| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/1416/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/104 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Манилцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/104
2025 01 08 2025/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа
Улсын яллагч Г.Манилцэцэг
Хохирогч Б.Б*********, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн
Шүүгдэгч У.П*********, У.Н*********тэдгээрийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********-ийн ********* *********овогт *********-ийн ********* нарт холбогдох эрүүгийн 2406 01170 3365 дугаар хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19** оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* аймгийн “Петровис” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам убүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт ********* сум 5 дугаар баг Дэнжийн 21-04 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
********* овогт *********-гийн ********* /РД:*********/
2. Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 01-ний өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ********* тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо ********* тоотод оршин суудаг,
********* овогт *********-ийн ********* /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********* нь *********-тай бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо ********* байрны гадна зам дээр *********-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед халдан зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн сарвуунд зүлгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********* мэдүүлэхдээ: “Хамрын хагалгаанд орох төлбөр мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна.” гэжээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/, хохирогч *********-гийн мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч *********-ын мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/, шинжээч М.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3130 дугаар дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-70 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********* нь *********-тай бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо *********байрны гадна зам дээр *********-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед халдан зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн сарвуунд зүлгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *********-гийн өгсөн: “Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо ********* манай нөхөр *********, охин ********* нар нь байгаа юм. Энэ байранд манай хадам эгч болох *********-х байдаг. Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нөхөр, охин хоёртойгоо уулзахаар хүү *********-ын хамт өөрийн автомашин сууж байсан чинь хадам эгч ********* машины хажуугаар зөрөхөөр нь машинаасаа буугаад араас нь “чамтай хэдэн үг сольё” гэж хэлж дуудсан. Гэтэл ********* нь намайг “сэтгэцийн өвчтэй авгай байна шд ээ” гэхээр нь “чи дүүгээ байнга уруу татаж хүн амьтантай танилцуулдаг, олсон мөнгийг нь чи мэддэг” гэсэн чинь “тийм тэгээд яадаг юм, би мэддэг” гэж хэлсэн. Ер нь манай нөхрийн олсон мөнгө, төгрөгийг гэр орон, үр хүүхэд нь зарцуулахгүйгээр өөр зүйлд зарцуулаад байдаг юм. Ийм асуудлаас болж би *********-тай маргалдаж хэрэлдсэн. Тэгээд ********* бид хоёр нэг мэдхэд бие биеийнхээ хувцаснаас зууралдсан байдалтай байсан. Хэн нь эхэлж гар хүрсэн талаар санахгүй байна. Тэгээд ********* нь утсаараа нэг хүн рүү залгаад “сэтгэцийн өвчтэй нөгөө авгай нь ирчихсэн байна.” гээд тасалсан. Тэгтэл байрнаас нь эгч нь буюу ********* нь гарч ирээд миний үсийг хамж авч байгаад *********-ыг “цохь” гэж хэлэхэд ********* нь хажуугаас утсаараа хамар руу цохисон, мөн миний биеийн бүх хэсэгт гараараа болон утсаараа цохиод байсан. Тухайн үед толгой эргээд нүд харанхуйлаад байсан. Тэгээд цохиж цохиж байгаад ********* нь ********* эгчдээ хандаж “наадхаа одоо хая, орьё” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тухайн үед миний хамар хугарсан, 2 гарын ядам хуруу шархалсан, 2 нүд тойрсон хавдартай байсан. Тухайн өдрийн орой нь буюу 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед ГССҮТ-ийн компьютер, томографт харуулахад хамар хугарсан байсан. Эмчилгээ хийлгээгүй. Гэрээрээ өвчин намдаах эм хэрэглэж байсан. Гэмтлийн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчид хамраа үзүүлэхэд хамар маань бороолоод эхэлчихсэн байсан. 2-3 сарын дараа давтан үзүүлээд хагалгаа хийлгэх үгүйгээ шийднэ гэсэн.
********* “одоохон чамайг би хүн дуудна” гээд утсаар ярьсан тэгтэл удалгүй У*********-н байрных нь орцноос ********* гарч ирсэн. Тэгээд над руу дайраад ямар нэгэн юм болиулах үйлдэл хийгээгүй шууд миний үснээс үсдээд доошоо дарсан. Мөн “чи яасан овоо юм бэ? Одоо наадхаа цохь.” гээд ********* руу хандаж ********* хэлсэн. Тэгтэл ********* намайг утсаараа хамран дээр нэг удаа цохисон. Миний толгой эргэж ухаан санаа балартаж байсан. Аль гарааараа гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан зөндөө олон удаа цохиж байсан. Миний биед ********* гэх хүн цохиж зодсон гар ирээд миний үсийг 20 минут орчим үсдэж зогссон. ********* нь миний нуруу болон толгой руу 2 буюу түүнээс дээш удаа цохисон гэдгээ одоо би бараг 8 сарын өмнө болсон болохоор тухайн үед яг хэдэн удаа гэдгийг нь сайн санахгүй байна. ********* нь миний хоёр гар дээр хумслаад урсан байсан. Би тухайн үед хумсалсан байсан зургийг нь өмнөх мөрдөгчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч *********-ын өгсөн: “Өвөл 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би ээжтэйгээ хамт Гандан орж засал хийлгээд гэртээ ирсэн. Тэгээд ********* эгчтэй уулзах гээд гэрийнх гадаа очсон. Тэгсэн чинь ********* эгч дэлгүүрээс гараад явж байсан. Тэгээд ээж машинаас буусан. Би араас нь буугаад машиныхаа урд талд зогссон. Тэгсэн чинь ********* эгч ээжийг “өө муу шулам явж байна шд” гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр зодолдоод байж байтал ******* эгч утсаараа ээжийн толгой руу цохисон. Тэгээд ********* эгч гарч ирээд ээжийн үснээс зулгаасан. Тэгэхээр нь айгаад машиндаа суусан. Ээж машинд орж ирэхэд хамраас нь цус гарсан, үс нь сэгсийсэн, дотор муухай оргиод байна гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр гэр рүүгээ явсан. Ээж явж байхдаа толгой эргээд, дотор муухай оргиод байна гэж хэлж байсан. Орой нь ээж цагдаа руу явлаа гээд гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч М.Золжаргалын өгсөн: “... хамар ясны хугарал нь гар утсаар цохиход үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3130 дугаар:
1. *********-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
6. *********-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтэл тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Харин баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-70 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргал нь “*********-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч ********* нарын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч шүүгдэгч ********* нар нь хохирогч *********-ийн биед халдаж, түүнийг цохисон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Иймд, шүүгдэгч шүүгдэгч ********* нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч шүүгдэгч ********* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,
513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч шүүгдэгч ********* нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй
Хохирогч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөрт 578.000 төгрөг нэхэмжилсэн.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,
4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: хоёрдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 4-8%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********* сэтгэцэд гэмт хэргийн улмаас хоёрдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.
Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч ********* нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч *********-д олгох нь зүйтэй.
Хохирогч ********* нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *********нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх шүүгдэгч У********* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч ********* нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч ********* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********, ********* нарыг “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч ********* нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нар нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******а нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* нараас 3.878.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Батзаяад олгосугай.
6. Хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *********а нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Э.ЧИНГИС