Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00395

 

         “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/02588 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ”Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Д-т холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 105 986 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь С.Д-тай 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 009/18 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.  Уг гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгчийн Хаан банкны 5009754816 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч 86 884 440 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан, гэрээний 3.3-т хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон төлнө гэж зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор биелүүлээгүй тул 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 129 хоногийн алданги 42 778 980 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг 50 хувиар тооцож С.Д-аас үндсэн төлбөр 66 324 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 33 162 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6 500 000 төгрөг, нийт  105 986 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 95 дугаар байр, 304 тоот хаягт байрлалтай, 5 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч шатахууныг хүлээж аваагүй. Гэрээн дээр алданги заасан боловч нэхэмжлэл тодорхой бус, хэдэн төгрөг, хэдэн төгрөгийн алданги нэхэмжилж байгаа ойлгомжгүй. “Ю” ХХК-ийн гэрчилгээний хуулбарыг харахад Компанийн тухай хуулийн 83.3, 83.8 дах хэсэгт заасан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд н.Сэргэлэн нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэл олгосон. Энэхүү итгэмжлэл дээр нэхэмжлэл гаргах, тайлбар хүсэлт гомдол гаргах, тэмдэглэл хийх хариу тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах, шинжээчийн мэдүүлэг  гаргуулах, гүйцэтгэх хуудас гаргуулах, хяналтын болон давж заалдах журмаар гомдол гаргах бүрэн эрхийг 2 жилийн хугацаатай олгосон байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүрэн эрхийг хэтрүүлж өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч авах эрх олгоогүй байхад өмгөөллийн хөлс 6 500 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 13 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд итгэмжлэл дээр тусгагдаагүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан гэрээний үүрэгт 105 986 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 911 966 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Манай компани иргэн С.Д-тай 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж 66 340 000 төгрөгийн шатахууныг зээлээр авсан. Дээрх гэрээний дагуу шатахуун авахдаа өөрийн 100 хувийн эзэмшлийн “Дабль мөнх” ХХК-иар дамжуулан авсан. Учир нь энэхүү компанидаа 009/18 гэрээний дагуу авсан шатахууны НӨАТ-аа бичүүлэх зорилгоор авсан. Хэдийгээр “Дабль мөнх” ХХК-аар баримт нь бичигдсэн ч хариуцагч С.Д шатахуун авснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Миний бие удаа дараа утсаар холбогдон мөн уулзаж хэд хэдэн удаа төлбөрийг нэхэхэд өнөөдөр, маргааш төлнө гэх мэтээр хойшлуулж ирсэн. Гэтэл шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж зориуд худал хэлүүлж байна.

Шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт судлаагүй, хариуцагч талын тайлбараар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэриг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч С.Д-т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 66 324 000 төгрөг, алданги 33 162 000 төгрөг, өмгөөллийн хөлс 6 500 000 төгрөг, нийт 105 986 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах болон барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан бичгийн баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 8-11 дүгээр тал/

Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй боловч худалдагч талаас худалдан авагчийн өмчлөлд гэрээнд заасан хөрөнгийг шилжүүлсэн эсэх талаар маргасан.

Нэхэмжлэгч ”Ю” ХХК  нь хэргийн 15-19 дүгээр талд авагдсан 0001667, 0001665, 0001668, 0001681, 0001682 тоот ШТМ-ын зарлагын падаанаар нийт 35 200 литр шатахууныг “Дабль мөнх” ХХК-д олгосон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “Дабль мөнх” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Д нь өөрөө шатахууныг хүлээн авсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/02588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                             Ш.ОЮУНХАНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА