Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/00755

 

 

 

2019 оны 03 сарын 12 өдөр Дугаар 101/ШШ2019/00755 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ө.Э

Хариуцагч: Х.А нарт холбогдох

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,******* тоотод орших 18 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн бдугаар хорооны СӨХ-ны даргаар ажиллаж байсан Х.А, байцаагч Ө.Э нар нь нэхэмжлэгч Х.Б I Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *******,*******, тоотод орших 18 м2 орон сууцыг худалдах авах санал гаргасаны дагуу нэхэмжлэгч Х.Б нийт 13000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг.

А СӨХ-ны даргаар ажиллаж байсан Х.А, байцаагч Ө.Э нар мөнгийг хүлээн авсанаас хойш уг хувьчлагдсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нзхэмжлэгч Х.Бгийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тохиролцооноосоо буцаж, түүнээс янз бүрийн шалтаан хэлж зугтах болсон юм. Улмаар нэхэмжлэгч Х.Б нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд уг гомдолд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... дугаартай эрүүгийн хэрэг нээж, мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ..... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Х.А, Ө.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна. Хариуцагч Х.А, Ө.Э нар дээрхи гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч Х.Бд учируулсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Г 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот Хэргийг болгох тогтоол"-оор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Хариуцагч Х.А, Ө.Э нар тухайн үед надад хэлэхдээ Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор уг орон сууц 1131300 төгрөгөөр үнэлэгдэж хувьчлагдсан бөгөөд одоо өөрийн чинь нэг дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах л үлдсэн гэж хэлж байсан юм.

Иймд нэхэмжлэгч Х.Б намайг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6-р хороо, .... тоотод орших 18 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Х.Амхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн, Х.Б тавьсан нэхэмжлэлийн хариуд Х.А миний бие нь 21-р байрны ...тооттой холбогдсон өмнөх хуулийн байгуулагуудаар шийдвэрлэгдсэний дагуу уг өрөнд холбогдолтой мөнгөн төлбөрийг даруйхан төлж барагдуулах бодолтой байна гэв.

Хариуцагч Ө.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн, Х.Б тавьсан нэхэмжлэлийн хариуд Эрдэнэсүх миний бие нь 21-р байрны .....тоотын 18м2 орон сууцны албан ёсны өмчлөгч эзэмшигч нь юм. Энэ байрыг иргэн Х.Б шилжүүлэн өмчлүүлэх боломжгүй тул нэхэмжилж буй 13 сая төгрөгийг аль болох богино хугацаанд төлж барагдуулах бодолтой байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Х.А, Ө.Э нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны ..... тоотод орших 18 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, 13,000,000 төгрөгийг богино хугацаанд төлөх хүсэлтэй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын ........ тоотод орших 18 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар 13,000,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн, хариуцагч нар хэлцлээс зайлсхийсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн журмаар шалгагдаж, Өршөөл үзүүлэх хуулиар өршөөгдсөн үндэслэлээр анхны хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын ...... тоотод орших 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ө.Э хувьчлан авсан болох нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот тогтоол, ...... дугаартай гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч нар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Бгаас 13,000,000 төгрөгийг н.Б-р дамжуулан авсан талаар маргаагүй бөгөөд тус мөнгийг СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан ... тус мөнгийг хариуцагч Ө.Э, Х.А нар 2019 оны 07 дугаар сараас өмнө төлнө гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны ........... дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, мөн газрын 2018 оны 07 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол нотлох баримтаар авагдсан ба тус баримтуудад хариуцагч Ө.Э, Х.А нарыг нэхэмжлэгчээс 13,000,000 төгрөгийг залилан авсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллагдагчаар татан шалгаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн хуульд зааснаар хариуцагч нарыг өршөөж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тус прокурорын газрын 2018 оны 07 дугаартай тогтоолын 4-т хариуцагч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж, хохирлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурджээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13,000,000 төгрөгийг гаргуулахаар бус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Прокурорын 2018 оны 07 дугаартай тогтоолоор хариуцагч нар нь нэхэмжлэгчийг залилан мэхэлсэн болох нь тогтоогдож, өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаар зохигчийн хооронд хийсэн орон сууц худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохирсон тохиролцоо нь хууль бус байсныг эрүүгийн хэрэг хянан шийдзвэрлэх ажиллагааны журмаар шалган тогтоогдсон байна. Зохигчийн хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэлцэл хийгдсэн буюу мөн хуулийн 40 дүгээр зүйлүийн 40.1-д заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрх нь нээлттэй боловч энэ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагч нарын шүүх хуралдаанд 13,000,000 төгрөгийг 2019 оны 7 сард төлж эвлэрэх саналыг нэхэмжлэгчийн төлөлөгч зөвшөөрөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Ө.Э, Х.А нараас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй буюу зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын ........ тоотод орших 18 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Х.Бгийн хариуцагч Х.А, Ө.Э нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын ........... тоотод орших 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ