Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа,

Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Хохирогч: Б.Ариунтуяа,

Шүүгдэгч Э.Хосбаяр, Э.Дэжид, тэдний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

Шүүгдэгч Д.Ариунаа, О.Доржнамжин, тэдний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбаатарын Хосбаяр, Энхтуяагийн Дэжид, Доржсүрэнгийн Ариунаа, Оюун-Эрдэнийн Доржнамжин нарт холбогдох 201625022364 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,  хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-662 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистерийн дугаар УХ90021495, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овогт Эрдэнэбаатарын Хосбаяр,

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар багийн 4 гудамжны 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-662 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистерийн дугаар НЭ92090705, хэрэг хариуцах чадвартай, Баргад овогт Энхтуяагийн Дэжид,

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-334 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистерийн дугаар ПЮ93051920, хэрэг хариуцах чадвартай, Зүүн хөхийн гөрөөчин овогт Доржсүрэнгийн Ариунаа,

 

4. Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 4, нөхөр, хадам ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 70-1116 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 8-1а тоотод түр оршин сууж, ял шийтгэлгүй, регистерийн дугаар УХ96031962, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюун-Эрдэнийн Доржнамжин.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Яллагдагч Д.Ариунаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Доржнамжин, Э.Хосбаяр, Э.Дэжид нартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” захын урд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Ариунтуяаг “газарт унагаасан 20.000 төгрөгийг авлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацар, уруулын дээд хэсэг, зүүн шилбэний зулгарал, зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, шилбэний цус хуралт бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

яллагдагч О.Доржнамжин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ариунаа, Э.Хосбаяр, Э.Дэжид нартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” захын урд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Ариунтуяаг “газарт унагаасан 20.000 төгрөгийг авлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацар, уруулын дээд хэсэг, зүүн шилбэний зулгарал, зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, шилбэний цус хуралт бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

яллагдагч Э.Хосбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ариунаа, О.Доржнамжин, Э.Дэжид нартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” захын урд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Ариунтуяаг “газарт унагаасан 20.000 төгрөгийг авлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацар, уруулын дээд хэсэг, зүүн шилбэний зулгарал, зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, шилбэний цус хуралт бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

яллагдагч Э.Дэжид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ариунаа, О.Доржнамжин, Э.Хосбаяр нартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” захын урд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Ариунтуяаг “газарт унагаасан 20.000 төгрөгийг авлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацар, уруулын дээд хэсэг, зүүн шилбэний зулгарал, зүүн бугалга, нуруу, зүүн өвдөг, шилбэний цус хуралт бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд шүүгдэгч О.Доржнамжин, Д.Ариунаа, Э.Дэжид бид 4 явж байгаад хохирогчтой таараад маргалдсан. Би маргааны үеэр хохирогчийг цохисон. Яг хаана цохисон гэдгийг санахгүй байна. Хохирогчоос одоо уучлалт гуйж байна гэв.

 

Шүүгдэгч Э.Дэжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд шүүгдэгч Э.Хосбаяр, О.Доржнамжин, Д.Ариунаа бид нар явж байгаад хохирогчтой таараад хоорондоо маргалдаад зодолдсон. Би гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Ариунтуяа эгчээс уучлалт гуйж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Ариунаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч О.Доржнамжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Ариунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлыхантайгаа Барилгачдын баяр тэмдэглээд 2 цаг караокед байж байхад манай нөхөр утасдаад “чи ирэх болоогүй юм уу” гэхээр нь би гэр рүүгээ явсан. Тэгээд би колонкын дэлгүүрээс охиндоо ундаа, хар талх аваад найз хүүхнийдээ очоод “хоёулаа 100 татах уу” гэхэд манай найз “би 100 татахгүй” гэхээр би “манай нөхөр утасдаад байгаа би явлаа” гээд гарсан. Тэгээд “Хуйцай” гэдэг цайны газар өнгөрөөд явж байхад шүүгдэгч Э.Дэжид, О.Доржнамжин нар согтуу хүнийг түлхээд унагаад 20.000 төгрөг гээд яриад байсан. Тэгэхээр нь би “боль, наадах чинь согтуу хүн байна” гээд шүүгдэгч Э.Дэжидийг түлхээд унагаасан. Тэгээд шүүгдэгч Э.Дэжид босож ирэхэд араас нь шүүгдэгч Э.Хосбаяр, Д.Ариунаа нар ирсэн. Тэгээд бөөн зодоон болсон. Би тухайн үед нилээд халаалттай байсан. Тэгээд манай найз хүүхэн ирээд миний барьж ярьсан тортой юмыг аваад шүүгдэгч нарыг салгах гэж үзэхэд нь дийлээгүй гэсэн. Тэгээд манай найз хүүхэн цагдаа дуудахад нь “ачаалалтай байна” гэж хэлсэн гэсэн. Тэр зодоон барагхоёр цаг үргэлжилсэн. Цэцэгээ эгч 57 удаа цагдаад дуудлага өгсөн гэсэн. Манай нөхөр намайг авах гээд ирээд салгах гэж оролдсон гэсэн. Би сүүлд нь нөхрөөсөө “намайг шүүгдэгч нараас салгахгүй яасан юм бэ” гэж асуухад манай нөхөр “би эрэгтэйтэй нь ноцолдоод дийлээгүй. Тэгээд саарал хувцастай жирэмсэн хүүхэн миний халаасыг ухаад байсан.Тэр хүүхэн чинь хулгайч юм уу, ер нь согтуу хүн дээрэмддэг бүтэлгүй хүмүүс байх шиг байсан” гэж хэлж байсан. Тэгээд цагдаа ирээд Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очоод намайг “гэмтэл рүү явж хамраа янзлуул” гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Одоо энэ хүмүүсээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ариунтуяа /хх-ийн 22/, гэрч Б.Алтанцэцэг/хх-ийн 24-25/, Гэрч А.Наранчимэг/хх-ийн  26-27, 131/, гэрч Н.Нэргүй

/хх-ийн 28-29/, гэрч Г.Цэцэгмаа /хх-ийн  30-31/, гэрч Н.Батбаяр /хх-ийн 132-133/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 12566 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 38/, шүүгдэгч Э.Хосбаяр /хх-ийн 70/, Э.Дэжид /хх-ийн 85/, Д.Ариунаа /хх-ийН 94/, О.Доржнамжин /хх-ийн 108/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасзэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Шүүгдэгч Э.Хосбаяр, Э.Дэжид, Д.Ариунаа, О.Доржнамжин нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах “Соёмбо” захын урд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Ариунтуяаг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

          Хохирогч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд би найзынхаа ажлаас гараад гэр рүүгээ алхаад явж байгаад хуйцаа гэдэг цайны газрын орчим явж байхад эхлээд өндөр тарган хүүхэн, жижигхэн жирэмсэн гэдэстэй хоёр хүүхэн надтай зөрөхдөө намайг мөрлөөд зөрсөн, араас нь хүүхэн, залуу хоёр зөрөөд явсан тэгсэн араас “миний унагасан 20.000 төгрөгийг та авчихлаа” гээд орилоод миний урд явж байсан эрэгтэй хүн “үгүй ээ би тамхиа унагаад авчихлаа” гэж хэлэхэд нь би эргэж хараад “хүүе яасан бэ” гэсэн чинь өндөр таргандуу хүүхэн нь “чамд ямар хамаатай юм бэ” гээд надтай зөрсөн 4 хүн намайг бүсэлж аваад эрэгтэй нь миний хамар луу гараараа нэг цохиход нь би газар уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

           

            Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би /сар өдрөө санахгүй байна/ намайг гэртээ байхад төрсөн дүү Ариунтуяагийн нөхөр нь болох Батбаяр над руу залгаад “Ариунтуяа хүнд зодуулаад ухаан алдчихлаа, та хүрээд ирээч” гэж утсаар дуудахаар нь би Дамбын хуучин эцсийн буудал дээр ганцаараа ирэхэд Ариунтуяагийн нүүр болон дээгүүр өмссөн хувцас нь цус болчихсон “Соёмбо” төвийн яг урд талд цэцгийн мандал дээр уйлаад сууж байсан. Нөхөр нь хажууд нь зогсож байсан. Мөн цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд тэнд нэг жирэмсэн эмэгтэй нилээн зайтай цэцгийн мандал дээр суучихсан “архичин авгай, чи өнөөдөр намайг зоддог хэн бэ” гээд орилоод байсан. Тэр эмэгтэйтэй хамт 2 эмэгтэй 1 эрэгтэй хамт байсан. Тэр эрэгтэй нь “энэ хүүхнийг алчихая” гээд хүрээд ирэхээр нь “хэрэггүй” гэж бариад авахад миний хажуугаар Ариунтуяаг өшиглөөд буцаад яваад өгсөн. Тэгсэн жижиг бор хүүхэн цагаан эрээн хувцастай 2 хүүхэн Ариунтуяа дээр ирээд “чамайг алчихсан байхад хууль надад үйлчлэхгүй, хоногийнхоо хоолыг хүчрэхгүй байж чам шиг авгай” гэсэн утгатай юм хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

            Гэрч А.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22:00 цаг өнгөрч байхад намайг цэвэрлээд гарах гэж байхад найз Ариунаа гаднаас халамцуу, тортой архи барьчихсан орж ирээд "аяга байна уу" гэхээр нь би "үгүй үгүй" гэж хэлсэн чинь Ариунаа "за тэгвэл би явлаа одоо Баагий ирж байгаа" гэж хэлээд гараад явсан. Тэгээд шалаа угаагаад цахилгааны салгаад гараад зам гараад замын эсрэг талын цагаан идээний ТҮЦ-нээс сүү худалдаж аваад зогсож байхад миний хажууд юм худалдан авч байсан эгч “хүүе цаана чинь зодоон болж байна” гэхээр нь би эргээд харсан чинь замын эсрэг талд Мандах дэлгүүрийн үүдэнд Ариунаа баахан хүмүүст зодуулж байхаар нь би “хүүе манай найз Ариунаа байна ш дээ” гэж хэлээд салгах гээд гүйгээд очоод салгаж дийлэхгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би цагдаа ирээд Ариунааг салгасан, мөн Ариунааг зодож байсан 3 хүнийг машиндаа суулгасан, Ариунаа газар босож чадахгүй хамар амнаас нь цус гоожсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  26-27, 131/,

 

            Гэрч Н.Нэргүйн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сар өдрийн санахгүй байна. 22 цагийн үед замын эсрэг талд хүмүүс зодолдоод байсан. Харахад 3 эмэгтэй 1 залуу 1 хүүхнийг зодож байсан. Тэр хүүхнийг янз бүрээр зодож байсан үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгээд би очоод салгах гэтэл дийлэхгүй болохоор нь би буцаад түр ирээд цонхоор хааяа нэг харахад зодолдоод л байж байсан. Бараг цаг гаран зодолдсон. Тэгээд цагдаа нар ирээд бүгдийг нь машиндаа хийгээд аваад явсан. Түргэн ирсэнийг санахгүй байна. Ямарч байсан цагдаагийн машинд чихээд байсан...Тэр дөрвүүлээ зодсон. Тарган хүүхэн үсдээд өшиглөөд байсан. Нөгөөдүүл нь зүгээр зогсохгүй нудраад л байгаа харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

           

            Гэрч Г.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би сар өдрөө санахгүй байна. Манайх хаах гэж байхад замын эсрэг Мандах дэлгүүрийн үүдэнд хүмүүс шуугилдаад байхаар нь харсан чинь нэг өндөр ягаан өнгийн куртикатай тарган хүүхнийг 1 эрэгтэй, 3 эмэгтэй тал талаас нь зодоод өшиглөөд байсан. Тэгээд Мандах дэлгүүрийн доор байдаг үсчин хүүхэн тэд нарыг салгах гэж 2-3 удаа очоод салгаж дийлэхгүй эргэж ирээд байсан. Тэгээд бид нар наанаас нь болиоч гэхэд тоохгүй салахгүй байсан. Тэгээд нилээн зодолдоод нилээн удсаны дараа цагдаагийн алаг тэрэг ирээд тэр хавьд явж байсан хүмүүс цагдаад дуудлага өгч байхад дуудлага ихтэй байна гэж хариулж байна гэж хэлж байсан...Мандах дэлгүүрийн үүдэнд 1 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс нийлж байгаад зодсон. Өөр хүмүүс байгаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн  30-31/,

 

            Гэрч Н.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сар өдрөө санахгүй байна. Тэр өдөр ажлаасаа буугаад явж байхдаа Дамбын эцэс дээр өөрийн эхнэр Ариунтуяатай согтуу явж байхад нь таарсан. Тэгээд хамт харих гэхэд явахгүй Дамбын эцэс дээр үлдсэн. Тэгээд ганцаараа түрүүлээд явж байхад 3 хүүхэн 1 залуу нэг хүнийг замын хажуу руу түлхээд унагачих шиг болохоор нь би очоод яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр залуучууд таны юу юм бэ гэхэд нь би миний юу ч биш гэсэн чинь ахаа бид нар 20.000 төгрөг хаячихсан юм та хараагүй биз гэхээр нь би хараагүй гэж хэлэхэд тэд нар над руу агсрах гээд байхаар нь би аав шигээ хүнийг зодох нуу гэсэн чинь тэд нар цаашаагаа яваад өгсөн. Тэгээд би гүүр өнгөрөөд явж байхад миний утас руу танихгүй дугаараас залгаад эхнэрийг чинь хүмүүс зодоод байна гэж ярихаар нь би буцаад очиход Соёмбо төвийн үүдэнд хэн нь зодолдож байгаа нь мэдэгдэхгүй бөөн шамбааралдсан юм байсан. Би харж байхад саарал өнгийн цамцтай биеийн хувьд дунд зэргийн биетэй охин манай эхнэрийг зулгаагаад байхаар нь би хойш нь татаад өөрөө салгах гээд ороход хойноос өмдний халаас ухах шиг болохоор нь эргэж хараад чи яагаад халаас ухаад байгаа юм гэсэн чинь та жирэмсэн хүн цохилоо гэхээр нь би чамайг цохиогүй цээж рүү түлхсэн биз дээ гэсэн цаанаас улаан өнгийн малгайтай жаахан банди ирээд намайг жирэмсэн хүн цохилоо гээд заамдаж аваад тэнд зогсож байсан Портер машин руу шахаад зогсож байхад эргүүлийн цагдаа ирж болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/,

 

            Дээрх шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ариунтуяагийн биед “...хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацар, уруулын дээд хэсэг, зүүн шилбэний зулгаралт, зүүн, баруун бугалга, нуруу, зүүн өвдөг, шилбэний цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 12566 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.Ариунаагийн хувьд тэрээр 17 нас 10 сартай буюу насанд хүрээгүй байхдаа Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг1 жилийн хугацаагаар хойшлуулсан боловч ялтай байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт “...хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй...” тул ялгүй болсон гэж үзнэ.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Ариунаа, Э.Хосбаяр, Э.Дэжид, О.Доржнамжин нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

           

            Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хувьд хохирогч Б.Ариунтуяа нь “шүүгдэгч нарт гомдол санал байхгүй, тэднээс нэхэмжлэх зүйлгүй” хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

 

             Шүүгдэгч Д.Ариунаа, Э.Хосбаяр, Э.Дэжид, О.Доржнамжин нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч гомдол саналгүй гэсэн, мөн тэдний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж уг ялыг тэнсэж, хуульд заасан хугацааны дотор ялгамжтай хянан харгалзахаар шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Эрдэнэбаатарын Хосбаяр, Баргад овогт Энхтуяагийн Дэжид, Зүүн хөхийн гөрөөчин овогт Доржсүрэнгийн Ариунаа, Боржигон овогт Оюун-Эрдэнийн Доржнамжин нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хосбаярыг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Дэжидийг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Ариунааг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Доржнамжинг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дэжид, Д.Ариунаа, О.Доржнамжин нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар  Э.Хосбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хосбаярын урьд албадан саатуулагдсан 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.Дэжид, Д.Ариунаа, О.Доржнамжиннар нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч Э.Хосбаяр, Э.Дэжид, Д.Ариунаа, О.Доржнамжин нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тэмдэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хосбаяр, Э.Дэжид, О.Доржнамжин нарт оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Ариунаад оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хосбаяр, Э.Дэжид нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Д.Ариунаагийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч О.Доржнамжингийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Хосбаяр, Э.Дэжид, Д.Ариунаа, О.Доржнамжин нарт бусдын батлан даалтад байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.АЛДАР