 62-67/.
Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзсэн нь хугацаа тоолж дуусах талаарх Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасантай нийцээгүй байна. Сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд маргаан бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байжээ. Гэтэл хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу хугацаа дуусахаас өмнө хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.Оийг БЗД 32 цийн туслах багшийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоох үндэстэй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь цэцэрлэгийн багш, ажилтан 2017 оны 06-08 дугаар сард ээлжийн амралттай байдаг үндэслэлээр зөвхөн 09 дүгээр сарын цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн тул хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаалд заасан хэмжээгээр нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оийг БЗД 32 цийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БЗД 32 цээс 416.521 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.От олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БЗД 32 цт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч БЗД 32 цээс улсын тэмдэгтийн хураамжид 13.146 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА